| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0423/Э |
| Дугаар | 000029 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 000029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-д холбогдох эрүүгийн 1725002370183 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг эх, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум оршин суудаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ажилтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бо овогт Жа-гийн М,
Шүүгдэгч Ж.М-ийг 2017 оны 09 сарын 14-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадна Э.Иийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Ж.М нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Тайгер бааранд найзуудын хамт орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа уг баарны гадна бусадтай маргалдан явган хүний замын тоосго авч шидсэн нь Э.И-ийг онож биед нь зүүн гарын шууны доод 3/1-ны далд ташуу, зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн нотлох баримтаар :
-Хохирогч Э.Иийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед манай гэрийн гадаа Мэ, Пү, Тэ нар надтай уулзаад 22 цагийн орчим Казино бааранд ороод 1 шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд баар хаах болоод 24 цагийн орчим баарнаас цуваад гарсан. Намайг найз нарынхаа араас гарч ирэхэд манай найз
Пү-ыг нэг өндөр залуу араас нь боогоод газар унагаагаад тал талаас нь нүдээд байсан. Мөн Тэ нүдээд байсан би салгах гээд дийлээгүй. Нэг мэдсэн нөгөө залуучууд зугатаах гээд гүйхээр нь нэг залууг нь барьж аваад татсан чинь тэр залуу намайг цохих гэхээр нь би цамцнаас нь татаж доош нь дараад байж байтал нэг хүн юм шидэх шиг болохоор нь гараараа хаасан. Гэтэл миний гар дээр явган хүний замын өнгөлгөөний саарал өнгийн тоосго онож миний гарыг гэмтээсэн. Миний барьж авсан хүн бол сүүлд нэрийг нь мэдсэн. Амарболд гэж хүн байсан. Тэрээр Тэ-г зодчихоод Мэ-ээс зугтааж байсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21-р хуудаст/
- Гэрч Ж.Мэын “...Тэр өдөр Амарболд гээд байгаа залуугийн 2 найз баарны үүдэнд сууж байсан. Тэгээд манай найз Тэтэй маргалдаад байх шиг байсан. Амарболд манай найз Тэг араас нь түлхэж явж байгаад зодоод эхэлсэн. Тэгсэн чинь манай найзууд И, Пү нар ирээд салгах гэсэн чинь С гэдэг залуу нь манай найз Пү-ыг барьж аваад зодсон. Би салгаж дийлэхгүй болохоороо машиндаа гүйж бөгжөө тайлж тавьчихаад машиныхаа түлхүүрийг бариад та нарыг болихгүй бол цохино шүү гэж хальт хөөсөн. Тэгсэн чинь тэд манай найзуудыг зодож байгаад зугтаасан. Тэд нарыг зугтахад манай найз Тэ нэгэнд нь зодуулаад газар уначихсан байсан босгож авах гээд очиход И Тэгийн ойролцоо хажуухан талд нь А барьж аваад дарчихсан зогсож байсан. Надаас зугтааж байсан залуучуудын нэг буюу сүүлд нэрийг нь мэдсэн М тал тоосго шиг зүйл шидэж манай найз Иийн гарыг оносон” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн № 791 дугаартай: “...Э.Иийн биед зүүн шууны ясны доод 1/3-ээр далд, ташуу зөрөөтэй хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/
-Гэрч Б.А-ын.....”тэгээд араас Тэгийн найзууд нь болон манай найзууд болох С М нар ирээд салгасан юм. Тэгсэн Мэ нь гартаа нэг жижигхэн хутга шиг зүйл барьчихсан ирээд бид нар руу ална гээд дайраад байсан юм. Өөдөөс нь зодолдох гэсэн чинь цамцнаас бариад доош нь дараад байсан. Би өндийгөөд түүний гараас мултраад зугтаасан юм. Түүний гараас мултраад зугтах үед л М Мэаас айж зугтааж байхдаа эргэж хараад газраас нэг чулуу аваад шидчих шиг болсон. Тэр чулуу нь Иийг оносон юм байна лээ. Би зугтааж байсан болохоор яг тодорхой сайн хараагүй юм. Ямарч байсан Мийн газраас авч шидсэн чулуу ч юм уу тоосго ч юм уу нэг зүйлд Ит оногдсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/
Гэрч Б.Сын.....”тэгээд намайг баарны хашаанаас гараад эргээд харсан чинь ард нэг нь гар хугарчихлаа гэж байсан. Сүүлд сонсоход тэр залуу руу М замын жижиг хавтан шидэж гарыг нь хугалсан гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-54-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ж.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж байна гэжээ.
Хохирогч Э.И шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд “миний хохирлыг барагдуулсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч Ж.М нь 2017 оны 09 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайгер баарны гадна бусадтай маргалдан явган хүний замын хавтан шидсэн нь Э.Иийн гарыг онож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Мий энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгчийн санаатай үйлдлийн улмаас Э.Иийн биед хохирол гэмтэл учирсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн ба хохирогч “хохирол барагдуулсан” гэж мэдүүлсэн тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт Ж-гийн М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ