Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 34

 

Б.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2020/00340 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Г-т хариуцагдах “5 980 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.О-ны давж заалдах гомдлоор 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д /онлайнаар/, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 12 дугаар сард Д.Г-өөс ӨМӨ улсын дугаартай Lаnd 80 маркийн автомашиныг худалдаж авсан.

Авсан даруйдаа засварын газар үзүүлж явах эд анги муудсан, эвдрэл гэмтэл ихтэй байсныг оношлуулж дараах сэлбэгийг авч тавьсан. Үүнд: Дугуй 4x250 000=1 000 000 төгрөг, амортизатор 4x120 000=480 000 төгрөг, ком тулк резин 380 000 төгрөг, пар плүмжер 550 000 төгрөг, чагтан гол 2x550 000=1 100 000 төгрөг, хуучин запас дугуй обудтай нь 270 000 төгрөг, пар плүмжер солиулсан ажлын хөлс 120 000 төгрөг, чагтан гол солиулсан ажлын хөлс 2x15 000=30 000 төгрөг, урд дамжуулагчийн таг 40 000 төгрөг, нийт 2 980 000 төгрөг. Пар пүлүмжерээс бусад эд ангийг ажлын хөлсийг өгөөд солиулсан байгаа. Пар плумжер тухайн засварын газарт сольж тавьдаггүй гэсэн. Пар плумжерийг нь Цогтбаатар гэдэг хувиараа Ланд засвар ажиллуулдаг хүн дээр очиж солиулсан.

Мөн ӨМӨ дугаартай ланд 80 автомашиныг анх 16 000 000 төгрөгөөр гэрээ хийж бидэнд өгсөн ба буцааж авахдаа 13 000 000 төгрөгт бодож авсан. Үүний зөрүү болох 3 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Б.О миний нэхэмжилж буй нийт 5 980 000 төгрөгийг Д.Г-өөс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Г анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би фэйсбүүкд Ланд-80 зарна гэсэн зар тавьсныг О үзээд чи машин зарах гэж байгаа юм байна, машиныг чинь авъя гээд надад олон удаа хүсэлт тавьсан. Би миний машиныг үзэж хар, тэгээд яаж авах юм бэ гэсэн чинь манайх олон малтай, хаврын гэрээ буюу ноос ноолуур гарах цагаар гэрээ хэлцэл хийгээд мөнгө төгрөгийг чинь өгнө гээд машиныг ирж үзсэн. Эхний удаа нөхөртэйгөө хоёулаа ирж үзэж хараад дараа нь Ланд машинтай 2 хүнтэй хамт дөрвүүл ирээд машиныг унаж үзсэн.

 Миний машин тоотод байсан. Тэр хавиар унаж үзээд болж байна, энэ машин таалагдаж байна гээд сэтгэл ханамжтай байсны үндсэн дээр худалдаж авахаар болоод 12 сарын 26-ны өдөр нотариатад гэрээ хийгээд шууд өгч аваад гэрээний дагуу сүүлд нь 02 сарын 20-ны өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээг О-ны нэр дээр шилжүүлж өгсөн. Түүнээс өмнө олон удаа гэрээр нь очиж байсан. Энд тэнд алтанд явсан байна гээд уулзаж чадаагүй. Би ээжийгээ хүртэл дагуулаад очиж байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь арга буюу 08 сарын 15-ны өдөр шүүхэд хандаад шүүхийн шийдвэрээр миний нэхэмжилсэн мөнгийг О-оор гаргуулахаар захирамж гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон. Шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх ёстой байсан 23 380 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн 2 590 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл төлөгдөөгүй.

Миний бие бүрэн бүтэн явж байсан унаагаа хүнд бүтэн жил унуулаад О-ны нэр дээр ямар ч хөрөнгө байхгүй байна, авах юм байхгүй байна гээд эцэст нь арга буюу 13 000 000 төгрөгөөр бодож шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гурвалсан гэрээ байгуулаад машинаа буцааж авсан. Тухайн үед О машинд чинь ийм сэлбэг хэрэгсэл тавилаа гэж огт хэлээгүй. Ер нь авснаас хойш машинд чинь ийм эвдрэл гэмтэл гарсан гэж надад огт хэлээгүй. Гэтэл шүүхийн шийдвэр гараад мөнгө төгрөг тооцох болсон чинь сая нэхэмжлэл дээр гэнэт ийм ийм сэлбэг чиний машинд тавьсан гээд бичсэн байсан. Миний машин тухайн үед ямар нэгэн засвар үйлчилгээ хийх ямар ч шаардлага байгаагүй. Би өөрийн гараар машинаа унадаг байсан. Сайн машинаа би өгсөн. Тухайн үед надаас худалдаж авъя, хаврын гэрээгээр авъя гэсэн хүмүүс байсан. Худалдааны төв дээр суугаад танилцсан, ерөнхийдөө ээж аавыг нь мэддэг учраас би О-д машинаа өгсөн. Бусдаар О-ыг чи ав гээд шахаж шаардсан зүйл байгаагүй. Өөрсдөө удаа дараа авъя гэсэн хүсэлт тавьсан. Өөрсдөө 2 удаа ирж үзээд 2 дахь удаагаа ирэхдээ хүмүүстэй ирээд унаж үзээд аваад явсан. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 02-ны  өдрийн 143/ШШ2020/00340 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ны хариуцагч Д.Г-өөс 5 980 0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 630 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолдоо: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн "Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээгээр иргэн Д.Г-өөс Ланд-80 маркийн авто машиныг худалдан авсан бөгөөд уг авто машинд тавьсан сэлбэгийн үнэ болон бусад зардалд 2980000 төгрөг зарцуулсан.

Бид худалдан авсан авто машинд: 4 дугуй 1000000, амортизатор 480000,  ком тулк резин 380000, пар плумжер 50000, чагтан гол, хуучин запас дугуй /обудтай/ 270000, урд дамжуулагчийн таг 40000 төгрөгөөр тус тус худалдан авч тавьсан ба эд анги сольж тавиулсны ажлын хөлсөнд 150000 төгрөг төлсөн. Энэ байдлыг шүүх үгүйсгээгүй болно.

Хариуцагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн үед Б.О чиний машинд чинь ийм сэлбэг хэрэгсэл авч тавилаа, авснаасаа хойш эвдрэл гэмтэл гарсан гэж надад огт хэлээгүй, миний машинд засвар үйлчилгээ хийх ямар ч шаардлага байгаагүй, би өөрийн гараар машинаа унадаг байсан гэжээ.

Энэ тайлбар нь гэрч Ө.Э-ны 2020.07.02-ны өдрийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Эрдэнэсайхан мэдүүлэхдээ: Машиныг асаагаад Г өөрөө унаад Ивээл худалдааны төвийн засмалаар явахад зөв талын хойд дугуй түг түг гэж дуугараад хөх утаа хаяж байсан гэх ба нэхэмжлэгч миний нэхэмжлэлдээ дурдсан сэлбэг хэрэгслийг уг авто машинд авч тавьсан болохыг тодорхой ярьсан.

Мөн машин мэддэг гээд М гэж хүнийг дагуулж очсон. Тэр хүн машиныг аваад хэрэггүй гэж хэлсэн. Харин Г нь О-той наймаа хийчихсэн байсан гэж мэдүүлсэн.

Гэрч Э-ны мэдүүлэгт бичигдсэн О бид хоёрын хувьд машин доголдолтой байсан гэдгийг мэдэж байсан гэж ойлгож болно гэсэн өгүүлбэр нь  ХЯНАВАЛ: гэрчийн хэлсэн үг биш харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтад нийцүүлэн бичсэн өгүүлбэр байна гэж ойлгогдохоор байна.

Гэрч бол ингэж хуулийн хэллэгээр асуудлыг тайлбарлаж чадахгүй. Хариуцагч Д.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлэгтэй харьцуулж дүгнэлт өгч байгаа нь хариуцагч буюу худалдагч тал болох Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээний 3.2 дахь хэсэгт заасан: Худалдагч тал худалдаж байгаа хөрөнгийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдлийн талаар холбогдох мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй гэснийг зөрчсөн болохыг харуулах зорилготой юм.

Д.Г машиныг худалдах үед ямар эд анги нь доголдолтой байсан болохыг мэдэж байсан атлаа худалдан авагчаас нуун дарагдуулсан учир миний хувьд эд хөрөнгийн доголдлын талаар хэдийд мэдсэн эсэхээс үл хамаарч хариуцагчаас 2980000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн юм.

Гэтэл анхан шатны шүүх энэ төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар буюу эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй боловч энэ хугацаандаа гомдол гаргаагүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Харин нэхэмжлэгч миний бие, худалдагч тал эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуусан учраас 255 дугаар зүйлд заасан шаардлага гаргах эрхээ алдаагүй гэж үзэж байсан тул уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Тээврийн хэрэгслийн үнийн зөрүү болох 3 сая төгрөгийн хувьд:

Д.Г-ийн надаас нэхэмжилсэн 23360000 төгрөгийн нэхэмжлэлд алдангийг 15 сая төгрөгөөс тооцсон, авто машинаа 13 сая төгрөгөөр тооцож буцаан авсан тул дээрх 3 сая төгрөгийг хохирол гэж үзэж байсан юм. Энэ асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн эсэхийг дээд шатны шүүх тунгааж үзэхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Г-өөс 5980000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ доголдлыг нуун дарагдуулсан байсан тул шаардлага гаргах эрхээ алдаагүй, 16000000 төгрөгөөр үнэлж худалдсан байсан машинаа 13000000 төгрөгөөр үнэлж буцааж авсны зөрүү 3000000 төгрөгийг хохирол гэж үзэж байна гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б.О нь Д.Г-өөс  ӨМӨ улсын дугаартай, Тoyota Land 80 маркийн автомашиныг 16000000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, Б.О нь автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, харин гэрээний “2.2 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгана” гэсэн заалтын дагуу үнийг хугацаандаа төлөөгүй тул Д.Г нь мөн заалтын “ хугацаа хэтрүүлбэл 0,5 хувиар алданги тооцно” гэсэн заалтын дагуу Б.О-оос үндсэн үүрэг 16000000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн зөрчлийн үүрэгт 7360000 төгрөг нийт 23600000  төгрөг нэхэмжилснийг Б.О зөвшөөрсөн тул Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 143/ШШ2019/00261 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжид шийдвэр биелүүлэх хугацааны талаар заагаагүй байна. Зохигчдын тайлбараар энэ шийдвэрийг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байх явцад төлбөр авагч Д.Г нь төлбөр төлөгч Б.О-оос анх худалдсан машинаа 13000000 төгрөгөөр үнэлж буцаан авах, 10360000  төгрөгийг төлбөр төлөгч Б.О нь тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр барагдуулсан гэрээ  гэх баримтаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулгаас 5980000 төгрөгийн үнийн дүнгийн  2980000 төгрөгийг анх тээврийн хэрэгслийг худалдан авахад доголдож байсан, энэ доголдлыг арилгахад гарсан зардал, 3000000 төгрөгийг машиныг буцааж авахдаа худалдсан үнээс бага үнээр авсны зөрүү хохирол гэж тайлбарлаж мэтгэлцэн, шаардлагаа нотолж гэрч асуулгаж, бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хэргийг хэлэлцээд “гэрээний төрөл, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна., Б.О нь автомашины доголдлыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр илрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд үүнээс хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлснээр худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхтэй байжээ. Тэрээр 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. Автомашиныг 13000000 төгрөгөөр үнэлж төлбөртөө тооцуулсан нь гэрээгээр нотлогдож байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх зүйн харилцаа болон гэрээний төрөл, шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоосон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2020/00340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Н.НАСАНЖАРГАЛ

                          ШҮҮГЧИД                                               Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Т.БЯМБАЖАВ