Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 124/ШШ2024/0018

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн,захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Увс аймгийн У суманд оршин суух, Т овогт Ц-ын З,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан,

“Албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй хүнийг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.З нь тус шүүхэд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан “ Албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй хүнийг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь 2023 оны 6 сард зохион байгуулагдсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Ц.Н, Г.У, Ц.З, С.Б нарыг бүртгэлийн тайлан гэх баримтын 3,4,5,6 дугаарт бүртгэж шийдвэрлэжээ.

3.Тус шалгалтад Г.У-г бүртгэсэн бүртгэлтэй холбоотой гомдлыг нэхэмжлэгч Ц.З Төрийн албаны зөвлөлд гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/448 дугаар албан бичгээр “Г.У-г сонгон шалгаруулалтад бүртгэж оруулсан шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй” гэх хариуг өгсөн байна.

Төрийн албаны зөвлөлөөс холбогдох хууль, журамд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаагүй, гомдолд дүгнэлт өгч хариу өгсөн, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариуг 2024 оны 3 сарын 28-ны өдөр шуудангаар хүлээн авсан авч шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 4 сарын 03-ны өдөр ирүүлсэн тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

 4.Нэхэмжлэгч Ц.З шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Эрүүл мэндийн газарт, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтнээр ажилладаг. Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан (Дэс түшмэл) сонгон шалгаруулалтыг явуулахдаа Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 5.1.10-д заасан "Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх." гэснийг зөрчиж, "эрүүл мэндийн нийгмийн ажилтан" мэргэжилтэй Г.У-г бүртгэж аван шалгалтад оруулж, сонгон шалгаруулалт явуулсан тул шалгаж, хууль, дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

            Учир нь уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил гэсэн хэсэгт: "Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлал" гэж тодорхой заасан ч өөр мэргэжлийн хүнийг бүртгэж, бичиг баримтын эхний шалгалтаар тэнцүүлэн давуу тал олгосон явдалд гомдолтой байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т "Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарна." гэж заасан байдаг бөгөөд миний бие уг мэргэжлээр АУШИС-ийг төгссөн мэргэжилтэн юм. Харин дээрх сонгон шалгаруулалтад бүртгэгдэн шалгарсан Г.У нь эрүүл мэндийн нийгмийн ажилтан буюу эрүүл мэндийн байгууллага дахь нийгмийн асуудлыг хамаарах, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын нийгмийн ажлыг явуулахад шаардлагатай хүрээг хамардаг онцлогтой ажил мэргэжил юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн нийгмийн ажлын тусламж үйлчилгээг хүргэх чиг үүрэгтэй хүнийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй андуурах боломжгүй юм.

Мөн Төрийн албаны төв зөвлөлд өргөдөл гаргасан боловч ирүүлсэн хариу нь хэт нэг талыг баримталсан хариу ирүүлсэн гэж үзэж байна.

Тиймээс Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 5.1.10-д заасан "Зарлагдсан албан -ушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх." гэснийг зөрчиж бүртгэн авч, сонгон шалгаруулалт явуулсан тул шалгаж, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Нэхэмжлэгч Ц.З-ийн хувьд тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад орсон. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “ Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 5.1.10-д заасан зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх гэж заасныг зөрчиж  эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэх мэргэжилтэй гуравдагч этгээд болох Г.У-г бүртгэж шалгалтад оруулж сонгон шалгаруулалт явуулсан нь хууль зөрчсөн.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын А160 тушаалын 2 дугаарт мэргэжлийн чиглэл хөтөлбөр индексийг 2022-2023 оны хичээлийн элсэлтээс мөрдөхөөр заасан байхад уг тушаалыг үндэслэн төрийн албаны салбар зөвлөл тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй.

Тусгай шаардлагыг хангаагүй Г.У-г тусгай шалгалтад бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй...” гэв.

6.Хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: ”Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын түсгай шалгалтыг 2023 оны 06 дүгаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тус шалгалтад оролцсон Г.У нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр бакалаврын боловсрол, Анагаахын үндэсний их сургуульд Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистрийн зэрэг тус тус эзэмшсэн байна.

Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/160 дугаар тушаалд нийгмийн эрүүл мэнд гэсэн мэргэжил нь 098801 индекст хамаарч байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан мэргэжлийн индексийн дүйцүүлсэн жагсаалтад ( Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/144 тоот албан бичиг) өмнө нь 09230102 индекст хамаарч байсан “Нийгмийн ажил, эрүүл мэнд"-ийн хөтөлбөр нь шинэчлэн мөрдөж буй 2022 оны А/160 дугаар тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэлд 098801 индекстэй “Нийгмийн эрүүл мэнд" хөтөлбөртэй дүйцэнэ гэж заасан байна. Тиймээс Г.У-ийн эзэмшсэн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлийг Нийгмийн эрүүл мэнд гэсэн мэргэжилтэй дүйцүүлэн үзэж бүртгэсэн болно“ гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад  мэргэжил гэж хэсэг байгаа.Мэргэжлийн тусгай шаардлагын асуудлыг бид нар боловсролын яамнаас баталсан мэргэжлийн индексээр тодорхойлж тухайн шалгалтад оролцож байгаа этгээдүүдийн эзэмшсэн мэргэжил, дипломтой харьцуулж үзээд сонгон шалгаруулалтад оролцуулах асуудлыг шийддэг. 2014 он, 2017 онд батлагдсан индексүүдийг хүчингүй болгож, 2022 оны А160 дугаар боловсролын сайдын тушаалаар индекс батлагдсан. Тухайн сонгон шалгаруулалт болох хугацаа буюу 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2022 оны А160 дугаар тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Мөн боловсролын яам 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаа хүргүүлэх тухай албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байгаа.Мэргэжлийн чиглэл, индексийн дүйцүүлсэн жагсаалтыг шалгалтын үйл ажиллагаанд лавлагаа болгон ашиглахыг чиглэл болгосон.

Дүйцүүлэх лавлагаанд үндэслэн анагаахын шинжлэх ухааны сургуулийг  эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн Г.У-г тусгай шалгалтын шаардлага хангаж байна гэж үзээд шалгалтад бүртгэж оруулсан байгаа...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Ц.З шүүхэд “Албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй Г.У-г бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” буюу төрийн албаны тусгай шалгалтын бүртгэлтэй холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

3.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Увс аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг явуулахдаа уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагын мэргэжил гэх хэсэгт “Хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд судлал” гэж тодорхой заасан байхад эрүүл мэндийн нийгмийн ажилтан мэргэжилтэй Г.У-г бүртгэж сонгон шалгаруулалтад оролцуулсан” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

4.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс “...Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/144 тоот албан бичгээр  “Нийгмийн ажил, эрүүл мэнд”-ийн хөтөлбөр нь шинэчлэн мөрдөж буй 2022 оны А/160 дугаар тушаалаар батлагдсан мэргэжлийн чиглэлд 098801 индекстэй “Нийгмийн эрүүл мэнд” хөтөлбөртэй дүйцэнэ гэж заасан тул Г.У-г шалгалтад бүртгэсэн...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

5.Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн газрын сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн байх ба салбар зөвлөл Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сул орон тоонд 2023 оны 6 дугаар сард сонгон шалгаруулалт явуулжээ.

6.Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг тодорхойлсон, үүний дотор 66 дугаар зүйлийн 66.1.11-д төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах эрхийг тодорхойлж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 3.2.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагчийн тусгай шалгалтыг салбар зөвлөл зохион байгуулах эрх хэмжээтэй байна.

7.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь 2023 оны 6 сард зохион байгуулагдсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад Ц.Н, Г.У, Ц.З, С.Б нарыг бүртгэлийн тайлан гэх баримтын 3,4,5,6 дугаарт бүртгэж шийдвэрлэжээ.

Шалгалтад Ц.Н 60.6, Ц.З 61.6, Г.У 70.2 оноо тус тус авч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрны сул орон тоонд Г.Уг томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/56 дугаартай тушаалаар Г.У-г Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн даргын албан тушаалд томилжээ.

8.Нийгмийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалд тавигдах тусгай шаадлагын боловсрол гэх хэсэгт бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, мэргэжил гэх хэсэгт хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд судлал гэжээ.

9.Нэхэмжлэгч Ц.З нь 2014 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг “Нийгмийн эрүүл мэнд судлалч” мэргэжлээр бакалаврын зэрэг,гуравдагч этгээд Г.У нь 2012 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг “Эрүүл мэндийн нийгмийн ажилтан” мэргэжлээр бакалаврын зэрэг, мөн 2015 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр”-ын зэргийг тус тус эзэмшсэн байна.

10.Хэргийн оролцогчдын хувьд албан тушаалын тусгай шаардлагад заасан мэргэжилд гуравдагч этгээдийн мэргэжил тохирох эсэхэд маргасан тул энэ талаарх дүгнэлтийг шүүхээс хийв.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/160 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийг шинэчлэн баталсан байх ба эрүүл мэнд, нийгмийн хамгаалал ерөнхий чиглэлээр ийгмийн хамгаалалт /төрөлжсөн чиглэл/,  нарийвчилсан чиглэлд ахмад настан ба хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээ, хүүхэд асрах ба залуучуудын тусламж үйлчилгээ, нийгмийн ажил ба зөвлөх үйлчилгээ / хөтөлбөрийн нэр нийгмийн ажил/ , эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд хамаарах салбар дундын чиглэлд хөтөлбөрийн нэрийг нийгмийн эрүүл мэнд хөтөлбөрийг мөрдөхөөр заасан ба эрүүл мэндийн нийгмийн ажилтан нэршилэээр хөтөлбөр байхгүй байна.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2/144 дугаартай албан бичгээр төрийн албаны зөвлөлд мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индексийн дүйцүүлсэн жагсаалтыг хүргүүлж, тус жагсаалтыг дээд боловсролын сургалтын хөтөлбөр болон иргэний дээд боловсролын баримт бичиг дэх мэргэжлийн чиглэл хөтөлбөрийн нэр, индексийг дүйцүүлэхэд лавлагаа болгон ашиглахыг чиглэл болгосон байна.

Тус жагсаалтад нийгмийн ажил, эрүүл мэндийн гэх хөтөлбөрийг Нийгмийн эрүүл мэнд хөтөлбөртэй дүйцүүлэхээр тусгасан,  эрүүл мэндийн нийгмийн ажилтан гэх хөтөлбөрийг нийгмийн ажил, эрүүл мэндийн гэх хөтөлбөртэй адилтгаж үзэхээр байх тул Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Г.У-г шалгалтад бүртгэсэн бүртгэлийг буруутгах боломжгүй.

Мөн түүнчлэн гуравдагч этгээд Г.У нь 2015 онд Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистрын зэргийг эзэмшсэн нь ажлын байрны тодорхойлолтод дурдсан хүний их эмч, нийгмийн эрүүл мэнд судлал мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шардлагыг хангажээ.

Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр зэргийг эзэмшсэн байгааг нийгмийн эрүүл мэнд судлалын бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагад нийцсэн гэж үзэхээр байна.

11.Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй хүнийг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

12.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.З-ийн “Албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй хүнийг бүртгэж сонгон шалгаруулалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЛТАНЦЭЦЭГ