Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Орсоогийн Батдорж |
Хэргийн индекс | 124/2024/0017/з |
Дугаар | 124/ШШ2024/0017 |
Огноо | 2024-08-15 |
Маргааны төрөл | Газар, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 124/ШШ2024/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, У сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух, Х овогт Б-ын П,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Ж.Б нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн А.Аод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн А.Аод холбогдох хэсгийг болон Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Ж.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж ихэсгэсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.Пд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар Улаангом сумын 5 дугаар багт 700 м.кв газрыг гэр хашааны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 0129395 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (Хавтаст хэргийн 62 дугаар хуудас)
2.2. Маргаан бүхий газрын гэрчилгээг хаяж, үргэдүүлсэн гэх үндэслэлээр Улаангом сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/530 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.П 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000529476 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. (Хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас)
2.3. Нэхэмжлэгч Б.П 5 дугаар багт байрлах 000529476 гэрчилгээний дугаартай 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг барьцаанд тавьснаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар буюу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас маргаан бүхий газрын гэрчилгээг “Капитал банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Аод шилжүүлэх талаар 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/292 дугаар албан бичгийг Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 86-96 дугаар хуудас)
2.4. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаар захирамжаар Б.Пгийн эзэмших эрхтэй 700 м.кв газрын гэрчилгээг А.Аод шилжүүлэхдээ 1195 м.кв болгон талбайн хэмжээг өөрчилж 08501-2017/00245 дугаартай гэрээг байгуулж, 000672512 дугаартай гэрчилгээ олгожээ. (Хавтаст хэргийн 32-35, 47-50 дугаар хуудас)
2.5. Улмаар, Улаангом сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/36 дугаар захирамжаар А.Аоос уг маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Бд шилжүүлжээ. (Хавтаст хэргийн 64-72 дугаар хуудас)
2.6. Нэхэмжлэгч Б.П Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн А.Аод газар эзэмших эрх шилжүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 700 м.кв газрын гэрчилгээг Капитал банкны барьцаанд тавьж зээл авсан боловч төлж чадаагүй нь улмаас хашаагаа өгсөн. Капитал банк нь манай 700 м.кв газрыг дуудлага худалдаанд оруулж зарсан бөгөөд манай хашаалсан газар 495 м.кв талбайгаар илүү байсан. Анх 700 м.кв талбайтай газрын гэрчилгээ гаргуулж авч байхад 495 м.кв газрыг давхар нэр дээрээ гаргуулж авах хүсэлт гаргаж байсан боловч 1 хүнд ноогдох газрын хэмжээ 700 м.кв байдаг учир илүү газарт дахин гэрчилгээ гаргаж авах боломжгүй талаар тайлбарлаж байсан. Тухайн үед гэр бүлийн өөр гишүүний нэр дээр дахин газрын гэрчилгээ гаргуулж авах боломжтой байсан талаар мэдээгүй байсан учир 495 м/кв газарт гэрчилгээ гаргуулж авч чадаагүй байсан. Капитал банк манай газрыг дуудлага худалдаанд оруулахдаа 1195 м.кв газрын гэрчилгээ гаргуулсан байсан. Дуудлага худалдаа болж дуусаад газар чөлөөлөх шийдвэр гарсны дараа хэмжилт хийж 1195 м.кв газрын гэрчилгээ гарсан талаар мэдсэн. Тэрнээс өмнө манай хашаанд 1195 м.кв газрын гэрчилгээ гарсан талаар мэдээгүй байсан. 2005 онд иргэд газар эзэмших өргөдөл гаргахдаа газрын хэмжилт хийлгэж м.кв тооцож үздэггүй байсан. Иргэд авах газраа товлоод хэдий м.кв илүү байгаа ч гэсэн өргөдлөө гаргаад гэрчилгээгээ гаргуулж авдаг талаар тухайн үеийн газрын даамал н.Батсайхан хэлж байсан. Өөрсдийн байгаа газрыг өмчилж гэрчилгээ гаргуулж авсны дараа дахин татвар хураамж төлдөг талаар мэддэггүй байсан. Анхнаасаа банканд 700 м.кв газрын гэрчилгээ барьцаалж зээл авсан учир “...700 м.кв газрыг хэмжиж авна” гэж ойлгож байсан. Гэтэл 1195 м.кв газрыг тэр чигт нь дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 онд газрын гэрчилгээ авч байхдаа манай газар 700 м.кв илүү байгаа, түүнийг эзэмших талаар газрын даамалд хэлж байсан. Банкны барьцаанд тавьсан 700 м.кв газраа чөлөөлж өгөхөд бэлэн харин хашаалсан талбайн үлдэгдэл газар болох 495 м.кв газрыг үндэслэлгүй шилжүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.
3.2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагчаар оролцох боломжгүй, намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр зохион байгуулж өгнө үү” гэв.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...маргаан бүхий газартай холбогдуулан удаа дараа Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өргөдөл хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй” талаар дурдсан байсан. Нэхэмжлэгч талын хувьд иргэний үүргээ биелүүлэх тал дээр сул бөгөөд харилцаа хандлага байдаггүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан байтлаа цагтаа ирдэггүй, хариуцлагагүй ханддаг нөхцөл байдлаас болж өнөөдрийн ийм асуудал үүссэн. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамж гарсан өдрөөс эхлэн нэхэмжлэгч тал буруутсан байсан. Нэхэмжлэгч тал нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан боловч гарын үсэг тамгагүй, гэрээний акт нь хавсралт зураггүй бол хүчингүй болчихдог мөн хэмжилтийг гүйцэтгэж тогтоосон байхыг шаарддаг. Гэтэл маргаан бүхий газрыг 700 м.кв газар гэж гэрчилгээнд дурдсан боловч кадастрын зураг, хатуу цэг хүлээлцсэн асуудлууд байдаггүй. Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нотлох баримтаас харахад Б.П нь маргаан бүхий газрын төлбөрийг хуулийн хугацаанд төлж барагдуулж байгаагүй, үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Гуравдагч этгээдийн хувьд зарын дагуу дуудлага худалдаанд орж тогтоосон төлбөрийг төлж хуулийн хүрээнд газраа авсан боловч нэхэмжлэгч талаас маргаан үүсгэж газар чөлөөлөхгүй байсан тул “...дуудлага худалдаанд төлсөн төлбөрийг барагдуулаад газраа буцаагаад авч болно” гэх саналыг тавихад “...эргээд ярина гээд алга” болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу албадан газар чөлөөлүүлэх болохоор нэгэнт ухаан орсон хүмүүс шиг шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Миний бие Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд Б.П нь тус шүүх хуралдаанд шалтаг гаргаж ирдэггүй байсан тул шүүх хуралдаан удаа дараа хойшилж цаг хугацаа алдаж байсан. Тухайн үед Б.П нь Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан даруйд иргэний хэргийн шүүхийн маргааныг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ийм л хариуцлагагүй нөхцөл байдлаас болж цаг хугацаа алдаж ийм асуудал үүссэн. Төр газраа хуулийн хүрээнд хэнд өгөхөө шийдвэрлэх байтал Б.Пгийн зүгээс энэ газар заавал минийх байх ёстой гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий газрын 700 м.кв талбай нь энэ тал гэсэн газрын зураг байхгүй, 2005 онд газар олгох тогтолцоо иймэрхүү байдлаар явагддаг байсан бөгөөд Улаангом сумын Засаг даргын зүгээс бөөнд нь 700 м.кв гэж захирамж гаргаж гэрчилгээ олгож байсан. Иймд хуулийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамж гараад хэрэгжээд хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул 495 м.кв газрыг Б.П эзэмших ёстой гэж үзэхгүй байна. Иймд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамжийг хүчингүй болгох боломжгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн А.А-д холбогдох хэсгийг болон Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж эцэслэн тодорхойлсон.
3. Нэхэмжлэгч талаас “...хариуцагч Улаангом сумын Засаг дарга маргаан бүхий 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамжаар Б.П-ийн эзэмших эрхтэй 700 м.кв газрыг А.А-д шилжүүлэхдээ 1195 м.кв болгон эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгч “...700 м.кв газрыг шилжүүлсэнтэй маргахгүй, харин 495 м.кв газар эзэмших эрхийг илүү шилжүүлснээр тус газарт одоог хүртэл оршин сууж байгаа би 495 м.кв талбайн хэмжээгээр эзэмших хүсэлтэй, эзэмших талаар газрын даамалд хэлж байсан гэтэл Улаангом сумын Засаг дарга А.А-д шилжүүлэхдээ талбайн хэмжээг 1195 м.кв болгон нэмэгдүүлсэн нь хууль бус” гэж маргаж байна.
4. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга шүүхэд хариу тайлбар ирүүлэх талаар удаа дараа шаардсан боловч хариуцагч “...захирамжийн үндэслэлийг тайлбарлах боломжгүй” гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Дуудлага худалдаанд оролцож төлбөрийг бүрэн төлж хуулийн хүрээнд газрыг шилжүүлэн авсан боловч нэхэмжлэгч газрыг өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Төр газраа хуулийн хүрээнд хэнд өгөхөө шийдвэрлэх ёстой гэтэл Б.П-ийн зүгээс энэ газар заавал минийх байх ёстой гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй. ...Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул 495 м.кв газрыг Б.П эзэмших ёстой гэж үзэхгүй байна” гэж татгалзлынхаа үндэслэлээ тайлбарлав.
7. Нэхэмжлэгч Б.П маргаан бүхий Улаангом сумын 5 дугаар багт байрлах 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг “Капитал банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсныг Сум дундын 24 дүгээр шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,139,221 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “...дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно...” гэж заасны дагуу Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Б.П-ийн маргаан бүхий Улаангом сумын 5 дугаар багт байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг төлбөртөө шилжүүлж авах саналыг хүргүүлснийг “Капитал банк” ХХК 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3325 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал Б.А-ын нэр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч маргаан бүхий газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар А.А-д шилжүүлэхээр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/292 дугаар албан бичгийг Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн.
9. Харин хариуцагч Улаангом сумын Засаг дарга тус албан бичгийн үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаар захирамжаар Б.П-ийн 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг А.А-д шилжүүлэхдээ 1195 м.кв болгон нэмэгдүүлэн 000672512 дугаартай гэрчилгээ олгожээ.
10. Улмаар, Улаангом сумын Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/36 дугаар захирамжаар А.А-с уг маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Б-ийн нэр дээр шилжүүлсэн байна.
11. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...” гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр тодорхой нэгж талбарын газрыг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхийг ойлгох бөгөөд харин тодорхой нэгж талбарын газрыг шилжүүлж байгаа нэрээр газрын хэмжээг нэмэгдүүлэн олгож байгаа хууль зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй боловч маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгч Б.П илүү хашаалсан талбайн хэмжээ буюу 495 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаж байгаагүй, газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүсээгүй байх тул түүний хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй юм.
12. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-т “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж зохицуулжээ.
12.1. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд иргэн нь аливаа газрыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй тохиолдолд юуны өмнө өөрийн овог нэр, регистрийн дугаар, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, тойм зураг зэргийг хавсарган тухайн газар байршиж буй засаг захиргааны нэгжид хандаж захиргааны байгууллагаас гаргасан загварт нийцүүлэн гаргах бөгөөд нөгөө талаас эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэх, тухайн этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд харшлах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүх талаас нь шалган тогтоож, иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахаар тус тус хуульчлагдсан.
13. Гэтэл нэхэмжлэгч Б.П “...700 м.кв газрыг шилжүүлсэнтэй маргахгүй, харин 495 м.кв газар эзэмших эрхийг илүү шилжүүлсэн хууль бус, тухайн газрыг би эзэмших хүсэлтэй тухайгаа газрын даамалд хэлж байсан” гэж маргаж байх боловч маргаан бүхий газар болох 495 м.кв газрыг эзэмших талаарх хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 353 дугаар албан бичиг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
14. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийг газар эзэмших, ашиглах эрхгүй этгээд гэж ойлгоно.
15. Өөрөөр хэлбэл, тухайн газартаа оршин сууж байсан нь эзэмших эрх үүсгэхгүй, иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах эрхгүй тул түүний эрх хамгаалагдахгүй.
16. Нөгөө талаар, хариуцагч тал “Б.П-ийн 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Аод шилжүүлэхдээ талбайн хэмжээг 1195 м.кв болгон нэмэгдүүлэн гаргасан” шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг нотолж чадахгүй байх боловч нэхэмжлэгчид “маргаан бүхий 495 м.кв газрыг эзэмших эрх үүсээгүй” гэх нөхцөл байдлыг шүүхээс үгүйсгэх боломжгүй.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “…захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар…”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.
18. Ийнхүү хариуцагч Улаангом сумын Засаг дарга 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 700 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Аод шилжүүлэхдээ талбайн хэмжээг 1195 м.кв болгон өөрчилж, 495 м.кв-аар нэмэгдүүлсэн нь газрын тухай хуульд нийцээгүй боловч нэхэмжлэгч Б.П өөрийн эзэмшлийн 700 м.кв газрыг шилжүүлсэнтэй маргаагүй, маргаан бүхий 495 м.кв газар эзэмших эрх түүнд хуульд заасны дагуу үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны актын талаар маргах эрхгүй.
19. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нэхэмжлэгч Б.П-д маргаан бүхий 495 м.кв газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, маргаан бүхий актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20. Хариуцагч Улаангом сумын Засаг даргад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчаас өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.П-ийн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн А.А-д холбогдох хэсгийг болон Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/36 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ