Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/00758

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр                     Дугаар 183/ШШ2024/00758                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, **** сум, ** дугаар баг, ** дугаар байр, * тоот хаягт оршин суух “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч*******гийн Ч*******,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, 99 хэсэг, ****хотхон, *** тоот хаягт оршин суух “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч Э (РД:***********) нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байр, **** тоот хаягт оршин суух Б*******, РД:*************)-д холбогдох

 

БНХАУ-ын иргэн Y (Ю)-ээс “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Э*******эг, С.У*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ч.Ч*******, Ч.Э нар нь хариуцагч БНХАУ-ын иргэн Y (Ю)-нд холбогдуулан “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн **** нь Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлэхгүй, компанид шууд хохирол учруулсан үйл ажиллагааг явуулсны улмаас их хэмжээний зээлийн болон татварын өр үлдээгээд 20** оны сүүлээр БНХАУ руу буцаж явсан, өнөөдрийг хүртэл холбоо барихгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна. Үүний улмаас компанийн уурхайн үйл ажиллагаа 20**, 20** онд бүр мөсөн зогсож, өр төлбөр, хураамж, лицензийн төлбөр, хайгуулын зардал зэрэг их хэмжээний өр төлбөрийн дарамтад орсон. Я******* нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас тавьдаг шаардлагыг үл тоомсорлон зориуд зөрчиж, энэ хүрээнд төрийн эрх бүхий байгууллагуудаас компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.7, 31 дүгээр зүйлийн 31.1, 42 дугаар зүйлийн 42.1, Газрын хэвлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн 26, 486, 490, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 10 дугаар зүйлийн 10.1, Хог хаягдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 10 дугаар зүйлийн 10.2.5, Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 28 дугаар зүйлийн 28.11, 28.18, 30 дугаар зүйлийн 30.1.3, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.7, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Хэмжилзүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоолын 2 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4.9 дэх заалтыг тус тус зөрчсөн.

1.2.Гүйцэтгэх захирал Y (Я*******)-д 20**оны 06 дугаар сарын 09ний өдөр хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах тухай, 20** оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрээ болон хуулиар хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар албан шаардлага, 20** оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг яаралтай зарлах тухай шаардлагыг тус тус хүргүүлсэн боловч ямар нэг арга хэмжээ аваагүй, компанид хамааралгүй Y (Ю)-д компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг өгч, улмаар Y (Ю) нь компанид хохиролтой үйл ажиллагаа явуулсан.

1.3.Дээр дурдсан нөхцөл байдлыг шийдвэрлэх, компанийн удирдлагыг тодорхой болгох үүднээс хувьцаа эзэмшигчдийн 20** оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хойшлогдсон хурлаар БНХАУ-ын иргэн Y (Я*******)-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Монгол Улсын иргэн Ч.Ч*******ыг томилсон. Иймд БНХАУ-ын иргэн Y (Ю)-аас “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч БНХАУ-ын иргэн Y (Ю), түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэлд дурдсан шаардлагын үндэслэл нь Компанийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлж гаргасан “*******” ХХК-ийн дүрэмд тусгасан заалтуудыг ноцтой зөрчсөн. Энэ талаар хувьцаа эзэмшигч Ч.Эд түүнээс ирүүлсэн мэдэгдэлд хариу тайлбар өгөх байдлаар харилцаж ирсэн.

2.2.Хувьцаа эзэмшигч Ч.Э нь компанийн дүрмийн 5.1, 6.1, 7.1, 7.2, 7.3, 8.1, 8.2, 8.4 дэх заалтуудыг зөрчиж, компанийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга БНХАУ-ын иргэн С***, хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Ян Бэн Жан нарт мэдэгдэлгүйгээр хувь нийлүүлэгчдийн эрхийг зөрчиж, 2*** оны 05 дугаар сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит болон ээлжит бус аль хэлбэрээр зарлан хуралдуулсан нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй атлаа хийсэн мэтээр үндэслэлгүйгээр гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгох, гүйцэтгэх захирлыг дур мэдэн томилсон. Нэхэмжлэлд хавсаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл зэрэг нь албан ёсны шийдвэр, тэмдэглэл биш.

2.3.Ч.Э нь Я*******ыг 2012 онд Монгол Улсаас гарсан шалтгаан нөхцөлийг мэдсээр байж компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд зориуд саад учруулж байснаас компанийн уурхай, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа 20**, 20** онд бүрмөсөн зогсож, өр төлбөр, хураамж, лицензийн төлбөр, хайгуулын зардал зэрэг их хэмжээний өр төлбөр, хамтран ажиллаж байсан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн төлбөр тооцоог компанийн гүйцэтгэх захирал Я*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Y**** миний бие барагдуулж өнөөдрийг хүртэл компанийн ашиглалтын лиценз, уурхай болон олборлолт борлуулалтыг аль болох хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн байдлаар зохицуулж ирсэн.

2.4.Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 20** оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хойшлогдсон хурлын 01 дугаар тогтоол, 01 дугаар тэмдэглэл, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я*******-д хаягласан 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн огноо, Ч.Эы гарын үсэг бүхий “Хариу хүргүүлэх тухай” гэх баримт, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я*******-д хаягласан 20** оны 08 дугаар сарын 24-ний өдрийн огноо, Ч.Эы гарын үсэг бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх баримт, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ян Бэн Жан-д хаягласан 2*** оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн огноо бүхий “Шаардлага гаргах тухай” гэх баримт, Ч.Э болон өмгөөлөгч С.У*******, Э.Э*******эг нарын хооронд байгуулагдсан 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн огноо “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, Ч.Ч******* болон өмгөөлөгч С.У*******, Э.Э*******эг нарын хооронд байгуулагдсан 20** оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн огноо “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”,

 

Хариуцагч талаас хавтаст хэрэгт 20** оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн огноо бүхий шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Эд хаягласан 20** оны 08 дугаар сарын 28-ны өдрийн огноо, Yuan Mioazhen-ны гарын үсэг бүхий Монгол хэлээр үйлдэгдсэн “Мэдэгдэлд хариу хүргүүлэх талаар” гэх баримт, БНХАУ-ын иргэн Y*****-аас Y-д “Эф Жи Пи ЭМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоолд гарын үсэг зурах, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурах эрхийг 20** оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “*******” ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 20** оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч Ж.Т******* болон БНХАУ-ын иргэн Y нарын хооронд байгуулагдсан 20** оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий Иргэний хэрэгт хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж өгснийг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ч.Э, Ч.Ч******* нар нь хариуцагч БНХАУ-ын иргэн Y (Ю)-нд холбогдуулан “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Y (Я*******) нь Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ биелүүлэхгүй, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Хэмжилзүйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоолын 2 дахь заалт, Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг тус тус зөрчсөн тул Гүйцэтгэх захирал Y (Я*******)-д 20** оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулах тухай, 20** оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрээ болон хуулиар хүлээсэн үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар албан шаардлага, 20** оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг яаралтай зарлах тухай шаардлагыг тус тус хүргүүлж, компанийн хувьцаа эзэмшигчдийн 20** оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хойшлогдсон хурлаар түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Монгол Улсын иргэн Ч.Ч*******ыг томилсон тул БНХАУ-ын иргэн Y (Ю)-аас “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч БНХАУ-ын иргэн Y (Ю) нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хувьцаа эзэмшигч Ч.Э нь компанийн дүрмийн 5.1, 6.1, 7.1, 7.2, 7.3, 8.1, 8.2, 8.4 дэх заалтуудыг зөрчиж, компанийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга БНХАУ-ын иргэн Сун Жуншан, хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компанийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Ян Бэн Жан нарт мэдэгдэлгүйгээр хувь нийлүүлэгчдийн эрхийг зөрчиж, 20** оны 05 дугаар сарын 04-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит болон ээлжит бус аль хэлбэрээр зарлан хуралдуулсан нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй атлаа хийсэн мэтээр үндэслэлгүйгээр гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгох, гүйцэтгэх захирлыг дур мэдэн томилсон тул Ч.Э, Ч.Ч******* нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Y-ыг томилсныг 20** оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн, түүнээс хойш гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн талаар тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийгдээгүй.

4.2.“*******” ХХК-ийн хувь нийлүүлэгч нь БНХАУ-ын иргэн Y (Я), Sun Zhongshan (Сун Жуншан), Монгол Улсын иргэн Ч.Э нар бөгөөд компанийн нийт хөрөнгийн 30 хувьтай тэнцэх 100 ширхэг хувьцааг Y (Я) нь , 40 хувьтай тэнцэх 133 хувьцааг Sun Zhongshan (Сун Жуншан), 30 хувьтай тэнцэх 100 хувьцааг Ч.Э эзэмшдэг.

4.3.БНХАУ-ын иргэн Y (Я)-аас БНХАУ-ын иргэний Y (Ю)-д “Эф Жи Пи ЭМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Y (Ю)-ын эзэмшиж буюу буй хувьцааны эрхийн дагуу саналын эрхтэй оролцох, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоолд гарын үсэг зурах, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурах эрхийг 20** оны 07 дугаар сарын 06-ны өдөр олгосон.

4.4.Ч.Эы зүгээс “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн талаар БНХАУ-ын иргэн Y (Я)-д 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн, түүнийг Y (Я) хүлээж авсан.

 

5.Хавтаст хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэснээр тус компанийн гүйцэтгэх захирал Y бүртгэлтэй, бүртгэлд өөрчлөлт орсон талаар тэмдэглэл хийгдээгүй байх тул “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын байр сууринаас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

6.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн… 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэж зааснаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ч*******ын нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэний Y (Ю)-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7.Зохигч талуудын хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулсан эсэх асуудал нь Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн холбогдох заалтад нийцсэн эсэх талаар маргаантай байна.

 

8.Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна” гэж тус тус заажээ.

 

9.Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн огноо бүхий “Шаардлага гаргах тухай” гэх баримтад “…Юань Миао Зен (Y) гэгч этгээд нь компанийн өмч, хөрөнгө, орлогыг завшиж хувийн дансаараа компанийн ихээхэн хэмжээний орлогыг авсан, компанийн бусдад төлөх төлбөрийг хувьдаа авч завшсан болон компанийн улсад төлөх татварыг нуун дарагдуулж хувьдаа авсан, хувьцаа эзэмшигчдэд төлөх ногдол ашгийг нуун дарагдуулсан, компанийг зориуд төлбөрийн чадваргүй болгосон зэрэг хууль бус үйлдлийг хийж компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна. Тиймээс Ян Бэн Жан (Y) та “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд дээр дурдсан болон бусад асуудлыг хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хууль, компанийн дүрэмд заасан журмын дагуу зарлана уу” гэж дурдсанаас үзэхэд тус баримтыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шаардлага гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10.Гэвч дээрх шаардлага бүхий баримтыг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Y (Я)-д хүлээлгэж өгсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

11.Иймд Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт “…хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана”, 61.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэж заасан нөхцөл байдал үүссэн талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй буюу хувьцаа эзэмшигч Ч.Э нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “…энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй байсан эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

12.Дээрх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй тохиолдолд “хувьцаа эзэмшигч Ч.Э нь компанийн дүрэм зөрчиж, компанийн бусад хувь нийлүүлэгчдийн эрхийг зөрчиж, хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй атлаа хийсэн мэтээр үндэслэлгүйгээр гүйцэтгэх удирдлагыг шинээр сонгох, гүйцэтгэх захирлыг дур мэдэн томилсон” гэх татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.

 

13.Түүнчлэн Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ” гэж зааснаар “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Э нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс бус бие даан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг бусад этгээдээс шаардах эрх хуулиар олгогдоогүй байна.

 

14.Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигчдийн хурал, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигч Ч.Эд компанийн нэрийн өмнөөс компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг бусдын эзэмшлээс шаардах эрхийг олгосон баримт хэрэгт авагдаагүй болно.

 

15.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч БНХАУ-ын иргэн Y (Ю)-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Эы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Y (Ю)-аас “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ч*******ын нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн Y (Ю)-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД