Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2024/0042/З |
Дугаар | 110/ШШ2024/0041 |
Огноо | 2024-08-26 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 110/ШШ2024/0041
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.А, С.С, М.С,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, М.С, нэхэмжлэгч С.С итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Айбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, орчуулагч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нараас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай “Т” захын урд талын нийтийн эдэлбэр газрыг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр тус газарт байршилтай нэхэмжлэгч нарын худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй объектыг /байр/ албадан буулгаж, газрыг нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч нараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:
3.1. Х.А, С.С, М.С бид 2015 оноос эхлэн “Т” захын урд талд байрлалтай нийтийн эдэлбэр газарт хөлсийг нь төлж түрээсээр худалдаа наймаа эрхэлж байсан ба одоогоор 9 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Тухайн үед талийгаач Т.Д нь миний хувийн эзэмшлийн газарт гэрээ байгуулъя гэхээр нь бид гэрээ байгуулж түрээсийн үнийг төлж үйл ажиллагаа явуулсан.
Дээрх хугацаанд М.С 7 000 000 төгрөг, М.А 7 000 000 төгрөг, С.С 28 000 000 төгрөг, нийт 42 сая төгрөг төлсөн юм.
3.2. Харин Т.Д эзэмшлийн газраас 300 м2 газар хасагдаж, 2020 онд тус газраас авто зогсоол гаргана гэсэн шийдвэрийг аймгаас гаргасан ба тус газраас “Музей” хүртэл худалдаа явуулж байгаа хүмүүсийн путка байсан, одоо ч гэсэн байгаа, дараа нь 15-20 метрийн зайтай газарт зогсоол тавихгүй гэдэг шийдвэр гарч 4 хүн үлдсэн байсан юм. 2020-2021 оны бидний үйл ажиллагаа явуулж байсан нийтийн эзэмшлийн газрын татварыг Д.Б /Т.Д хүү/ өөрөө ирж авч байсан, 2023 оноос эхлэн бид ямар ч түрээсийн мөнгө төлөөгүй. Бид нарын худалдаа наймаа эрхэлж байгаа газар Д.Б эзэмшлийн газарт огт хамааралгүй газар байгаа юм.
3.3. Д.Б нь миний барьсан барилгад саад учруулж байна гээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд биднийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Д.Б нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хурлаар нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Баян-Өлгий аймгийн Засаг дарга “Т” захын урд талын нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй дур мэдэн газар ашигласан иргэд С.С, Х.А, М.С нарын объектыг албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй гэж 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдөр А/435 тоот захирамж гаргасан байв. Засаг даргын уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвхөн нэг хүний эрх ашгийн төлөө бидний объектыг албадан нүүлгэх захирамж гаргасанд маш гомдолтой байна гэжээ.
4. Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1.Нэхэмжлэгч Х.А: Миний бие тухайн газарт олон жил хөдөлмөр эрхэлж, үйл ажиллагаа явуулж амьдралын эх үүсвэрийг олдог. Би ганц бие эмэгтэй хүн, 5 хүүхэдтэй, 3 оюутан сургаж байна. Тус газарт үргэлжлүүлэн худалдаа эрхлэхийг хүсэж байна. Тухайн маргаан бүхий газар дээр бид нараас өөр хүмүүс бас үйл ажиллагаа эрхэлж байгаа. Харин зөвхөн бид гуравт албадан нүүлгэх шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
4.2.Нэхэмжлэгч С.С итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М: Бид тус газарт олон жил худалдаа, наймаа эрхэлсэн. Тус газар дээр бид гурваас өөр олон хүмүүс худалдаа эрхэлж байгаа. Харин тэр хүмүүст шаардлага тавихгүйгээр зөвхөн бид гуравт албадан нүүлгэх шаардлагаа тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Нийтийн эдэлбэрийн газар байсан бол бид нараас яагаад олон жил түрээсийн төлбөр авсан юм бэ?
Хэрвээ газрыг албадан чөлөөлөх шаардлагатай юм бол тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх хүмүүсийг газраас нь нүүлгэсний дараа би газрыг чөлөөлж өгнө, өөр амьдралын эх үүсвэр байхгүй, банкны зээл төлдөг, оюутан хүүхэд сургаж байгаа гэв.
4.3.Нэхэмжлэгч М.С: Миний бие тус газарт 2015 оноос хойш хөдөлмөр эрхэлж, өнөөдөр хүртэл 8 дахь жилдээ тасралтгүй худалдаа эрхэлж байна.
Тухайн үед талийгаач Т.Д нь “миний эзэмшлийн газар” гэж газрын хөлс авч байсан. 2021 онд тухайн газарт явган хүний зам тавьж тус газар нь нийтийн эдэлбэрийн газар болж таарсан. Энэ асуудлын хүрээнд тухайн үед Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хуралдаж, талийгаач Т.Д “та яагаад нийтийн эдэлбэрийн газарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсээс газрын хөлс авч байгаа вэ?” гэж асуухад, талийгаач Т.Д нь “би нийтийн эдэлбэрийн газрыг ашигласны төлөө хөлс аваагүй, энэ хүмүүсийн хаясан хог хаягдлыг цэвэрлэж, камераар хянаж байгаа учраас мөнгө авч байна.” гэж хариу өгсөн.
Тухайн үед Газрын албаны дарга К.Б байсан. Авто зогсоол нь 15х25 метрийн зайтай байх ёстой гэсний дагуу зогсоолыг тусдаа газарт гаргасан.
Маргаан бүхий газарт одоо 3 хүн хөдөлмөр эрхэлж байгаа. Талийгаач Т.Д хүү Д.Б нь газартаа барилга барьсан. Бид Д.Б барилгын ажилд ямар нэгэн саад учруулаагүй.
Тухайн үед Д.Б нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Д.Б нь тус аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Уг өргөдлийг үндэслэж Засаг дарга нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай захирамж гаргасан. Энэ асуудлын хүрээнд бид аймгийн Засаг даргатай уулзаж, учир байдлаа хэлсэн. Тус аймгийн Засаг дарга нь “би блокоор барьсан барилгыг зөвшөөрөхгүй байна, блокоор байшин барьж болохгүй” гэсэн. Тэгээд “бид өмнө нь тус газарт төмөр путка байсан нь хүнсний бараа зарахад шаардлага хангахгүй болохоор блокоор байшин барьж авсан. Хэрвээ блокоор барьсан барилга нь шаардлага хангахгүй юм бол өмнө нь байсан төмөр путкаг байршуулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой, Д.Б барилгад ямар нэгэн саад учруулж байгаагүй, хэрвээ заавал тэндээс нүүлгэх шаардлагатай бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх хүмүүсийг албадан нүүлгээрэй.” гэдгийг хэлсэн.
Бид тухайн газарт хөдөлмөр эрхэлж банкны зээл төлдөг, оюутан хүүхэд сургаж байгаа. Иймд аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А\435 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Нэхэмжлэгч нарын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэхэмжлэгч, Х.А, С.С, М.С нар “Т” захын урт талын нийтийн эдэлбэрийн газарт 2016 оноос эхлүүлэн ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ байрлуулан худалдаа наймаа хийж, талийгаач Т.Д болон түүний хүү нь Д.Б нартай эзэмшлийн газрыг төлбөртэй ашиглах гэрээ байгуулсан.
Өнөөдөр хүртэл нэхэмжлэгч нар 8 дахь жилдээ тус газарт үйлчилгээ явуулж байгаа ба байрны хөлс болон нийтийн эдэлбэрийн газрыг ашиглах гэрээ байгуулснаар нэхэмжлэгч Х.А сард 100 000 төгрөг, С.С сард 420 000 төгрөг, М.С сард 90 000 төгрөг, нийт 41 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нар нь газрын эзэмшлийн хөлс гэж талийгаач Т.Д болон түүний хүү Д.Б нарт төлж байсан. 2016 оноос 2024 он хүртэл нийтийн эдэлбэр газрыг эзэмшиж үйлчилгээ явуулсан 8 жилийн хугацаанд нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нарт уг газрыг чөлөөлөх талаар аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ямар нэгэн албан шаардлага хүргүүлж байгаагүй. Тухайн үед бүтээн байгуулалтын ажил гэж 6 давхар барилга барьж байсан Д.Б нь Х.А, С.С, М.С нарын нийтийн эдэлбэрийн газарт зөвшөөрөлгүй барьсан түргэн үйлчилгээний цэгийн барилга байгууламжийг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн эзэмшил газарт барьж байгаа үл хөдлөх хөрөнгөд нэвтрэн орох гарц, инженерийн барилга байгууламж барьж ашиглах эрхэд саад учруулж байгаа гэсэн утгаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4, 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгосон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосны дараа тус аймгийн Засаг дарга 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр А\435 дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгч нарын худалдаа эрхэлж байгаа газраас албадан нүүлгэх тухай захирамж гаргасан. Уг захирамжийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А\435 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. Иргэн Х.А, С.С, М.С нарын худалдаа, наймаа эрхэлж байгаа газар нь өмна талийгаач Т.Д эзэмшил газар байсан. 2020 онд тус газар дээр машины зогсоол баригдах болсон тул иргэн Т.Д эзэмшил газраас аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаар захирамжаар 314 м2 газрыг хэсэгчлэн хүчингүй болгож, газрын хэмжээг багасгаж эзэмшүүлсэн.
Ингэснээр дээрх газар нь нийтийн эдэлбэр газар буюу замын зурвас газарт хамаарсан. Тухайн үед “Т” захын урд талын авто зогсоол баригдах газрыг чөлөөлөх явцад Х.А, С.С, М.С нарын худалдаа үйлчилгээ эрхэлж байсан объектуудыг үлдээсэн байсан. Одоо талийгаач Т.Д хүү Д.Б нь өөрийн эзэмшил газартаа үйлчилгээний зориулалттай 6 давхар барилга барьж ашиглалтад оруулах болсон тул урд нь зөвшөөрөлгүй газарт дур мэдэн барилга барьсан дээрх иргэдийн газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн боловч чөлөөлөөгүй тул аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргасан.
Дээрх шийдвэрийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн Х.А, С.С, М.С нарт нэн даруй мэдэгдэж объектоо өөрсдөө буулгаж авах нөхцөл бололцоогоор хангаж ажилласан болно гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт иргэн Т.Д нь иргэдтэй хоорондоо зөвшилцсөний хүрээнд эзэмшил газар дээрээ объект барьж иргэдэд түрээслүүлж, түрээсийн мөнгө авч ирсэн байна.
Эрх бүхий газраас 2016 онд тус аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн газар дээр зам тавихаар шийдвэр гарсан. Үүнийг үндэслэн замын зурвас газартай давхацсан газруудыг хүчингүй болгож, зарим газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлсөн арга хэмжээ авагдсан. Энэ арга хэмжээний хүрээнд иргэн Т.Д эзэмшсэн газрын зарим хэсэг хамарсан. Үүнтэй холбоотой иргэн Т.Д манай байгууллагаас 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр уулзалт хийж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын А\270 дугаар захирамжаар нийт 314 м2 газрын эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус газрыг иргэн Т.Д эзэмшлээс нь чөлөөлж, нийтийн эдэлбэрийн газарт шилжүүлэн шийдвэрлэсэн. Уг 314 м2 газарт иргэн Х.А, М.С нарын объект барьсан газар 100 хувь болон С.С объект байгаа газар 60 хувийн давхцалтай байгаа. Энэхүү газарт бүтээн байгуулалтын ажил хийгдэж, иргэн Д.Б нь 6 давхар үйлчилгээний барилга барьж байгаа.
Нийтийн эдэлбэр газарт байгаа объектуудыг чөлөөлж өгөх талаар төсөл хэрэгжүүлэгч Д.Б болон тухайн байрыг түрээсэлж авсан иргэдийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нарт газрыг чөлөөлж өгөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
Нэхэмжлэгч нараас өөр тусдаа иргэд байсан. Тэд нар тохиролцсоны үндсэн дээр газрыг чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нар мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзаж, захирамжид заасан хугацаанд газрыг чөлөөлж өгөөгүй учраас Газрын тухай хуульд тогтоомжийн дагуу газрыг албадан чөлөөлөх тухай Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А\435 дугаартай захирамж гарсан. Энэ захирамж гарсны дараа нэхэмжлэгч нарт мэдэгдэж, өөрсдөө газрыг чөлөөлөх, эсвэл төсөл хэрэгжүүлэгч иргэн Д.Б тохиролцох нөхцөл боломжийг хангаж ажилласан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хүлээсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Манай аймагт нийтийн эдэлбэрийн газар дээр зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа тохиолдол их байна. Үүнийг бид нар тухайн жилийн төлөвлөгөөнд тусган шийдвэрлэн ажиллаж байгаа. Нэхэмжлэгч нар “бид гурвыг онцолсон” гэж ярьж байна, ийм зүйл байхгүй. Иргэдийн өргөдөл, гомдол мөн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой дээрх захирамж гарсан. Уг захирамжаар хуучин орон сууцны барилгыг нурааж шинээр барьсан бүтээн байгуулалтад саад учруулж байгаа өөр 3 иргэний гараашийг мөн албадан буулгаж, газрыг чөлөөлөх асуудлыг давхар шийдвэрлэсэн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч нарын маргаан үндэслэлгүй байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримтууд тогтоогдсон.Үүнд:
2.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/129 дугаартай захирамжаар иргэн Т.Д нь Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс 1760.6 м2 газар эзэмшсэн байх ба газрын урд хэсгийн тодорхой хэмжээний талбайг 2015 онд нэхэмжлэгч М.С, 2016 онд Х.А, С.С нарт үнэ төлбөртэйгөөр ашиглуулж байжээ.
2.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/270 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг зөрчиж газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газраа бусдад ашиглуулсан, газартаа бүхэлд нь барилга байгууламж барьж газар эзэмших гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэж үзэж, Т.Д эзэмшлийн 1760.6 м2 газрын урд хэсгийн 314 м2 талбайн эзэмших эрхийг хүчингүй болгож, үлдсэн 1447 м2 газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж шийдвэрлэжээ.
2.3. Ийнхүү иргэн Т.Д эзэмшил газраас хасагдсан 314 м2 газар нь нэхэмжлэгч нарын түрээсэлж байсан газар байх ба энэхүү газарт 2015-2016 онд баригдсан гэх нэхэмжлэгч Х.А, М.С нарын худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа байрууд бүхэлдээ /6.9-8 м2/, С.С 27 м2 талбайтай байрны тодорхой хэсэг багтсан байна.
2.4. Дээрх байдлаар иргэн Т.Д эзэмших эрхтэй газраас хасагдсан 314 м2 газар нь 2017 онд сул чөлөөтэй газар болж, зам, шугам сүлжээний буюу замын зурвас бүхий уг газар нь нийтээр ашиглах газарт хамаарсан байна.
Эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны А/129, 2017 оны А/270 дугаартай захирамжууд, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 110/ШЗ2022/0242 дугаартай захирамжийн дагуу гаргасан 2022/а9 дугаартай шинжээчийн дүгнэлтийн холбогдох хэсэг, нэхэмжлэгч нарын тайлбар, нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нарын үйлдсэн 2016 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 02, 17-ны өдрийн баримтууд, нэхэмжлэгч Х.А, М.С нарын иргэн Т.Д тус тус байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 15, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Байр хөлслөх гэрээ”, “Байрны хөлс болон эзэмшил газарт талбай ашигласны төлбөрийн гэрээ”, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 518, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай албан бичгүүд, түүний хавсралт баримт, шүүхээс хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.5. Иргэн Т.Д нь 2019 онд нас барсан байх ба Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлээр Т.Д эзэмшиж байсан 1447 м2 газрыг түүний хүү Д.Б эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/27 дугаартай захирамж гарчээ.
Эдгээр үйл баримтууд гэрч Д.Б мэдүүлэг, Засаг даргын 2021 оны А/27 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
3. Дээрх байдлаар иргэн Т.Д эзэмших эрхтэй газраас нь 2017 онд 314 м2 газар хасагдсан байх боловч замын зурвас бүхий уг газрыг нэхэмжлэгч нар иргэн Т.Д 2015-2016 онуудад байгуулсан гэрээний дагуу үнэ төлбөртэйгээр тасралтгүй 8 жил ашиглаж, худалдаа үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан, газрын төлбөрийг эхлээд Т.Д, дараа нь түүний хүү Д.Б нарт 2023 он хүртэл тогтмол төлж ирсэн гэж тайлбарлаж байна.
4. Замын зурвас газар нь Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар зам, шугам сүлжээний газарт хамаарах бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Монгол Улсын хилийн доторх бүх газар нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран газрын нэгдмэл сан мөн.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна: 10.1.3.зам, шугам сүлжээний газар;”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина.” гэж тус тус заасан
5. Түүнчлэн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан ба нэхэмжлэгч нар тухайн газрыг газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр эзэмшиж, ашигласан нь мөн хуулийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж зааснаар аймгийн Засаг даргаас тухайн газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэглэл өгөх, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах үндэслэл болно.
6. Нэхэмжлэгч нараас газар ашигласны төлбөрийг иргэн Т.Д, Д.Б нарт төлж, 2023 он хүртэл үнэ төлбөртэйгээр ашиглаж ирсэн гэж маргасан боловч тухайн газар нь дээрх байдлаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2017 онд иргэн Т.Д эзэмших эрхтэй газраас хасагдсан, нэхэмжлэгч нар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр иргэнтэй байгуулсан гэх гэрээний дагуу үнэ төлбөртэйгээр замын зурвас газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж ирснийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмшсэн гэж үзэхгүй.
7. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.3. зам, шугам сүлжээний газар;” гэж заасан.
Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан журмаар нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нарт 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор нийтээр ашиглах замын зурвас газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдэлийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн байх ба нэхэмжлэгч нар дээрх хугацаанд газрыг чөлөөлөөгүй байх тул мөн хуулийн 57.4-т заасныг баримтлан зөвшөөрөлгүй, дур мэдэн газар ашигласан гэх үндэслэлээр Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх маргаан бүхий газарт баригдсан нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа явуулж буй байруудыг /обьект/ албадан буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан газар төрийн хяналт, хамгаалалтад байх тухай төрөөс газрын талаарх баримтлах зарчим, 57.1, 57.4-т заасан зохицуулалтуудад нийцсэн байна.
8. Нэхэмжлэгч нар тухайн газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшээгүй нь тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, …гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан.
Шүүх нь иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан журмаар үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд сэргээх бөгөөд энэхүү маргааны хувьд хууль бусаар газар эзэмшсэн иргэний тухайн газрыг эзэмших ашиг сонирхол нь шүүхээр хамгаалагдахгүйг дурдах нь зүйтэй.
9. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.А, С.С, М.С нарын үйлдсэн 2016 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 02, 17-ны өдрийн баримтууд, нэхэмжлэгч Х.А, М.С нарын иргэн Т.Д тус тус байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 15, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Байр хөлслөх гэрээ”, “Байрны хөлс болон эзэмшил газарт талбай ашигласны төлбөрийн гэрээ”, гэрч Д.Б шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд маргаан бүхий газарт байршилтай объектуудыг нэхэмжлэгч нар анх иргэн Т.Д түрээсэлж авсан гэж үзэхээр байгаа ба Д.Б нэхэмжлэлтэй, Х.А, С.С, М.Серикгүл нарт холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00439 дугаартай шийдвэрт “...тухайн түргэн үйлчилгээний цэгүүдийг Т.Д өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэхээр байгаа ба эд хөрөнгийн өмчлөгч Т.Д уг эд хөрөнгүүдийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тухай нотлох баримт байхгүй байгаа тул тухайн хөрөнгийг хариуцагч М.С, Х.А, С.С ...нарын эд хөрөнгө гэж үзэж албадан нүүлгэх, саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчаар тодорхойлсон этгээдүүдэд даалгах боломжгүй болно. Хариуцагч нарын зүгээс үйл ажиллагаа явуулж байгаа тухайн түргэн үйлчилгээний цэгүүд өөрсдийн хөрөнгө гэдгийг нотлоогүй болно.” гэж дүгнэжээ.
Гэвч нэхэмжлэгч нараас маргаан бүхий газарт байрлах объектуудыг 2015-2016 онд өөрсдөө барьсан, бидний эзэмших эрхтэй хөрөнгө бөгөөд байрны эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой маргаан байхгүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан бол гэрч Д.Б нь шүүхэд “ Би эцэг Т.Д хамт нэг гэр бүлд амьдарч байсан.
Миний эцэг Т.Д нь 1700 гаруй м2 газрыг эзэмшдэг байсан ба 2015- 2016 оноос өмнө бидний эзэмшлийн газрын урд хэсэгт төмөр путка тавьж иргэдэд уг объектыг газрын хамт түрээсэлдэг байсан.
Тухайн объектыг түрээсэлдэг хүмүүс сүү, цагаан идээ, хүнсний бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг байсан ба дээрх хүнсний бүтээгдэхүүнийг төмөр путкад байршуулж борлуулах нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна гэхээр нь бид тухайн төмөр путкаг нүүлгэж оронд нь блокоор 6-8 м2, 27 м2 талбай бүхий блокон 4 байр барьж өгч, уг байрыг газрын хамт одоогийн нэхэмжлэгч нар болон иргэн н.Б түрээслүүлсэн.
Эцэг маань 2019 онд нас барснаас хойш нэхэмжлэгч нар болон иргэн н.Б би төлбөр авч байгаагүй. 2021 оны А/27 дугаар Засаг даргын захирамжаар газрыг би өөрийнхөө эзэмшилд авсны дараа тухайн газарт байршилтай байсан өмчлөлийн эд хөрөнгийг нурааж шинээр “DT PLAZA” нэртэй 5 давхар барилгыг барьж дуусгаж, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн байгаа. Өмнө нь миний эцэг Т.Д эзэмшилд байсан газраас 300 гаруй м2 газрын эзэмших эрхийг аймгийн Засаг даргын шийдвэрээр хүчингүй болгож, 1447 м2 газрыг эцэг Т.Д эзэмшилд үлдээж байсан. Энэхүү эзэмших эрх нь хүчингүй болсон 300 м2 газрын байршилд нэхэмжлэгч нарын ашиглаж байгаа байрууд байршилтай байгаа.
Дээрх байдлаар 300 м2 газрын эрх хүчингүй болсон, мөн эцэг маань нас барсан учраас дээрх объектуудыг М.С, Х.А, С.С, Б нар ашиглаж, эзэмшиж ирсэн. Миний ээж Т 2002 онд нас барсан.
Миний хувьд дээрх эд хөрөнгүүдтэй маргахгүй, дээрх байрууд байршиж байгаа газрын эрх хүчингүй болсон тул уг эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч нарын эзэмшилд байгаа эд хөрөнгө гэж үзэж байна.
Аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар 03-ны өдрийн А/435 дугаартай захирамжаар албадан буулгахаар шийдвэрлэсэн объекттой холбоотой маргаан миний хувьд байхгүй. Би тэр байруудыг нэхэмжлэгч нарын эзэмшилд үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч нарын эзэмшлийн байр гэдэг утгаар нь иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.” гэж мэдүүлсэн.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х.А, С.С, М.С болон иргэн Д.Б нарын хооронд тухайн газарт байршилтай объектуудын өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой маргаан байхгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт байрлах байруудад 2015-2016 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Д.Б мэдүүлгээр тогтоогдож байгаа ба Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ маргаан бүхий газарт байрлах уг байруудыг бодит байдалд эзэмшиж, ашиглаж байгаа иргэн Х.А, С.С, М.С нарт холбогдуулан тухайн байруудыг албадан буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэснийг буруу гэж үзэхээргүй байна.
10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн Х.А, М.С, С.С нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА