Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 35

 

Н.Н-гийн хүсэлттэй иргэний

хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2020/00758 дугаар шийдвэртэй

Н.Н-гийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлт болон тайлбарт: “Н.Н нь 1982 онд сургууль төгсөөд Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт- Амьдрал” нэгдэлд 1982.07.18-1988.10.14-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байгаад тус аймгийн Барилга угсралтын трестэд 1988.10.14-1992.06.20-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан. Н.Нгийн ажиллаж байсантай холбоотой нотлох баримт гарахгүй байна. Иймд Н.Нгийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт-Амьдрал” нэгдэлд 1982.07.18-1988.10.14-ний өдөр хүртэл саальчнаар, тус аймгийн Барилга угсралтын трестэд 1988.10.14-1992.06.20-ны өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.         

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2020/00758 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан

Н.Нгийн Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт-Амьдрал” нэгдэлд 1982 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 758 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь хүсэлт гаргагч Н.Н нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт-Амьдрал” нэгдэлд 1982.07.18-1988.10.14-ний өдөр хүртэл саальчнаар ажилласан байдаг бөгөөд тухайн үед 1984 онд ТМС-д элсэн орсон боловч 2 сар суугаад ар гэрийн гачигдлын улмаас сураагүй байдаг. Гэтэл шүүх 1982.07.18-1988.10.14 хүртэлх хугацаанд ажиллаж байсныг зөвхөн нэг он буюу “1984 онд ТМС-д” гэсэн баримтаар 1982-1988 онд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгож байгаа нь учир дутагдалтай, хүсэлт гаргагч Н.Нгийн эрх ашгийг хохироосон байна. Хүсэлт гаргагч Н.Н өөрийн ажиллаж байсантай холбоотой баримт байхгүй, нэгдлийн контор шатсаны улмаас өөрийн ажиллаж байснаа шүүхээр тогтоолгохоор хандсан бөгөөд түүний дээрх хугацаанд ажиллаж байсныг сайн мэдэх гэрч Н.Ч, Г.Д нар нь 1982-1988 онд Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд саальчнаар ажилласан гэж гэрчилж шүүхэд мэдүүлэг өгсөн. Энэ 2 гэрч нь ТМС-д сурч байсныг мэддэггүй, саальчнаар ажиллаж байсныг мэдэж мэдүүлгээ өгсөн байдаг. 2 гэрчийн мэдүүлгээр Н.Н нь ТМС-д сурч байсныг няцаадаг. Шүүх 2 гэрчээс тодруулж асуугаагүй. Шүүх хэрэгт авагдсан баримт болох “Маягт-1”-ийг үндэслэн гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тус маягтад Н.Нг 1984.09.20-ны өдөр ХАА ТМСургуульд гэж бүртгэсэн байгаа болохоос 1982-1988 онд гэж бүртгээгүй юм. Мөн шүүх эргэлзээтэй байгаа бол хүсэлт гаргагч Н.Нгээс тайлбар авч хүсэлт болон хэрэгт авагдсан 1984 оны баримтын зөрүүтэй байдлыг тодруулах байсан. Хэрэгт нотолбол зохих бүх ажиллагааг бүрэн хийлгүйгээр хүсэлт гаргагчийн эрх ашигт хохиролтой байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл Н.Нгийн 1984 онд ажиллаж байсныг нь хэрэгсэхгүй болгож, 1982.07.18-1984.01.01, 1985.01.01-1988.10.14-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Н 2020.06.08-ны өдөр хүсэлт гаргаж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт-Амьдрал” нэгдэлд 1982.07.18-1988.10.14-ний өдөр хүртэл саальчнаар, тус аймгийн Барилга угсралтын трестэд 1988.10.14-1992.06.20-ны өдөр хүртэл нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг шаардсан байна.

Анхан шатны шүүх 1988.10.14-1992.06.20-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн Төв Хорооны Алтан медальт Архангай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажилд авах, томилох тухай 234 дүгээр тушаалаар Н.Нг ажилчнаар томилон ажиллуулж, 1990 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаар тушаалаар ээлжийн амралт олгохоор шийдвэрлэсэн, тэрээр Архангай аймгийн Барилга угсралтын трестэд 1988.10.14-1992.06.20-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан нь тогтоогдсон байна.

Шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШЗ2020/02985 дугаар захирамжаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Нгийн маягт №1, Монгол Улсын хүн амын регистрийн картыг, Үндэсний төв архиваас лавлагаа, БНМАУ-ын хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын өрхийн хуудсыг тус тус гаргуулан авчээ. /хх 17-19/

Н.Н 1982.07.18-1988.10.14-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт-Амьдрал” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байх боловч 1984 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн маягт №1-д түүнийг Архангай аймгийн ХАА-н ТМСургуульд суралцдаг гэж тэмдэглэсэн байна.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч “1984 онд ТМС-д элсэн орсон боловч 2 сар суугаад ар гэрийн гачигдлын улмаас сураагүй байдаг” гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Н.Н 1982.07.18-1988.10.14-ний өдөр хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт-Амьдрал” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргалын гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 129/ШШ2020/00758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                        В.ЦЭЦЭНБИЛЭГ