Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/310

 

 

С.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

яллагдагч С.Бын өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/141 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.Бад холбогдох эрүүгийн 2203005640563 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ж овгийн Сын Ба, 2000 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн сургуулийн Эдийн засгийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Яллагдагч С.Ба нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 40 минутад - хорооллын урд замд “Toyota Sai” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн”... 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно /анивчихгүй/ ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “-” загварын унадаг дугуй унаж явсан 11 настай, Ө.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийн хохирогч насанд хүрээгүй Ө.Бын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11952 дугаартай, хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 914 дугаартай шинжээчдийн зөрүүтэй гаргасан дүгнэлт баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр хоёр дүгнэлтийн аль нь үндэслэлтэй эсэх талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөн ямар шалгуур шинжээр нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэх гэмтлийн зэргийг тодорхойлсон болох, учирсан гэмтлүүдийн аль нь гэмтлийн хүндэвтэр болон хөнгөн зэрэгт тус тус хамаарах зэргийг дүгнэлт гаргасан шинжээчдээс мэдүүлэг авах замаар тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 914 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийн үндэслэлд хамаарах “Интермед” эмнэлгийн тодосгогчгүй зүүн өвдөгний соронзон резонанст томографын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шинжилгээний хариуг уншсан эмч Б.Онончимэгийн дүгнэлт хэсэг нь гадаад хэл дээр бичигдсэн, монгол хэл дээр орчуулагдаагүй нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэснээс /хэргийн 118 дугаар тал/ гадна уг дүгнэлт нь хэргийн 106 дугаар талд авагдсан дүрслэл оношилгооны хариу, дүгнэлт бичсэн эмч О.Оюунбаясгалангийн дүгнэлттэй тохирч буй эсэхийг тодруулан шалгах шаардлагатай байна. ...” гэж дүгнээд хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн 2203005640563 дугаартай хэрэгт “... хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр, зам тээврийн ослын материалыг хянахад шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй гэмтлүүдтэй холбоотой өмгөөлөгчөөс ирүүлсэн баримтыг үндэслэн Ө.Бын эрүүл мэндэд учирсан хохирлыг дахин тогтоолгохоор шинжээч томилох шаардлагатай...” гэсэн үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дээрх хэрэгт хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч эмч Г.Энхбаатар, шинжээч эмч С.Эрдэнэцэцэг, Д.Дунгаамаа нар нь гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор дахин шинжилгээ хийсэн. Тус прокурорын газарт ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зүүн өвдөгний MRI-н зураг мөн Ө.Бын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн гавал тархины КТГ /СД 1ш/ зургийг дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалан дахин уншсан байх ба тодруулбал “...баруун дээд 1-р үүдэн шүд тодорхойлогдохгүй, буйланд шүдний оромтой, тэр хэсэгт баруун хоншоор ясны түүшин хэсэгт зөрүүгүй хугаралтай, 2 нүдний алим, харааны мэдрэл, булчингууд, ухархайн хананууд хэвийн. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн зүүн өвдөгний MRI-н зурагт: өвдөгний урд болон дотор урд хэсгээр зөөлөн эд бага зэргийн хавантай. Дунд чөмөгт ясны дотор булуу, шаант ясны дистал булуунд голомтлог хэмт эдийн хавантай. Үений уутанд шингэн бага зэрэг ихэссэн. Урд чагтан холбоосонд дохионы эрчим ихэссэн /хаван, суналт/. Гадна хагас саран жийргэвчийн урд эвэрт хэвтээ дохионы эрчим ихэссэн өөрчлөлттэй /урагдал/. Дотор зэрэгцээ холбоос дунд чөмөгт ясанд бэхлэгдэх хэсэгт хаван суналттай. Бусад холбоос, шөрмөс хэвийн. ...” гэжээ. Мөн “Индранил дентал” эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгт: “...аман дотор 21 шүд буйл хөхөрсөн. 21-р шүдний хөдөлгөөн ихэссэн, суларч унаж болзошгүй. Дээд болон доод үүдэн шүднүүд бүхэлдээ хөдөлгөөнтэй. Онош 11-р шүд байхгүй, 21-р шүд босоо цуурал үүссэн, үүдэн бүлэг шүднүүд 2-р зэргийн хөдөлгөөнтэй, үүдэвч талын шүд булгарч түүшин яс хугаралтай....” гэжээ. Дээрх баримтуудыг үндэслэн “...насанд хүрээгүй хохирогч Ө.Бын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1. /гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан/-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэж дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч нарын гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 910 дугаартай дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй...” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэв. Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзвэл шинжээч нарыг шүүх хуралдаанд дуудан оролцуулж гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах боломжтой юм.

Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/141 дугаартай захирамжийн үндэслэлийг хянуулж, заалтуудыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч С.Бын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Хохирогчийг анх үзэхдээ шүд унасан буюу эрүү, нүүрний хэсгийн зөөлөн эдийн гэмтлийг үндэслэн хөнгөн гэмтлийн зэрэг тогтоосон. Интермед эмнэлгийн дүрс оношилгооны эмч Онончимэг хүүхдийн өвдөгний үед MRI-н шинжилгээ хийж, урагдал гэмтэл тогтоогдоогүй гэсэн хариу гаргасан байдаг. Гэтэл шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмч Оюунбаясгалангаар MRI-г уншуулахад мөгөөрс урагдсан, чагтан холбоосны урд хэсэгт хавантай, урд эвэрт дохионы эрчим ихэссэн, өөрчлөлттэй гэсэн хариу гаргасан. Дүгнэлт гаргасан шинжээчийн комисс үүнийг үндэслэн  хүндэвтэр гэмтлийн зэрэг тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэг MRI зургийг хоёр өөр байдлаар уншсаныг залруулах ажиллагаа хийгдээгүй. Эмч Онончимэгээс гэрчийн мэдүүлэг аваагүй бөгөөд 3 шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Энэ талаар прокурорт хүсэлт гаргаж байсан ч шийдвэрлээгүй учир анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад энэ асуудлыг хэлэлцүүлж, шүүх үүнийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн. Хүүхдийн картууд хэрэгт авагдсан бөгөөд өвдөгний үений гэмтэлтэй холбоотой өвдөлт, зовиур, өөрчлөлт байхгүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогч оролцсон бөгөөд өвдөгнийх нь хөдөлгөөн хэвийн, зовиургүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Тээврийн прокурорын газраас С.Быг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 40 минутад - хорооллын урд замд “Toyota Sai” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас “-” загварын унадаг дугуй унаж явсан 11 настай, Ө.Быг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.Бад холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шинжээчдийн зөрүүтэй хоёр дүгнэлтийн аль нь үндэслэлтэй эсэх талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөн ямар шалгуур шинжээр нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэх гэмтлийн зэргийг тодорхойлсон болох, учирсан гэмтлүүдийн аль нь гэмтлийн хүндэвтэр болон хөнгөн зэрэгт тус тус хамаарах зэргийг дүгнэлт гаргасан шинжээчдээс мэдүүлэг авах замаар тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай. ...” үндэслэлээр С.Бад холбогдох хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгал нь дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн агуулгатай эсэргүүцэл бичжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаас дүгнэхэд, насанд хүрээгүй хохирогч Ө.Бын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 11952, 914 дугаартай дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг арилгуулах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шинжээчийн эргэлзээтэй дүгнэлттэй холбоотойгоор нэмэлт ажиллагааг шүүхийн шатанд хийх боломжгүй тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/141 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/141 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2023 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 9 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ