| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2207000000243 |
| Дугаар | 2023/ДШМ/263 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ДШМ/263
2023 03 07 2023/ДШМ/263
Г.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
хохирогч Н.Г,
шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Г.С,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Г, шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Д-д холбогдох ................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Д нь Багахангай дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэр ............замын 92 дахь километрийн шонгийн орчим Дорноговь аймгаас Улаанбаатар явах чиглэлийн замд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Тоёота приус загварын ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Г-ын жолоодож явсан Дайцу загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Н.Г-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Г эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 1.106.840 төгрөгийг Г.Д бүрэн төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд /Дайхацу загварын ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэл/ учирсан хохиролд 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөс /үүнээс 2.250.000 төгрөгийг “Практик” даатгалаас, 1.250.000 төгрөгийг Г.Д-ээс/ шүүгдэгч Г.Д-ээс гаргуулан хохирогч Н.Г-д олгож, Н.Г-ын нэхэмжилсэн 5.210.000 төгрөгөөс үлдэх 1.710.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Г цаашид гарах эмчилгээний зардал, Дайхацу загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаа /байр/-нд байлгасан төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн боп тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүх “тээврийн хэрэгслийн хохиролд нэхэмжилсэн 5.210.000 төгрөгнөөс 1.710.000 төгрөгийг хэрхэн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, зөвхөн шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хохирол гаргасан нь хохирсон иргэн намайг бүр хохироосон. Шүүгдэгч Г.Д 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж осол гаргасан”. Дээрх осол нь түүний гэм буруутай хууль зөрчсөн үйлдэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, харин түүний энэхүү гэмт хэргийн улмаас иргэн миний бие махбодь, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөд хохирол учирсан гэж иргэн хүний хувьд ойлгож байна. Гэтэл анхан шатны шүүх “эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан, ослын улмаас автомашин ашиглагдах боломжгүй болж цагдаагийн журмын хашаанд тавигдсанаас өдрийн 5.000 төгрөгийн төлбөрийг осол гарсан өдрөөс өнөөдөр хүртэл нийт 3 сарын төлбөр 450.000 төгрөгийн төлбөр төлөгдсөний дараа машиныг уг хашаанаас гаргах нөхцөл байдал үүссэн. Мөн машинд гарсан хохирлыг мөнгөөр авч машинаа засуулах шаардлагатай байгаа” зэрэг тодорхой үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хохирол төлбөрөөс хасах, хэрэгсэхгүй болгох, жич нэхэмжлэх зэргээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэп бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байиа. Иймд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийт хохирлыг бүрэн төлүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх заалтад зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хассан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ. ...” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Хохирогч Н.Г нь даатгалын газраас 2.400.000 төгрөг авсан байгаа. Журмын хашааны мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хохирогч Н.Г-д үлдсэн хохирол, төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд 65 настай, 10 хуруу байхгүй, үе үе ухаан алдан унадаг. Амьдрахын эрхэнд тээврийн хэрэгсэл жолоодсон. Өмнө нэг таягтай байсан, одоо 2 таягтай болсон учраас шүүх хуралдаанд ирж чадахгүй байгаа. Энэ зун рашаан сувилалд явж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Г.Д урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Тохиолдлын шинжтэй анх удаагаа санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэнээ үнэн зөвөөр тогтвортой мэдүүлсэн. Гэм буруугаа анхнаасаа хүлээн, хохирлоо нөхөн төлөөд чин сэтгэлээсээ гэмшиж уучлал гуйж ирсэн. Мөн зүрхний хавхлага солиулсан зүрхний дутагдалд ордог, байнгын хяналтанд байдаг, өвдөгний үе мөчний үрэвсэл нь даамжирсан байгаа тул эмнэлэг сувилалд /хөдөө/ явах шаардлага байгаа, мөн байнга зүрхний цахилгаан бичлэгт ордог тул бугуйнд уг төхөөрөмжийг зүүх боломжгүй гэж эмнэлгийнхэн үздэг тул ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өөрчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон 2.250.000 төгрөг, үүнээс гадна засвар үйлчилгээний төлбөр гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөнгө нэхэмжилж байсан. Үүнд нь шүүгдэгч Г.Д хүлээн зөвшөөрч 1.500.000 төгрөг нэмж өгье гэдэг. Анхан шатны шүүхээс нийт 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Г.Д-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Д нийт 3.500.000 төгрөгөөс 2.250.000 төгрөгийг “Практик” даатгалаас гаргуулж, үлдсэн засвар үйлчилгээний 1.250.000 төгрөгийг нэмж өөрөөсөө гаргахаар болсон байгаа. Хохирогч Н.Г нь 5.210.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 1.710.000 төгрөгийн хохирлыг ямар нэгэн баримтгүйгээр нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байгаа. Мөн эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргаж авах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Д-ийн хувьд зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Г.Д-ийн хувьд тахир дутуугийн группт байдаг, тэтгэвэр тогтоолгосон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “тэтгэврийн зээлтэй” гэж мэдүүлж байсан. Хохирогчид хохирол, төлбөрөө төлөөгүй хувийн байдал зэргийг харгалзаж зорчих эрх хязгаарлах ялын санал гаргасан. Анхан шатны шүүх Г.Д-г 7 сарын хугацаатайгаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн. Зорчих эрх хязгаарлах хугацаанд эмчилгээ, сувилгаанд явахтай холбоотойгоор эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч явах боломжтой гэж үзсэн. Иймд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Д нь Багахангай дүүргийн ........ дугаар хорооны нутаг дэвсгэр ............. замын 92 дахь километрийн шонгийн орчим Дорноговь аймгаас Улаанбаатар явах чиглэлийн замд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Тоёота приус загварын ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Н.Г-ын жолоодож явсан Дайцу загварын .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Н.Г-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Г-ын “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 40 минутын үед Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон ганцаараа Дорноговь аймаг руу явж байгаад Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт 14 цагийн үед орж ирсэн чинь зам гулгаатай мөс үүссэн байсан. Тэгээд би гулгаатай байсан болохоор тээврийн хэрэгсэлтэйгээ зөөлөн явж байгаад 88 дахь километр өнгөрөөд явж байтал эсрэг урсгалаар явж байсан тээврийн хэрэгсэл зөрж өнгөрөх гэж байгаад гэнэт урдуур эргээд ороод ирсэн. Энэ үйл явдал маш богино хугацаанд болсон. Надад самбаачлах хугацаа, саадыг тойрох, машинаа зогсоох оролдлого хийх ямар ч боломж байгаагүй.” /хх 58/,
яллагдагч Г.Д-ийн “...Баян сум өнгөрөөд явж байсан машин гэнэт хөндлөн болоод гулгаад машины урдуур ороод мөргүүлсэнээ мэдэж байна.” /хх 13-15/ гэсэн мэдүүлгүүд,
“...Н.Г-ын биед баруун өвдөг, шагай, тавхайн үений холбоосын урагдал, суналт, цээжний зүүн талын 7-р хавирганы далд хугарал, цээж, зүүн ташаа, зүүн шилбэ, баруун өвдөг, шилбэ, шагай, тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 15149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 24-27/,
“... ........... улсын дугаартай Daihatsu Hijet загварын тээврийн хэрэгсэлд ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ 2.250.000 төгрөг” гэсэн “Гэрэгэ Эстимэйнт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 35/,
“... ............ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. .............. улсын дугаартай Дайхацу маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /хх 40-41/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 5/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-12/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Д-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүх, шүүгдэгч Г.Д-г “Тоёота приус” загварын ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас Н.Г-ын жолоодож явсан “Дайцу” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Н.Г-ын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хохирогч Н.Г “...тээврийн хэрэгслийн хохиролд нэхэмжилсэн 5.210.000 төгрөгөөс 1.710.000 төгрөгийг хэрхэн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нийт хохирлыг бүрэн төлүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Г.С “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Хавтас хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.Д нь хохирогч Н.Г-д 1.106.873 төгрөгийг /хх 68/ төлсөн бөгөөд хохирогч Н.Г-ын жолоодож явсан ............ улсын дугаартай Дайхацу загварын тээврийн хэрэгсэлд “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын тайлангийн үнэлгээгээр /хх 35/ 2.250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон, Г.Д-ийн албан журмын даатгалаас 2.250.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Д-ээс тээврийн хэрэгслийн хохиролд 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г-д олгож, хохирогч Н.Г-ын тээврийн хэрэгслийн хохиролд нэхэмжилсэн 5.210.000 төгрөгийн шаардлагаас үлдэх 1.710.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь, 1.710.000 төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч Н.Г нь өөрөө эмчилгээ хийлгэсний дараа гарсан зардлын баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа болон түр саатуулах хашаанд байсан автомашины төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Харин шүүхээс шүүгдэгч Г.Д-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар буюу ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн тогтоосон нь Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцээгүй байна.
Учир нь, зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн, шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 7 /долоо/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, өөрийн оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэх өөрчлөлт оруулж шийдвэрлэв. Харин шүүгдэгч Г.Д-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр рашаан сувилалд явах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Н.Г, шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Н.Г, шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Г.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ