Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00533

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00533

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: суух Б овогт Р.М

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

- Р.М нь 1972 онд төрсөн бөгөөд нөхөр болох талийгаач агсан Р.Ө-тай 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд хүү Ө.Ч 1994 онд, хүү Ө.Ч 1995 онд, охин Ө.З 2011 онд төрсөн. Р.М-ийн нөхөр Р.Ө 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Р.М, Р.Ө нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Одоо охин Ө.З-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон авах зорилгоор шүүхэд Р.Ө агсантай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд хүү Ө.Ч, Ө.Ч, охин Ө.З нарын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Р.М-ийг Р.Ө агсантай А аймгийн Т сумын М багт 1993 оноос 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №CVL.............. дугаартай Ө.Ч-ын Нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №.............. дугаартай Р.Өгийн Нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Г овогт Р.Ө-гийн “Иргэний үнэмлэхийн хуулбар”,

- Р.М-ийн Гэрлэсний бүртгэлтгүй лавлагаа,

- Ө.З-гийн №.... дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- А аймгийн Т сумын М багийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот тодорхойлолт,

- Ө.Ч, Ө.Ч нарын Иргэний үнэмлэхийн хуулбар,

- А аймгийн Т сумын М баг оршин суух Р.Ө-гийн ............. дугаартай 2020 оны  хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Р.Л-гээс авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

-  А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 664 тоот албан бичгээр ирүүлсэн Ө.З, Ө.Ч, Ө.Ч нарын төрсний ХААТР-11 маягт,

- Хүн ам, орон сууцны/  2000, 2010,2020 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/4536 тоот, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/4537 тоот, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/4538 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх хүсэлт гаргагч Р.М-ийг Р.Ө-тай 1993 оноос 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний М.У-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.

          Үүнд:

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №CVL................ дугаартай “Г овогт Ө.Ч, эрэгтэй, нас барсан он, сар, өдөр-2023.08.02, бүртгэсэн газар:А Т, бүртгэсэн он, сар, өдөр:2023.08.09” гэсэн Нас барсны бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №............ дугаартай “Г овогт Р.Ө, эрэгтэй, нас барсан он, сар, өдөр: 2020.12.04, бүртгэсэн газар-А Т, бүртгэсэн он, сар, өдөр:2020.12.08” гэсэн Нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Г овогт Р.Ө-гийн “Иргэний үнэмлэхийн хуулбар”,

- Р.М-ийн Гэрлэсний бүртгэлтгүй лавлагаа,

- Эцгийн нэр Р.Ө, эхийн нэр Р.Ө гэсэн Ө.З-гийн №.... дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- А аймгийн Т сумын М баг Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Р.Ө нь тус багт эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан нь үнэн болно” гэсэн 42 тоот тодорхойлолт,

- Ө.Ч, Ө.Ч нарын “Иргэний үнэмлэхийн хуулбар”,

- А аймгийн Т сумын М баг оршин суух Р.Ө-гийн ............ дугаартай 2020 оны  хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт: Г овогт Р.Ө, 47 настай, өрхийн тэргүүлэгч, эрэгтэй, малчин, Б овогт Р.М, 45 настай, эхнэр, эмэгтэй, малчин, Г овогт Ө.Ч, 24 настай, хүү, эрэгтэй, мэргэжилгүй, Г овогт Ө.З, 8 настай, охин, эмэгтэй гэсэн,

- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 664 тоот албан бичгээр ирүүлсэн Ө.Ч, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, эхийн нэр Р.М, эцгийн нэр Р.Ө, Ө.Ч, 1996 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эхийн нэр Р.М, эцгийн нэр Р.Ө, Ө.З, 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эхийн нэр Р.М, эцгийн нэр Р.Ө гэсэн ХААТР-11 маягтууд,

- Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын 105 дугаар хуудсанд “А аймгийн Т сумын М баг хөдөө оршин суух Р.Ө, тэргүүлэгч өөрөө, 1972 оны 02 дугаар сард төрсөн, 27 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Р.М, эхнэр, 1974 оны 02 дугаар сард төрсөн, 25 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Ө.Ч, 1994 оны 02 дугаар сард төрсөн, 5 настай, эрэгтэй, Ө.Ч, 1995 оны 11 дүгээр сард төрсөн, 4 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/4536 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын 28 дугаар хуудсанд “А аймгийн Т сумын М баг Т-д оршин суух Г ургийн овогтой Р.Ө, тэргүүлэгч өөрөө, 1972 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, эхнэр Б ургийн овогтой Р.М, 1974 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, хүү Г ургийн овогтой Ө.Ч, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 15 настай” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/4537 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын 84 дүгээр хуудсанд “А аймгийн Т сумын М баг Т оршин суух Г ургийн овогтой Р.Ө, тэргүүлэгч өөрөө, 1972 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, эхнэр Б ургийн овогтой Р.М, 1974 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, хүү Г ургийн овогтой Ө.Ч, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, охин Г ургийн овогтой Ө.З, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 8 настай” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 03-05/4538 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Р.Л-гийн: “Р.Ө нь миний төрсөн ах. Р.Ө, Р.М нар 1993 оноос хамтын амьдралтай байсан. Р.Ө, Р.М нар А аймгийн Т сумын М багт хамт амьдарч байсан. Тэдний дундаас 2 хүүхэд төрсөн. 2 хүү. Том хүүхэд нь л байдаг. Бага хүүхэд нь нас барсан. Сүүлд бүр хойно нэг хүүхэд гарсан. Р.Ө, Р.М нар 1993 оноос хойш тасралтгүй хамт амьдарч байсан. Том хүүхэд нь 2004 онд төрсөн байх аа, Ч гэдэг. Нас барсан хүүхдийг нь Ч гэдэг байсан. 2023 онд суумгай байж байгаад нас барсан. Р.Ө нь яг эд коронагийн үе байсан. Хэдэн он байсныг нь санахгүй байна. Өнгөрөхөөсөө өмнө Т-даа л амьдарч байсангэх мэдүүлэг зэргээр Р.М-ийн Р.Ө-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.

3. Хүсэлт гаргагч Р.М нь Р.Ө-тай 1992 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 1994 оны 02 сарын 15-ны өдөр хүү Г овогт Ө.Ч, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Г овогт Ө.Ч, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр охин Г овогт Ө.З нарыг төрүүлэн ам бүл 5-уулаа хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

            5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н Р.А-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Р.М-ийг Г овогт Р.Ө-тай 1993 оноос 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ЭЛБЭГЗАЯА