Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/225

 

         

Г.Шхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.Титгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай, түүний өмгөөлөгч А.Түвшинтөгс,

шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,   

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Төмгөөлөгч А.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Шхолбогдох эрүүгийн 22030025 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Г.Ш, 

Шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн барилгын материалын Худалдааны төвийн урд замд “Тоёота рактирс” маркийн 15-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н, Д.Т, И.Онарыг мөргөж, М.Н, Д.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.И.О эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Шийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Шхолбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Шээс 3.761.690 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /төлөөлөгч Ч.Энхтуяа/-т, 703.623 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд тус тус олгож, хохирогч Д.Т, М.Н, иргэний нэхэмжлэгч И.Онар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Төмгөөлөгч А.Түвшинтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/655 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэгдүгээрт, Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 7191 дугаар шинжээчийн дүгнэлтийн 1-д “Д.Тбиед сээрний 11-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо”, 2-т “Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой", 3-т “Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна", 4-т “цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэж тусгасан. Энэхүү шинжээчийн дүгнэлттэй хохирогч Д.Т нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр танилцсан. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 79/-ийн “оролцогчоос гаргасан хүсэлт” гэсэн хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна." гэж гар бичмэлээр бичиж, хүсэлтээ тавьсан. Учир нь хохирогчийн хувьд сээрний 11-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан гэмтлүүд учирсны улмаас удаан хугацааанд хэвтрийн дэглэм баримталж, суугаа тэргэнцэртэй явж байна. Гэтэл шинжээч дүгнэлтдээ хүндэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энэ талаар ахлах мөрдөгч Г.Жавхлан болон Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд хэлж, ярьж байсан боловч дахин шинжээч томилж ажиллагаа хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно” гэж заасан. Хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтийн шатанд гомдол, хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн шатанд өмгөөлөгч, хохирогчийн зүгээс дахин шинжээч томилох хүсэлтэд хариу өгөөгүй талаар хэлж байсан боловч шүүх шийдвэр гаргах ажиллагаандаа харгалзан үзээгүй байна. Гэтэл энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл, ял оногдуулахад зайлшгүй анхаарч үзэх үйл баримт байсан.

Хоёрдугаарт, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/655 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “Хохирогч Д.Тнэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлсийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Учир нь хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно” гэж дурдсан. Хохирогч Д.Т нь энэхүү осолд өртөөгүй байсан бол өмгөөлөгчид хөлс төлөх, гэрээ хэлцэл хийх шаардлагагүй байсан. Өмгөөлөгчийн хувьд хохирогчтой харилцан тохиролцож гэрээ байгуулж байгаа боловч нэг талаар зайлшгүй гарч буй хохирол, нөгөө талаар хууль ёсны дагуу авч буй үйлчилгээ мөн. Хохирогчийн хувьд өмгөөлөгч авахгүйгээр энэхүү шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Учир нь хууль зүйн туслалцаа авч буй үйлдэл нь ослын улмаас зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах юм. Иймд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд тусгагдсан хохиролд хамаарна гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/655 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай тус шүүх хуралдаанд “...Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Г.Ш тус шүүх хуралдаанд “...Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 655 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гарсан хохирлуудыг төлсөн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-т заасан шүүгдэгч Г.Шээс 3.761.690 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /төлөөлөгч Ч.Энхтуяа/, 703.623 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд тус тус олгосугай гэсэн заалтад заасан хохирол “Хаан даатгал”-аас төлөгдөж орсон байгаа. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулж асуухад “703.623 төгрөг орсон” гэж хэлсэн. Шийтгэх тогтоолд заасан хохирол төлөгдсөн. Шүүхээс шүүгдэгч Г.Шийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Бидний зүгээс үүнийг хуулийн дагуу оногдуулсан ял  учраас хүлээн зөвшөөрөөд гомдол гаргаагүй. 4 дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг хязгаарласан гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч “Говь” компанид ажилладаг. Гэр нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг нь үнэн. Шүүгдэгч Г.Ш нь бусад дүүргүүдээс   эрүүл мэндийн үйлчилгээ авах, өөр дүүрэгт шилжин суух асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас Улаанбаатар хотын 4 дүүргээс гарахыг хориглосон шийдвэр гарсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн гэмтлийн зэргийг Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарч, танилцуулсан. Хүндэвтэр гэмтэл учраас гэмтлийн зэрэг нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс 6.13, 6.14-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавиагүй. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Үндсэн хуульд зааснаар “хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй” байдаг талаар ярьж байна. Мөн өөрийнх нь хууль зүйн мэдлэг дутагдалтай учраас өмгөөлөгч авдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дугаар хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэсэн заалттай. Тийм учраас өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй.” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дахин шинжээч томилох асуудал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хуулийн зохицуулалт байгаа. Хэрэгт 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 7191 дугаар шинжээчийн дүгнэлтэд хохирогч Д.Тсээрний 11-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Энэ нь  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. Тийм учраас иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Төмгөөлөгч А.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн барилгын материалын худалдааны төвийн урд авто замд “Тоёота рактирс” маркийн 15-64 УНС улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Н, Д.Т, И.Онарыг мөргөж, М.Н, Д.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, И.И.О эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Нийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ... таксинаас буугаад Яармаг худалдааны төвийн урд зам, явган хүний зам дээр Г.Шийг ирэхийг хүлээгээд явган суугаад гутлаа үдэж байтал гэнэт зүүн талаас машин ирж мөргөөд газарт унасан. Тэрнээс хойш би юм санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлгийн машин дотор намайг Ц эгч түшээд сууж байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд нарийн шинжилгээ өгөхөд нүүрний баруун хэсэгт цөмөрсөн, баруун нүдний ухархайн урд доод эрмэгт доод хана цөмөрсөн зөрүү ихтэй, гадна ханын зөрүүтэй, баруун хацар ясны хоёрлосон, нүүрний яснуудын баруун хэсгийн нийлмэл хугаралтай, хамрын баруун дайвар хөндийн салст зузаарсан цустай, тархинд бага зэргийн хавантай, нүүрний баруун зовхи духны зөөлөн эдийг хамарсан хавдартай, дээд нэг шүд хугарсан гэж эмч хэлсэн. Нүүрний хагалгаанд орсон. Би хөгжлийн бэрхшээлтэй. ...Миний эмчилгээний зардалд жолооч талаас одоогийн байдлаар нийт 500.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн. ...Би гомдолтой байна. Тохойвчтой хөнгөн цагаан таяг, ажилгүй байх хугацааны цалин, мөн өөрийн биед хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” /хх 25/,

хохирогч Д.Т“...Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны орой 18 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харих гээд Яармаг барилгын худалдааны төвийн явган хүний замаар явж байтал замд 3 эмэгтэй явган сууж байсан. Эсрэг талаас машины замаар нэг хар өнгийн автомашин ирж байгаад буцаж эргэх үйлдэл хийж, гэнэт хаазлаад хашлага даваад явган хүний зам дээр гарч ирээд намайг мөргөж, газарт би унасан. Тухайн үед маш хурдан холдож зугтах боломж гараагүй. Би шууд охиндоо ослын талаар хэлээд дуудсан. Түргэний эмч их удаж ирсэн. Намайг үзээд өвчин намдаах эм, тариа хийгээд гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Эмчид үзүүлж шинжилгээ өгсөн. Эмч нурууны хэсэгт 2 хугаралттай байна гэж хэлсэн. Би босож явж чадахгүй, маш их өвдөлттэй байсан учир “Мэлтэс мед" гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний бие хүнд байна. Байнгын хэвтэрт, хүний асаргаанд байгаа. Мөн нойр хүрэхгүй, сэтгэлийн хүнд гутралтай байгаа. Эм, дусал байнга хэрэглэж байна. Жолооч талаас одоохондоо 600.000 төгрөг төлсөн. Эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байна. Сэтгэл санаа, мөн эдийн засгийн хохиролтой байна. Өөрийн эмчилгээний зардалд орох хохирлоо нэхэмжилж байна.” /хх 38/,

иргэний нэхэмжлэгч И.И.О “...Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажлын газрын хүмүүс болох Цэцэгмаа, М.Н нартай хамт Яармагт айлд очих гээд автобусаар явж байгаад Яармагийн 3 дугаар буудал дээр бууж, такси барин Яармаг барилгын худалдааны төв дээр очоод АТМ орж мөнгө авсан. Манай ажлын М.Н хөгжлийн бэрхшээлтэй тул байнга 2 суга таягтай явдаг учраас бид нар байнга такси барьдаг. “Г.Ш ойрхон явж байна, машинтай ирээд авчихна” гэж М.Нт хэлсэн. Бид 3 Яармагийн барилгын материалын худалдааны төвийн замын хойд талд явган хүний зам дээр зогсоод Г.Шийг хүлээсэн. М.Н хөгжлийн бэрхшээлтэй таягтай учир хашлага дээр суулгасан байсан. Шүрэнцэцэг машинтайгаа ертөнцийн зүгээр баруун талаас ирж байхыг хараад М.Нийг газраас босгоод зогсож байтал Г.Ш машинтайгаа бид нарыг дөнгөж өнгөрөөд буцаж эргэхдээ маш хурдтай эргэсэн. Машиных нь дугуй хэсэгт хашлага тулсан. Буцаж ухралгүй чигээрээ хашлага давж гарч ирээд бид нар руу явсан. Би М.Нийг шууд хойшоогоо түлхэж бага зэрэг холдуулж машинд мөргүүлээд зам дээр унасан. Цэцэгмаа эгч машинд мөргүүлээгүй, бид нарт түлхэгдээд ухарч байгаад унасан. Тухайн үед машины дугуй миний зүүн хөл дээгүүр гарсан. М.Нийг машин хальт шүргэсэн байх, би сайн мэдэхгүй байна. Намайг хүн газраас татаад замаас гаргасан. Нэг танихгүй хүн бид нартай хамт машинд мөргүүлсэн байсан. Тэр хүнийг бол би хараагүй, хэсэг хугацааны дараа түргэний эмч ирж бид нарыг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод нарийн шинжилгээ өгөөд эмчид үзүүлтэл надад хүнд бэртэл гэмтэл, яс хугарал цууралт байхгүй, баруун хөл хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлж байсан...” /хх 52/,

иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяагийн “...Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Яармаг” барилгын материалын худалдааны төвийн урд замд 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18 цагт 25 минутын орчимд Тоёота рактирс маркийн 15-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гансүхийн Г.Ш нь явган зорчигч 34 настай эмэгтэй Мягмарбаатарын М.Н, 54 настай Долгорын Д.Т нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, 49 настай, эмэгтэй Ишбалын Оюун-Эрдэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Н, Д.Т нар нь 2022 оны 5, 6 сард дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.761.690 төгрөгийн зардал гарсан болох нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 04/3287 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдсон. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Шээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх 188/,

гэрч Э.Ц “...Би 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажлын хүмүүс болох Оюун-Эрдэнэ, М.Н нартай Яармагт тэтгэвэрт суусан эгчийнхээ гэрт очих гээд хамт явсан. Г.Ш машинтай ирж байна, бид гурвыг авчихна гэж М.Н хэлсэн тул бид гурав барилгын материалын худалдааны төвийн замын хойд талд явган хүний зам дээр зогсож байсан. Удалгүй Шүрэнцэцэг ертөнцийн зүгээр баруун талаас ирээд бид гурвыг авах гээд буцаж эргэж байсан. Шүрэнцэцэг буцаж эргэж байхдаа замын хашлага даваад тэр чигээрээ ирээд Оюун-Эрдэнэ, М.Нийг мөргөөд газарт унагаах шиг болсон. Би тухайн үед хойшоогоо ухраад газарт унасан. Намайг бол машин мөргөөгүй. Босоод иртэл газарт 3 эмэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд нэг эмэгтэй хүнийг нь танихгүй, хаанаас гараад ирснийг мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа 103-н эмч ирээд нөгөө машинд мөргүүлсэн хүмүүсийг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед би 103-н автомашин дотор хөгжлийн бэрхшээлтэй М.Нийг түшиж явж эмнэлэг орсон.” /хх 63/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 483 дугаар “М.Нт баруун хацар яс, баруун ухархайн доод, гадна хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хацрын шонтонд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун хацар яс, баруун ухархайн доод, гадна хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, хацрын шонтонд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоов. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” /хх 94-96/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7191 дугаар “...Д.Тбиед сээрний 11-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх 77-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 6849 дугаар “И.И.О биед баруун гуяны цус хуралт, зүүн өвдөгний үений суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь хоногийн өмнө үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөхгүй” /хх 82-83/

мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 636 дугаар “...Toyota Ractis” 100 маркийн 15-64 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гансүхийн Г.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: з/тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), тусгаарлах зурвас, аюулгүйн арал, тарилмал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

-Явган зорчигч Мягмарбаатарын М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

-Явган зорчигч И.Онь Монгол          Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

-Явган зорчигч Д.Т нь Монгол         Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хх 126-127/ гэх дүгнэлтүүд,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх 4-17/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Шийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.ШЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.   

Хохирогч Д.Төмгөөлөгч А.Түвшинтөгс “...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөн өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс  гаргуулах” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 7191 дугаар “хохирогч Д.Тбиед хийсэн шинжээчийн дүгнэлт”-ийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүйн гадна түүнийг үгүйсгэсэн болон бусад байдлаар эргэлзээ төрүүлэхүйц баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Г.Шээс нийт 3.761.690 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /төлөөлөгч Ч.Энхтуяа/-т, 703.623 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд тус тус олгож, хохирогч Д.Т, М.Н, иргэний нэхэмжлэгч И.Онар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй байна гэж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Шзорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг агуулгаар нь буруу тайлбарлаж, Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч Г.Ш нь Хан-Уул дүүрэгт оршин сууж, мөн дүүрэгт ажиллаж байгааг харгалзан зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Ингэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ойлголт болохгүй буюу уг ялын хугацааг хөндөөгүй болно. 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, хохирогч Д.Төмгөөлөгч А.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтад “...Шүүгдэгч Г.Шийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “...Шүүгдэгч Г.Шийг түүний оршин сууж байгаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Төмгөөлөгч А.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ЗОРИГ

                   

                                 ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                

                                 ШҮҮГЧ                                                  Б.АРИУНХИШИГ