Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00167

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 18 өдөр                  Дугаар 183/ШШ2022/00167                            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шатны шүүхийн шүүгч хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Д-д холбогдох

ГС ХХК-ийн тамга тэмдэг болон холбогдох бичиг баримтуудыг шилжүүлж өгөхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

Хариуцагч Ц.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Д нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ***************** дугаар шүүгчийн захирамжаар ГС ХХК-ийн эзэмшлийн 50 хувийг Б.О-д өгснөөр ГС ХХК-ийн 100 хувь миний мэдлийн болсон боловч Ц.Д нь компанийн тамга тэмдэг болон бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгөхгүй явсаар өдий хүрээд байна. Миний бие компанийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэсэн боловч Ц.Д нь тамга тэмдэг болон холбогдох бичиг баримтуудыг өгөхгүй, шүүгчийн захирамжид тусгагдаагүй мөнгө нэхэмжилж, 10.000.000 төгрөгийг өгвөл компанийн тамга тэмдгийг шилжүүлэн өгнө гээд шүүгчийн захирамжийг үл биелүүлж миний ажилд саад учруулан зугтаан залилан явсаар байна. Иймд хариуцагч Ц.Д-с ГС ХХК-ийн тамга тэмдэг болон холбогдох бичиг баримтуудыг нэхэмжлэгч Б.О-д шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч Б.О-с Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *************** дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээ, орон сууц захиалгаар барих гэрээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан ГС ХХК-ийн тамга тэмдэг болон холбогдох бичиг баримтуудыг шилжүүлж өгөхийг даалгахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх үзэв.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.О-н нэхэмжлэлтэй, С ХХК, ГС ХХК, Га ХХК, Л.Ц, Ц.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 200.000.000 төгрөгийг хариуцагч С ХХК, түүний хувьцаа эзэмшигч Л.Ц, Ц.Д нараас гаргуулах,

-иргэн Б.О болон С ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгож, мөн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох,

-худалдан авагч иргэн Б.О, худалдагч тал болох иргэн Л.Ц болон иргэн Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох,

-барилгын засварын хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 35.650.903 төгрөгийг хариуцагч ГС ХХК-иас гаргуулах,

-үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах гэрээний төлбөрт зориулан шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг Га ХХК-иас гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Га ХХК-ийн гэрээ цуцалсны улмаас байрыг хэвийн болгоход шаардагдах зардал 103.341.299 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэж байх явцад зохигчид ГС ХХК-ийн 100 хувийн хувьцааг тавь тавин хувиар хамтран эзэмшиж байсан байх ба уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулан Ц.Д нь өөрийн эзэмшлийн ГС ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.О-д бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ************* дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

Дээрх шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Ц.Д-н эзэмшлийн ГС ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.О-д шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

3. Харин хариуцагч Ц.Д нь шүүгчийн захирамжийн дагуу ГС ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.О-д шилжүүлэн өгсөн боловч ГС ХХК-ийн тамга тэмдэг болон холбогдох бичиг баримтуудыг шилжүүлэн өгөөгүйгээс компанийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.О-с ГС ХХК-ийн тамга тэмдэг болон холбогдох бичиг баримтуудыг хариуцагч Ц.Д-с гаргуулахаар шаарджээ.

4. Хариуцагч Ц.Д нь ГС ХХК-ийн 50 хувийн хувьцаа болон хувьцаанд ногдох компанийн эрхийг шилжүүлж, нэхэмжлэгч Б.О нь ГС ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсны хувьд компанийн удирдлагыг хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагааг удирдан явуулах эрхтэй боловч энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна.

5. Маргааны зүйл болсон ГС ХХК-ийн тамга тэмдэг болон дүрэм хариуцагч Ц.Д-д байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Улсын бүртгэлийн ерөнхийн газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байх ба тэрээр ГС ХХК-ийн тамга тэмдгийг нэхэмжлэгч Б.О-д шилжүүлэн өгөхөөс татгалзахдаа 10.000.000 төгрөгийг авсны дараа шилжүүлэн өгнө гэж тайлбарласан нь зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээ болон тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ************** дугаартай зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нийцэхгүй байна.

Учир нь хариуцагч Ц.Д нь өөрийн эзэмшлийн ГС ХХК-ийн 50 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.О-д шилжүүлсэний хариуд ямар нэгэн хариу төлбөр буюу мөнгөн хөрөнгө авахаар талууд харилцан тохиролцоогүй тул тэрээр ГС ХХК-ийн эзэмшлийн 50 хувийн хувьцааны хамт компанийн тамга тэмдэг болон холбогдох бичиг баримтуудыг шилжүүлэн өгөх үүрэгтэй.

6. Нэхэмжлэгч Б.О нь ГС ХХК-ийн тамга тэмдгийг гээгдүүлсэн үндэслэлээр дахин авахыг хүссэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.Д-д компанийн тэмдэг хадгалагдаж байгаа болох нь тогтоогдсон гэж үзэж тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин олгохоос татгалзжээ.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-д ГС ХХК-ийн тамга тэмдэг болон холбогдох бичиг баримуудыг шилжүүлж өгөхийг хариуцагч Ц.Д-д даалгах нь зүйтэй байна.

7. Нөгөөтэйгөөр хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

8. Нэхэмжлэгч Б.О нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан холбогдох бичиг баримтууд гэдэгт компанийн дүрэм болон гэрчилгээ хамаарч байгаа бөгөөд компанийн гэрчилгээг авсан тул компанийн дүрмийг гаргуулна гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-д ГС ХХК-ийн тамга тэмдэг болон компанийн дүрмийг шилжүүлж өгөхийг хариуцагч Ц.Д-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР