| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0027/Э |
| Дугаар | 000047 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 000047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Шүүгдэгч Э.Д, Ц.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д, Ц.Ч нарт холбогдох эрүүгийн 1725003990238 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1.Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг эх дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум оршин суудаг,урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ц-ийн Ч,
2.Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эмээ эгч дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ийн Д,
Шүүгдэгч Ц.Ч, Э.Д нарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын xx тоотод мансууруулах үйлчилгээтэй өвс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ц.Ч нь 2017 оны 11 дүгээр сард өвс мэт зүйл Э.Дий гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоотод авчирсаныг тэнд нь хадгалсан ба уг өвс нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эд болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаархи нотлох баримтаар:
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас /
-Хэв загвар, дээж авсан тэмдэглэл,эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 7-12-р хуудас/
-Гэрч Д.Э-ийн… “ 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний охин Э.Дий цүнхнээс бор ногоон өнгийн сав гарч ирсэн. Тэгээд би бодохдоо мансууруулах ургамалын төрөл байж магадгүй гэж бодоод охиноосоо асуутал арц хийж байсан сав гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн үед охиндоо итгээд өнгөрсөн. 2017 оны 11 сарын 13-ны өдөр найзтайгаа уулзаад миний охин, найз залуутайгаа цуг мансууруулах төрлийн бодис хэрэглээд байгаа санагдаад байна гээд хэлтэл манай найз маш аюултай зүйл шүү гэхээр нь би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/
-Гэрч С.Бын.....”Дийг бага байхад би талийгаач нөхөр Э-ийн хамт төрсөн охин Эрдэнэчимэгээс өргөж авч би өөрөө өсгөж хүн болгосон юм. Эрдэнэчимэг өөрийнхөө охин Дийг тоохгүй орхиод Солонгос улс руу явж байгаад ирсэн. Улаанбаатар хотод тусдаа ганцаараа амьдардаг. 2016 оноос хойш Д маань Ч гэдэг хүүхэдтэй найзлаж нөхөрлөөд хааяа Чийн гэрт очиж хоноод хааяа манай гэрт ирж хоноод явдаг. Д-гийн ээж Эрдэнэчимэг Д сонин зүйл татаад байх шиг байна гэж ярьж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би цагдаагийн газар руу утасдаад манай охин сонин зүйл татаад байх шиг байна шалгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай гэрт цагдаа нар ирээд үзлэг хийж байгаад жижиг өрөөний хаалганы дээд талд байх тавцангаас ууттай нунтагласан өвсийг олсон. Энэ ямар учиртай өвс юм бэ гэж Дөөс асуухад надад юу ч хэлээгүй. Би дотроо арц юм болов уу гэж бодож байсан гэх мэдүүлэг /хх-19-р хуудаст/
-Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10720 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн ”Орхон ШША Э.Д 18/эм, XI/14 17 грамм”, ”Орхон ШША Ц.Ч 17/эр, /шээс/ XI/14 17 грамм” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэнд нөлөөлөх бодис /AMP, BAR, BZO, COC, MAMP, MDMA, MOR, MTD, PCP, THC/ илрээгүй. Жич: Цусанд мансууруулах сэтгэцэнд нөлөөлөх бодис тодорхойох шинжилгээ хийх техникийн боломжгүй тул шинжилгээнд ирүүлсэн 2 ш цусны дээжийг буцаав.” гэх дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10721 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельт-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Дельт-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэнд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/
-Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 51-79-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Э.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна. Анх өвсийг хар тамхины төрөл гэж мэдээгүй. Ч-ийн авчирсан өвсийг гэртээ байлгаж байсан. Хэрэглээгүй. 2016 оны 4 сард Ч бид 2 үерхэж эхэлсэн. 1 удаа хоёулаа өвс сонирхож татаж үзсэн. Энэ талаар ойлголт муу байсан. Хэрэгт холбогдсноос хойш хар тамхи өвсний хор хөнөөлийн талаар илүү мэдлэгтэй болсон. Дахин ийм юм хийхгүй. Гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгч Ц.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Сургуулиас гараад явж байхад хэдэн хүүхдүүд тамхи татаад байснаа хаяад зугатаагаад явчихсан. Тэгээд ууттай өвс байхаар нь Д-ийн гэрт авчраад байлгаж байсан. 2016 оны шинэ жилээр сонирхож татаж үзэж байсан. Өвсний тухай мэдлэг муу байсан. Одоо ойлгож мэдэж авсан. Гэм буруугаа хүлээж гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгч Э.Д, Ц.Ч нар нь 2017 оны 11 сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Э.Д-ийн гэрт мансууруулах үйлчилгээтэй өвс болох НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг хадгалж байсан болох нь шүүхийн шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар батлагдсан.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10721 дугаартай дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельт-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Дельт-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэнд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн байх бөгөөд уг ургамал мэт зйүлийг Э.Дий гэрээс хураан авсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, шинжилгээнд дээж авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
Шүүгдэгч Э.Д, Ц.Ч нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч нарын насны байдал, хувийн байдлуудыг харгалзан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам”-ыг үндэслэн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Шүүгдэгч Э.Д 2017 оны 8 дугаар сард 18 нас хүрсэн боловч түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг харгалзан “өсвөр насны хүн”-д оногдуулах эрүүгийн хариуцлагын төрлийг сонгосон.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.
Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хөрөнгө битүүмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 202 гр өвс мэт зүйлийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахаар заалаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. С овгийн Ц-ийн Ч, Х овгийн Э-ны Д нарыг сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Ц.Ч нарт ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Ц.Ч нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналттай байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн эцэг, эхэд нь даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан үүргийг биелүүлээгүй бол шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 202 грамм өвс мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ