Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 30

 

АЭБЗГ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2020/00527 дугаар шийдвэртэй

Алтан элс барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжлэлтэй

А.Бд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 11.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч А.Бы  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Д  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А.Б нь АЭБЗ үйлчилгээ үзүүлдэг Т.З надаас 10.000.000 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулсангүй. Иймд А.Баас үндсэн зээл 10.000.000 төгрөг, 12 сарын хүү 3.600.000 төгрөг, үүнээс А.Б нь хүүгийн мөнгө 450 000 төгрөг төлснийг хасаад 3.150.000 төгрөг, нийлээд 13.150.000 төгрөг нэхэмжилж байна. Т.З миний бие 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А.Бд 7.000.000 төгрөг зээлсэн. Би бэлэн байсан 4.970.000 төгрөгөө А.Бд өгөөд үлдэгдэл 2.030.000 төгрөгийг түүний ХААН банкны 5135310446 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед Ч.Ч “манай хүү Б мөнгө зээлэх гэсэн юм” гэж орж ирээд миний зүгээс “мөнгө зээлэх гэж байгаа хүн нь өөрөө ирж гэрээгээ байгуул” гэсний үндсэн дээр А.Б өөрийн биеэр ирж гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Ч.Ч надаас өмнө нь мөнгө зээлсэн ба тухайн зээлсэн мөнгөө одоо болтол төлөөгүй байгаа. Өмнөх мөнгөө өгөөгүй хүнд дахин зээл олгодоггүй. Ч.Чыг надтай ярьж өөрөө мөнгө зээлсэн гээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв Ч.Ч мөнгө зээлсэн бол Чд л мөнгийг нь өгч, гэрээ байгуулагдах ёстой. Тэгээд 2018 оны 11 дүгээр сард хүүгийн мөнгө, үндсэн мөнгөө төл гэхэд Б нь өөрөө гэрээгээ шинэчилж байгуулаад 10.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тухайн үед “өмнөх гэрээгээ дуусгавар болго, өмнөх 7.000.000 төгрөгийг хүүгийн хамт авчраад буцаагаад зээлж ав” гэхэд гуйсаар байгаад дараагийн 10.000.000 төгрөгийн гэрээг байгуулсан. Энэхүү 10.000.000 төгрөгийг төлөх боломжгүй гээд байгаа бол 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн мөнгө 7.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу 2 сарын хүү 980 000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 11.480.000 төгрөг төлөхийг шаардаж байна. Энэ мөнгийг А.Баас гаргуулж өгнө үү.

Нэхэмжилж байгаа 11.480.000 төгрөгөөс 577.500 төгрөгийг лангууны түрээсэнд А.Бы эхнэр гэх хүн төлсөн. Үүн дээр маргахгүй байгаа учир энэ мөнгийг хасаж тооцуулна. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа таван удаагийн гүйлгээ буюу 2.450.000 төгрөгийн гүйлгээ нь Т.Згээс н.Ч гэх хүн 20.000.000 төгрөг зээлж аваад төлөх мөнгөө Төрийн банкны данс руу нь шилжүүлж, тэндээсээ зээлийн данс руу нь татаж авах маягаар зээл төлөгдөж байсан байдаг. Энэ мөнгөнд төлөгдөж байсан мөнгийг А.Б авч байсан мөнгөө төлж байсан мэтээр оруулж ирээд байгаа. А.Бы ээж н.Ч нь Т.Згээс зээлсэн 20.000.000 төгрөгийн зээлийг төлөхдөө А.Бы дансаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 490.000 төгрөг тус тус төлж байсан. Эдгээр 5 удаагийн төлөлт А.Бы Т.Згээс зээлсэн зээлээ төлсөн мөнгө биш юм. Энэ 2.450.000 төгрөг н.Чын 20.000.000 төгрөгийн зээлээс хасагдаж тооцогдсон учраас үүнийг хасаж тооцох боломжгүй. н.Ч нь 2015 оноос хойш ихэнхдээ А.Бы данснаас өөрийнхөө 20.000.000 төгрөгийн зээлийг төлсөн гэдэг нь дансны хуулгаас тодорхой харагдана. Анх 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А.Бтай байгуулсан 7.000 .000 төгрөг зээлсэн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа бөгөөд 577.500 төгрөгийг хүүгээс хасаж, үндсэн зээл 7.000.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, 2 сарын хүү 980.000 төгрөгөөс 577.500 төгрөг хасаж, нийт 10.902.500 төгрөгийг А.Баас нэхэмжилж байна. А.Б зээл авснаас хойш 577.500 төгрөгөөс өөр мөнгө өгч байгаагүй.” гэжээ.

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Би Т.Згээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөг хүлээж аваагүй. Өмнө нь манай ээж н.Ч Т.Згээс мөнгө зээлж авсан байсныг миний авсан мөнгөтэй нийлүүлж надаар 10.000.000 төгрөг бэлэн авсан гэж гарын үсэг зуруулсан. Түүнээс би нэг дор 10.000.000 төгрөг аваагүй. Гэхдээ мөнгө өгөх нь үнэн учраас Т.З эгчтэй төлөх хугацаа, хэмжээгээ тохирч болох байх. Нэхэмжлэгч тал шүүхэд 13.150.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11.480.000 төгрөг болгож багасгасан. Энэ 11.480.000 төгрөгөөс зээлийн хүүд 577.500 төгрөгийг төлсөн. Үүнтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Иймээс 10.902.500 төгрөгийг эцсийн байдлаар нэхэмжилсэн. Хариуцагч тал 577.500 төгрөг төлсөн үйлдлээ хүүд төлсөн гэж байсан боловч одоо үүнийгээ төлсөн цаг хугацаанаас нь хамаараад үндсэн зээлээс хасуулах нь үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг 450.000 төгрөгийг хүүд төлсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан. А.Б нь одоо маргаж байгаа зээлээс өөрөөр Т.Зтэй зээлийн маргаан үүсгэж байгаагүй. Иймд Т.Згийн дансанд А.Бы данснаас шилжүүлсэн мөнгөнүүд бүгд энэ зээлийн гэрээний төлбөр юм. А.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 450.000 төгрөг тус тус төлсөн. Үндсэн зээл 7.000.000 төгрөгөөс дээрх төлбөр хасагдана гэж үзэж байгаа тул үндсэн зээлээс өгсөн мөнгийг хасаж, үндсэн төлбөрөөс нь алданги тооцож, эцсийн байдлаар төлөх төлбөрийг тооцож өгнө үү. Тодорхой хэмжээний мөнгө төлнө гэдгээ ойлгож байгаа.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2020/00527 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Баас 8.452.500 /найман сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч АЭБЗГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.700 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч А.Баас 150.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АЭБЗГ-т олгож; Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах бөгөөд ийнхүү шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч А.Бы  давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 527 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Т.З нь үндсэн зээл 7.000.000 төгрөг, 2 сарын хүүгээс төлөгдөөгүй 405.500 төгрөг, алданги 3.500.000 төгрөг, нийт 10.902.500 төгрөгийг нэхэмжилсэн. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 527 дугаартай шийдвэрээр А.Б надаас 8.452.500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Миний Т.Згийн дансанд хийсэн 5 удаагийн гүйлгээний нийт 2.450.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцохдоо нийт  нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцсон нь буруу байна. Миний нийт 2 сарын хүүгийн үлдэгдэл 405.500 төгрөгийг 2.450.000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 2.044.500 төгрөгийг үндсэн зээл болох 7.000.000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 4.955.500 төгрөгөөс алданги бодох ёстой байсан гэж үзэж байна. Ингээд бодоход үндсэн зээл 4.955.500 төгрөг, түүний алданги болох 2.477.750 төгрөг, нийт 7.433.250 төгрөгийг Т.Зд төлөхөөр байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 527 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, миний төлөх төлбөрийг хуульд нийцүүлэн багасгаж өгнө үү. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэсэн учраас итгэмжлүүлэхээс татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч АЭБЗГ нь хариуцагч А.Баас зээл 10.000.000 төгрөг, зээлийн хүү 3.150.000 төгрөг, нийт 13.150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээний үүрэгт 10.902.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч А.Б нь үндсэн зээл 7.000.000 төгрөгөөс төлсөн 2.450.000 төгрөгийг хасаж, үлдсэн төлбөрөөс нь алданги төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч АЭБЗГ, хариуцагч А.Б нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 7.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлэх гэрээ байгуулагдсан, энэ гэрээ нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн талаар зөв дүгнэжээ.

Харин зээлийн гэрээний дагуу төлбөрийг тооцон гаргуулахдаа хариуцагч А.Бы  төлсөн нийт 2.450.000 төгрөгийг зээл, зээлийн хүү, алдангийг тооцсон дүнгээс хасаж тооцсоныг хариуцагч А.Б эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

Хариуцагч А.Бы давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан.

Хариуцагч А.Б нь зээлийн гэрээний хугацаа дуусахад  нэхэмжлэгчид үндсэн зээл 7.000.000 төгрөг, зээлийн хүүд 980.000 төгрөг, нийт 7.980.000 төгрөг төлөх ёстой атал төлөлгүй хугацаа хэтрүүлснээр гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацаанд  алданги төлөх үүрэг үүсжээ.

Тэрээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 5 удаагийн төлөлтөөр нийт 2.450.000 төгрөгийг зээлдэгчид төлсөн байна.

Түүний төлсөн 2.450.000 төгрөг бүх өрийг төлж хүрэлцэхгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар А.Бы төлсөн 2.450.000 төгрөгийг үндсэн үүрэг болох 7.000.000 төгрөгөөс хасаж, үндсэн зээл 4.550.000 төгрөг, зээлийн хүү 980.000 төгрөг, алданги 2.765.000 төгрөг /4.550.000+980.000+50%/, нийт 8.295.000 төгрөг гэж тооцож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Б нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 29.012 төгрөг төлөх байтал 223.700 төгрөг төлсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан, 25.232 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 198.468 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2020/00527 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтын “8.452.500” /найман сая дөрвөн зуун тавин хоёр мянга таван зуу/ гэснийг “8.295.000” /найман сая хоёр зуун ерэн таван мянга/ гэж, “2.450.000” /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ гэснийг “2.607.500” /хоёр сая зургаан зуун долоон мянга таван зуу/ гэж, 2 дахь заалтын “150.190” / нэг зуун тавин мянга нэг зуун ерэн мянга/ гэснийг “147.670” /нэг зуун дөчин долоон мянга зургаан зуун далан мянга/ гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч А.Б-ы давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 223.700 төгрөгөөс 198.468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                         ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ    

                                                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ