Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2016/01096/и |
Дугаар | 001/ХТ2017/01096 |
Огноо | 2016-10-25 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2017/01096
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1435 дугаар магадлалтай,
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй,
Г.Бэлэгтэд холбогдох
Илүү олгогдсон тэтгэмж 21.551.400 төгрөг гаргуулах тухай үндсэн, Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалын 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Г.Бэлэгт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбилэг, Б.Ганбаатар, хариуцагч Г.Бэлэгт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт: Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дугаартай тушаалаар Г.Бэлэгтийг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр Захиргаа, мониторингийн газрын дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлж, шинжлэх ухаан боловсролын байгууллагад 31 жил, үүнээс тус сургуульд 22 жил ажилласныг дурдан 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэснийг үндэслэн 21 551 400 төгрөг олгосон. Г.Бэлэгт 2008 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1 188 000 төгрөгийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хамтын гэрээний дагуу авч байснаа холбогдох албан тушаалтнуудаас нуун дарагдуулж, 21 551 400 төгрөгийн тэтгэмжийг давхардуулан авсан нь тогтоогдсон. Г.Бэлэгт нь 2008 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэмж авсны дараагаар ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэлт гаргасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Холбоо, мэдээлэл технологийн сургуульд ахлах нягтлан бодогч, Шинжлэх ухаан технологийн их сургуульд дотоод аудитор зэрэг ажлыг гүйцэтгэж байсан. Бид Г.Бэлэгтийн гүйцэтгэж байсан ажлыг хүндэтгэн давхардуулан авсан тэтгэмжийн 21 551 400 төгрөгийг төлж барагдуулах талаар хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тэтгэмжид авсан мөнгийг төлөхөөс эрс татгалзсан хариу өгсөн болно. Г.Бэлэгтийн завшсан 21 551 400 төгрөгөөр нэг бүр нь 1 050 000 төгрөгийн үнэтэй сүүлийн үеийн хүчин чадал өндөртэй 21 компьютер авч, лаборатори танхим байгуулах хэмжээний мөнгийг давхардуулан авч гэм хорын хохирол учруулаад байна. Г.Бэлэгтийн хууль бус үйлдлээр завшсан 21 551 400 төгрөгийн гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Тус сургууль хичээлийн жил бүрд тухайн хичээлийн жилд мөрдөх багш нарын зөвлөл, үйлдвэрчний эвлэл, захиргааны гурвалсан хамтын гэрээг байгуулан мөрдөн ажилладаг. 2014 оноос 2015 оны хичээлийн жилд батлагдсан хамтын гэрээ, дараагийн хамтын гэрээ батлагдтал мөрдөнө гэсний дагуу 2015 оноос 2016 оны хичээлийн жилд мөрдөгдөж байгаа. Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаа мониторингийн газарт дотоод аудитороор ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэртээ гарах хүсэлт гаргаж зохих журмын дагуу өргөдлөө бичиж дарга нараар цохуулан хүний нөөцийн мэргэжилтэнд өгснөөр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Ректорын Б/354 тоот тушаал гарсан. Уг тушаалаар Хамтын гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу намайг боловсролын байгууллагад тасралтгүй 31 жил, Шинжлэх ухаан технологийн их сургуульд тасралтгүй 22 жил 8 cap ажилласны учир 18 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох шийдвэр гарч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний Голомт банкин дахь цалингийн харилцах данс руу 21 551 400 төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу олон хүүхэд төрүүлж өсгөсний төлөө тэтгэвэр тогтоолгох эрх үүссэний учир 2008 онд тэтгэврээ тогтоолгосон бөгөөд тэр үед 3 сарын тэтгэмж олгосон. Би тэтгэвэрт гараагүй үргэлжлүүлэн ажилласаар 7 жил гаруй хугацаа өнгөрсөн. Хэрвээ надад тэтгэмжийн мөнгийг буруу олгосон гэж үзэж байгаа бол 2008 онд тэтгэврээ тогтоолгосон байхад олгосон тэтгэмжийг буруу олгогдсон гэж үзэх үндэслэлтэй. Гэвч энэ хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Надад хууль бусаар тэтгэмж олгосон гэж үзэж нэхэмжилж байгаа бол яагаад 2008 онд олгосон 3 сарын тэтгэмж болох 1 188 000 төгрөгийг нэхэмжлэхгүй, 2015 онд олгосон тэтгэмжийг нэхээд байгаа нь өөрөө ойлгомжгүй байна. Би тэтгэвэр тогтоолгосноо нуун дарагдуулаагүй. Хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлаа хариуцлагатай гүйцэтгэж байсан, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу цалингаас тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа хүний төлдөг 7,8 хувиар нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулан суутгуулж ажилласан. Би төрийн байгууллагад тасралтгүй 35 жил ажилласнаас боловсролын байгууллагад 31 жил ажилласан. 2002 онд Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болж, 2009 онд хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч болсон. 2012 онд аудит ба баталгаажуулах эрхтэй аудитор болж батламжаа авсан. Энэ сургуульд олон жил үр бүтээлтэй ажиллаж, миний хөдөлмөрийг үнэлэн хүндтэй шагналуудаар шагнасанд баярлаж талархаж байдаг. Миний өөрийн зан чанар, ажил мэргэжил шударга үнэнийг эрхэмлэн ажиллахыг удирдлага болгодог. Би дотоод аудиторын ажлыг "хараат бусаар" гүйцэтгэх зарчимтай бөгөөд тэр зарчмаа хатуу баримтлан ажиллаж байсан. Би 50 насандаа тэтгэвэр тогтоолгосон нь ажилласан бүхий л хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлж, төлсөн шимтгэлээсээ буцааж авах эрх үүссэний дагуу олон хүүхэд төрүүлж өсгөсний төлөө төрөөс олгож буй хөнгөлөлт, харин надад хамтын гэрээгээр олгож байгаа тэтгэмж нь боловсролын байгууллагад Шинжлэх ухаан технологийн их сургуульд тогтвор суурьшилтай үр бүтээлтэй удаан жил ажилласны төлөө олгож байгаа тэтгэмж урамшуулал юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 3.2, 9.2-т заасны дагуу жил бүрийн хичээлийн жилд дагаж мөрдөх хамтын гэрээг ажиллагсдын төлөөлөлтэй байгуулан ажилладаг. 2014 оноос 2015 оны хичээлийн жилд батлагдсан хамтын гэрээ дараагийн хамтын гэрээ батлагдтал мөрдөнө гэсний дагуу 2015 оноос 2016 оны хичээлийн жилд мөрдөгдөж байгаа бөгөөд уг хамтын гэрээний 4.3 заалтад, "Шинжлэх ухаан боловсролын байгууллагад 25 жил ба түүнээс дээш жил, үүнээс Шинжлэх ухаан технологийн их сургуульд 22 жил ажилласан багш, ажилтан тэтгэвэрт гарахад нь 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно" гэсний дагуу надад боловсролын байгууллагад тасралтгүй 31 жил, үүнээс Шинжлэх ухаан технологийн их сургуульд тасралтгүй 22 жил 8 cap ажилласны учир тэтгэмжийг сургуулиас олгосон. 2008 онд тэтгэвэр тогтоолгоход надад тухайн үед мөрдөгдөж байсан хамтын гэрээний дагуу 3 сарын тэтгэмж олгосон боловч би тэтгэвэрт гараагүй ажлаа үргэлжлүүлэн хийсээр 7 жил ажилласан. Хэрэв надад буруу олгосон гэж үзэж байгаа бол 2008 онд тэтгэвэрт гараагүй, тэтгэврээ тогтоолгосон байхад олгосон тэрхүү тэтгэмжийг нэхэмжлэх ёстой. Энэ үед би хамтын гэрээнд заасны дагуу тэтгэвэрт гараагүй болно. Хөдөлмөрийн дотоод журмын 2.17-д заасны дагуу намайг үргэлжлүүлэн ажиллуулсан. Харин 2015 онд хамтын гэрээний 4.3-т зааснаар тэтгэвэрт гарсан учир тэтгэмж олгогдсон. Ажилтандаа олгосон нэг удаагийн тэтгэмжийг буцаан авах тухай хууль зүйн болон дотоод журам, хамтын гэрээнд ямар нэгэн заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар, тэтгэвэр авах эрх үүссэн тул миний хүсэлтээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн хуулийн 42.1-д зааснаар, ажил олгогч нь энэ хуулийн ...40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснийг хамтын гэрээгээр 18 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор заасны дагуу надад тэтгэмж олгосон болно. Иймд үндсэн нэхэмжлэлийн эх сурвалж болж байгаа Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалын 1 дүгээр заалт буюу Ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн /Ажлаас чөлөөлөх тухай/ Б/354 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсон болон, уг тушаалын 2 ба 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “Г.Бэлэгт нь 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүсэл зоригоо илэрхийлэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн захиргаанд бичсэн өргөдөлдөө...улсад тасралтгүй 28 жил, үүнээс Шинжлэх ухаан технологийн их сургуульд 15 жил 6 cap ажиллаж байна. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсний учир хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдсэн тул ажлаас чөлөөлж өгнө үү… гэсэн өргөдлийг гаргаж байсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн захирал Г.Бэлэгтийн гаргасан өргөдлийн баруун доод өнцөгт Хүсэлтийн дагуу 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гаргая... гэсэн цохолт хийсэн байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн Захирлын 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 109 тоот тушаалаар Г.Бэлэгтэд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна. 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Г.Бэлэгт 3 сарын тэтгэмж 1 188 000 төгрөг хүлээн авсан тухайгаа гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Г.Бэлэгт тэтгэвэрт гарах өргөдлөө гаргаж тэтгэвэр тогтоолгосноос 1 хоногийн дараа 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүсэл зоригоо дахин илэрхийлэн тэтгэвэр тогтоолгосон боловч цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаа тул ажиллуулж өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаартай тушаалаар, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан, Г.Бэлэгтийг 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс ажиллуулж, албан тушаалын цалин, зохих нэмэгдлийг олгосугай... гэсэн шийдвэр гарснаар Г.Бэлэгт ажлаа гүйцэтгэх болсон байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаа, хамт олны төлөөлөгчдийн 2008 оноос 2009 оны хичээлийн жилийн хамтын гэрээний гуравдугаар зүйлийн 6.1-д Шинжлэх ухаан технологийн их сургуульд 15-20 хүртэл жил ажилласан профессор багш, ажилтан, ажилчид тэтгэвэрт гарахад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авахаар заасан байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дугаартай тушаалаар Г.Бэлэгтийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Захиргаа, мониторингийн газрын дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлж, шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 31 жил, үүнээс тус их сургуульд 22 жил ажилласан гэж дүгнэн 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох эрх үүссэн байна. Ийнхүү Г.Бэлэгт нь 2 удаа тэтгэвэрт гарч, 2 удаа тэтгэмж авсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Г.Бэлэгт нь 2008 оноос 2009 оны хамтын гэрээнд зааснаар 3 сарын 1 188 000 төгрөгийн тэтгэмж авсан атлаа давхардуулан 2014 оноос 2015 оны хичээлийн жилийн хамтын гэрээнд зааснаар 18 сарын 21 551 400 төгрөгийн тэтгэмжийг авсан байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Г.Бэлэгтийг 2 дахь удаагаа давхардуулан авсан 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг буцаан суутган авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Г.Бэлэгт сөрөг нэхэмжлэлдээ 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 тоот тушаалын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Тухайлбал, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учир Г.Бэлэгтийг тушаалын 2 дахь заалтаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, Захиргаа, мониторингийн газрын дотоод аудиторын албан тушаалаас чөлөөлсөн. Тушаалын 3 дахь заалтаар Г.Бэлэгт 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 21 551 400 төгрөгийг давхардуулан авсан нь тогтоогдсон учир холбогдох албан тушаалтнуудад суутган авахыг даалгасан нь шударга ёс, хууль зүйд нийцсэн. Г.Бэлэгт давхардуулан авсан 21 551 400 төгрөгийг буцаан төлж өгөх нь шударга ёсонд нийцсэн сайн үйлс болно гэж үзэж байна.” гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бэлэгтээс 21 551 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуульд олгож, Ректорын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Бэлэгтээс 265 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуульд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1435 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Бэлэгт, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлтэй Г.Бэлэгтэд холбогдох илүү олгогдсон тэтгэмжийг буцааж өгөх тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1435 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хариуцагч Г.Бэлэгт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ бид шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар дахин хянуулахаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6, 40 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх нь зөвхөн нэхэмжлэгч талын хүсэлт, тайлбар нотлох баримтыг хүлээн авч харгалзан үзээд хариуцагч талаас хүсэлт, тайлбар, нотлох баримт хүлээж аваагүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хуралд өмгөөлөгч авч оролцох, хүсэлт, тайлбар гаргах боломж олгоогүй. Хариуцагч Г.Бэлэгт нь давж заалдах шатны шүүхийн мэдээлэл лавлагаа болон шүүгчийн нарийн бичгийн даргаас давж заалдах гомдол ирсэн эсэхийг асуух, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцуулах боломж олгох хүсэлт гаргахад ямар ч боломж олгохгүй, биднийг оролцуулахгүйгээр шүүх хурал хийж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нь хариуцагчийн тайлбар, нотлох баримт, хүсэлтийг хүлээж аваагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шүүх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагчийг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн жилийн хамтын гэрээг үндэслэн олгосон тэтгэмжийг “үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т ... шагнал урамшуулал, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж тусламж, хөнгөлөлт... хэмжээг тогтоохоор зохицуулсан байна. Үүнээс үзэхэд сургуулийн хэрэгжээд хүчингүй болсон хамтын гэрээнд заасан тэтгэмж олгосон байдал 2015 оны Б/354 тоот тушаалаар олгосон тэтгэмж нь хууль болоод хамтын гэрээг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд нэгээс доошгүй удаа тэтгэмж олгож болох зохицуулалт байдаг болохоос цорын ганц олгох зохицуулалт байхгүй байна. Хариуцагч бусдыг залилан мэхлээгүй, албан тушаалаа ашиглаж өөрөө өөртөө мөнгө олгоогүй, тэтгэвэрт гарах хүсэлт бүхий өргөдлөө бичиж эрх бүхий албан тушаалтнуудаар зөвшөөрүүлэн цохуулж, зохих шийдвэрийг гаргуулсан, тэтгэврээ тогтоолгоод ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлээ хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгоод ажиллаж байгаа хүний төлөх ёстой 7,8 хувиар төлж байсан, 2008, 2015 онд олгогдсон тэтгэмжийн асуудлыг боломжтой нөхцлөөр шийдвэрлэж өгөх хүсэлтийг байгууллагынхаа захиргаанд гаргаж байсан. Иймд хууль буруу хэрэглэж тайлбарлаж үндэслэл муутай, хуульд нийцээгүй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэртэй хэргийг нягталж үзээгүй, хоёр талд тэгш хандаагүй, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж үзэхгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хяналтын журмаар дахин хянаж, шударга шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль нь хариуцагч Г.Бэлэгтэд холбогдуулан илүү олгогдсон тэтгэмжийн 21 551 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 тоот тушаалын 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Ажилтан Г.Бэлэгт нь хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдуулан 2008 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ байгууллагын захиргаанд гаргаж, сургуулийн захирлын 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 96 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хамтын гэрээний 6.1-д заасны дагуу захирлын 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 109 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэсэн үндэслэлээр Г.Бэлэгтэд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1 188 000 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 4-5, 8-9/
Г.Бэлэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч, 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 97 дугаар тушаалаар урьд ажиллаж байсан ажил албан тушаалд томилсон, тэрээр 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гарах хүртлээ тус сургуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байжээ. Хариуцагчийн тэтгэвэрт гарах үндэслэлээр тэтгэмж авах хүсэлт гаргасныг ажил олгогч хүлээн авч, түүнийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ректорын Б/354 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, 18 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид 21 551 400 төгрөг олгосон нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захиргаа, үйлдвэрчний эвлэл /ажилтны төлөөлөл/ хооронд байгуулагдсан 2008-2009 он, 2015-2016 оны хамтын гэрээнд тухайн байгууллагын профессор, багш ажилтныг тэтгэвэрт гарахад ажилласан жилээс хамаарч нэг удаа тэтгэмж олгохоор заасан байна. Харин ажил олгогч нь Г.Бэлэгтэд 2 удаа тэтгэмж олгосон баримт хэрэгт авагдсан байна.
Хариуцагч эхний удаа олгосон тэтгэмжийг 2008 онд тэтгэвэр тогтоолгоход тухайн үед мөрдөж байсан хамтын гэрээний дагуу 3 сарын тэтгэмж 1 880 000 төгрөг, дараагийн удаа олгосон тэтгэмжийг 2015 онд хамтын гэрээнд заасны дагуу 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 21 551 400 төгрөг олгосон гэж тайлбарласан боловч дээрх хамтын гэрээнээс үзвэл тухайн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд 1 удаа тэтгэмжийг ажилласан жилээс нь хамаарч олгохоор тохирсон байтал хариуцагчид 2 удаа тэтгэмж олгосноор хамтын гэрээг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нэг удаа үүсэх бөгөөд хариуцагч нь ажлаа үргэлжлүүлэн хийсний дараа өндөр насны тэтгэвэрт гарч байгаа явдал хамтын гэрээний дагуу нэг удаагийн тэтгэмж олгох ажил олгогчийн үүрэг дуусгавар болсон, дахин олгох үүрэг шинээр үүсэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т нийцсэн байна.
Анхан шатны шүүх хариуцагч Г.Бэлэгтийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Түүнчлэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/354 дүгээр тушаалаар Г.Бэлэгтийг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Захиргаа, мониторингийн газрын дотоод аудирторын албан тушаалаас чөлөөлж, 18 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон тушаалыг залруулж хүчингүй болгон 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаал гаргасан нь хууль зөрчөөгүй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. /хх-ийн 15, 23/
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, Иргэний хуулийн бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Бэлэгт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/04754 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1435 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Г.Бэлэгт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Г.Бэлэгтийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265.710 /хоёр зуун жаран таван мянга долоон зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН