Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 22

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Н.Эрдэмбилэг 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Хохирогч  Ч.М

Хохирогчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох эрүүгийн 1730001840127 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг оршин суух, ял шийтгэлгүй Т.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Т.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр  дэнж гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн  орчимд согтуугаар  Тоёото марк-II 87-86 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох явцдаа  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна”, 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарган явган хүний замаар явж байсан Ч.М, С.Т, М.Т, М.Б нарыг мөргөж, Ч.Мийн эрүүл  мэндэд тархины эдийн няцралт, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, эрүү, зүүн чамархай, сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцарсан шарх, баруун талын сүүжний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны  11 дүгээр сарын 20-ны өдөр Н эгчийнхээр  очоод   Э ахыг хүргэж өгөөд буцахдаа  ийм хэрэг  хийсэн. Эмчилгээний зардлыг төлнө гэв. 

 

- Хохирогч Ч.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Би 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед  өөрийн 2 хүүхэд, хамаатныхаа 1 хүүхдийг дагуулаад дэлгүүр орж  хүнсний ногоо аваад гэрлүүгээ явж байхад араас гэнэт цагаан машин ирээд мөргөсөн. Манай хамаатны дүү хол шидэгдсэн. Би ухаан алдсан. Эгч ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. Би хөл дээрээ босож магадгүй гээд хот руу явж шинжилгээ өгч эмчилгээ хийлгэсэн.  Миний ясны хугарлыг эдгэрч байна, хагалгаа хийхгүй,  тархины гэмтлээ сайн эмчлүүл гэсэн. Эмчилгээний зардал, ирж очих зардал 2.800.000 төгрөг болсон. Миний зүгээр байсан биеийг  ийм болгосонд гомдолтой байна. Би үр хүүхдээ асарч чадахгүй,  өөрөө хүний асаргаанд орчихсон тул гомдолтой байна гэв. 

 

- Насанд хүрээгүй гэрч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд хамаатан эгч М болон тэдний хоёр хүүхэд Бу, Т бид нар Г дэлгүүр ороод  замын зүүн талын шороон замаар хойшоо явж байхад гэнэт нэг машин араас ирээд мөргөж унагасан.  Би машинд мөргүүлээд өнхөрч унаад босож ирээд харахад  цагаан машин явган хүний зам руу гараад ирсэн. Машины цаана надтай хамт явсан М эгч хоёр хүүхэдтэйгээ хамт гурвуулаа газар ойчсон байсан. Тэгэхээр нь би Г дэлгүүрийн ойрхон байдаг Ганцэцэг эгчийнд очиж М эгчийг машин дайрсан талаар хэлсэн. Миний дух халцарч, толгой хагарсан, хоёр өвдөг халцарч, зүүн хөлийн өвдөгний дотор тал хавдсан. Тухайн үед гадаа хүйтэн, тэнгэр цэлмэг, замын зарим хэсэг мөс цастай байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, 

- Насанд хүрээгүй гэрч М.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд ээж М, дүү Бу, хамаатан Тө бид нар Г дэлгүүр орж төмс ногоо авчихаад буцаад гэрлүүгээ засмал замын зүүн талын шороон замаар явж байсан юм. Тэр үед би ээжийнхээ баруун гар талд тортой төмсөө бариад,  дүү  ээжийн зүүн гараас хөтлөөд явж байсан. Харин Тө  ард явж байхад араас гэнэт машин ирээд бид нарыг мөргөсөн юм.  Би юу болсныг мэдээгүй нэг харахад Тө гудамж тойроод цаашаа гүйж байгаа харагдсан. Тэгээд юу ч мэдэхгүй байна. Нэг сэрэхэд машины арын суудал дээр ээж, дүү хоёртойгоо хамт сууж байсан.Удалгүй цагдаагийн машин,   эмнэлгийн машин ирж ээж, дүү бид гурвыг аваад явсан.  Миний толгойн дагзны хэсэг хавдсан, зүүн гуяны гадна тал хөхөрч хавдсан, хүзүүний баруун хэсгээр хөндүүртэй байна. Баруун цавь хавиар явахад хөндүүртэй байна... Тухайн үед гадаа юм сайн харагдаж байсан. Салхи бараг байгаагүй. Тэнгэр цэлмэг байсан. Замын зарим хэсэг цас, мөстэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/

- Гэрч Ч.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын орчим гэртээ  байхад гаднаас манай төрсөн дүү Мтэй хамт дэлгүүр явсан Тө  орж ирээд “бид хэдийг машин дайрчихлаа, аниа хоёр хүүхэдтэйгээ хамт ухаан алдаад тэндээ үлдсэн, миний толгой манараад гайгүй болохоор нь босоод гүйгээд ирлээ” гэж хэлсэн. Хаана машинд дайруулсан юм гэхэд  Очирдөш дэлгүүрийн зүүн урд талын зам дээр гэсэн. Намайг очиход засмал замаас зүүн тийш гарсан цагаан өнгийн машин дотор  дүү М, Бу, Т гэдэг хоёр хүүхэдтэйгээ хамт тэр машины арын суудал дээр суучихсан, жолооч нь машинаа асаагаад  хөдөлж чадахгүй замын хашлага дээр гацчихаад зогсож байсан. Тэгэхэд ойр хавьд тэд нараас өөр ямар нэгэн хүн байгаагүй харин хашаагаа машинд мөргүүлсэн айлын хүн хашааныхаа дээгүүр харж байснаа намайг ирэхийг хараад юу ч ярилгүй цаашаа гэр рүүгээ яваад орчихсон юм.Би  Цагдаагийн газар, эмнэлэгт  дуудлага өгсөн.Удалгүй цагдаа,  эмч нар ирж үзээд шууд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү М, Т, Бу гурвыг аваад явсан юм... Осол гаргасан машины жолооч согтуу архи үнэртүүлсэн байдалтай, намайг хойд талын хаалганы цонхыг тогшоод Тгээр хаалга нээлгэхэд тэр жолооч хаалгаа нээж машинаасаа бууж ирээд юу ч ярихгүй машин дээрээ нэг гараараа толгойгоо дэрлэж зогсоод байсан.Тухайн үед Мийн толгойн ар хэсэг нь язарч цус их гоожсон, явж чадахгүй бөгсөн бие нь мэдээгүй болж, хөл, гар, нүүр нь шалбарсан,  Тгийн дух нь шалбарсан, толгойн ард талд  хавдсан,  Бугийн хацар  шалбарсан, гэдэсний хэсгээрээ шалбарсан шархтай харагдаж байсан. Төийн аль нэг хөл нь доголж, өмднийх нь хоёр өвдөг цоорсон,  дух  халцарсан байсан. Харин Алтанхундага гэдэг жолоочийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тухайн үед цаг агаар тогтуун цэлмэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

- Гэрч Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг 2017 оны 11 дүгээр сард гэртээ байхад гэнэт гадаа түр тар хийх чимээ гарсан юм. Тэгэхээр нь юу болов гэж бодоод хашаан дотроосоо өнгийгөөд харахад  баруун талын засмал замаас цагаан өнгийн машин гарч манай хашааны баруун талыг мөргөөд зогссон байсан. Тэр үед 2 хүүхэд уйлаад, нэг улаан куртиктэй хүүхэн машины дэргэд байсан. Тэр эмэгтэй хөлөө чирээд явж чадахгүй байхад  нэг залуу машинд суулгах гээд  байсан. Тэгтэл удалгүй нэг хүүхэн  тэр машин руу гүйж ирэхээр нь би гэртээ бага хүүхэд орхисон байсан болохоор  буцаад орсон юм. Манай хашааг мөргөсөн жолоочид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай хашааны дай мод нь хугарсан байсныг жолооч  янзлаж өгсөн. Надад учирсан хохирол байхгүй”  /хх-ийн 37-р хуудас/ гэх мэдүүлэг

- Гэрч Х.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мал нядлуулах хүн хэрэгтэй болоод Н гэдэг айлын хүүхдээр малаа нядлуулахаар 11 цагийн үед  очсон юм. Тэгэхэд Алтанхундага гэдэг манай хүргэний дүү халамцуу байдалтай тэднийд сууж байсан. Би Нгийн гэрт тэд нартай юм яриад бараг 2 цаг гаруй болсон.Тэгээд Нгийн хүү Одкотой /албан ёсны нэрийг нь мэдэхгүй/ малаа хийхээр гарахад Алтанхундага машинаараа хүргээд өгье гэсэн. Тэгэхэд нь би түүнд хандаж “чи халамцуу юм үнэртүүлсэн болохоор болох юмуу” гэхэд тэрээр зүгээр зүгээр би хүргээд өгье гээд Дэнжийн урд байдаг Мал нядалгааны газарт бид хоёрыг буулгаж өгсөн.  Намайг Нгийн гэрт очиход Алтанхундагаас архи үнэртээд жаахан согтуу байдалтай байсан бөгөөд  2 цаг гаруй хугацааны дараа согтуу нь арай гайгүй болсон. /хх-ийн 39-р хуудас/ гэх мэдүүлэг

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 тоот: “1.Ч.Мийн биед тархины эдийн няцралт, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, эрүү зүүн чамархай сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн язарсан шарх, баруун талын сүүжний ясны хугарал бүхий гэмтэл учирчээ. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  416 тоот: 1. С.Тийн биед духны зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 417 тоот: 1. М.Тгийн биед толгойн дагзны хэсгийн болон хэлний язарсан шарх, зүүн өгзөг орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 54-р хуудас/,

 

  -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 418 тоот: 1. Н.Бугийн биед баруун хөмсөгний гадна хэсгийн болон зүүн ташаа хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 58-р хуудас/

 

-Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 27 тоот: “1.Марк-II маркийн 87-86 убү улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Т.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Т.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 2.1.а-д зааснаар “”Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна. 2.7.а-д зааснаар “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Явган зорчигч Ч.М, С.Т, М.Т, М.Б нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4. 3 дахь заалтаар хариулагдсан болно. 5. 2 дахь асуултаар хариулагдсан болно. 6. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/ 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-03-06-р хуудас/

-Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 08-р хуудас/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 19-р хуудас/

-Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 25-27-р хуудас/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-09/

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 3-р багийн Засаг даргын 2017.11.28-ны өдрийн 3/466 тоот тодорхойлолт /хх-ийн 102-р хуудас/

- Т.Аын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас /зэрэг болно.

.

  Шүүгдэгч Т.А нь  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн  орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Дэнжид согтуугаар  Тоёото марк-II  87-86 УБҮ улсын дугаартай   тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.1.а-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолооны үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна”, 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан  хохирогч Ч.Мийг мөргөж  эрүүл  мэндэд нь  тархины эдийн няцралт, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, эрүү, зүүн чамархай, сарвууны ар хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцарсан шарх, баруун талын сүүжний ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.М, насанд хүрээгүй гэрч С.Т, М.Т,  гэрч Ч.Г, Д.Ө, Х.Э нарын мэдүүлгүүд,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 416, 417, 418, 419, дугаартай дүгнэлтүүд,  техникийн шинжээчийн 27 дугаартай дүгнэлт, хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Т.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас  хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч  Т.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

  Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргаж буй өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн “ Шүүх баримтуудыг шинжлэн үзээд нэмж хохирол гаргавал миний үйлчлүүлэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн,   Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хэрэг нь хөнгөн гэмт хэрэг тул  улсын яллагчийн зүгээс санал болгосон 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү “ гэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.Учир нь:

 

Шүүгдэгч Т.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч  хохирогчид учирсан эдийн хохирлыг бүрэн гүйцэд арилгаагүй байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ч.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар тооцоолоход нийт 3.209.249 төгрөг байна. Баримтаар нотлогдсон шууд зардал 1.984.930 төгрөг болох бөгөөд энэ дүнгээс шүүгдэгч Т.Аын төлсөн  1.612.420 төгрөгийг хасаж тооцон Т.Аас  372.510 төгрөг гаргуулж хохирогч Ч.Мт олгох, 911.899 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Т.А нь 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид эмчилгээний зардалд 1.612.420 төгрөг  төлсөн, хохирогчийн  нэхэмжлэлийг хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл Т.Аын эзэмшлийн Тоёото Марк-II  87-86 УБҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь  зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36,4, 36.5,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

  1. Шүүгдэгч Т.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар  авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Ад оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Аын цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Ад  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т  зааснаар  ялтан Т.Аас 372.510 төгрөг гаргуулж  Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч  Ч.Мт олгосугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Мийн нэхэмжлэлээс 911.899 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ялтан Т.А хохирогчид эмчилгээний зардалд 1.612.420 төгрөг  төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Т.Аын эзэмшлийн Тоёото Марк-II 87-86 УБҮ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Мөрдөгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл  хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА