Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/259

 

Д.Эхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

          хохирогч Б.Б,

          шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

          Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Эхолбогдох эрүүгийн 220700055 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Э, 

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 23 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Б.Бтай өөрсдийн эцэг, эх, садан төрлийн хүмүүсийн талаар ярьж маргалдан улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж, түүний цээжний зүүн хэсэг буюу зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Монгол овогт Должинсүрэнгийн Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Эийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эоногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон бариултай, нийт урт нь 23 см, ажлын хэсэг нь 12 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Д.Э нь санаатайгаар өөрийн нөхөр Б.Быг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хохирогч Б.Б юу болсон талаар санахгүй байгаа талаараа мэдүүлдэг /хх15/, хэрэг учрал болоход хажууд нь байсан ганц гэрч болох Б.Батболд “... хадам аав хундагаа ээж рүү шидсэн, хадам аав ширээн дээр байсан өвчүүний мах идэж байсан хутгаа бариад хадам ээж хутгыг нь булаацалдаж ноцолдсон, тэр үед манай хүүхэд сэрээд уйлаад байхаар нь би хүүхдээ орон дээрээс аваад харахад хадам аав цээжээ дараад зогсож байсан...” /хх18/ гэж мэдүүлсэн бол Д.Э хамгийн анх 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “... нөхөр Б.Б хутга бариад босоод ирсэн, тэгээд би хутгыг нь авах гээд ноцолдож байхад нэг мэдсэн нөхөр шалан дээр хэвтчихсэн цээжний зүүн тал хэсгээс нь цус гарч байсан....” /хх38/ гэж мэдүүлжээ. Хэрэг учрал болоход хохирогч Б.Б, холбогдогч Д.Э, гэрч Б.Батболд нярай хүүхэдтэйгээ байсан, өөр хүн хажууд нь байгаагүй талаарх баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаар Д.Э нь өөрийн нөхөр Б.Быг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах ямар нэг санаа зорилго байгаагүй, харин Б.Быг согтуудаа агсан тавьж хутга барин давшлах шинжтэй болохоор нь очиж хутгыг булаацалдах явцдаа болгоомжгүйгээр Б.Бын биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа эдгээр нотлох баримтуудыг зөв дүгнэж үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэргийн зүйлчлэл тохирохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Д.Эийн Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Д.Эхолбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Б юу болсон талаар санахгүй байгаа талаараа мэдүүлдэг /хх15/, хэрэг учрал болоход хажууд нь байсан ганц гэрч болох Б.Батболд “... хадам аав хундагаа ээж рүү шидсэн, хадам аав ширээн дээр байсан өвчүүний мах идэж байсан хутгаа бариад хадам ээж хутгыг нь булаацалдаж ноцолдсон, тэр үед манай хүүхэд сэрээд уйлаад байхаар нь би хүүхдээ орон дээрээс аваад харахад хадам аав цээжээ дараад зогсож байсан...” /хх18/ гэж мэдүүлсэн бол Д.Э хамгийн анх 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “... нөхөр Б.Б хутга бариад босоод ирсэн, тэгээд би хутгыг нь авах гээд ноцолдож байхад нэг мэдсэн нөхөр шалан дээр хэвтчихсэн цээжний зүүн тал хэсгээс нь цус гарч байсан....” /хх38/ гэж мэдүүлжээ. Д.Эийн хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Д.Эхолбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Т.Хонгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Өмнө уг хэрэг дээр хоёр өмгөөлөгч ажилласан байдаг. Шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй нь уулзаад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад, мөн хохирогч болох шүүгдэгчийн гэр бүлийн хүнтэй нь уулзсан. Хөндлөнгөөс харахад нөхрөө хутгалсан гээд хуулийн байгууллага шийдвэрлэсэн. Гэтэл гэр бүлийн хүн болох нөхөр нь шүүгдэгчид маш их сэтгэл зүйн дарамтыг үзүүлдэг, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга авсан байдаг. Түүнээс болж хутгыг булаацалдсан гэдгээ хохирогч мэдүүлдэг. Зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэх байр суурь нэг байна. Хэд хэдэн гэрч нарын мэдүүлэг авагдсан. Уг мэдүүлгүүдэд прокуророос тайлбар хэлэх байх.” гэв.

Шүүгдэгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хань болон үр хүүхдүүдээсээ уучлалт гуйж байна. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Миний зүйл ангийг өөрчилж, ял шийтгэлийг багасгаж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би согтуу байсан. Би эхнэр рүүгээ сальфетка авч шидчихээд, өвчүүн дээр байсан хутгыг аваад мах огтолж идэх гэж байсан чинь эхнэр намайг хутга шидэх гэж байна гэж айгаад надаас хутгыг булаах гэхээр нь би өөр рүүгээ татсан. Би эхнэрийгээ буруутгахгүй байгаа. Өөрийгөө буруутгаж байна.” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг буюу зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдол гаргасан гэж ойлголоо. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч М.Цэдэнпунцаг, Б.Чулуунгэрэл нар хоёр өөр байр суурьтай оролцож байсан. Өмгөөлөгч М.Цэдэнпунцагаас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх байр суурьнаас, харин өмгөөлөгч Чулуунгэрэлээс “зүйлчлэл дээр маргаж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэх байр суурьнаас оролцсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч, хохирогч, гэрч нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөөд үйл баримтыг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар санаатай хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Энэ гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч, гэрч Батболд нь нярай хүүхэдтэйгээ хамт байсан. Гэрч Батболд “хутгалсан үйлдлийг хараагүй” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч, хохирогч хоёр хоёулаа тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан тул юу болсон болохыг санахгүй байгаа талаараа мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Д.Э нь хутгыг барьж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хутгалаад байгаа үйлдэл нь өөрөө санаатай буюу болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн гэх агуулга хэргийн үйл баримтаас харагддаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 23 тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Б.Бтай өөрсдийн эцэг, эх, садан төрлийн хүмүүсийн талаар ярьж маргалдан улмаар хутгыг зэвсэг болгон хэрэглэж, түүний цээжний зүүн хэсэг буюу зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчоор Б.Бын “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Д.Э, хүүхдүүдийн хамт шинэлэхээр гэрээс гараад том эгч, ахындаа очоод 17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд эхнэрийн хамт уурхайд ажиллаж байсан ахынд очихоор яваад 2 шил архи хувааж уугаад, эхнэрийн хамт гэр рүүгээ явсан. Тэгээд би тасарчихсан болсон явдын талаар бол санахгүй байна. Нэг мэдсэн хотод эмнэлэг дээр цээж хэсэгт хөндүүрлэж өвдсөн хутганы шархтай сэрсэн. Тэр үед эмч намайг хагалгаанд орох болно ар гэрээсээ хүн дууд гэсэн. Манай охин Б.Хонгорзул ирэхээр нь би юу болсон талаар асуухад Б.Хонгорзул “Б.Батболд надаа та хоёрыг маргалдаж байгаад ээж таныг гэмтээчихсэн гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм юм болсон юм байна гэж бодоод хагалгаанд орчихсон.” /хх 15/,

гэрчээр Б.Б “...Хадам аав, ээж хоёр орой 18 цагийн үед айл руу очиж шинэлэнэ гэж гараад орой 22 цагийн үед байх аав, ээж хоёр гэртээ согтуу орж ирэхдээ гаднаас маргалдаж орж ирсэн. Тэгээд хадам аав ширээн дээр байсан архинаас 1 хундага уугаад хадам ээжтэй маргалдаад савтай нойтон салфетик шидэж хадам ээж хүүхэд сэрээлээ гэж уурлаад, тэгсэн хадам аав архи ууж байсан хундагаа ээж рүү шидсэн. Хадам аав ширээн дээр байсан өвчүүний мах идэж байсан хутгаа бариад хадам ээж хутгыг нь булаацалдаж ноцолдсон. Тэгэх үед манай хүүхэд сэрээд уйлаад байхаар нь би хүүхдээ орон дээрээс аваад хартал хадам аав цээжээ дараад зогсож байсан. Хадам ээжийн гарт хутга байсан. Тэгээд би хадам ээжийн гараас нь хутгыг аваад гал тогооны шкафт хийсэн тэгээд эргээд харсан чинь хадам аавын цээж хэсгээс цус гарсан байхаар нь түргэн дуудсан юм.” /хх 18, 20, 22/,

гэрчээр А.Б “...Тухайн өдөр 22 цагийн үед Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч С.Даваахүү “эмнэлэгт хутгалуулсан гэх магадлалтай хүн ирлээ” гэх дуудлага мэдээллийг өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд очиход “цэнхэр цамцтай цээж хэсэг цусаар бохирлогдсон 40 орчим настай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй эрэгтэй хүн орон дээр сууж” байсан. Юу болсон талаар асуухад тухайн эрэгтэй “би охинтойгоо уулзмаар байна” гээд байсан. Тэгэхээр нь би таны наад цээж хэсэгт байгаа шарх юуны шарх болох хутгалуулсан зүйл байгаа юу гэж асуухад тухайн эрэгтэй хүн “би хүнд хутгалуулаагүй, би охинтойгоо уулзмаар байна” гээд орилоод байсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагаас тухайн эрэгтэйг яаралтай Гэмтэл согогын үндэсний төв рүү авч явахаар болоод мэдүүлэг авах боломж олдоогүй, тэгээд хэрэг болсон гэх газар руу очиход Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 5-23 тоотод очиход хэргийн газрыг хамгаалалтад авчихсан байсан. Тэгээд тухайн хэрэг болсон гэх гэрт ороход хүргэн Б.Батболд, эхнэр Д.Э, охин Б.Хонгорзул бага насны нярай хүүхэд байсан. Тухайн үед юу болсон талаар Д.Эээс тодруулахад би хүн хутгалаагүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь Б.Батболдоос юу болсон талаар асуухад “Хадам аав, ээж хоёр гаднаас маргалдаж ирээд аав ширээн дээр байсан салфетик авч шидээд ардаас нь хундага авч шидээд, тэр хоёр хутга булаацалдаж байгаад нэгнийгээ хутгалчихсан” гэж хэлсэн. Тухайн үед хэргийн газрын үзлэг хийж дуусгаад Б.Батболд болон Д.Э нарыг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс дээр авчирч Д.Э нь мэдүүлэг өгөх боломжгүй согтолттой байсан мэдүүлэг аваагүй. Б.Батболдоос юу болсон талаар гэрчээр мэдүүлэг авсан.” /хх 29/,

гэрчээр С.Д “...Төвөөс Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 05-23 тоотод цээжин тус газартаа хутгалуулсан гэх дуудлага ирсэн тухайн хаяг дээр очих үед хүүхдүүд нь юм шиг байсан 4-5 хүн, нялх жоохон хүүхэд байсан. Тэгэхээр шууд очоод энэ хүн яагаад ийм гэмтэл шарх авсан хажууд нь хэн байсан хутгалсан хүн нь хаана байна гэж асуухад “хүргэн гэж байсан 25-30 гаран насны бор царайтай намхан залуу хутгалуулсан хүнийг гэртээ ганцаараа байсан, бид нарыг ороод ирэх үед ийм байдалтай байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаг хутгалсан хүн нь хаана байна хүүхэдтэй хүн хажууд нь байсан гэх утгатай юм яриад нуугаад байсан. Тэгэхээр хутгалуулсан хүний охин гэх залуухан эмэгтэй дээр чи хаана байсан юм, энэ хүн яагаад ийм байдалтай болсон талаар асуухад “эмэгтэй би хажууд нь байгаагүй, над руу утсаар яриад эмийн сан ороод бент аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмийн сан ороод уян бент аваад хүрээд ирлээ гэж байсан. Тэгээд би шууд хутгалуулсан хүнээ үзэх үед зүрхэн тус газартаа хутгалуулсан шархтай шарх хэсэг дээр нь даавуугаар дарчихсан дарсан даавуу нь нилэнхүүдээ цус болчихсон байсан. Ил газраар бол ямар нэг цус бол байгаагүй, хутгалуулсан гэх хүний биеийн байдлыг нь үзэх үед биеийн байдал нь бол тогтвортой байсан. Тэгээд эмнэлэгт тээвэрлэсэн. Тухайн өдөр би дуудлага дээр очоод шууд цагдаад дуудлага өгсөн үү гэж асуусан. Тэгэх үед ар гэр нь юм хэлэхгүй дуугүй байгаад байсан. Тэгээд гэмтэлтэй хүнээ машинд тээвэрлэх үедээ цагдаад дуудлага өгөхийг ар гэрт нь дахиж сануулж хэлсэн, тэгэх үед ар гэрээс нь хэн ч дуудлага өгөхгүй байгаад байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дээр ирсэн. ...би өөрийн утсаар Налайх дүүргийн цагдаад дуудлага өгсөн. Удалгүй гаднаас цагдаа орж ирсэн.” /хх 29-31/,

гэрчээр Ү.М “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би тухайн өвчтөнд үзлэг хийсэн. Цээжний зүүн талд хутгалагдсан шархтай шархнаас их хэмжэний цус гоожсон байдалтай байсан. Асуумж асуухад өвчтөн согтуу эхнэртэйгээ хутга булаацалдсан гэж хэлж байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна гэж байсан. Иртэй урт зүйлээр хутгалагдсан. Хэвлийг эход харах үед элэгний араар шингэн хурсан байсан тул яаралтай журмаар хэвлийн хөндий нээх мэс засалд орсон. Тогтоох боломжгүй ирэх үед шархнаас хутгаа авчихсан байсан болохоор тогтоох боломжгүй. Хагалгаанд орох үед элэгний 2 дугаар сегмент гэмтсэн хэвлийн булчин гэмтсэн байсныг сэргээн оёж цус тогтоосон. Чиглэл нь цээжнээс хэвлий хэсэг рүү чиглэсэн гүн шарх байсан. Дээрээс доошоо чиглэсэн байсан. Тухайн үед ир үзүүртэй гэмтээсэн зүйл нь ир хэсэг нь хажуу тал руу харсан байрлалтай байх боломжтой. Ир хэсэг нь хохирогч руу харсан бол цээж хавсарсан гэмтэл гарах эрсдэлтэй. Би шинжээч эмч биш учраас дүгнэлт гаргах эрх байхгүй.” /хх 35-36/  гэх мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ №03 дугаар: “...Б.Бын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий нээж, элэгний шархыг оёсон, цус хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ЦТЭ 202.02.03/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх 78-79/,

Цэргийн төв эмнэлгийн “Өвчний түүх” /хх 57-58, 67-77/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нар “...Д.Эийн хохирогч Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Д.Эхолбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол , хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан байна.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Бын “...охин Хонгорзулаас юу болсон талаар асуухад “...Б.Батболд надад та хоёрыг маргалдаж байгаад ээж таныг гэмтээчихсэн гэсэн.” гэх, гэрч Б.Б “...ээж шууд уйлаад суучихсан, баруун гартаа хутганы бариул хэсгээс барьчихсан, хутга гарын шуу хэсгийг дагуулан барьчихсан байсан.” гэх, Ү.М “...Чиглэл нь цээжнээс хэвлий хэсэг рүү чиглэсэн гүн шарх байсан. Дээрээс доошоо чиглэсэн байсан.” гэх мэдүүлэг, шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/03 дугаар “...Б.Бын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлий нээж, элэгний шархыг оёсон, цус хуралдалтыг соруулж авсан мэс заслын дараах байдал /ЦТЭ 2022.02.03/ гэмтэл, гэрт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх10-12/ шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд гэрт хэргийн оролцогч нар маргалдах явцдаа хоорондоо ноцолдсон, харилцан хутга булаацалдсан гэх үйлдэл тогтоогдохгүй байх бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Хэдийгээр энэ гэмт хэрэг гарахад хохирогч Б.Бын зүй бус үйлдэл нөлөөлсөн боловч өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах нотлох баримтын болоод хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.ЭЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгч “өмгөөлөгч Б.Чулуунгэрэлээс татгалзаж, өөр өмгөөлөгч авсан” гэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Д.Э нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ