Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/13

 

 

                              

 

 

 

 

 

                                     

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, орчуулагч Т.Уатхан, өсвөр насны шүүгдэгч Е.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Е.*******д холбогдох эрүүгийн 1736001250004 дугаартай, 178/2018/0012/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн суманд төрсөн, 17 настай,эрэгтэй,боловсролгүй, мэргэжилгүй,эрхэлсэн ажил сургуульгүй, БВ00280111 регистрийн дугаартай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ы *******

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

Өсвөр насны шүүгдэгч Е.******* нь Ховд аймгийн ******* сумын *******-******* багийн нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.*******ийн 1 тооны морь хулгайлсан,2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд  аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Н.*******ы эзэмшлийн “Чансаа” маркийн мотоцикль хулгайлж хохирогчид 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би сум төвд гэртээ 2 морь тэжээдэг.2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 морио усалчихаад эмээлтэй морио хашааны гадна уячихаад гэрт орж юм хийж байгаад 1 цаг 30 минут орчим болоод гараад ирсэн чинь морь алга болчихсон байсан.Тухайн үед нэг хүн унаад явчихсан эргээд аваад ирэх байх гэж бодоод хайгаагүй. Орой нь 17.30 цагийн үед ирэхгүй болохоор нь сумын цагдаад мэдэгдсэн.Маргааш нь сумын хэсгийн төлөөлөгчтэй сумын нутаг Мунжиг гэх газар айлд очсон чинь миний морь байхгүй байсан. Е.*******оос асуусан чинь хээр тавьчихсан гэхээр нь доошоо явж морио олж аваад буцаад Е.*******ын аав *******аар унуулаад ******* сумын төвд орж ирсэн.Миний морь хээр зүсмийн зүүн гуяндаа 2 хөндлөнтэй гал тамгатай морь байсан.Морио олж авсан болохоор одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэжээ. / хх-19-21-р хуудас/

Гэрч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:Е.******* манай том хүүхэд байгаа юм.2017 оны 11 дүгээр сараас хойш ******* сумын ******* багийн малчин ын малыг маллаж эхэлсэн.2017 оны 12 дугаар сарын 03-ны орой над руу залгаад танай залуу алга болчихлоо гэхээр нь би суманд байдаг дүү руу ярьсан чинь “манайд байна” гэсэн.Мотоциклио хээр орхичихсон гэхээр нь би хүний мотоциклийн араар сууж яваад Е.*******ыг аваад буцах замдаа хулгайлсан мотоциклийг нь аваад сумын төв дээр 12 сарын 05-ны орой орж ирж хоночихоод маргааш нь уг мотоциклийн дугуй хагарчихсан байхаар нь янзлаад байж байтал гэнэт Е.******* алга болчихсон.Тэгтэл орой болж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч надтай ирж уулзаад танай залуу хүний морь хулгайлаад явсан байна гэж хэлээд намайг машинд суулгаад сум руу дүүгийндээ очиход тэнд Е.******* байсан. Морийг нь асуусан чинь замдаа орхисон гэсэн. Тэгээд Е.*******ыг цагдаа авч яваад би нөгөө морийг нь хайж олоод ******* суманд эзэнд нь хүргэж өгсөн.Е.*******ын хулгайлсан мотоциль, морь хоёрыг эзэнд нь буцааж хүлээлгэж өгсөн. Манай хүүхэд сургуульд сураагүй, бичиг үсэг, монгол хэл мэдэхгүй гэжээ./хх-27-29-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8-р хуудас/

Мал үнэлсэн тухай тайлан / хх-11-р хуудас/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би хөдөөнөөс сум руу орж ирэхэд манай хөрш Б.*******ийн тэжээдэг 2 морины нэг алга байсан. Эднийх хээр, хүрэн хоёр зүсмийн морь тэжээдэг, тэд өдөр хээр зүсмийн морь нь алга болсон байсан гэжээ./хх-12-р хуудас/

Гэрч К. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: өнөө өглөө эмээлтэй хээр морь манай хажууд ирчихсэн байхаар нь би хэн нэгэн хүн морио алдсан байх гэж бодоод бариад уячихсан. Өчигдөр орой манайд *******ы хүүхэд ******* сумаас сум руу явж байна гээд ирж дулаацаад явсан.Тэр хүүхдийн унаж явсан морь мөн байх гэжээ. /хх 14-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Е.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн аавын хамт Ховд аймгийн ******* сумын *******-******* багийн нутагт  айлд хоноод маргааш нь *******-******* багийн нутагт нэг айлын хашааны гадна байсан морийг очиж үзээд унаад явсан.Миний зүрх өвдөөд байхаар суманд байдаг ахыгаа дагуулаад мэргэн хүн дээр очих гээд явсан. сум хүртэл яаж явснаа санахгүй байна.Нэг мэдэхэд суманд оччихсон байсан.Тухайн морь эмээл, хазаартай байсан. Хээр зүсмийн морь байсан, тамгыг нь анзаараагүй.Би тухайн үед хөл залгуулахаар тэр морийг авч явсан, буцаагаад өгнө гэж бодож байсан гэжээ. /хх-16,24-р хуудас/

Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр малаа хариулж явж байгаад өдөр 15 цаг өнгөрөөд гэртээ ирсэн чинь манай гэрийн гадна байсан миний мотоцикль алга болчихсон байсан.Тэгэхээр нь би мөрийг харсан чинь изриал гуталтай хүний мөр байхаар нь хулгайч авсан юм байна гээд сумын цагдаад мэдэгдсэн.Е.*******ын аав нь миний мотоциклийг авчирч өгсөн.Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ./хх -50-51-р хуудас/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Е.******* манайд ногоон өнгийн мотоцикльтой ирсэн гэж манай хүүхдүүд хэлсэн. Тэр өдөр би аймаг яваад ирсэн байсан. Орой нь Е.******* манайд ирээд танайд хоноё, өөр хонох айл байхгүй гээд манайд хоносон.Өглөө нь эрт босоод “би дүүгээ аваад явна” гээд явсан. Би мотоциклийг нь сайн анзаараагүй гэжээ. / хх-52-р хуудас/

Гэрч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: манай том хүү Е.******* ******* сумын ******* багт О. гэдэг айлын мал хөлсөөр малладаг байсан.2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр О. над руу яриад танай хүүхэд 12 сарын 01-нд малаа орхиод явчихлаа, хаашаа явсныг мэдэхгүй байна гэж хэлсэн.Тэгэхээр нь би өөрийнхөө маллаж байсан малаа хашаанд оруулаад хайгаад явсан.Тэгж явж байгаад хүүхдээ ногоон өнгийн мотоцикль унаад явж байсан гэдгийг сонсоод Баян-Өлгий аймгийн сум руу явсан байх гээд араас нь явсан чинь  ******* сумын нутаг Шижигтийн хавцал гэх газарт мотоциклио орхиод өөрөө цаашаа явган сум руу явсан байсан. Би араас нь очоод ахынх нь гэрээс очиж аваад ******* суманд ирж хоносон. Би уг мотоциклийг ******* сумын ******* багийн Булаг гэх газарт өвөлжиж байгаа Н.*******д  аваачиж өгсөн гэжээ./хх 53-р хуудас/

Өсвөр насны шүүгдэгч Е.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мал хариулж явж байгаад Н.******* гэдэг айлын ойролцоо очсон. Гэтэл тухайн үед миний зүрх хүчтэй өвдөөд байхаар нь зүрхээ өвдөхөөр үзүүлдэг бариачид очъё гэж бодоод  Н.*******ы гэрийн гадна байсан мотоциклийг унаад ******* сум руу явсан.Тэгээд ******* сумаар жаахан явж байгаад тэнд нэг казак айлд хоносон.Өглөө нь босоод Шижигтийн хавцлаар дайраад Баян-Өлгий аймгийн суманд байгаа ахынхаа гэр лүү явсан. Мотоциклио хавцлаар гаргаж чадахгүй болохоор мотоциклио орхичихоод явган сум руу явсан. Уг мотоцикль ногоон өнгөтэй, улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоцикль байсан.Би очоод маниулыг нь гишгэсэн чинь асчихсан.Уг мотоциклийг манай аав хавцлаас аваад эзэнд нь хүргэж өгсөн гэжээ. /хх-55-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-40-44-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-46-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-56-59-р хуудас/ зэрэг баримт болно.

Өсвөр насны шүүгдэгч Е.******* нь: 1. Ховд аймгийн ******* сумын *******-******* багийн нутаг дэвсгэрээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.*******ийн 1 тооны морь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.*******ийн мэдүүлэг, Х.*******, Б., К. нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,мал үнэлсэн тухай тайлан, өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

2. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд  аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Н.*******ы эзэмшлийн “Чансаа” маркийн мотоцикль хулгайлж хохирогчид 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Н.*******ы мэдүүлэг, гэрч Х.*******, Ж. нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл үнэлсэн тухай тайлан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Е.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар  бусдын малыг  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Е.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас”-аар /хх-68х/ тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Е.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.*******ийн “...Морио олж авсан болохоор одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэх, хохирогч Н.*******ы “...Е.*******ын аав нь миний мотоциклийг авчирч өгсөн.Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр, өсвөр насны шүүгдэгч Е.******* нь 17 нас 4 сар 2 хоногтой байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь нас тоолсон баримт /хх-9х/, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-67х/ зэргээр тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Е.*******ыг насанд хүрээгүй байхдаа анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Е.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч *******  овогт *******ы *******ыг хөрөнгө  хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарөсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ы *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.*******д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Е.*******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Е.*******ын эцэг Х.*******д даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Е.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус   дурдсугай.

7.Өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form