Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2024/0042

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.Н, Ж.С, К.Е

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга хоорондын газрыг чөлөөлөхтэй холбоотой  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч нараас “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр Өлгий сумын 11 дүгээр багт орших 1-24 айлын орон сууцны ашиглалтын хугацаа нь дуусч төлөвлөлтөөр бүтээн байгуулалтын ажил хийгдсэн тул орчны газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн газар ашигласан иргэдийн гараашуудыг албадан буулгаж, газрыг нь чөлөөлөхөөр  шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нараас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

            3.1. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суудаг нэр бүхий иргэд Х.Н, К.Е, Ж.С нар бид Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-24 айлын орон сууцыг ашиглаж байх үед өөрсдийн хөрөнгөөр авто машины гарааш барьж одоо хүртэл ашиглаж байгаа юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаас бидэнд огт мэдэгдэлгүйгээр шууд захирамж гарган бидний гараашуудыг албадан буулгахаар шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь, уг ажиллагааг эхлүүлэхийн өмнө бидэнд урьдчилан мэдэгдэх, учир байдлыг танилцуулах, бидэнд учирч эдийн хохирлыг шийдвэрлэх зэрэг алхмуудыг хийх ёстой байсан боловч хийгээгүй явдалд  гомдолтой байна гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэмжээ авалгүйгээр бидний өмчлөлийн объектуудыг шууд албадан буулгах шийдвэр гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймээс бид өөрсдийн эд хөрөнгө өмчлөх, ашиглах эрхийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            3.2. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай захирамжийн Өлгий сумын 11 дүгээр багт орших 1-24 айлын орон сууцны ашиглалтын хугацаа нь дуусч дахин төлөвлөлтөөр бүтээн байгуулалтын ажил хийгдсэн тул орчны газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн газар ашигласан иргэдийн гараашуудыг албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

4. Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Миний бие тус аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А\435 дугаартай захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхий объектыг нийтийн эдэлбэрийн газарт зөвшөөрөлгүйгээр барьсан, түүнийг албадан буулгах тухай захирамж гаргасан. Тухайн объект буюу гараашийг  барихдаа тодорхой хэмжээний хөрөнгө, материал зарцуулж барьсан. “Ц” ХХК-ийн хүсэлтээр тус аймгийн Засаг даргын захирамжаар албадан буулгах тухай захирамжийг  зөвшөөрөхгүй байна.

“Ц” ХХК-ийн захирал нь тухайн үед тэнд байсан гарааш эзэмшигч нарт тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлүүлээд газрыг чөлөөлүүлчихсэн. Бид нарт яагаад нөхөн төлбөр төлөөд, газрыг чөлөөлүүлж болохгүй юм бэ?

Иймд Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гараашуудыг нүүлгэсэн гэж ярьж байна. Тэнд оршин сууж байсан, дахин төлөвлөлт дээр орон сууцын метр квадратыг  хөнгөлөлттэй үнээр авсан хүмүүс нь нүүсэн байсан.  Бүгдээрээ тэндээс гараашуудыг зүгээр авч явсан асуудал байхгүй.  Би “Ц”  ХХК-ийн захирал Болд гэдэг хүнтэй анх барилгын ажил эхэлж байх үед барилгын 5 давхраас нь  59.м.кв талбайтай байр авахаар болж гэрээ байгуулж байсан. Тэгээд би хотод байнга байдаг, заримдаа гадагшаа явчхаад хугацаа хойшлогдоод явсан. Болдтой ярих болгонд “... асуудал байхгүй, хоёулаа тохироод зохицуулна” гээд байсан.

Сүүлд нь Засаг даргад хүсэлт гаргаад маргаан бүхий захирамж гарсны дараа “ Энэ асуудлыг би мэдэхгүй, Засаг дарга болон Газрын алба мэднэ” гэсэн. Тэр хууль бус баригдсан 200 амбаар, гараашийг чөлөөлөх, буулгахтай холбоотой миний мэддэгээр гурван Засаг даргын захирамж гаргачихсан. Би сайн мэдэж байгаа. Өнөөдөр хүртэл захирамжийн биелэлт хангагдаагүй.Тэр объектууд  үнэ цэнэ хүрэхгүй гэж ярьж байна. Тухайн  гараашийг  барьсан хүний хөлс болон зардлууд гарсан. Өнөөгийн зах зээлийн эдийн засгийн харилцаанд бол хүний өмч хөрөнгөд халдах, устгах, буулгах асуудлыг нэлээн нарийн зохицуулагдсан юм.

Хүний өмч хөрөнгийг хөндөх хандлага, хуулийн энэрэнгүй ёс зүй тухай нэлээн сайн яригдаж байна. Хэрвээ үнэ цэний талаар мэдэх юм бол, би  үнэлгээний мэргэжилтнээр үнэлгээ хийлгэе гэж бодож байна. Үнэлгээ тогтоож аваад  тухайн байгууллагаас нь хохирол гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй юм. Тэр асуудлын хүрээнд өмгөөлөгч нартай зөвлөлдөж байгаа. Тухайн газрыг эзэмших, ашиглах талаар эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй гэв.

5. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Өлгий сумын 11 дүгээр бат орших 1-24 айлын орон сууцны ашиглах хугацаа нь дуусаж дахин төлөвлөлтөөр шинэ орон сууц баригдсан. Тус орон сууцны эргэн тойронд зөвшөөрөлгүй баригдсан 28 гарааж амбааруудыг 2021 оноос эхлэн үе шаттай буулгаж газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулсан. Эндээс хамгийн сүүлд 4 гарааж үлдсэн иргэн Ж.С зөвшөөрөлгүй  авто машины  гарааш барьсан газрыг 2021 оноос хойш, 2024 оны 3 дугаар сараас Х.Н, К.Е нарын зөвшөөрөлгүй авто машины гарааш барьсан газрыг чөлөөлүүлэх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгч удаа дараа мэдэгдэж, чөлөөлөөгүй тул аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар албадан чөлөөлөх тухайн шийдвэр гарсан.

5.2. Газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг К.Е шуудангаар 2 удаа, утсаар нэг удаа, биечлэн 1 удаа тус тус мэдэгдсэн, мөн дээрх иргэдийн гараашны хаалганд газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр наасан.

5.3 Мөн аймгийн Засаг даргын албадан газар чөлөөлөх тухай шийдвэрийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 225 тоот албан бичгээр Ж.С, 219 тоот албан бичгээр Х.Н, 223 дугаар албан бичгээр К.Е тус тус мэдэгдэж, өөрсдөө гараашаа буулгаж авах нөхцөл бололцоогоор хангаж ажилласан.

 5.4. Манай аймагт Сууц өмчлөгчдийн холбооны газарт нь зөвшөөрөлгүй  гарааш, амбаар барьсан тохиолдлууд их байгаа. Бид нарын зүгээс  энэ асуудалтай холбоотой мэдэгдэх хуудас өгөөд, тус аймгийн Засаг даргын захирамж гаргаж албадах арга хэмжээ авч ирсэн. Цаашдаа энэ асуудлыг  нийтлэг нэг арга хэмжээ болгож зохион байгуулахыг  төлөвлөж байгаа.

Жишээ нь, Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан хашаа, гараашуудыг албадан чөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа. Мөн манай аймагт энэ ажлыг зохион байгуулах төлөвлөгөө батлагдсан, төсвийн дагуу уг ажиллагаа  нь явагдаж байна.

5.5. Энэ 3 иргэний гараашийг албадан нүүлгэх  шаардлагатай болсон шалтгаан нь ашиглалтын шаардлага хангахгүй, эрт үед баригдсан, актлагдсан 2 орон сууцны байшингийн орчин тойронд байршилтай  байсан. Уг байшинг хувийн хэвшлийн компани оршин суугчтай нь тохиролцож дахин төлөвлөлтөөр буулгаж, шинээр барилга барих бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Энэ 2 орон сууцын урд талд хуучин СӨХ-ны ашиглалтын газарт  нь нийтдээ 30 гарааш байсан. Өнөөдрийн байдлаар 30 гараашнаас 4 гарааш үлдсэн.  Нэг гараашны эзэн нь өөрөө буулгаад авч явна гэсэн.  Харин 3 гараашны эзэн нь нэхэмжлэгч Х.Н, К.Е, Ж.С  нар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Х.Н, Ж.С, К.Е нарын Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий захиргааны актын[1] 1 дүгээр заалтын холбогдох хэсгээр Өлгий сумын 11 дүгээр багт орших 1-24 дүгээр айлын орон сууцны барилгын ашиглалтын хугацаа дуусч, дахин төлөвлөлтөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэж буйтай холбогдуулан орчны газарт байрласан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн газар ашигласан иргэдийн гараашуудыг албадан нүүлгэх шийдвэр гаргасан байх ба энэ хэсэг нь  нэр бүхий 3 нэхэмжлэгчид  чиглэгдсэн болох нь  шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Ж.С гарааш байрлаж буй газрыг аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай А/131 дүгээр захирамжаар[2], нэхэмжлэгч Х.Н, К.Е нарын гарааш байрлаж буй газрыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/366 дугаар захирамжаар[3] тус тус доороо үйлчилгээтэй нийтийн орон сууц барих зориулалтаар “Ц” ХХК-д эзэмшүүлжээ.

4.  А/131 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газарт анх нийт 12 гарааш, амбаар, А/366 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газарт  14 гарааш, амбаар байсан ба үүнээс 22 объектыг эзэмшигчид нь  буулгаж, газрыг чөлөөлж, үлдсэн  4 гараашийн  эзэмшигчдийн  нэг нь өөрөө сайн дураараа гараашаа буулгаж, газрыг чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн, үлдсэн 3 иргэн буюу нэхэмжлэгчид газрыг чөлөөлөөгүй талаарх үйл баримт   хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын шийдвэрүүд, шүүхийн  2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл[4], схем зураг[5], фото зургууд[6], аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн схем зургууд[7], хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр  тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгчдээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... бидний гараашуудыг албадан нүүлгэх талаар  бидэнд урьдчилж, мэдэгдээгүй,  учир байдлыг танилцуулаагүй, учирч болзошгүй эдийн хохирлыг шийдвэрлэх ёстой байсан, Захиргааны ерөнхий хуулийг дагуу арга хэмжээ аваагүй, газрыг чөлөөлж өгсөн иргэдэд өмнө нь нөхөн төлбөр төлсөн ба бидэнд бас нөхөн төлбөр төлөх ёстой” гэж марган тайлбарлажээ.

6. Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”,  27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгчид нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй газарт  гарааш барьж газрыг хууль бусаар эзэмшиж байсан нь   хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.

7.  Мөн  хуулийн 3 дугаар зүйлийн   3.1.5-т “"газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг;”, 56 дугаар зүйлийн  56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн  57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.

8. Газрыг зөвшөөрөлгүй ашиглаж, барилга байгууламж барьсан нэхэмжлэгчдэд тухайн газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө  мэдэгдсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч К.Е хаяглаж,   шуудангаар баталгаажуулсан 2024 оны 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 22-ний өдрийн  дугтуйнуудын[8] эх хувь, нэхэмжлэгч Ж.С хаягласан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар мэдэгдэх хуудасны[9] аймгийн Газрын харилцаа, барилга,  хот байгуулалтын газрын  тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар хувь, тус байгууллагын 2024 оны албан бичиг хүлээлгэж өгөх дэвтрийн 60, 80 дах мөрд бүртгэсэн байдал[10], гэрч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтан К.А мэдүүлэг[11], тухайн байгууллагын газар зохион байгуулалт, төлөвлөлт, газрын өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, гэрч Х.Ө “…2024 оны  4 дүгээр сарын сүүл, 5 дугаар сарын эхээр … байгууллагын дарга нэхэмжлэгч К.Е гар утас руу залгаж … зөвшөөрөлгүй ашигласан гараашаа буулгах талаар хэлсэн… энэ үед миний бие хажууд нь байсан, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Х.Н таарч мэдэгдэх хуудсыг өгөхөд хүлээж аваагүй …, нэхэмжлэгч Ж.С нь тухайн үед энд байгаагүй, мэдэгдэх хуудсыг түүний мессенжер хаяг руу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр  явуулсан” гэсэн мэдүүлэг[12], мэдэгдэх хуудсыг гараашуудын хаалганд наасан фото зураг[13] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9. Захиргааны байгууллагаас дээрх байдлаар нэхэмжлэгчдэд зөвшөөрөлгүй барьсан гараашуудаа буулгаж, газрыг чөлөөлөх талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж  заасан журмын дагуу мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчдийн маргаан бүхий захиргааны актын талаар “… урьдчилж мэдэгдээгүй” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

10. Мөн нэхэмжлэгчдээс “…газрыг чөлөөлж өгсөн иргэдэд өмнө нь нөхөн төлбөр төлсөн ба бидэнд бас нөхөн төлбөр төлөх ёстой” гэж тайлбарлан маргаж байгаа боловч энэ нь хууль бус шаардлага, тодруулбал, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах;” гэж аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын газрын харилцааны асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд заасан бөгөөд энэ заалт нь бусдын хууль ёсны эзэмшилд байгаа газрыг  төр өөрөө тусгай хэрэгцээнд авах тохиолдолд газар эзэмшигчдэд олгох нөхөн олговрыг зохицуулсан заалт тул зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй эзэмшигч нарын  газар чөлөөлөхтэй холбоотой асуудалд хамааралгүй юм.

11. Иймээс шүүх хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, энэхүү актын улмаас нэхэмжлэгчдийн газар эзэмших, ашиглах, нөхөн олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Н, Ж.С, К.Е нарын Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаартай “Газрыг албадан чөлөөлөх тухай” захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   З.ГҮЛБАРША

 

 

[1] Хэргийн 27 дугаар тал

[2] Хэргийн 35 дугаар тал

[3] Хэргийн 34 дүгээр тал

[4] Хэргийн 40 дүгээр тал

[5] Хэргийн 41 дүгээр тал

[6] Хэргийн 42-43 дугаар тал

[7] Хэргийн 71-72 дугаар тал

[8] Хэргийн 53-54 дүгээр тал

[9] Хэргийн 57 дугаар тал

[10] Хэргийн 62-63  дугаар тал

[11] Хэргийн 48 дугаар тал

[12] Хэргийн 52 дугаар тал

[13] Хэргийн 42, 43  дугаар тал