Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 287

 

Л.Аод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Л.Аод холбогдох 1837000340065 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Л.А нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх Л.Аыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох тухай прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож, тээврийн хэрэгсэл болон Л.Аын эзэмшлийн 3 тооны тугал, 7 тооны гунжин үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Аод холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Л.А нь бичиг үсэг мэддэггүй болох нь давж заалдах шатны шүүхэд хандаж гаргасан гомдол болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байх ба түүнийг яллагдагчаар татаж мэдүүлэг авах болон хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагаанд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 9.6 дугаар зүйлийн 6 дахь заалт, мөн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтуудыг ноцтой зөрчсөн.

Хохирогч гэх Л.Л нь тухайн хулгайлагдсан гэх листэн төмрийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй байх ба хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, бусад нотлох баримтаар түүнийг хууль ёсны өмчлөгч гэдгийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтээр листэн төмрийн зах зээлийн үнэлгээ 150.000 төгрөг байхад хохирогч гэх Л.Л нь үндэслэлгүйгээр яллагдагчаас 800.000 төгрөг хувьдаа авсан.

Хэрэгт хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн гэрч Э.Хадбаярын эзэмшлийн 22-83 УНВ улсын дугаартай LAND CRIUZER-100 загварын тээврийн хэрэгслийг прокурорын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 106 дугаартай тогтоолоор битүүмжлэн эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн байх ба тухайн эд зүйлийн үнэлгээ хийсэн гэх албан тушаалтнууд нь эд зүйлд үнэлгээ хийх эрх бүхий субъект мөн эсэх нь тодорхой бус, үнэлгээг уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийж бодит байдлаар тогтоогоогүй /тээврийн хэрэгслийн зураг болон бусад мэдээлэл хэрэгт байхгүй/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 зүйлийг зөрчсөн.

Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д нийцүүлэхэд уг хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шаардлагатай байх тул Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокуророос Л.Аыг хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх тухайн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах буюу үнийг гаргуулах асуудлыг орхигдуулснаас давж заалдах шатны шүүхээс хэрэг шүүхийн хэлэлцүүлэгт буцсан байна. Л.Аыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 20.000.000 төгрөгийг гаргуулах нэмэлт оруулж шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Аоос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд тэрээр биеийн байцаалт өгөхдөө бүрэн бус дунд боловсролтой гээд мэдүүлэгтэй танилцаад үнэн зөв байна гэж хэргийн 29 дүгээр талд гарын үсэг зурсан, Л.Аод Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авахад танилцав гээд хэргийн 31 дүгээр талд гарын үсэг зурсан, хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол, хүсэлт байхгүй гээд хэргийн 63 дугаар талд гарын үсгээ зурсан баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн шатанд шүүгч Л.Аыг өмгөөлөгч авах эрхээр хангасан бөгөөд өмгөөлөгч авахгүй гэж өөрөө гараараа бичиж өгсөн баримт хэргийн 81 дүгээр талд авагдсан, анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял авсныхаа дараа өмгөөлөгч Л.Ган-Очиртой эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх хурлын дараа өмгөөлөгч Б.Хосбаяртай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, одоо энэ гомдлоор хэрэг хэлэлцэгдэж байна.

Хэрэгт нотлогдвол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн, эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссын шийдвэрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой байна. Учир нь алслагдсан суманд мэргэжлийн шинжээч байхгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Ланд Крузер-100 маркийн тээврийн хэрэгслийг Э.Хс худалдаж авахаар тохироод урьдчилгаа 10.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдлээ өгөөгүй тул нэр шилжүүлээгүй болох нь тогтоогдсон, 20.000.000 төгрөгөөр үнэлсэн нь хэт өндөр биш байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тээврийн хэрэгслийн үнэ 20.000.000 төгрөгийг гаргуулах өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Аод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүгдэгч Л.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмын дагуу хураах, эсхүл уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Л нь хулгайд алдсан 1 метр өргөнтэй, 2 метр урттай лист төмрийг нэг бүрийг нь Улаанбаатар хотоос 500.000 төгрөгөөр худалдаж авсан, хулгайд алдсан 2 ширхэг төмрийг зах зээлийн үнээр бодоход 800.000 төгрөг болж байна гэж, харин гэрч Д.Балдорж нь Л.Аоос 2 ширхэг листэн төмрийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан гэж, шүүгдэгч Л.А нь хохирогч Ц.Лд 800.000 төгрөг буцааж өгсөн гэж тус тус мэдүүлсэн байхад үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцооз нь 2 ширхэг лист төмрийг нэг бүрийг нь 75.000 төгрөгөөр, нийт 150.000 төгрөгөөр үнэлсэн нь хохирогчийн мэдүүлгээс эрс зөрүүтэй /хх-41/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бодитой тогтоогдсон эсэхэд дахин хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, “Л.Аод холбогдох хэргийн зүйлчлэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргаж, давж заалдах гомдол гаргасан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгчид хуульд зааснаас доогуур ял оногдуулсан нь хуульд нийцсэн эсэхэд давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд шүүгдэгч Л.А нь бичиг мэддэггүй талаар дурдсаныг анхаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.А нь Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд хандаж 2019 оны 1 дүгээр сарын 24-нд болох шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэсэн хүсэлт хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан байх боловч анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Л.Аыг яагаад өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох болсон, тэрээр өмгөөлөгч авах төлбөрийн чадвартай эсэх, хэргийн талаар прокурортой мэтгэлцэж, өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг бодитой хамгаалах хууль эрх зүйн мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тодруулахгүйгээр хэргийг өмгөөлөгчийн оролцоогүйгээр хянан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлоос “Уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү” гэсэн хэсгийг хүлээн авч, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Л.Аод холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн гаргасан “Хохирогч гэх Л.Л нь тухайн хулгайлагдсан гэх листэн төмрийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй байхад түүнийг хууль ёсны өмчлөгч гэдгийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчсөн, хохирогч гэх Л.Л нь үндэслэлгүйгээр яллагдагчаас 800.000 төгрөг хувьдаа авсан, гэрч Э.Хадбаярын эзэмшлийн 22-83 УНВ улсын дугаартай LAND CRIUZER-100 загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ хийсэн гэх албан тушаалтнууд нь эд зүйлд үнэлгээ хийх эрх бүхий субъект мөн эсэх нь тодорхой бус, үнэлгээг уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийж бодит байдлаар тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийг зөрчсөн” гэх гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Аод холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЦОГТ

                  ШҮҮГЧ                                        Б.БАТЦЭРЭН

                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН