Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/262

 

 

 

 

 

 

  2023            03            07                                       2023/ДШМ/262

 

 

Д.Е-т холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нандин-Эрдэнэ,

яллагдагч Д.Е, түүний өмгөөлөгч К.М,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЗ/273 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Д.Е-ийн өмгөөлөгч К.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Е-т холбогдох ............................ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Д.Е нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ........... дүүргийн .......... дугаар хороо, ............ дугаар цэргийн ангийн агуулахын хашааны баруун талд амь хохирогч Ч.Б-той согтуугаар маргалдан, түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 32.3 дугаар зүйлд “Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд”-ыг тодорхой заасан. Үүнд: Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг прокурор хянах үүрэгтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт: Хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг хамааруулан үзнэ. Хэргийн баримтаас үзэхэд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 2767 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Ч.Б-ийн цогцост их тархины хоёр талын дух, чамархай, дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хамрын ясны хянга, хоёр хажуу хана, хоёр нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн 2-6 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал, элэгний баруун дэлбэнгийн эдийн цус харвалт, үүдэн баруун дээд 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, дух, зүүн нүдний зовхи, уруул, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх, хоёр чамархай, зулайн хуйханд олон тооны, дух, хоёр нүдний зовхи, хоёр хацар, шанаа, хамарт зулгаралт, дух, хоёр хацар, эрүү, зүүн мөр, бугалга, тохой, хоёр шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Дээрх зүүн 2-6 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтэл их тархины хоёр талын дух, чамархай, дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, хамрын ясны хянга, хоёр хажуу ханын цөмөрсөн хугарлын улмаас амьсгалын зам мөгөөрсөн, гуурсан хоолойд цус орсноос сорогдолт хэлбэрийн механик амьсгал бүтэлтэд орж нас барсан гэсэн дүгнэлт /1хх 61-66/, гэрч С.С “...Д.Е нэг эрэгтэй хүнийг газарт унагачихсан дээрээс нь толгой хэсэг рүү нь өшиглөж, дэвсэж байсан. Би машинаас буугаад Д.Е-ийг газар унасан хүнээс салгах гэхэд надад дийлдэхгүй нөгөө хүнийг өшиглөөд орилоод байсан. Тэгээд би арай гэж Д.Е-ийг газар унагаачихаад нөгөө ах дээр очоод “ахаа та босоод зугтаачих, би энэ залууг барьж дийлэхгүй байна” гэхэд тухайн хүн “би босож чадахгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Д.Е дахин газар хэвтэж байгаа хүний нүүр болон гар, хөл хэсэг рүү нь олон удаа өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /1хх 33-34/, гэрч М.М “...Д.Е уурлаад “намайг тавь, би энийг ална” гээд дайраад байсан. Би Д.Е-т “одоо больчих, явья” гэхэд над руу уурлаад “би чамайг ална шүү, намайг тавь, надтай сөргөвөл ална шүү” гээд над руу дайраад намайг хэвлий хэсэгт өшиглөсөн. Тэгээд би хэвлийгээ бариад доош суутал Д.Е тэр ах дээр очоод барилцаж аваад цохиод эхэлсэн. Тэгтэл тэр ах газар унасан бөгөөд Д.Е дээр нь гараад гараараа болон хөлөөрөө тэр хүний толгой, нүүр хэсэгт цохиж, өшиглөж байсан. Тэгэхээр нь гүйж очоод салгаж дийлээгүй учир Залуухай буюу С руу утсаар яриад “Д.Е хүн зодоод байна, би салгаж дийлэхгүй байна” гэж хэлтэл С “засмал зам руу хүрээд ир, би гарлаа” гэж хэлэхээр нь би машинаа асааж засмал зам дээр очиж С-ыг аваад эргэж ирсэн. Би С-ыг аваад ирэхэд Д.Е тэр ахын толгой хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодсоор байсан” гэх мэдүүлэг /1хх 36-38/ зэрэг баримтууд авагджээ. Гэтэл прокурор хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, яллагдагч Д.Е нь амь хохирогч Ч.Б-ийн толгой, нүүр, бие болон гар, хөл рүү гараараа цохих, хөлөөр өшиглөх, дэвслэх зэргээр зодох явцад түүнийг таслан зогсоох гэсэн иргэдийн эсэргүүцлийг үл тоомсорлон үргэлжлүүлэн зодсоны улмаас олон тооны шарх, гэмтэл учруулсан, энэ байдлын улмаас амь хохирогч өвдөж шаналгасан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Иймд яллагдагч Д.Е-т холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Е нь “найман” жилээс дээш хорих ялтай хүнд гэмт хэрэгт холбогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч Д.Е-ийн өмгөөлөгч К.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус захирамжаар Д.Е-т холбогдох эрүүгийн ................. тоот хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.З-т заасныг үндэслэн буцаасан. Захирамжийн Тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг прокурор биелүүлээгүй, хянавал зохих асуудлыг хяналгүйгээр хэргийг буруу зүйлчилсэн..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт “хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг хамааруулан үзнэ.” ..., гэтэл прокурор хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, яллагдагч Д.Е нь амь хохирогч Ч.Б-ийн толгой, нүүр, бие болон гар хөл рүү гараараа цохих, хөлөөр өшиглөх, дэвслэх зэргээр зодох явцад түүнийг таслан зогсоох гэсэн иргэдийн эсэргүүцлийг үл тоомсорлон үргэлжлүүлэн зодсоны улмаас олон тооны шарх, гэмтэл учруулсан, энэ байдлын улмаас амь хохирогч өвдөж шаналгасан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. ...” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг байна. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгий арга гэдгийг нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хүнийг санаатай алахын өмнө сонгож авсан үйлдэл, тус үйлдлийн улмаас хохирогч өвдөх, зовиурлах, шаналах байдлыг гэм буруутай этгээд хүссэн нөхцөл байдлыг ойлгох ёстой. Мөн ойр дотны хүмүүсийг сэтгэл санааны хувьд зовлон, шаналалд оруулахыг хүсэж, зорилгодоо хүрэхийн тулд хийсэн үйлдлийг онц харгис хэрцгий аргаар алсан гэж нэг мөр ойлгож ирсэн. Харин нэг удаагийн тохиолдлоор гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ бусдад олон тооны шарх, гэмтэл учруулсан бол онц харгис хэрцгий арга гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шинжүүдээс олон тооны хүнд шарх үүсгэсэн гэх шинжээр буюу тооны шинж чанарыг харгалзаж ялыг хүндрүүлэн зүйлчлэхээр буцаасан гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялгаа нь зорилго байна гэж ойлгосон. Зорилгын хувьд амь хохирогчийн амь насанд анхнаасаа халдах зорилготой, мөн тухайн хүнийг өвтгөх, тарчилгах, зовоох гэх мэт шинжүүдийг хангах гэсэн санаа зорилго яллагдагчид байх ёстой. Энэ санаа зорилго гэрчийн мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлгээр тогтоогддоггүй. Иймээс энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүх энэ асуудалд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Мөн Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхэд гомдол, саналгүй болсон талаарх баримтыг гаргаж өгч байна. Б.Б нь Д.Е-т холбогдох гэмт хэргийн хохирогчийн талын хууль ёсны төлөөлөгч юм. Манай зүгээс ар гэрийн гишүүдтэйгээ харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр сэжигтэн, хариуцагч Д.Е-т ямар нэгэн гомдол саналгүй, уучлалт үзүүлж байна. Учир нь, Д.Е нь бидний зүгээс тавьсан хүсэлтийг хангаж, холбогдох хохирлыг үе шаттайгаар барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй. Гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. Манай зүгээс өмгөөлөгч болон миний бие шүүх хуралдаанд оролцохгүй болно. Хүсэлт гаргасан Б.Б гэх хүсэлтийг Нийслэлийн 188 дугаар тойргийн нотариатч Т 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан байна. ...” гэв.

Яллагдагч Д.Е тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүний амь насыг хохироосондоо маш их гэмшиж, харамсаж байгаа. Гэрчийн мэдүүлэгт гэдэс рүү өшиглөсөн гэдэгт санал нийлэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Прокурор Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх 17 асуудал байдаг. Үүнд,  хэргийг хүндрүүлэн зүйлчлэх асуудлыг тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулнагэсэн заалт хэрэгжиж байгаа. Прокурорын зүгээс ийм байр суурьтай урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон байгаа. Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг ойлгохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ хандсан сэтгэхүй, хохирогчийг тарчлааж, зовоож, шаналгаж үхэлд хүргэх зорилго тээх, хүсэл зоригоо илэрхийлэхийг зайлшгүй давхар харгалзах бөгөөд эдгээр нөхцөлийг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой байдаг. Иймд энэ гэмт хэргийн хувьд дээрх нөхцөл байдал гараагүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос яллагдагч Д.Е-ийг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...........дүүргийн ............. дугаар хороо, ................... дугаар цэргийн ангийн агуулахын хашааны орчим амь хохирогч Ч.Б-той согтуугаар маргалдан, түүнийг зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс Д.Е-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэхийн зэрэгцээ эдгээр хоёр нөхцөл байдал нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Д.Е-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор, оролцогчид хуульд заасан чиг үүргийн хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул энэ талаар бичсэн яллагдагч Д.Е-ийн өмгөөлөгч К.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хүрээнд хүлээн авах үндэслэлтэй байна.

Гэвч 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг зохицуулалтаар давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЗ/273 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн “...Д.Е-т ямар нэг гомдол саналгүй, уучлалт үзүүлж байна. Д.Е нь бидний зүгээс тавьсан хүсэлтийг хангаж холбогдох хохирлыг үе шаттайгаар барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна. ...” гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2023/ШЗ/273 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ