Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/282

 

 

   

 

   2023            3              09                                          2023/ДШМ/282

 

 

С.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

хохирогч Д.Г,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг үндэслэн С.Гт холбогдох эрүүгийн 2207 00000 0235 дугаар хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Сгийн Г, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “...............” ХХК-ийн хэрэглэгчийн зөвлөх ажилтай, ам бүл 1, ................. дүүргийн ... дугаар хороо, ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./.

Шүүгдэгч С.Г нь Д.Гын эзэмшлийн “Төрийн банк”-ны интернэт банканд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өөрийн болон хохирогч Д.Гын эзэмшлийн гар утсаар байнга хууль бусаар нэвтэрч, хадгаламжийн дансны мэдээлэлтэй танилцаж, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд байнга нэвтрэн 313100077795 дугаартай хугацаатай хадгаламжийн данснаас нь нийт 4.399.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 460045332 тоот дансаар шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б овгийн Сгийн Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гөөс 4.058.154 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Год олгож шүүгдэгч нь хохирол төлбөрт 550.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Г нь цаашид гарах зээл, зээлийн хүүтэй холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ. 

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх “...хохирогч Д.Г нь шүүгдэгч С.Гт өөрийн эзэмшлийн “Төрийн банк” дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг “гүйлгээ хийлгэх” зорилгоор хэлж өгсөн. Шүүгдэгч уг нөхцөл байдлыг ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа нь шүүгдэгчийн гэмт хэргийг үйлдэх арга хэрэгсэл болохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг агуулсан үйлдэл биш...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж системд нэвтэрсэн, танилцсан идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Хэргийн үйл баримтаас дүгнэлт хийвэл хохирогч Д.Г нь шүүгдэгч С.Гөөс “Төрийн банк”-ны интернэт банкийг хэрхэн хэрэглэх, гүйлгээ яаж хийх талаар тусламж авах зорилгоор итгэлцлийн үндсэн дээр түүнд нэг удаа банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэрэглэх зөвшөөрөл өгөхөд тэрээр хохирогч Д.Год зааварчилгаа өгөх явцдаа түүний банкны нэвтрэх нэр, нууц үгийг цээжлэн авч, улмаар хохирогч Д.Гын зөвшөөрөлгүйгээр түүний утсаар нь дахин “Төрийн банк”-ны интернэт банк руу нь нэвтэрч, хохирогчийн дансны мэдээлэлтэй танилцсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхад бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг “Хулгайлах” гэмт хэргийн арга, хэрэгсэл гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч С.Гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.8-д заасан заалтын аль заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/12 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

Хохирогч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо л барагдуулж авмаар байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч С.Г нь 2022 оны 8 дугаар сард хохирогч Д.Гын зөвшөөрлөөр түүний “Төрийн банк”-ны интернэт банкинд нэвтэрч 313100077795 тоот данснаас Налайх дүүргийн 5 дугаар хороо, 78 дугаар байрны 55 тоот орон сууцны ус, цахилгааны төлбөрийг төлөх явцдаа тус дансанд нэвтрэх интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж авсан, улмаар ашиглан 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нэвтрэн орж, хугацаатай хадгаламжийг нь барьцаалсан зээл авч 4.608.150 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Худалдаа хөгжлийн банк”-ны 460045332 тоот дансаар шилжүүлэн авч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан болох нь:

хохирогч Д.Гын “...интернэт банк руугаа ортол зээл олгов гэсэн мэдээлэл байхаар нь Төрийн банканд очиж уулзахад 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр интернэт банкаар хадгаламж барьцаалсан 4.049.000 төгрөгийн зээл авсан байна, Сгийн Г гэх хүний Худалдаа хөгжлийн банк руу 2.000.000, 2.049.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн байна гэж хэлсэн. ...Интернэт банк руугаа орохдоо манай гэрт амьдардаг манай эхнэрийн хамаатан Сгийн Г гэдэг залуугаар мэдэхгүй зүйлээ асууж оруулдаг байсан. Би тэр залууг зээл авсан байна гэж очиж уулзахад “би зээл аваагүй, надад Худалдаа хөгжлийн банкны данс байхгүй” гэж хэлсэн...” /хх 20/,

гэрч А.Жын “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр над руу нэг залуу зарын дагуу ярьж “хадгаламж барьцаалсан зээл хаагаад буцааж авах гэсэн юм” гэж ярьсан. Би тэр даруйд нь ажлынх нь гадаа буюу Модны 2-ын голын замд байрлах “Юнител” ХХК-ийн “Дата центр” байдаг 1 давхарт нь очиж уулзсан. Тэр залуу надад хэлэхдээ Төрийн банкны хадгаламж барьцаалсан зээлийн төлөх хугацаа нь тулсан байна, зээлээ хаагаад буцааж зээл аваад мөнгийг чинь өгье гээд 313100077795 гэсэн Г Даваа гэх нэртэй төрийн банкны данс руу 11:00 цагт 4.070.000 төгрөгийг “Стати” гэсэн утга бичиж би өөрийн 811014821 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлсэн. Тэр даруй нөгөө залуу интернэт банкаараа зээлээ хаагаад буцаан хадгаламж барьцаалсан зээл авч миний 811014821 данс руу 4.200.000 төгрөгийг гүйлгээний утга дээр “ок” гэж бичин шилжүүлсэн. Би ашиг гэж 130.000 төгрөг илүү шилжүүлж авсан...” /хх 32/,

гэрч Т.Эгийн “...Д.Г нь Төрийн банкны хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн данс, мөн тэтгэврийн харилцах гэсэн 3 өөр данстай. С.Г нь Д.Гын хадгаламжийн дансыг барьцаалж онлайнаар зээл авсан байх үед хадгаламжийн 1 жилийн хугацаа нь дуусаж хүү нь хадгаламжийн данс руу нь бодогдож орсон. Мөн хадгаламжийн хугацаа нь дууссан учир барьцаалсан зээлийн үлдэгдлийг банк автоматаар татаж авсан байдаг. Энэ үед С.Г Д.Гын дансанд зээлсэн мөнгөө хийсэн байсан. Ингээд зээл төлөгдсөн учир дахин Д.Ганбодын хадгаламжийг барьцаалж 1 жилийн хугацаатай хадгаламжийн огноо дуусах хүртэл зээл авсан байсан. Одоо хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл 4.399.900 төгрөг байна. Харин Д.Гын хугацаатай хадгаламжийн үлдэгдэл 4.897.871 төгрөг байна. Хэрэглэгч урьд өмнө нэвтэрч байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого хийхэд бүртгэлтэй гар утасны дугаар эсхүл майл хаягийг аль нэгийг сонгосон хэсэг рүү нь баталгаажуулах 4 оронтой тоог илгээж төхөөрөмжийг батлуулдаг...” /хх 93-94/,

шүүгдэгч С.Г “...Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Д.Гын “Самсунг” загварын гар утаснаас Төрийн банкны интернэт банкинд Налайх дүүргийн Гордокт байрлах Гын гэрт байхдаа түүнд хэлэлгүй нэвтэрч 4.049.000 төгрөгийн зээл авч шууд Худалдаа хөгжлийн банкны 460045322 дугаартай данс руу шилжүүлж авсан. Уг мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Дараа нь Ж гэх хүнээр зээлээ хаалгаж, дахин Д.Гын хадгаламжийг барьцаалж 4.309.000 төгрөгийн зээл авсан. ...Жд 4.200.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт байдаг дэлгүүрт орж Гын данснаас 5.040 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 73.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг Д.Г ахын данс руу шилжүүлж өгөөд буцаагаад 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. 2022 онь 10 дугаар сарын 23-ны өдөр 90.000 төгрөгийн онлайн зээл авсан ба энэ үед Г ахын гэрт байхдаа өөрийнх утаснаас интернэт банк руу нэвтэрч авсан. Тэгээд хамгийн сүүлд хэзээ нэвтэрснээ санахгүй байна гэхдээ Д.Г ахын утаснаас Налайх дүүрэгт байрлах гэрт нь байхдаа нэвтэрч орсон. Миний бодлоор 5.700.000 төгрөгийн мөнгөн дүн болсон гэж үзэж байна...” /хх 66-67/ гэх мэдүүлгүүд,

Д.Гын эзэмшлийн “Төрийн банк” ХХК-ийн хугацаатай хадгаламжийн 313101848868 дугаартай дансны хуулга, 313101851977 дугаартай хадгаламж барьцаалсан онлайн зээлийн болон 313100077795, 313101852167 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансны хуулга /хх 41-47/,

С.Гийн эзэмшлийн хугацаагүй хадгаламжийн 313100077795 дугаартай дансны хуулга /хх 46/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

  Анхан шатны шүүх С.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүхээс С.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

  Прокурор Д.Аянагүлийн бичсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

  Учир нь, “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан идэвхтэй үйлдэлтэй, хохирол учирсан байхыг шаардахгүй, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсанаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг.

  Гэтэл хохирогч Д.Г нь шүүгдэгч С.Гт өөрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц кодыг өөрөө өгч, нэвтрэх үйлдлийг нь хүлээн зөвшөөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэж үзэх үндэслэлгүй болгож байна.

Прокуророос яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт 4.399.000 төгрөгийн хохирол учруулсан, тогтоох хэсэгт 9.007.000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй дүгнэснийг анхан шатны шүүх хохирогчид нийт 4.608.150 төгрөгийн хохирол учруулсан гэж зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гт  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн, тогтоох хэсгийн удиртгал хэсэгт баримталсан байх тул тогтоох хэсэгт бичээгүй гэх эсэргүүцэл мөн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Аянагүлийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ