Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 124/ШШ2024/0019

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Батдорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У нарыг оролцуулан, П.Э-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “П.Э миний бие Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/326 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э нь шүүхэд “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/326 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргажээ.

Нэхэмжлэгч П.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасантай нийцэж байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Иймд нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э, Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/326 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Ц.Энхзаяад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   О.БАТДОРЖ