| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00434/И |
| Дугаар | 140/ШШ2024/00484 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 140/ШШ2024/00484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Завхан аймгийн ******* ******* ******* ангид холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******,түүний өмгөөлөгч Б., хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш., гэрч Т., Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ: 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ******* ******* дугаар ангиас шалтгаангүй ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн шалтгаан нь: Сувилагч Б. хагас бүтэн сайн өдөр ямаа самнах гэж байгаа ээлжийн хувиар албаны даргатай зөвшилцөн сольсон. Би 04 дүгээр сарын 30-нд чиний оронд гараад 05 дугаар сарын 01-нд гарна. Би өөрөө 05 дугаар сарын 02-нд ээлжинд гараад ямаа самнахаар явлаа гэсэн ба 05 дугаар сарын 01-нд сувилагч залгаад ирж ээлжээ ав гэсэн тушаал чам дээр гарсан байна гээд дуудсан. Өдөр ирж ээлжээ авах гэтэл сувилагч Б. хүний нөөцөөс асуулаа ээлжээ сольж болно гэж байна гэж хэлсэн тул ажлаас гарч явсан.Ажлаас халагдсаны дараа Завхан аймаг ******* сум хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд хандсан. Ангиас ирсэн хариу тайлбартай санал нийлэхгүй байна.2023-2024 онд ажилд орсон хүмүүсийг надаас болж ажлаас гарсан гэсэн байна. Тэр хоёр хүн өөр ажилд орох гээд өөрсдийн хүсэлтээр ажлаас гарсан.Нөхөр С. бид хоёр огт нэг хоёрдугаар гарын үсэг зурдаггүй эмийн санч,сувилагч гээд Ахлагч Т. гэдэг хүн бий. Маршалын бэлтгэлд гарсан хүнийг шууд ажилд оруулсан гэнэ би тэгдэг албан тушаалтан биш надад тийм эрх байхгүй. Ангийн захирагч өөрийнх нь тушаалаар ээлжиндээ орж ажилласан өөрийн эрх ашгийн төлөө ээлжийн хуваарийг солиулсан хүн Б. миний сануулах шийтгэл өмнөх захирагч солигдоход хурандаа Баярсайханы тушаалаар хүчингүй болсон болно. 2024 оны 05 дугаар сарын 02-нд Б. ээлжтэй байсан Дэслэгч д Б. тусламж үзүүлэх ёстой байсан. Мөн би ээлжинд гарч эхэлснээс хойш шөнийн нэмэгдэл илүү цагийн мөнгийг олгодоггүй байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалыг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санаатайгаар ажил тасалсан үйлдэл байхгүй. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1 дэх өдөр байсан. Нэг дэх тав дахь өдөр нийт бие бүрэлдэхүүн цуглардаг өдөр учраас би тухайн өдөр ажил дээрээ ирсэн. Тэр өдөр намайг санаатайгаар жижүүрт гарах хуваарь өөрчилсөн гээд байгаа боловч би хуваарь өөрчилдөг эрх бүхий албан тушаалтан биш гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан хөдөлмөрийн маргаан мөн үү гэвэл мөн байна, харьяаллын дагуу шүүхэд хандсан, зохих журмын дагуу холбогдох байгууллагад хандсан асуудал байна. Хоорондоо үл ойлголцсон, ёс зүйн зөрчлийн талаар хоорондоо маргаан үүссэн гэх боловч үндсэн маргаан нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Энэ маргаан нь хөдөлмөрийн маргаан байна. Ажилд эгүүлэн тогтоолгох буюу хөдөлмөрийн эрхийн маргаанд орж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ ******* ******* дугаар анги гэсэн, энэ нь тушаал гаргасан байгууллага буюу ******* ******* дугаар ангийг холбогдогчоор татсан нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байн. Үүний дагуу ******* ******* дугаар ангийн захирагчийн тамга тэмдэгтэй байгууллагын албан бланк дээр гарсан тушаал учраас хариуцагчаар татсан. Цэргийн байгууллага учраас хүний амь настай холбоотой байх магадлалтай. Тэр үедээ тушаал шийдвэрээ танилцуулаад явах ёстой байсан байна. Тухайн үед Б.******* ажил дээрээ байгаагүй юм чинь яаж танилцах вэ, үнэхээр өөрт нь тухайн тушаалаа танилцуулаад ээлжинд гарах ёстойг нь мэдэгдсэн байхад энэ хүн ээлжинд гарахгүй гээд хэл ам хийгээд байсан зүйл харагдахгүй байна. Үнэхээр хэл ам хийгээд ажилдаа гараагүй бол захирах захирагдах ёсны хувьд хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Талуудын хэн аль нь эвлэрэн хэлэлцэх боломжтой байтал эвлэрэхгүй гэж байгаа учраас шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ******* дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн сувилагч орон тоон дээ ажиллаж байсан ******* овогтой ******* нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний Б/66 дугаар тоот тушаалаар тус ангид ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ангийн захирагчийн зөвлөлийн 01 дүгээр хурлаар ёс зүйн зөрчил, харилцааны зөрчил гаргасан асуудлаар хэлэлцэгдэж 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр нийт бие бүрэлдэхүүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээж дахин ёс зүй, харилцааны зөрчил гаргахгүй гэж амлан шийтгэгдэж байсан. Ангийн захирагчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/129 дүгээр тушаалыг зөрчиж байлдааны жижүүрлэлт, харуул хоногийн манааг шалтгаангүйгээр тасалсан, ангийн захирагчийн тушаал, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.29 дэх хэсэг, 2.35.1 дэх заалт, ангийн захирагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх хэсэг, 5.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Ангийн захирагчийн зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар ажлын хариуцлага алдсан, шалтгаангүйгээр байлдааны жижүүрлэлт, харуул хоногийн манааны ээлж тасалсан, ажлаа тасалсан өдөр нь бие бүрэлдэхүүний өмнө захирагчийг үүрэг өгч байхад жагсаал дээр дэслэгч Э. ухаан алдаж унахад ажлын байран дээрээ байгаагүй, ухаан алдаж унасан хүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлээгүй /хүний амь нас эрсдэх аюултай/ байлдааны жижүүрлэлтийн бүрэлдэхүүний эрүүл мэнд, байлдааны жижүүрлэлтийн бэлэн байдал хангаагүй ноцтой зөрчил гэж үзсэн. Ангийн захирагчийн зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар Б.*******г хувь хүний талаар хэлэлцэхэд хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хамт олныг бутаргадаг, хамт олныг үг хэлээр дарамталдаг, ёс зүйгүй үг хэллэг байнга хэргэлдэг, 2023-2024 онд ажилд орсон 2 эмнэлгийн ажилтан Б.*******гаас болж өөрсдөө өрөгдлөө өгч ажлаас гарч байсан, мөн нөхөр ахлах дэслэгч С. нь өөрийнх нь шууд харьяалах эмнэлгийн албаны дарга бөгөөд эмнэлгийн эм тариа зарцуулах, тайлан гаргах ажилд хоёул ажилладаг, ээлжний 1, 2 дугаар гарын үсэг зуран ажилладаг, мөн 2024 оны 04 сард маршийн бэлтгэлд 18 хоног хээр байрлаад ирсэн сувилагч ийг гэрт нь нэг хонуулаад дахин ээлжинд хонуулсан зэрэг нэмэлт алдаанууд нь төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын байрны тодорхойлолт, ангийн захирагчийн байлдааны жижүүрлэлтийн тушаалыг ноцтой зөрчсөн гэж үзсэн ба зөвлөлийн гишүүдийн хурлаар ярилцагдаж зөвлөлийн гишүүдийн 100%-н саналаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Иймд Б.*******г ангийн захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дүгээр тушаалаар тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн. Тухайн үед сувилагч Б.*******д хүний нөөцийн офицер хошууч H. утсаар ярьж ээлжиндээ гар гэхэд хүний нөөцийн 2 пизда солиор та нар чадахгүй шүү, ангийн захирагчийн тушаал юу юм гэж ам хэлээр доромжилсон нь төрийн албан хаагчид байх ёсгүй ноцтой зөрчил мөн. Хүний нөөцийн офицер Н. Б.*******д доромжлууллаа гэж албаны дарга, ангийн захирагчид ямар аймаар хүн вэ гэж илтгэсэн бөгөөд цаашид энэ хүнд пизда гэж хэлүүлж загнуулснаар гомдолтой байгаагаа ангийн захирагчид хэлж гомдолсон. Ангийн захирагч хурандаа Ш. миний бие төрийн алба, ******* хүчин, ******* ******* дугаар ангид ёс зүйгүй, ухамсаргүй, хамт олны дунд нэр хүндгүй, хамт олныг үг хэл, сэтгэл санаагаар дарамталдаг албан хаагчийг ажиллуулах боломжгүй болно. Энгийн Б.*******г ажлаас халснаар ангийн хамт олны дунд хов жив дарагдаж эмнэлгийн албаны ажлын бүтээмж, хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, ажлын бүтээмж, байлдааны жижүүрлэлтийн бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, үзлэгийн хяналт эрс дээшилсэн гэж үзэж байна. Хүний нөөцийн офицер Н. энгийн Б.*******д ажлаас халах, сонсох ажиллагаа явуулах гэсэн боловч танилцаагүй, гарын үсэг зураагүй явсан. Жич: Б.******* нь өмнө нь ангийн захирагчийн зөвлөл, Ёс зүйн хорооны хурлаар орж сануулах шийтгэл авч байсан нь давтагдаж цаашид ангид ажиллах боломжгүй болно гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б.*******г ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн дотоод журам, ангийн захирагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг бүгдийг нь тусгасан. Цэргийн анги байгууллага дээр ангийн захирагч цэргийн дүрэмд заасны дагуу албан хаагчдаа тушаалаар ээлж манаанд гаргадаг. Түүний дагуу Б.*******г ажлаас чөлөөлөх тушаалыг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан. Тэр өдөр Б.******* өөрөө байгаагүй. Б.******* удаа дараа зөрчил гаргасан, хүний амь настай холбоотой асуудал гарахад сувилагчийн тангаргийнхаа дагуу үүргээ гүйцэтгээгүй Тухайн өдөр Б.******* руу утсаар яриад ээлжиндээ гар гэдгийг хэлэхэд утсаар ярьсан хүний урдаас пизда минь гэж хэл амаар доромжилсон байсан. Цэргийн албан хаагчийн хувьд өглөө бүр ажилдаа очих ёстой. Ээлжээс буусан үедээ амрах ёстой. Өглөө жагсаалаас ангийн захирагчийн тушаалыг сонсоод тушаалын дагуу үүрэг гүйцэтгэх ёстой байдаг. Түүнээс маргааш та ээлжиндээ гарна уу, та ажилдаа ирнэ үү гэж хэлээд байх боломжгүй. Байлдааны жижүүрлэлт бэлэн байдалд ажилладаг, тангараг өргөсөн цэргүүд ажилладаг. Б.******* өөрөө хүний эрүүл мэндийг хамгаална гэж тангараг өргөсөн хүн. Хамт олноо пиздаагаар нь дуудаад, ангийн захирагчаа пиздагаар нь дуудсан талаарх бичлэг нь байгаа. Тушаал бол тушаал, би 800 гаруй цэргийн албан хаагч удирддаг. Б.******* өдөр бүр тэр хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Би Б.*******гийн асуудлаар сонсох ажиллагаа явуулах гэтэл өөрөө ирээгүй, гэр бүлийнхээ хүнтэй нэг дор ажиллаж байж хэл ам гараад яах уу, ёс зүйтэй бай, хамт олон ажилладаг шүү, та ганцхан хэлтэй амтай нь биш, хамт олноо хүндэтгэн гэж хэлж байсан. Б.*******гийн амнаас пизда гэдэг үг гарах ёсгүй, мөн үр хүүхэдгүй хүнийг хүртэл үр хүүхэдгүйгээр нь доромжилсон асуудал гаргасан талаарх өргөдөл ирж байсан. Ийм ёс зүйгүй хүнийг би ажиллуулах сонирхол надад байгаагүй. Сувилагч хүний хамгийн наад захын асуудал ёс зүй, хүний нууцыг хадгалах. Сувилагч хүний ёс зүй байхгүй, би бие бүрэлдэхүүнээсээ санал авсан, ямар ч ёс зүйгүй гэж дүгнэсэн. Мөн урьд өмнө ёс зүйн зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байсан. Эмч хүнд ёс зүй гэж байх ёстой, төрийн албан хаагчийн ёс зүй гэж байх ёстой гэв.
Нэхэмжлэгчийн зүгээс: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* ******* дугаар ангийн захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 дугаартай тушаал, Завхан аймгийн ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, ******* ******* дугаар ангийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 170 дугаартай хариу тайлбар хүргүүлэх тухай, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1269 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ирсэн баримт бичгийн бүртгэл, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт комисст гаргасан өргөдөл, дипломын хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, ******* ******* дугаар ангийн ёс зүйн зөвлөлд гаргасан гомдол зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зүгээс: Хариу тайлбар, гэрчээр Т., Б., нарыг шүүх хуралдаан дээр асуулгасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******г ******* ******* дугаар ангийн захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 тоот тушаалаар ******* ******* тухай хуулийн 9-р зүйлийн 9.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7 дахь заалт, 43-р зүйлийн 43.2.10 дахь заалт, 123-р зүйлийн 123.2.5 дахь заалт, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180-р зарлигаар батлагдсан Цэргийн дотоод албаны дүрэм-ийн 8-р зүйлийн 8.1 дэх хэсэг, ангийн захирагчийн 2023 оны Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай А/206 дугаар тушаалын 2.35.1 дэх заалт, 5.29 дэх хэсэг, Ангийн захирагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.6 дахь заалт, 5.1 дэх хэсэг, 5.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ангийн захирагчийн 2024 оны А/129 дүгээр тушаалыг биелүүлээгүй, тухайн өдөр харуул, хоногийн манааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан, ангийн захирагчийн зөвлөлийн 100 хувийн саналаар тус ангийн сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэж урьд эрхэлж байсан сувилагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсч нэхэмжилжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б.******* нь 2021 оны 05-р сарын 14-ний Б/66-р тушаалаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа 2023 оны 01-р сарын 18-ны өдөр Ангийн захирагчийн зөвлөлийн 01-р хурлаар ёс зүйн зөрчил, харилцааны зөрчил гаргасан асуудлаар хэлэлцэгдэж Б/05 дугаар тушаалаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр нийт бие бүрэлдэхүүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээж дахин ёс зүй, харилцааны зөрчил гаргахгүй гэж амлан шийтгэгдэж байсан,
Ангийн захирагчийн А/129-р тушаалыг зөрчиж байлдааны жижүүрлэлт, харуул хоногийн манааг шалтгаангүйгээр тасалсан, ангийн захирагчийн тушаал, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмын 5.29, 2.35.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.2.5 дахь заалтыг тус тус зөрчсөн.
Ангийн захирагчийн зөвлөлийн 2024 оны 05-р сарын 02-ны өдрийн хуралдаанаар ажлын хариуцлага алдсан, шалтгаангүйгээр байлдааны жижүүрлэлт, харуул хоногийн манааны ээлж тасалсан, ажлаа тасалсан өдөр нь жагсаал дээр дэслэгч Э. ухаан алдаж унахад ажлын байран дээрээ байгаагүй, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлээгүй, байлдааны жижүүрлэлтийн бүрэлдэхүүний эрүүл мэнд, байлдааны жижүүрлэлтийн бэлэн байдал хангаагүй ноцтой зөрчил гэж үзсэн.
Ангийн захирагчийн зөвлөлийн хуралдаанаар түүний хувь хүний талаар хэлэлцэхэд хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг, хамт олныг бутаргадаг, хамт олныг үг хэлээр дарамталдаг, ёс зүйгүй үг хэллэг байнга хэрэглэдэг, эмнэлгийн 2 ажилтан *******гаас болж өөрсдөө өргөдлөө өгч ажлаас гарч байсан, нөхөр ахлах дэслэгч С. нь өөрийнх нь шууд харъяалах эмнэлгийн албаны дарга бөгөөд эмнэлгийн эм тариа зарцуулах, тайлан гаргах ажилд 1,2-р гарын үсэг зуран ажилладаг, мөн 2024 оны 04 сард маршийн бэлтгэлд 18 хоног хээр байрлаад ирсэн сувилагч Б.ийг гэрт нь 1 хонуулаад дахин ээлжинд хонуулсан зэрэг алдаанууд нь төрийн албан хаагчийн ёс зүй, ажлын байрны тодорхойлолт ангийн захирагчийн тушаалыг ноцтой зөрчсөн гэж үзсэн ба зөвлөлийн гишүүдийн хурлаар ярилцагдаж гишүүдийн 100 хувийн саналаар ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан
Тухайн үед хүний нөөцийн ажилтан Н. түүнтэй утсаар ярьж ээлжиндээ гар гэхэд хүний нөөцийн 2 пизда солиор та нар чадахгүй шүү, нагийн захирагчийн тушаал юу юм гэж хэл амаар доромжилсон нь төрийн албан хаагчид байх ёсгүй ноцтой зөрчил мөн гэж тайлбарлан маргаж байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж, 17 дугаар зүйлд Монгол улсын иргэн хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өөрийн хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгүүлэхээр 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, түүнээс өмнө Завхан аймгийн ******* сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хороо 2024 оны 08-р сарын 20-ны өдөр хуралдаж талууд эвлэрэн тохиролцож чадаагүйгээр маргаан эцэслэж байсан байх ба энэ нөхцөл байдлуудыг тооцож үзэхэд тэрээр Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасан хугацаанд хуульд заасан журмын дагуу шүүхэд хандсан гэж тооцогдохоор байна.
Ажил олгогчийн зүгээс ажилтанг ажлаас халах шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн үндэслэлтэй тушаал шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ийнхүү үндэслэлтэй шийдвэр гаргасан гэдгээ шүүхэд хариуцагчаар оролцож буй тохиолдолд хангалттай нотлох үүргийг хүлээнэ, мөн энэ талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй юм.
Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй буюу өөрийн татгалзлын үндэслэлээ шүүхэд баримтаар нотолж чадахгүй байна.
Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил болон ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцнэ.
Ажил олгогч нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил, харилцааны зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа ч хариуцагчийн дээрх тайлбар болон гэрч Т., Б. нарын мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээс зөрүүтэй байна.
Мөн хэрэгт авагдсан ажлаас чөлөөлсөн тушаал, зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд ажил олгогч нь ажлаас чөлөөлөх үндэслэлээ зөв тодорхойлоогүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.
Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл /Ажилтны үндсэн эрх, үүрэг/, 42.2.7 дахь хэсэг /ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх/, 43-р зүйл /ажил олгогчийн үндсэн эрх, үүрэг/, 43.2.10 дахь хэсэг /хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах/ 123-р зүйл /хөдөлмөрийн сахилгын шийтгэл/, 123.2.5 дахь хэсэг /ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар зохицуулсан хуулийн зүйл заалтууд баримталсан нь хуульд нийцээгүй,
Мөн тушаалд дурдсанаар ангийн захирагчийн 2024 оны А/129 дүгээр тушаалыг Б.******* хэрхэн биелүүлээгүй, тухайн өдөр харуул, хоногийн манааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан эсэх, ангийн захирагчийн зөвлөлөөр Б.*******гийн ямар зөрчлийг хэлэлцсэн эсэх нь баримтаар нотлогдохгүй байна.
Иймд ажил олгогчийг хуульд нийцээгүй тушаал гаргаж ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, мөн ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, учруулсан хохирлын хэм хэмжээ, зөрчил гаргасан шалтгаанд үндэслэн сахилгын шийтгэлийг шударгаар ногдуулах зарчмыг хэрэгжүүлээгүй, тухайн ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар хэм хэмжээг ямар байдлаар зөрчсөн эсэх нь тодорхойгүй байхад зөвхөн ажилчдын хоорондын хувийн тааламжгүй харилцаанд тулгуурлан ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж, түүний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.*******гийн дээрх хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сард 2024 оны 04-р сард 1.946.500 төгрөг, 3-р сард 1.529.950 төгрөг, 2-р сард 1.589.950 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 1.688.800 төгрөг, өдрийн дундаж цалин 78,548 төгрөг байх ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 5 сард ажлын 20 хоног, 6 сард 20 хоног, 7 сард 23 хоног, 08 сард 22 хоног, 09 сард 22 хоног, 10 сард 23 хоног, 11 сард 21 хоног, 12 сард 1 хоног, нийт 152 хоног ажилгүй байсан байна. Үүнийг өдрийн дундаж цалингаар тооцоход нийт 11.939.296 төгрөгний цалинтай тэнцэх олговор гарч байна.
Иймд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11.939.296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* ******* дугаар ангийн захирагчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/90 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан тус ангийн сувилагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн ******* ******* ******* ангиас нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,939,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтрүүдэд зохих бичилтүүдийг хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 206,979 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ