Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 110/ШШ2024/0040

 

               Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Д.Т,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар хоорондын тэтгэмжийн маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1. Нэхэмжлэгч Д.Т нас барсан эцэг Б.Д оршуулгын тэтгэмж олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмжийн 1000 000 төгрөгийг олгохыг тус байгууллагад даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгчээс нас барсан эцэг Б.Д оршуулгын тэтгэмж авах асуудлаар 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан байх ба тус зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор “...тэтгэмж авах өргөдөл гаргах хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр оршуулгын тэтгэмж олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн дээрх тогтоолыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээж авсан гэж тайлбарлан, шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

3.1. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багт амьдарч байсан,  эцэг Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр өвчний учир нас барсан. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч А.Р 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нас барсны гэрчилгээ авсан. Талийгаач эцэг Б.Д нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмж авахаар төрсөн дүү Д.Ш зохих материалуудыг өгөөд улмаар Д.Ш нь сумын нийгмийн даатгалын байцаагчид оршуулгын тэтгэмжийн материалуудыг өгсөн гэсэн. Гэтэл одоо хүртэл талийгаач эцэг Б.Д оршуулгын тэтгэмжийн мөнгө 1 000 000 төгрөгийг авч чадахгүй хохирч байна.

3.2. Би өөрөө Дэлүүн сумын “Тал нуур” хэмээх хөдөө газарт мал аж ахуй эрхэлж амьдардаг. Би хааяа нэг сумын төвд ирж нийгмийн даатгалын байцаагчтай уулзаж “аавын маань оршуулгын тэтгэмжийн мөнгийг авъя” гэхэд “тэрээр удахгүй таны дансанд оршуулгын тэтгэмжийг шилжүүлнэ” гэж, зарим үед ирэхэд нийгмийн даатгалын байцаагч аймаг явсан гэж  ажлын газарт байдаггүй юм байна.

            Иймд Д.Т би талийгаач эцэг Б.Д оршуулгын тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол маань ноцтой зөрчигдсөн учраас уг зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            4. Хариуцагчаас гаргасан тайлбарт:

4.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр авч байсан иргэн нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгоно.

            Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 438 дугаар тогтоолоор баталсан “Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журам”-ын 2.7-д “Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд  олгох тэтгэмж авах бол энэ журмын 2.4-т заасан баримт бичгийг өргөдлийг хамт нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр даатгуулагч нас барснаас хойш 6 долоо хоногийн дотор хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6  сарын дотор хүсэлт гаргана” гэж заасан.  2019 онд дээрх журам хэвээрээ мөрдөгдөж  байсан.

            Тухайн иргэн хугацаандаа бичиг баримтаа албан ёсоор ирүүлсэн нь нотлогдоогүй байгаа учраас 6 жилийн дараа ирүүлсэн тэтгэмжийг олгох үндэслэлгүй байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

5.1. Талийгаач Б.Д нь Дэлүүн сумын 10 дугаар багт оршин сууж нэхэмжлэгч Д.Т нэг ам бүлд амьдарч байсан. 

Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын тэтгэмжийг 36 сараас доошгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн авахаар хуульчилсан, талийгаач Б.Д нь 36 сараас дээш хугацаагаар шимтгэл төлж байсан учраас оршуулгын тэтгэмжийг нэхэмжлэгч авах эрхтэй юм.

Анх шүүхэд нэхэмжлэл  гаргах үедээ Д.Т өөрөө хөдөө байдаг учраас оршуулгын тэтгэмж авахтай холбоотой материалуудыг төрсөн хүү нь Д.Ш хүлээлгэж өгсөн,  Д.Ш нь цаашаа сумын нийгмийн даатгалын байцаагчид өгсөн гэж ярьж байсан. Дараа нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хугацаанд энэ талаар би нэхэмжлэгч Д.Т тодруулахад тухайн үед оршуулгын тэтгэмжтэй  холбоотой материалуудыг сумын байцаагчид өгөөгүй байна. Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчаар С.Б гэдэг хүн ажиллаж байгаад 2017 онд ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь 2018, 2019, 2020 онуудад тус аймгийн Нийгмийн даатгалын газраас түр томилолтоор хүн ажиллаж байсан.  Энэ шалтгааны улмаас материалуудыг өгч чадаагүй, томилолтоор ажиллаж байсан хүн нь заримдаа аймагт явчихдаг байсан тул энэ асуудал нь хаягдсан байна. 

Д.Т нь 2024 оны  4 дүгээр сард   оршуулгын тэтгэмжийг Д.Ш болон бусад ах дүү нар нь авсан байж магадгүй гэж болгоомжилж судлуулахад оршуулгын тэтгэмжийг аваагүй юм байна. 2016 оноос хойш оршуулгын тэтгэмжийг 1 000 000 төгрөг болгосон, хуучин  бага байсан.  Сумын байцаагчийн орон тоо эзэнгүй байгаагүй гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ заримдаа сумын байцаагч нар ажлын байрандаа байхгүй байдаг тохиолдол байдаг. Тэгэхээр өргөдлөө удаашруулж гаргаж байгаа нь сумын байцаагч нар солигдсонтой холбоотой гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар оршуулгын тэтгэмж авах эрх нь үүссэн. Хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд олгохыг хориглосон хуульд ямар нэгэн зүйл заалт байхгүй гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд  талийгаачийн ойр хамаатанд эхний ээлжид  оршуулгын тэтгэмж олгоно гэсэн заалт байгаа. Тухайн үед нэхэмжлэгч албан ёсны өргөдөл ирүүлээгүй.  Хүндэтгэн үзэх шалтгаантай бол  6 сарын дотор өргөдөл гаргах хугацаатай байдаг. Тухайн үед нэхэмжлэгч Д.Т нь 6 сарын дотор холбогдох байгууллагад хандаагүй, 6 сар хүртэл нийгмийн даатгалын байцаагч Дэлүүн суманд ажиллаагүй шалтгаан байгаагүй.

2017 онд Дэлүүн сумын нийгмийн даатгалын  байцаагч С.Б ажлаас чөлөөлөгдсөний дараа түүний хүүхэд нь ажилласан, дараа нь М.Х, н.Н гэдэг байцаагч нар томилогдоод тасралтгүй ажиллаж байсан, орон тоо сул байгаагүй, хариуцаж байсан хүн нь байсан. Тухайн хугацаанд нэхэмжлэгч ямар нэгэн бичиг баримт өгөөгүй.

 Нэхэмжлэгч шүүхэд болон маргаан шийдвэрлэх комисст хандсан үедээ бид тухайн үед ажиллаж байсан байцаагч нараас тодруулж асуусан. Энэ асуудалтай холбоотой ямар нэгэн өргөдөл, бичиг баримт өгөөгүй гэсэн хариу өгсөн  Сумын Нийгмийн даатгалын байцаагч бичиг баримт авсан бол аймаг руу шууд дамжуулдаг, тэгээд бид программд оруулж оршуулгын тэтгэмжийг өгдөг. Тухайн үед 6 сарын дотор хандсан бол хүндэтгэн үзэх шалтгааныг судалж байгаад мөн маргаан шийдвэрлэх комисст оруулаад шийдвэрлэж өгөх боломжтой байсан. Харин 6 жилийн өнгөрсний дараа  2019 онд нас барсан хүний оршуулгын тэтгэмжийг өгөх боломжгүй.  Хуульд заасан хугацааг баримталж оршуулгын тэтгэмжийг олгох боломжгүй гэдэг хариу тайлбарыг шүүхэд гаргасан байгаа, ямар нэгэн материал ирээгүй, 6 жилийн дараа хандаж байгаа асуудал нь үндэслэлгүй байна гэв.

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн маргаан үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Т эцэг Б.Д нь тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байсан байх ба 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын улсын бүртгэгчээс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  нас барсны бүртгэлд бүртгэж, ....... дугаартай гэрчилгээ олгосон үйл баримтууд нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан  ...... дугаартай тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан баримтууд, нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

3. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр,тэтгэмж авч байсан иргэн нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж   олгоно.”, 24 дүгээр зүйлийн  4-т Тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө:”, 4 дэх хэсгийн 2-т  “оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор.”, 5-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш …оршуулгын тэтгэмж   олгох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.”, 25 дугаар зүйлийн 2-т “…оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно.”  гэж тус тус заасан.

4. Нэхэмжлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нас барсан эцэг Б.Д оршуулгын тэтгэмж авах тухай өргөдлийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар  хэлэлцэн “тэтгэмж авах өргөдөл гаргах хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Д.Т нь тухайн үедээ  эцэг Б.Д оршуулгын тэтгэмж авахтай холбоотой материалуудаа дүү Д.Ш өгсөн байх боловч Д.Ш нь  Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчид өгөөгүй байна, анх өргөдлөө бичгээр 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагад гаргасан, өргөдлөө ийнхүү удаашруулж гаргасан нь энэ хугацаанд Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчаар өөр өөр хүн томилогдон ажилласан, зарим үед сумын нийгмийн даатгалын байцаагч ажилдаа ирдэггүй тохиолдол байсантай холбоотой гэж тайлбарлан “хуульд заасан хугацааны дотор тэтгэмж авах өргөдлөө гаргаагүй тохиолдолд тэтгэмж олгохыг хориглосон зохицуулалт байхгүй” гэж маргасан.

6. Нэхэмжлэгч Д.Т  эцэг Б.Д нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байсан байх тул нэхэмжлэгчид нас барсан эцгийн оршуулгад зориулан тэтгэмж авах эрх нь тухайн үед үүссэн байх боловч хуульд заасан хугацаанд тэтгэмж авах хүсэлтээ гаргаагүй нь тогтоогдсон. Иймд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  4 дэх хэсгийн 2-т “оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор.” гэж заасан зохицуулалтын агуулгаар тэтгэмж олгохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв.

7. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас харахад оршуулгын тэтгэмжийг даатгуулагч иргэн нас барвал түүний оршуулгад зориулан тэтгэмж авах иргэний хуульд заасан хугацаанд гаргасан өргөдөл, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор нийгмийн даатгалын байгууллагаас шийдвэрлэж олгохоор байгаа ба тэтгэмж авах иргэн өргөдлөө даатгуулагч иргэн нас барснаас хойш 4 долоо хоногийн дотор гаргахаар, хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх хугацаанд гаргах боломжгүй байсан бол 6 сарын дотор өргөдөл гаргах замаар оршуулгын тэтгэмжийг авахаар зохицуулагджээ.

            8.  Нэхэмжлэгчээс даатгуулагч иргэн Б.Д нас барсны бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  хийлгэснээс хойш 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл  нийгмийн даатгалын байгууллагад тэтгэмж авах тухай өргөдөл гаргаагүй байх ба эцэг Б.Дн нь нас барснаас хойш 5 жилийн дараа өргөдөл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх нөхцөл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

            9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон түүний эцэг Б.Д нарын амьдарч байсан Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд хэд хэдэн хүн солигдож ажилласан, заримдаа ажлын байрандаа байдаггүй тохиолдол байдаг, ийм шалтгаанаар нэхэмжлэгч тэтгэмж авах өргөдлөө сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргаагүй гэж тайлбарласан боловч  хариуцагч талаас тус сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоо сул байгаагүй, тухайн албанд тушаалд хүн тасралтгүй ажиллаж байсан гэж тайлбарлан нэхэмжлэгч талын маргааныг үгүйсгэснээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  4-т Тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө”, 5-д “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш …оршуулгын тэтгэмж   олгох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.”,гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч өргөдлөө Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт  гаргах боломжтой байсан.

 Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.

10. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульд заасан хугацааг өнгөрүүлж тэтгэмж авах тухай өргөдөл гаргасан тохиолдолд тэтгэмж олгохыг хориглосон заалт байхгүй гэж маргасан боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  4 дэх хэсгийн 2-т “оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор.” гэж , мөн одоо дагаж мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 6 долоо хоногийн дотор, хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор; “гэж хуульд оршуулгын тэтгэмж авах  өргөдөл гаргах хугацааг дээрх байдлаар тогтоосныг энэ хугацаанд тэтгэмж авах иргэн  өргөдлөө гаргаагүй тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагаас тухайн тэтгэмжийг олгохгүй гэж ойлгоно.

            Өөрөөр хэлбэл тэтгэмж авах иргэн нь өргөдлөө даатгуулагч иргэн нас барснаас хойш 4 долоо хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад гаргах бөгөөд хэрэв энэ хугацаанд өргөдөлөө гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол 4 долоо хоногийн хугацааг хэтрүүлж 6 сарын дотор гаргасан өргөдлийн дагуу уг тэтгэмжийг авах боломжтойгоор хуульд зохицуулагджээ.

Иймд нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан “Нас барсан эцэг Б.Д оршуулгын тэтгэмжийг олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Б.Д оршуулгын тэтгэмж болох 1000 000 төгрөгийг олгохыг тус байгууллагад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  М.РИЗА