| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2017/0395/Э |
| Дугаар | 1725001410087 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 1725001410087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б
Улсын яллагч Ц.И
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн 1725001410087 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Б овогт Дын Э, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Булган суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ** оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Д.Эг нэр бүхий 4 иргэний Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж хуурч Т.Б-гээс 500 000 төгрөг, Э.Л-аас 540 000 төгрөг, Т.Э, С.Х нараас 2 370 000 төгрөг нийт 3 410 000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шижнлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Хын “2017 оны 03 дугаар сард би Лтай гадаад гарах гэсэн юм гэж ярилцсан чинь Л Солонгос улс руу гаргадаг Э гэдэг хүн байдаг. Тэр хүнд материалаа явуулчих гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн хамт хэд хоногийн дараа Э гэх хүнд гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг материалыг дүү Лаар Улаанбаатар хот руу явуулсан. Тэгээд манай эхнэр Э гэдэг хүн рүү яриад байдаг байсан. 2017 оны 06 дугаар сарын эхээр Э гэдэг хүн манай эхнэр рүү яриад 1 250 000 төгрөг шилжүүлчих та хоёрын визийг түрүүлээд гаргаад өгье гэж ярьсан. Тэгээд маргааш нь манай эхнэр өөрийнхөө данснаас Э гэдэг хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэнээс хойш Э гэдэг хүн утсаа авахаа больсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
2. Хохирогч Т.Бгийн “2017 оны 03 дугаар сарын дундуур манай том эгчийн охин Л найдвартай Солонгос улс руу гаргах хүн байна гэж надад хэлэхээр нь би Солонгос улс руу явахаар шийдээд Д овогтой Э гэх хүнд 5125006266 тоот данс руу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500 000 төгрөг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш ****** дугаарын утсаар яриад шаардахад дахин дахин над руу битгий яриад бай шууд бүгдийг нь гаргахгүй. Энэ асуудлыг чинь цувуулаад нэг нэгээр нь гаргана гэж хэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл гаргаж өгөөгүй миний мөнгийг буцааж өгөөгүй байна. Сүүлд 2017 оны 06 сарын эхээр ярихад ах эгч хоёрын чинь виз гарч байгаа мөнгөө нэмж өгөөрэй гээд 1 250 000 төгрөг бас дахин нэмсэн. Тэгэхээр нь манай эгч Э ***** тоот данс руу шилжүүлсэн юм. 2017 оны 04 дүгээр сарын 4-нд дүү Хагийн данснаас ***** тоот данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/
3. Хохирогч Э.Л-ын “Би анх 2017 оны 01 дүгээр сард найз И-той хамт уулзаж сууж байгаад Солонгос явмаар байна гэж яриа гаргасан юм. Тэгсэн Игэдэг манай найзын эгч Э гэдэг эмэгтэй Солонгос улс руу 5 000 000 төгрөг байршуулахгүйгээр 2 000 000 төгрөгөөр явуулдаг гэж надад хэлсэн. Тэгээд тэр хүнтэй Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн “belle” хотхоны гадаа уулзсан. Тэгтэл Э гэх эмэгтэй эхлээд 500 000 төгрөг өгчих тэгээд виз гарсны дараа 1 500 000 төгрөгийг чинь авъя гэж бид 2 ярьж тохирсон. Тэгтэл Э гэх эмэгтэй та нар урьчилгаагаа бололцоотой хийчих тэгээд гадаад паспорт, банкны хуулга, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг материалаа өгчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 3 хоногийн дараа өөрийн материалыг бүрдүүлээд Эд өгсөн. Тэр үед би өөрийн нагац эгч Б, Э болон хүргэн ах Х нарт Солонгос улс руу гайгүй хямдхан гаргадаг хүмүүс байна гэж хэлсэн чинь тэр гурав зөвшөөрөөд бичиг баримтаа намайг хотод байхад таксигаар өгч явуулсан. Тэгээд удалгүй байж байтал Э өөрөө залгаад виз гарах гээд байна урьдчилгаа мөнгө болох 500 000 төгрөгөө тус тусдаа хий гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 3 сарын 29-ний өдөр ээж рүү, Эрдэнэтуяа руу залгаад Эгийн *** дугаартай данс руу 500 000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгээд манай ээж тэр өдөр өөрийн **** дугаарын данснаас 500 000 төгрөг Эгийн данс руу хийсэн. Дараа нь манай ах эгч нар цувраад 500 000 төгрөгөө тус тусдаа Эгийн данс руу хийсэн. Тэгээд урьдчилгаа мөнгөө өгсний дараа Этай ярихаар удахгүй гарна, 1 сарын дараа, 14 хоногийн дараа гарна гээд худлаа яриад байдаг болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/
4. Хохирогч Т.Э-гийн “2017 оны 03 дугаар сарын 20-ны үед манай дүү Л над руу залгаад Солонгос улс руу гаргадаг хүн байна. Х ах Б та гурав бичиг баримтаа бүрдүүлээд надад өгчих 4-үүлээ цуг явъя гэхээр нь Х Б 3 120 000 төгрөг бичиг баримтын хамт шилжүүлсэн. Тэгээд нөгөө виз гаргадаг хүн нь Лд визний урьдчилгаа мөнгө нэг хүний 500 000 төгрөг хийх шаардлагатай байна гэж хэлснийг Л би нарт хэлэхээр нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Х бид хоёр Лын данс руу 1 000 000 төгрөг хийсэн ба Б өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээд 1 500 000 төгрөг Д.Э гэдэг хүний данс руу хийсэн байсан. Дараа нь визний асуудал юу болж байгааг Л-аас асуухад эхлээд танай ах эгч болох Э Х нарынх гарна гээд Л Б хоёрыг түр хүлээж байгаарай гэсэн юм байна лээ. Тэгээд 2017 оны 05 сарын сүүлээр манай нөхөр Х Э руу залгасан чинь та 2 мөнгөө нэмж өгвөл виз чинь хурдан гарна гэж хэлсэн байсан. Дараа нь 2017 оны 06 сарын эхээр Э руу яриад мөнгөө өгөөд виз
хурдан гаргах гээд байсан юм бол та эртхэн хэлээд мөнгөө авч байхгүй яасан юм бэ гэсэн чинь Э гэдэг хүн та хоёр миний данс руу 1 250 000 төгрөг хийчих, 3 дахь өдөр визэнд оруулна гэхээр нь Эгийн ХААН банкны ***** дугаарын данс руу 2017 оны 06 сарын 5-ны өдөр 1 250 000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш 10 гаруй хоног хүлээж байгаад Э руу залгахад утсаа авахгүй, нэг бол утас нь холбогдохоо больсон. Тэгээд Лыг Э-тай очоод уулз гээд явуулахаар танай ах эгч хоёрын виз гарч байгаа гээд худлаа ярьсаар өнөөдрийг хүрсэн юм. Би нөхөр Х-ын хамт 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 5-ны өдөр 1 250 000 төгрөг, орчуулгын мөнгө гэж 120 000 төгрөг нийт 2 370 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/
5. Хохирогч Т.Э, нөхөр С.Х нарын 2017 оны 12 сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан “Т.Э нөхөр С.Хын хамт Д.Э-гаас үлдэгдэл 620,000 төгрөгөө бүрэн авч хохиролгүй болсон тул гомдолгүй.” гэсэн хүсэлт. /хх-ийн 127-р хуудас/
6. Хохирогч Т.Б-гийн “Түгж овогтой Б миний бие нь Д.Э-гаас 500 000 төгрөгөө бичиг баримтын хамт авсан тул санал гомдолгүй болно” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-р хуудас/
7. Хохирогч Э.Л-ын “миний бие Э овогтой Л нь Дын Э гэдэг хүнтэй түүний дүү болох И-оор дамжуулан уулзаж Солонгос улсын виз гаргаж өгөхийг хүссэн. Би өөрийн хүсэлтээр энэ хүнтэй танилцаж холбогдсон. Виз гаргах боломжтой гэсний үүднээс урьдчилгаа 540 000 төгрөг өгсөн. Виз хөөцөлдөж байна. Удахгүй гаргаж өгнө гэж хэлээд 6 сар болсон. Ингээд би цагдаад өргөдөл өгсний дараа 540 000 төгрөгөө 3 хувааж авсан. Одоо Д.Э гэгч хүнтэй өөрийн зүгээс санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 69-р хуудас/
8. Шүүгдэгч Д.Эгийн ХААН банкны ***** дугаарын дансанд мөнгө шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны хуулга. /хх-ийн 25-31-р хуудас/
9. Шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн 1725001410087 тоот хэргийн хохирлын тооцоо /хх-ийн 45-р хуудас/
10. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-44-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Миний буруу. Надад бусдыг залилах санаа байгаагүй. Туслах гэж бодсон. Хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.И дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. Э нь эдгээр хүмүүсээс мөнгө аваад виз гаргах талаар ямар ч туслалцаа үзүүлээгүй. Харин худлаа ярьж мөнгө авч байсан. Иймд түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О санал дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Түүнд ял шийтгэл оногдуулахдаа биеийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн үйлдлээр иргэн Т.Бгээс 500 000 төгрөгийг, Э.Лаас 540 000 төгрөгийг, Т.Э С.Х нараас 2 370 000 төгрөгийг, нийт 3 410 000 төгрөгийг Бүгд найрамдах Солонгос улсруу зорчих виз гаргаж өгнө гэж залилан авсан үйл баримт нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд ял сонсгож яллагдагчаар татаж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон Д.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо төлсөн байх тул түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овгийн Д-ын Эг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС