Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/197

 

             Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогч М.М, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Гтүүний өмгөөлөгч П.Сарантуяа, Т.Пүрэвхатан,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г өмгөөлөгч П.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2200001471 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Г, 

Б.Г нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ЭмЖиЖи” эмнэлгийн зүүн талын зам дээр “...нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй, түгжрэл үүсгээд байна, зам чөлөөл...” гэж зүй ёсны шаардлага тавьсан хохирогч М.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад нүүр хэсэг рүү нь цохих, түлхэх, боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад цус хуралт, хүзүү, баруун эгмийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугчин овогт Батбаярын Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулж, шүүгдэгч Б.Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гас 1.508.329 төгрөгийг гаргуулж хохирогч М.Мад олгож, 611.418 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, хохирогч нь шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “энэ хуулийн 35.14... зүйлд заасныг зөрчсөн” /гэрчийн мэдүүлгийг сонсох/ мөн хуулийн 34.18-д заасан хэргийг тусгаарлан хэлэлцэх үндэслэл байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаагүй, асуувал зохих хүнийг гэрчээр асуугаагүй, шүүх хуралдаанд хохирогч ирээгүйгээс гэмт хэргийн сэдэлтийг тогтоох боломжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3/ мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-т /хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэлх хоногоор хойшлуулах заалтыг хэрэглэх боломжтой байхад хуулийн энэ заалтыг хэрэглээгүй. Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “ЭмЖиЖи” эмнэлгийн гадна талд машин зогсоолын асуудлаас болж М.Мтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, харилцан бие биедээ хүрч цохилцсоноос хэн алиндаа гэмтлийн “хөнгөн” зэрэг учруулсан байхад хохирогч гэх М.Мад холбогдох хэргийг прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 220902571 тоот тогтоолоор тусгаарласан. Уг тогтоолын үндэслэл тодорхой биш, шүүгдэгчид танилцуулаагүй. Тухайн хэрэг нэг өдөр, нэг цаг хугацаанд болсон байхад тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18-д заасныг зөрчсөн. Тухайн өдөр Б.Г нь бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эхнэрийн хамт явж байсан байхад гэрчээр асуугаагүй. Энэ хэргийг хэн сэдсэн байх бодит байдлыг тогтооход ач холбогдолтой тус хэргийг буцаасан тохиолдолд шалган тогтоох боломжтой байсан. Шүүх хэрэг болоход хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн талаар ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн гэсэн атлаа энэ талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэж шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвхатан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгчийн зүгээс хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас буюу хэл амаар доромжилсны улмаас гэмт хэрэг үйлдэгдэх болсон талаар тайлбарласан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаах хууль зүйн боломжгүй учир анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Шүүхээс эцэслэн шийдвэр гарсны дараа 1.508.329 төгрөгийг хохирогчид төлнө. Мөн миний үйлчлүүлэгч саяхан сургуулиа төгссөн эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдээ хардаг, хүүхэд нь саажилттай, эцэг, эхтэйгээ хамт амьдардаг. Иймд торгуулийн ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэв.

Хохирогч М.Мын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзэж, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэлтэйгээр авч хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос хууль зүйн үндэслэл харагдахгүй байна. Шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар нь ойлгомжгүй байна. Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан. Мөн хохирол төлөхөөр завсарлага аваагүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа зогсоол булаацалдсан мэтээр тайлбарлаж байна. Шүүгдэгч машинаа зогсох ёсгүй газар зогсоосон байсан учир би шаардлага тавьсан. Мөн хэл амаар доромжилсон гэж тайлбарлаж байна. Би хэл амаар доромжлоогүй. Утсаар бичлэг хийсэн талаар тайлбарлаж байна. Намайг машин дотроо сууж байхад шүүгдэгчийн эхнэр ирж миний биед халдсан учир бичлэг хийсэн.” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулах хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээгээр оногдуулах санал гаргасан. Учир нь, хүүхдийнх нь эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай байдлыг харгалзан үзсэн. Анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар үүссэн маргааны явцад нүүр хэсэг рүү нь цохих, түлхэх, боох зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад цус хуралт, хүзүү, баруун эгмийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Мын “...2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр төрөхийн зүүн урд талын замаар урдаасаа хойшоо зүгт “Эм Жи Жи” эмнэлгийн хажуугаар явж байсан. Тэгсэн машины зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нэг залуу машинаа байрлуулж байсан. Тэр хүнд би “нэгдүгээр эгнээнд машин тавьж болохгүй, энэ зам түгжрээд машин зөрж болохгүй байна машинаа холдуул” гэсэн шаардлага тавьсан. Тэгсэн эхнэр нь гарч ирээд чи юун сүртэй юм гэж хэлээд миний хацар руу гараараа хүрсэн. Тэгээд эхнэртэй нь маргалдаад зогсож байсан цаана машиндаа сууж байсан залуу ирээд гараад ир гэхээр нь гарсан ба хоорондоо маргалдаж зууралдсан. Улмаар хойноос машин сигналдаад байхаар нь хүнд төвөг удаад яахав гэж бодоод салаад машин руугаа суух гэсэн чинь араас тэр залуу боож эргэж хараад зууралдсан. Тэгсэн тэр залуу намайг 4-5 удаа гараараа нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Миний гаргасан үйлдэл бол тэр залууг нэг удаа л өшиглөсөн. Мөн цааш нь түлхэж хашаа руу шахсанаас өөр үйлдэл хийгээгүй. Тэгсэн хажуугаар явж байсан нэг залуу ирж салгасан ба миний хамраас цус гараад байсан болохоор өөр зүйл анзаарч хараагүй. ...” /хх 14-16/,

яллагдагчаар Б.Г “...Би М.Мын нүүр хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон юм. ...” /хх 5/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10650 дугаар “...М.Мын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны салстад цус хуралт, хүзүү, баруун эгэмийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 47-48/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-43/, хохирогч М.Маас гаргаж өгсөн гэмт хэрэг гарсны дараа биед нь гэмтэл учирсан байдлыг харуулсан гэрэл зураг /хх 26/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Г хохирогч М.Мын биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжны салстад цус хуралт, хүзүү, баруун эгэмний зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа “... Шүүгдэгч Б.Г нь М.Мтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, харилцан бие биедээ хүрч цохилцсоноос хэн алиндаа гэмтлийн “хөнгөн” зэрэг учруулсан байхад хохирогч гэх М.Мад холбогдох хэргийг прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 220902571 тоот тогтоолоор тусгаарласан. Уг тогтоолын үндэслэл тодорхой биш, шүүгдэгчид танилцуулаагүй. Тухайн хэрэг нэг өдөр, нэг цаг хугацаанд болсон байхад тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18-д заасныг зөрчсөн. Тухайн өдөр Б.Г нь бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эхнэрийн хамт явж байсан байхад гэрчээр асуугаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэж шийдвэрлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б.Г гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12088 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр шүүгэгч Б.Г эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байх ба дээрх асуудлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 220902571 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж зааснаас үзэхэд хэргийг нэгтгэн шийдвэрлэх асуудал нь зөвхөн яллагдагчийн хувьд хамаарах тул Б.Г хохирсон үйлдлийг тусад нь шалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ    

                                 ШҮҮГЧ                                   Т.ӨСӨХБАЯР    

                                 ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ