Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 124/ШШ2024/0016

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймаг, Т сум, ... дугаар багт оршин суух, Ш овогт Нгийн Ц,

            Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга,

            Хариуцагч: Тариалан сумын Засаг дарга,

            Гуравдагч этгээд: Г.Б нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн, нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Тариалан сумын Засаг дарга З.Т /цахим/, хариуцагч Тариалан сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Батгэрэл, гуравдагч этгээд Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. “Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дугаартай захирамж болон Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж нэмэгдүүлсэн.

            Хоёр. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлага:

            2.1. “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар захирамжийн С.Мт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Тариалан сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” гэж бие даасан шаардлага шүүхэд гаргажээ.

            Гурав. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            3.1. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах, гэрээ гэрчилгээг олгох, цаашид шинэчлэх ажил зохион байгуулах тухай” 08 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Г.Б-д Тариалан сумын 3 дугаар багт “Аагаан шовгор хад” гэх нэртэй газар 1800 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. (Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)

            3.2. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар захирамжаар маргаан бүхий “Аагаан шовгор хад” гэх газрыг өвөлжөө зориулалтаар, 15 жилийн хугацаатай С.Мт эзэмшүүлсэн байна. (Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас)

            3.3. Улмаар, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Тариалан сумын Засаг дарга “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/98 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар нэр бүхий иргэд болох түүний дотор Г.Бын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. (Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас)

            3.4. Харин Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаартай “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар нэхэмжлэгч Н.Ц-д маргаан бүхий газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байна. (Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)

            3.5. Гуравдагч этгээд Г.Б нь Увс аймгийн Засаг даргад Тариалан сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/98 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өргөдөл гаргасныг “...Газрын тухай хуульд заасан 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй, маргаан бүхий газрыг түрүүлж эзэмшсэн, хүчингүй болгосон захирамжаа Г.Бод мэдэгдээгүй” гэх үндэслэлүүдээр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дүгээр захирамжаар Тариалан сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/98 дугаартай захирамжийн Г.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            3.6. Нэхэмжлэгч Н.Ц Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн.

            Дөрөв. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            4.1. Нэхэмжлэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Шовгор хадны” өвөлжөөний газрыг 2017 онд С.М гэх хүргэн ахынхаа залуугаас худалдан авсан. Тэрнээс хойш уг өвөлжөөнд өвөлжиж хаваржиж байгаа. Тухайн үед Г.Бод маргаан бүхий өвөлжөөний гэрчилгээ байсныг мэдээгүй. Маргаан бүхий өвөлжөөний газар нь хашаатай байсан боловч хашааг хажуугаар нь явсан хүмүүс ачиж авч явсаар байгаад дуусгасан. Манай аав Г.Бын аавтай өвөлжөөг сольж байсан удаа байхгүй. Манай аав, ээж тухайн газарт 3 үеэрээ тэр өвөлжөөнд өвөлжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар  захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах мөн аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2005 онд Газрын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас Г.Б-д эзэмшүүлэх ёстой байсан. Гэтэл 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс үзвэл иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх газар гэдэгт маргаан бүхий газар тусгагдаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга захирамж гаргахдаа зөрчсөн. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд, 2014 оны Тариалан сумын Засаг даргын Г.Бод газар олгосон хэсгийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгосон. Ингэхдээ Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61.1.1-д заасныг баримталсан байсан. Дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргын гаргасан хууль бус шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй гэх зохицуулалтыг баримталсан. 2014 онд Тариалан сумын Засаг дарга захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “тухайн захиргааны актыг гарсан тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг баримтлаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан газрын төлбөр төлөөгүй, газрыг 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Аль хэдийн гарсан захиргааны актыг мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа нь буруу юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдсэн даруйд 30 хоногийн дотор эсвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалттай. Гомдол гаргах эрхийн хугацааг хангах зорилгоор захиргааны актыг мэдэгдэх тухай Захиргааны ерөнхий хуульд заасан зохицуулалтыг нарийвчлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар зохицуулсан байдаг. Акт гаргах болсон шалтгаан нөхцөл биш бөгөөд актыг мэдэгдээгүй буюу гуравдагч этгээдийн гомдол гаргах хугацааг хэзээнээс яаж тоолох нь учир дутагдалтай байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэдэг үндэслэлээр захиргааны хууль бус актыг зөрчиж байна гэж Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож байгаа нь буруу юм. Захиргааны байгууллага нь иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэж байгаа асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Тариалан сумын Засаг дарга 2014 онд захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж гаргаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг тоолохдоо анхаарч үзэх ёстой. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдохгүй байна. Г.Б нь маргаан бүхий газрын төлбөрийн төлж барагдуулаагүй гэдэг нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дүгээр захирамж гарсан ч гэсэн нэхэмжлэгчид 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр явуулж гардуулсан байсан. Тухайн захиргааны актыг мэдсэн үеэс Захиргааны ерөнхий хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Нэхэмжлэгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааны үед шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Ц нь шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Н.Ц нь анх 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Маргаан бүхий газрын гэрчилгээ давхцаж гарсан талаар хэзээ мэдсэн бэ” гэж асуухад гэрчилгээний хугацаа дуусахад буюу 2019 онд гэж хариулсан. Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь захиргааны хууль бус шийдвэрийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн 30 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалт байгаа юм. 2019 онд маргаан бүхий газрын гэрчилгээ давхардаж гарсан талаар мэдсэн этгээд нь 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа гэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. 2017 онд Маас Н.Ц уг газрыг худалдан авснаар сумын Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гаргах ёстой байсан. Энэ нь иргэдийн буруу биш захиргааны байгууллага хоорондын буруутай үйлдэл юм. Н.Ц-ийн хувьд маргаан бүхий газрын эрх шилжүүлэх захирамж гаргуулахаар холбогдох байгууллагад өргөдөл гаргасан боловч тухайн өргөдөл нь хаана байгаа нь тодорхой бус байгаа юм. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хувьд маргаан бүхий газрын бүрдүүлбэр өргөдөл, кадастрын зургийг эмхэтгэж, мэдээллийн санд оруулаад явж байсан бол давхцалтай эсэх урьд өмнө өөр хүнд олгогдож байсан эсэх асуудлыг урьдчилан мэдэх боломжтой байсан. Төрийн байгууллагын алдаа дутагдалтай холбогдуулан иргэд хоорондын маргаан үүсгэж байна. 2017 онд Н.Ц нь Мт 1,500,000 төгрөгийн үнэ өртөгтэй мал оролцуулж маргаан бүхий газрыг худалдан авсан бөгөөд газрын гэрчилгээтэй холбоотой өргөдлийг холбогдох газарт өгч байсан. Энэ асуудлын хувьд эрх шилжүүлсэн захирамж гарах ёстой байсан уу, шинээр захирамж гаргах ёстой байсан уу гэдэгт төрийн байгууллагын албан тушаалтнуудын ажилдаа хайнга хандсан буруутай үйл ажиллагаа байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан үндэслэл байх ёстой. 2017 онд Н.Цгийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий газрын гэрээ хийж гэрчилгээ гарсан байдаг. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлыг хангаж өгнө үү” гэв.

            4.3. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тариалан сумын 3 дугаар багийн иргэн Г.Б түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Тариалан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Увс аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасныг хянаж үзээд лавлагаа мэдээллийг холбогдох мэргэжилтнээс авч газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан эрхийн хүрээнд маргааныг шийдвэрлэж захирамж гаргасан. Тариалан сумын Засаг дарга захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж Тариалан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Аагаан шовгор хад" гэдэг газарт иргэн Г.Б 2005 оноос хойш зарим жилүүдэд өвөлжөөгүй, цаг агаарын нөхцөл байдлын улмаас өөр газар өвөлжиж ирсэн гэж өргөдөлдөө дурдсан байдаг. Мөн тус маргаан бүхий газрыг Г.Б нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Н.Цгээс өмнө буюу 2005 оноос эхлэн Тариалан сумын Засаг даргын захирамжаар эзэмшиж байсан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэснийг зөрчиж ашиг сонирхол нь хөндөгдөж, эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа шийдвэрээ иргэн Г.Бод мэдэгдээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

   4.4. Хариуцагч Тариалан сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ маргаан нь баримт бичгийн зөрчлийн маргаан болохоос өвөлжөөний маргаан биш. 2005 онд Г.Бод өвөлжөөний гэрчилгээ олгох захирамж гаргасан бөгөөд гэрчилгээ бичиг баримтууд дутуу байгаа юм. Жишээлбэл, Г.Б нь газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулахдаа багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэх баримтыг бүрдүүлж өгөөгүй байсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын /цаашид БИНХ гэх/ тогтоолд үндэслэн өвөлжөөний газрын гэрчилгээ олгогдоогүй байсан. 2007-2017 онд маргаан бүхий газар С.Мын эзэмшилд байсан бөгөөд С.Маас Н.Ц авсан бөгөөд Н.Ц нь гэрчилгээ авахад шаардагдах БИНХ-ын тогтоол бусад бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн байсан. Г.Б нь маргаантай асуудлаа сумын Засаг даргад хандаж өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэхгүйгээр шууд аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байсан. Аймгийн Засаг даргын хувьд сумын Засаг даргад албан бичгээр мэдэгдэхгүйгээр нэг талыг баримтлан 2005 оны Засаг даргын захирамжийг сэргээж, 2007 оны Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Маргаан бүхий газрын бичиг баримтуудаас үзвэл 3 иргэнд газар олгосон юм шиг харагдаж байгаа болохоос биш гэрчилгээ эзэмшиж байгаа иргэнийг олж тогтоож үзвэл тухайн үед С.Мын газрын гэрчилгээний хугацаа дууссан үед хугацааг сунгаад Н.Цд шилжүүлэх ёстой процесс алдааг засахгүйгээр хугацаа дууссан газрын гэрчилгээг шинээр олгосон байдаг. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал Д.Түмэндэмбэрэлийн буруутай үйл ажиллагаа байгаа юм. Г.Б нь маргаан бүхий газрын гэрчилгээг 2005 онд албажуулж аваагүй бөгөөд газрын төлбөр төлж өвөлжиж байсан зүйл байдаггүй. 2014 онд газрын гэрчилгээ хүчингүй болсноос хойш Г.Б  өөрийн газраа хүчингүй болсон талаар мэдээгүй явсан гэх тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Мөн маргаан бүхий газрын төлбөр татварыг төлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Маргаан бүхий газрын асуудал БИНХ-аар орж дэмжигдэж байж Н.Ц өвөлжөөний газрыг авсан байдаг. Тухайн үед Г.Бын зүгээс БИНХ-д оролцож миний өвөлжөөг яагаад хүчингүй болгож Н.Цд өгөх гэж байгаа юм бэ гэдэг байдлаар хандаагүй. Г.Б нь 2014, 2015 онд маргаан бүхий газрын асуудлаар холбогдох газрын албан тушаалтанд гомдол гаргаж гэрчилгээг сэргээлгээгүй нь харамсалтай байна. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 тоот захирамж нь нэг талыг баримталсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Г.Бод маргаан бүхий газрын гэрчилгээ байхгүй байхад газар олгосон Засаг даргын захирамжийг сэргээж, хуулийн дагуу газрын гэрчилгээ олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй юм. Г.Б та сүүлийн 2 жил айлын өвөлжөөнд түр өвөлжиж байгаа бол энэ талаар БИНХ-д ярьж санал оруулах ёстой байсан. Адуун нуурын хөөт юм уу, шинэ өвөлжөө авна гэж БИНХ-д санал оруулбал сумын Засаг даргын зүгээс дэмжихэд бэлэн байна” гэжээ.

            4.5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Н.Ц-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй байна. Н.Ц нь маргаан бүхий өвөлжөөний газрыг хууль ёсны дагуу эзэмшиж гэрээнд заасан үүргээ хууль ёсны дагуу биелүүлж байсан. Аймгийн Засаг даргын зүгээс Н.Ц-ийн газар эзэмших эрхэд халдахдаа түүнд урьдчилан мэдэгдээгүй бөгөөд сонсох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн талаас аймгийн Засаг даргад маргаан бүхий газрын талаар гомдол гаргасан. Уг гомдолтой холбогдуулан шалгалтын ажиллагаа хийж үүнтэй холбоотой тайлбар гаргах, нотлох баримт гаргах боломжийг Н.Ц-д олгоогүй байсан. Сонсох ажиллагаа нь гарчихсан захиргааны актыг дуулгах төдий ажиллагаа биш. Талуудаас тайлбар аваад ямар захиргааны акт гаргах вэ гэдгийг шийдвэрлэх ажиллагаа юм. Гэтэл захиргааны акт гаргасны дараа хүргүүлж байгаа нь сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Г.Б-ын хууль ёсны эрх ашиг хэрхэн яаж хөндсөн гэдэгт дүгнэлт хийх ёстой. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасан. Г.Б 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд Тариалан сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжийн дагуу өвөлжөөний газрыг эзэмшсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн бус чадамжтай этгээд байхдаа буюу насанд хүрээгүй байхдаа газар эзэмшсэн байгаа юм. Г.Б нь 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 18 нас хүрч байгаа. Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт асуусан асуултад “газар эзэмших хүсэлтээ өөрөө гаргасан” гэж хариулсан. Тухайн газар эзэмших хүсэлт гаргахдаа эцэг эхийнхээ бичгээр өгсөн зөвшөөрлийг авсан уу гэж асуутал “аваагүй” гэж хариулсан. Насанд хүрээгүй иргэн “хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ” гэж хуульчилсан байдаг. Г.Б нь 2005 оны 3 сард өвөлжөөний зориулалтаар газрыг эзэмшээд тухайн захиргааны байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулаад үүрэг хүлээх чадамжтай этгээд байсан уу гэвэл байгаагүй байна. Г.Б-ын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдаж эхлэх ёстой байсан. Н.Ц-ийн өвөлжөөний зориулалтаар эзэмшиж байсан захиргааны актыг хүчингүй болгоод байгаа нь хүчингүй бөгөөд хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн захиргааны актыг хүчингүй болгохдоо хууль ёсоор эзэмшиж байсан  газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа юм. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлдээ байлгахыг хэлнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г.Б нь маргаан бүхий газрыг хэрхэн яаж эзэмшиж байсан талаар мөн хуульд заасан гэрээ байгуулагдсан эсэх хэрэв гэрээ байгуулагдсан бол гэрээнд заасан зориулалтын нөхцөл шаардлагыг биелүүлсэн байдалд дүгнэлт хийх шаардлагатай байсан. Аймгийн Засаг даргын зүгээс тухайн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, нэгж талбарын дугааргүй, Г.Б-ын хууль ёсны эрх ашиг ямар баримтыг үндэслэж хөндөгдсөн гэж талаар судлах ёстой байсан. Аймгийн Засаг даргын захирамжид энэ үндэслэл байдаггүй. Хэрэв Г.Б-ын хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа тохиолдолд хууль бус үйл ажиллагааг зогсоох хуулийн заалтыг баримтлах ёстой байсан. Г.Б-ын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

            4.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба шүүхэд гаргасан тайлбартаа: “...Н.Ц маргаан бүхий өвөлжөөнд өвөлжиж байсан нь үнэн. Н.Ц-ийн аав нь маргаан бүхий өвөлжөөнд ганц удаа л өвөлжиж байсан. Н.Ц-ийн аав, Г.Б-ын авга ах нь хоорондоо өвөлжөөгөө солилцсон бөгөөд тухайн үед дэргэд нь би байсан. 2003 онд Г.Б-ын авга ах Н.Ц-ийн аавд “Адуун нуурын хөөт” гэх газрыг өгөөд маргаан бүхий өвөлжөөг авч байсан. Тэр үед өвөлжөөний гэрчилгээ гэдэг зүйл гараагүй байсан. 2005 онд би өөрийн биеэр очиж маргаан бүхий газрын өвөлжөөний гэрчилгээг хөөцөлдөж Г.Б-д авч өгч байсан. Г.Б-ын аав ээж нь жил дараалан нас барсан бөгөөд Г.Б нь маргаан бүхий өвөлжөөнд 6 жил буугаагүй. 2007 онд би өөрийн төрсөн дүү, хадам аавыг маргаан бүхий өвөлжөөнд өвөлжүүлсэн бөгөөд дараа жил нь 2012 онд С.Мын аав н.Санж 1 удаа маргаан бүхий өвөлжөөнд өвөлжиж байсан. Тэрнээс хойш маргаан бүхий өвөлжөөнд айл бууж өвөлжөөгүй байгаа. Г.Б нь өнчин бөгөөд амьдрах хашаа ч байхгүй, сүүлийн 4 жил айлын өвөлжөөнд амьдарч байгаа. Анх өвөлжөөний газрын маргаан гаргах үед сумын Засаг дарга болон газрын даамал, газрын албанд мэдэгдэж байсан боловч миний асуудлыг авч хэлэлцээгүй учир аймгийн Засаг даргад өргөдөл гомдол гаргаж шүүхэд хандсан. Н.Ц, түүний аав 3 өвөлжөөний газар эзэмшиж байгаа. Нэг сумын мал өвөлждөг бэлчээрийн газрыг тэр чигт нь эзэмшээд авчихсан. Яагаад бусад ард иргэдээ боддоггүй юм бэ, сумын Засаг дарга Н.Ц-ийн талд яваад байгааг бүгд мэдэж байгаа. Г.Б эцэг, эхгүй өнчин өссөн бөгөөд өвөлжих газаргүй амьдарч байна. Айлын өвөлжөөнд сүүлийн 2 жил өвөлжиж байгаа. Багийн ИНХ-аар маргаан бүхий газрын асуудлыг хэлэлцэх гэж байгаа талаар хэн ч юу ч мэдэгдээгүй. Би багийн ИНХ-ын даргаас энэ талаар асууж тодруулж үзэхэд маргаан бүхий газрын асуудлыг багийн ИНХ-аар оруулаагүй гэж хэлсэн. Би 2022 онд газрын даамал болон сумын Засаг дарга нарт маргаан бүхий өвөлжөөний асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хэлж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Увс аймгийн Тариалан сумын Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актуудыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч Н.Ц “Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дүгээр захирамж болон Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж эцэслэн тодорхойлсон.

            3. Гуравдагч этгээд Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар захирамжийн С.Мт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох болон Тариалан сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” гэж бие даасан шаардлагыг гаргасан.

4. Нэхэмжлэгч талаас “...2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас Г.Б-д эзэмшүүлэх ёстой байсан. Гэтэл 2005 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс үзвэл иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх газар гэдэгт маргаан бүхий газар тусгагдаагүй. ...Тариалан сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр Г.Б-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэдэг үндэслэлээр захиргааны акт хууль бус гэж үзэж хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. ...2019 онд маргаан бүхий газрын гэрчилгээ давхардаж гарсан талаар мэдсэн атлаа 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа гэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. ...2017 онд Н.Ц нь С.Мт 1,500,000 төгрөгийн үнэ бүхий мал оролцуулж маргаан бүхий газрыг худалдан авсан бөгөөд газрын гэрчилгээтэй холбоотой өргөдлийг холбогдох байгууллагад өгсөн. Энэ асуудлын хувьд эрх шилжүүлсэн захирамж гарах ёстой байсан уу, шинээр захирамж гаргах ёстой байсан уу гэдэгт төрийн байгууллагын албан тушаалтнуудын ажилдаа хайнга хандсан буруутай үйл ажиллагаа” гэж,

            5. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга “...маргаан бүхий газарт Г.Б 2005 оноос хойш цаг агаарын нөхцөл байдлын улмаас зарим жилүүдэд өөр газар өвөлжиж ирсэн гэж өргөдөлдөө дурдсан. Мөн тус маргаан бүхий газрыг Г.Б нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Н.Ц-ээс өмнө 2005 оноос эхлэн эзэмшиж байсан. ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ иргэн Г.Бод мэдэгдээгүй” гэж,

            6. Хариуцагч Тариалан сумын Засаг дарга “...2005 онд Г.Б-д өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрх олгох захирамж гаргасан бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэх баримтыг бүрдүүлж өгөөгүй. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэнд энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасан байхад Г.Б Тариалан сумын Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжаар 18 насанд хүрээгүй байхдаа газар эзэмшсэн нь хууль бус. ...Г.Б нь маргаан бүхий газрын гэрчилгээг 2005 онд албажуулж аваагүй бөгөөд газрын төлбөр төлж өвөлжиж байсан зүйл байхгүй. Маргаан бүхий газрын асуудал багийн иргэдийн Нийтийн Хурлаар орж дэмжигдсэнээр Н.Ц өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. ...Г.Б-ын маргаан бүхий газрын гэрчилгээг 2014 онд хүчингүй болгосон байхад 2023 онд аймгийн Засаг дарга өмнөх захирамжийг сэргээж, нэхэмжлэгчид хуулийн дагуу газрын гэрчилгээ олгосон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. ...Н.Ц нь маргаан бүхий өвөлжөөний газрыг хууль ёсны дагуу эзэмшиж гэрээнд заасан үүргээ хууль ёсны дагуу биелүүлж байсан” гэж,

            7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Н.Ц-ийн аав, Г.Б-ын авга ах нь хоорондоо өвөлжөөгөө солилцсон бөгөөд тухайн үед би байсан. ...Н.Ц болон түүний эцэг 3 өвөлжөөний газар эзэмшиж байгаа бөгөөд нэг сумын мал өвөлждөг бэлчээрийн газрыг тэр чигт нь эзэмшээд авчихсан. ...Г.Б амьдрах хашаа ч байхгүй, сүүлийн 4 жил айлын өвөлжөөнд амьдарч байгаа. Анх өвөлжөөний газрын маргаан гаргах үед сумын Засаг дарга болон газрын даамал, газрын албанд мэдэгдэж байсан боловч энэ асуудлыг авч хэлэлцээгүй учир аймгийн Засаг даргад гомдол гаргаж шүүхэд хандсан” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлынхаа үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

            8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах, гэрээ гэрчилгээг олгох, цаашид шинэчлэх ажил зохион байгуулах тухай” 08 дугаартай захирамжаар гуравдагч этгээд Г.Б-д Тариалан сумын 3 дугаар багт “Агаан шовгор хад” гэх нэртэй газар 1800 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

            9. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн энэ хуульд заасны дагуу эзэмшүүлэхээр заасан байхад гуравдагч этгээд Г.Б-д маргаан бүхий газрыг Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжаар эзэмшүүлэх үед тэрээр 18 нас хүрээгүй байсан гэх үйл баримт тогтоогдож байна.

            10.  Мөн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Тариалан сумын Засаг дарга “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/98 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт зааснаар буюу газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр Г.Б-ын маргаан бүхий газрын гэрчилгээг хүчингүй болгожээ.

            11. Гуравдагч этгээд Г.Б нь Увс аймгийн Засаг даргад Тариалан сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/98 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг “...Газрын тухай хуульд заасан 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй, маргаан бүхий газрыг түрүүлж эзэмшсэн, хүчингүй болгосон захирамжаа Г.Бод мэдэгдээгүй” гэх үндэслэлүүдээр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дүгээр захирамжаар Тариалан сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/98 дугаартай захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            12. Увс аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.1-д “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж Л.Б-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий Тариалан сумын Засаг даргын 2014 оны А/98 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

            13. Харин Увс аймгийн Засаг дарга маргаан бүхий Тариалан сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/98 дугаартай захирамжийн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

            13.1. Өөрөөр хэлбэл, гомдлыг шийдвэрлэхдээ уг захиргааны акт эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэх болон зорилгодоо нийцсэн эсэхийг тогтоох ба эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэхийг тогтооход уг захиргааны актын шийдвэр гаргах ажиллагаа болон материаллаг эрх зүйн шаардлагыг хангасан эсэхийг бүхэлд нь шалгахаар заасан.

            14. Гэтэл маргаан бүхий Тариалан сумын Засаг даргын 2014 оны А/98 дугаар захиргааны актын үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д зааснаар гуравдагч этгээд Г.Б хуульд зааснаар маргаан бүхий өвөлжөөний газрыг зориулалтын дагуу байнга эзэмшиж байсан эсэх, мөн 2005-2023 оныг хүртэл хугацаанд газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоолгүйгээр “...зарим жилүүдэд цаг агаарын нөхцөл байдлын улмаас өөр газар өвөлжиж ирсэн гэж өргөдөлдөө дурдсан, ...маргаан бүхий актыг мэдэгдээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан.

            15. Хэдийгээр, хариуцагч Тариалан сумын Засаг дарга “Аагаан шовгор хад” гэх газарт өвөлжөөний зориулалтаар Л.Б, Н.Ц нарт 1800 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон боловч хэргийн оролцогч нарт маргаан бүхий газрын эзэмших эрхийн нэгж талбарын хувийн хэрэг байхгүй болох нь 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс Тариалан сумын Засаг даргын тамгын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон гэрч газрын даамал Т.Алтанхүүгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            16. Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээд Л.Б Тариалан сумын Засаг дарга 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багт маргаан бүхий “Аагаан шовгор хад” гэх нэртэй газар 1800 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 191300319 нэгж талбарын дугаарт бүртгэж, 0088987 дугаартай гэрчилгээ олгосон гэж, харин С.Мт Тариалан сумын Засаг дарга 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг өвөлжөөний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 191300419 нэгж талбарын дугаарт бүртгэж, 00128818 дугаартай гэрчилгээ олгосон болох нь Тариалан сумын газар эзэмшигчийн бүртгэлийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

17. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар сумын газрын даамал эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх, газрын мэдээллийн санг эрхлэх үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан.

18. Маргаан бүхий газарт хэргийн оролцогч нарт олгосон газар эзэмших эрхийн нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байгаа нь сумын газрын даамлын зүгээс холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй буюу чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

            19. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.

            20. Хариуцагч Тариалан сумын Засаг дарга “...2005 онд Г.Б-д өвөлжөөний гэрчилгээ олгох захирамж гаргасан бөгөөд гэрчилгээ бичиг баримтууд дутуу буюу гуравдагч этгээд Г.Б газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулахдаа багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэх баримтыг бүрдүүлж өгөөгүй”, нэхэмжлэгч тал “...2005 оны маргаан бүхий газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй...” гэж тус тус маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар Г.Б, С.М, Н.Ц нарт хэн алинд газрын нэгж талбарын хувийн хэрэг байхгүйгээс гадна маргаан бүхий газар тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэх тодорхойгүй болох нь Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас ирүүлсэн “2005 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоол байгаа боловч хавсралтгүй, 2007 онд газар зохион байгуулалтын тогтоол байхгүй” гэх албан бичгээр нотлогдож байна.

            21. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж газрыг гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус зохицуулжээ.

            21.1. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэх, тухайн этгээдэд газар эзэмшүүлэхэд харшлах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүх талаас нь шалган тогтоож, хүсэлт гаргасан иргэний газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахаар тус тус хуульчлагдсан.

            22. Өөрөөр хэлбэл, давхцал бүхий газрын маргааны хувьд буюу маргалдагч талууд “тухайн газарт хэний хууль ёсны ашиг сонирхол түрүүлж үүссэн”, мөн “эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэх” хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэх нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчмаас үүдэлтэй. 

            23. Гэтэл Тариалан сумын Засаг дарга 2005 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 08 дугаартай захирамжаар “Аагаан шовгор хад” гэх газрыг өвөлжөөний зориулалтаар Г.Б-д эзэмшүүлсэн атлаа 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг С.Мт эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэхийг шалган тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь дээрх хуульд заасныг зөрчсөн.

            24. Үүнээс гадна, нэхэмжлэгч Н.Ц-ийн зүгээс “...маргаан бүхий өвөлжөөний газрыг 2017 онд С.М гэх хүргэн ахынхаа залуугаас 1,500,000 төгрөгөөр худалдан авсан” гэж тайлбарлаж байх боловч Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаартай “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар нэхэмжлэгч Н.Цд маргаан бүхий газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлжээ.

            25. Гэвч Тариалан сумын Засаг дарга С.Мын зүгээс нэхэмжлэгч Н.Ц-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4-т “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй байхад захирамж гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.

            25.1. Тодруулбал, газар эзэмшигч С.Мын газар шилжүүлэх хүсэлт байхгүй, газар шилжүүлэх гэрээ хууль ёсны дагуу байгуулагдаагүй болох нь гэрч С.Мын мэдүүлэг, хариуцагч Тариалан сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар албан бичиг зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд С.М эзэмшил газраа шилжүүлэх хүсэл зорилгоо илэрхийлээгүй, хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэн сумын Засаг дарга 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаартай “Газар эзэмших эрхийн хугацаа сунгах тухай” захирамжаар нэхэмжлэгч Н.Ц-д Газрын тухай хуульд 30 дүгээр зүйлийн 30.2-т “Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно” гэж заасныг баримтлан урьд өмнө нэхэмжлэгчийн эзэмшилд байгаагүй газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгах замаар шинээр маргаан бүхий газарт гэрчилгээ бичиж олгосон газрын тухай хуульд заасныг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан.

26. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт нь тодорхой нэгж талбарын газрыг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхийг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Н.Ц-д маргаан бүхий газрын эзэмших эрх хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу үүсээгүй буюу шилжүүлээгүй байна.

27. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно” гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж зааснаас өөрөөр Монгол Улсын Үндсэн хууль болон газрын асуудалтай холбогдох харилцааг зохицуулсан хууль тогтоомжид иргэн, аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшлийн газар болон газар эзэмших эрхийг үнэлж бусдад худалдах, худалдан авах талаарх харилцааг хүлээн зөвшөөрч хуульчилсан зохицуулалт байхгүй ба хариуцагч хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгчид шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...2017 онд Н.Ц нь С.Мт 1,500,000 төгрөгийн үнэ өртөгтэй мал оролцуулж маргаан бүхий газрыг худалдан авсан бөгөөд газрын гэрчилгээтэй холбоотой өргөдлийг холбогдох газарт өгсөн. Энэ асуудлын хувьд эрх шилжүүлсэн захирамж гарах ёстой байсан уу, шинээр захирамж гаргах ёстой байсан уу гэдэгт төрийн байгууллагын албан тушаалтнуудын ажилдаа хайнга хандсан буруутай үйл ажиллагаа” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

            28. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохыг тодорхойлохоор, мөн хуулийн  106.3-т маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоохоор заасан.

            29. Ийнхүү дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Тариалан сумын Засаг дарга газрын эзэмшигч С.М газраа шилжүүлэх хүсэл зорилгоо илэрхийлээгүй, хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэн нэхэмжлэгч Н.Ц-ийн эзэмшилд байгаагүй газрын эзэмших эрхийн гэрчилгээг шууд сунгах замаар шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгснөөр маргаан бүхий газарт 3 эзэмших эрхийн гэрчилгээ бүхий нөхцөл байдал бий болсон, мөн нэхэмжлэгч Н.Ц, гуравдагч этгээд Г.Б нарт хэн алинд нь маргаан бүхий өвөлжөөний газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй байна.

            30. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 20.1.7-д “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумын тухайн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг үндэслэн малчин өрхийн анхдагч холбоонд гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зааг, хэмжээ, байршлыг тогтоох”, 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно” гэж тус тус хуульчилсан.

            31. Иймд нэхэмжлэгч Н.Ц, гуравдагч этгээд Л.Б нараас маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших талаар хүсэлтийг хариуцагч Тариалан сумын Засаг дарга хүлээн авч, хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн багийн иргэдийн Нийтийн Хурлаар маргаан бүхий газрын малын бэлчээрийн зааг, хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг хэлэлцүүлж саналыг авч, тэдэнд хот айлаар дундаа хамтран эсхүл дангаар хэн алинд нь газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох эсэх асуудлыг дахин шийдвэрлэх нь зүйтэй, эдгээр асуудлыг тодруулах цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн маргаан бүхий актуудыг 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            32. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дээрх асуудлыг хууль нийцүүлэн шийдвэр гаргах хугацаа зургаан сар хангалттай гэж үзээд Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсэг, 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар захирамжийн С.Мт холбогдох хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг болон Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дугаартай захирамжийг тус тус зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсэг, 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар захирамжийн С.Мт холбогдох хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг болон Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дугаартай захирамжийг тус тус 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сарын хугацаанд хариуцагч Тариалан сумын Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаар захирамжийн Г.Бод холбогдох хэсэг, 2007 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар захирамжийн С.Мт холбогдох хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/70 дугаар захирамжийн Н.Ц-д холбогдох хэсэг болон Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/739 дугаартай захирамжууд хүчингүй болохыг дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон Тариалан сумын Засаг дарга нараас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Ц, гуравдагч этгээд Г.Б нар олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.БАТДОРЖ