Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 32

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч: Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох, 

     Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймагт Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендерийг хууль зөрсчөн болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Гэрэл, хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бямбажав, гуравдагч этгээд “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Цэрэнгочоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын тэргүүн Д.Гэрэл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын яам болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.1, 21.5.2 заалт болон “Монгол мэргэжлийн анчдын холбоо” ТББ-гишүүн “Авралын эрэлд” ХХК-ний ирүүлсэн мэдээллийг үндэслэн дараах нэхэмжлэлийг хүргүүлж байна. Үүнд: Тус аймгаас зарласан “Аймгийн  хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх,  агнуурын бүс тогтоох” тендерийн  сонгон шалгаруулалтыг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 тоот шийдвэрээр оролцсон байгууллагуудад мэдэгдсэн байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0062152 тоот тодорхойлолтын хуулбарыг хавсаргасан байна. Тодорхойлолтын хугацаа 30 хоног байгаа нь “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарласан Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох тендерт зориулсан материал биш, хугацаа дууссан хүчингүй болсон материалыг хууль бусаар бүрдүүлжээ. Уг баримтаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний Тарвага нутагшуулах, хяналт, мониторинг хийх, тендер шалгарч ажил гүйцэтгэсний дараа дээрх хүчингүй болсон баримтыг ашиглахын тулд Дорнод аймгийн БОАЖГ-ын тендер шалгаруулах комисстой хуйвалдаж материал бүрдүүлж тендерт шалгарсан болох нь тус байгууллагаас ирүүлсэн албан тоот болон шүүхийн байгууллагаас тодорхойлолтын хуулбараас тодорхой байна.

     Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг зөрчсөн учраас тус аймгаас зарласан “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох” тендерийн сонгон шалгаруулалтын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

      Хариуцагч Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Мөнхсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бямбажав нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангаас хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Энэ тендерт “Эко үйлчилгээ” ТББ, “Монголын анчдын нийгэмлэг” ТББ, “Авралын эрэлд” ХХК гэсэн гурван аж ахуйн нэгж материалаа ирүүлж оролцсоноос “Монголын анчдын нийгэмлэг” ТББ шалгарсан. “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТТБ нь энэ тендертэй ямар ч холбоогүй байгууллага юм. Тус байгууллагаас гаргасан нэхэмжлэлээс харахад 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан “Тарвага нутагшуулах, хяналт мониторинг хийх” ажилд бүрдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын тодорхойлолтыг Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох, ажилд ашигласан байна гэсэн гомдол гаргасан байна. Бид дээрх тендерийн тавигдах шаардлагад ижил төстэй ажил үйлчилгээ гүйцэтгэсэн бол сүүлийн 3 жилийн нотлох баримтыг хавсаргахаар заасан. Энэхүү шаардлагын дагуу “Монголын анчдын нийгэмлэг” ТББ нь харъяа шүүхээс сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ажил үйлчилгээтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмлэгч эсхүл гуравдагч этгээдээр татагдаж байгаагүйг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүүгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2/6226 тоот албан бичгээр нотолсон байсан тул Тендерийн зохион байгуулах ажлын хэсгээс тавьсан шаардлагыг хангаж байна гэж үзэн сонгон шалгаруулалт явуулсан. Тиймээс Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус байгууллагаас гаргаж буй тайлбар, нотлох баримт материалыг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсэж байна гэв.

     Гуравдагч этгээд “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Цэрэнгочоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТӨЗ-1.1/-ийн дагуу шаардагдах бүх баримт бичгийг бүрдүүлэн техникийн болон санхүүгийн саналын хамт Дорнод аймгийн БОАЖГ-т хүргүүлсэн. Энэ хүсэлтэд өгөгдсөн шаардлагын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2/6226 тоот тодорхойлолт авч хавсаргасан болно. Тендерийн баримт бичгийг бүрдүүлэхэд нэхэмжлэгчийн дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3 дугаар сарын 17-ны өдрийн 0062151 тоот тодорхойлолтыг ашиглаагүй болохыг албан ёсоор хариуцлагатай мэдэгдэж байна. Нэхэмжлэгчийн дурдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-дэх заалт зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү тендер сонгон шалгаруулалт манай байгууллага шалгарсан тухай аймгийн БОАЖГ-аас мэдэгдэж Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дэх заалтийн дагуу гэрээ байгуулах эрх олгогдсон болно. Үүний дагуу тус байгууллагатай 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БОАЖГ-2016/08 тоот гэрээ байгуулан ажлын хуваарийн дагуу 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлаа гүйцэтгэж байна. Энэ хугацаанд өөрийн хөрөнгөөр бэлтгэл /том масштабын газрын зураг худалдан авах, Дорнод аймгийн болон бүх сумдын газрын зургийг Arc GIS программаар холбон ажлын зураг бэлтгэх, ой, ан, газар зохион байгуулалт, ургамал, билчээр бусад холбогдох судалгааны материалыг цуглуулан дүн шинжилгээ хийх/ ажлыг ханган одоо хээрийн судалгааны ажлыг эхлээд байна. Эдгээр ажилд одоогийн байдлаар 10.0 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа болно. Хэрвээ энэ зүй бус нэхэмжлэлээс үүдэн гэрээт ажил саатах буюу зогсоход хүрвэл учирсан хохирлыг нэхэмжлэл гаргагч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-аар эргэн төлүүлэх манай хүсэлтийг хүлээн авна уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь тус шүүхэд Дорнод аймагт Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендерийг хууль зөрсчөн болохыг тогтоож сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

     1. Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендерийг нээлттэй зарлаж, тендэрийн баримт бичиг, урилгыг нийтэд мэдээлсэн байна.

      Үүний дагуу тендэр хүлээн авах эцсийн хугацаанд “Монголын анчдын нийгэмлэг” ТББ, “Эко үйлчилгээ” ТББ, “Авралын эрэлд” ХХК-ууд тендэрт оролцохоор материалаа ирүүлжээ.

       Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/03 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар дээрхи байгууллагуудаас ирүүлсэн тендэрүүдийг хянаж үзээд “Авралын эрэлд” ХХК –ны хувьд бол өөр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байсан өөрсдөө бие дааж ажил хийж байгаагүй, мөн “Эко үйлчилгээ” ТББ, “Авралын эрэлд” ХХК-ууд хяналтын зардал тусгаагүй, санхүүгийн тайлан хугацаа баталгаа байхгүй учир сонгон шалгаруулах боломжгүй гэж үзээд үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-аас ирүүлсэн тендэрийг шаардлага хангасан гэж үзээд шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэлтэй байна.

       Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 154 дүгээр албан бичгээр “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-д гэрээ байгуулахаар эрх олгохоор шийдвэрлсэнийг үндэслэж захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 21-д БОАЖГ-2016/08 дугаартай гэрээ байгуулагдсан байна.

        Тендэрт оролцсон “Авралын эрэлд” ХХК, “Эко үйлчилгээ” ТББ-ууд гэрээ байгуулах эрх олгосоныг үл зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ажлын 5 өдрийн дотор захиалагч болон Төсвийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад , 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тендэр шалгаруултад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш шүүхэд гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл тендэрт оролцсон “Авралын эрэлд” ХХК, “Эко үйлчилгээ” ТББ-ууд тендэр шалгаруулалтын талаар маргаагүй байна.

     2. ”Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь “Авралын эрэлд” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэсэлгүй байна. Өөрөөр хэлбэл ”Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь “Авралын эрэлд” ХХК-тай холбоогүй, энэхүү компанийг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд юм.

       ”Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь Захиалагч тал болох Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хуурамч баримт бичиг ашигласан гэж гомдол гаргасан.

       “Монголын анчдын нийгэмлэг” ТББ нь Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарлаж 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан “Тарвага нутагшуулах, хяналт мониторинг хийх” тендэрт оролцож эрх авч, тендэрийн гүйцэтгэл бүрэн дууссан байна.

         Гэтэл “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь дээрхи тендэрт оролцсон баримт бичиг болох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Монголын анчдын нийгэмлэг” ТББ нь өр төлбөргүй болох тухай” албан бичгийг сүүлийн Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зарласан  Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендерт “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-ыг дахин ашигласан гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуурамч баримт бичиг ашиглаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр нотлогдож байна.

         Нэхэмжлэгч тал болох “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ нь Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендерийн шалгаруулалтад “Авралын эрэлд” ХХК-ын төлөөллийг оролцуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрхи тендэрийн шалгаруулалтад “Эко үйлчилгээ” ТББ-ыг төлөөлж гишүүн Н.Энхжин, “Авралын эрэлд” ХХК-ыг төлөөлж М.Зулбаяр нар оролцсон болох нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн хуралдааны 08 дугаар тэмдэглэл, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох, нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын Дорнод аймагт Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон “Аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, ерөнхий ба нарийвчилсан агнуур зохион байгуулалт хийх, агнуурын бүс нутаг тогтоох ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах БОАЖГ-2016/08 дугаартай тендерийг хууль зөрсчөн болохыг тогтоож, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ