Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/258

 

Д.Ххолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10ы өдрийн 2023/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Ххолбогдох 220501192 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Х

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 553 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Д.Х нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 14 дүгээр гудамжны 407/б тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Отолгойн тус газар модоор цохиж, хөл, гар, цээжин бие хэсэгт нь барилгын зориулалт бүхий блок /цемент/ шидэж, цохин онц харгис хэрцгийгээр олон тооны шарх үүсгэн, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн уушгины няцрал, зүүн эгэм, дал яс, аарцаг яс, зүүн шилбэний шаант тахилзуур, зүүн шууны богтос ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Хг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Хурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Х нь 39 настай, ам бүл 1, хувиараа барилгын ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө хохирогч М.Отэй хамтран амьдарч байсан. Д.Х нь анхнаасаа хохирогч М.Обиед учирсан хүнд гэмтлийг учруулсан, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруу дээрээ маргадаггүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөг. Энэ хэрэгт холбогдсноосоо хойш өөртөө маш их дүгнэлт хийж, ухаарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохиролд 200.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Д.ХЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн хуулийн 1.2-д “... гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалт байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заасан.  Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, мөн зүйлийн 4-д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж тус тус заасан. Дээрх хуулийн хөнгөрүүлэх зохицуулалтуудыг миний үйлчлүүлэгч шүүгдэгч Д.Ххэрэглэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, 7 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Би өөрийнхөө үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Миний ялыг бага ч гэсэн хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга хэлбэр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Шүүгдэгч Д.Хгийн үйлдсэн гэмт хэрэгт 5-аас 12 жилийн хорих ял оногдуулахаар заасан. Шүүгдэгч Д.Х нь 2017 онд хохирогчийн эрүүл мэндэд халдаж эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Энэ гэмт хэргийг шалгаж байх явцад мөн хохирогчийн биед халдсан талаарх цагдаагийн байгууллагын баримт авагдсан. Хохирогчоос дахин ялыг нь хүндрүүлээд яах юм бэ гээд гомдлоосоо татгалзсан байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Эдгээр байдлуудыг харгалзаад анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Хгийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 14 дүгээр гудамжны 407/б тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Отолгойн тус газар модоор цохиж, хөл, гар, цээжин бие хэсэгт нь барилгын зориулалт бүхий блок /цемент/ шидэж, цохин онц харгис хэрцгийгээр олон тооны шарх үүсгэн, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн уушгины няцрал, зүүн эгэм, дал яс, аарцаг яс, зүүн шилбэний шаант тахилзуур, зүүн шууны богтос ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.О“...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-407 тоотод би болон хамтран амьдрагч Д.Х, мөн Д.Хн аав, ээж 2, бид 4 байсан бөгөөд 2 шил, “Монгол стандарт” нэртэй 0.7 литртэй архи хувааж уусан. Тэгтэл 14 цагийн үед манай хамтран амьдрагч Д.Х намайг төмөр болон блокоор зодоод эхэлсэн. Д.Х архи уусан үедээ их агсам бөгөөд тэр үед мөн л адил архи уучихаад агсраад, агсам тавиад намайг зодож цохисон. Өмнө нь намайг 2017 онд согтуудаа цохиж, зодож байсан. Би тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ ухаанаа алдтал согтоогүй байсан. Намайг Д.Хгаас өөр хүн цохиогүй. Миний биед учирсан гэмтлийг Д.Х ганцаараа учруулсан. 2015 онд танилцсан бөгөөд тэрнээс хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа бид 2 ямар нэгэн хүүхэд байхгүй. Өмнө нь цагдаад хэлж байсан. Хуулийн дагуу хариуцлага тооцож байсан. Намайг Д.Х гэрийн гадаа хашаан дотор үснээс чирч гэрээс гаргаж ирээд цохиж зодсон. Аав, ээж 2 нь харсан байх, бас тэр хашаанд амьдардаг айлын залуу харсан байж магадгүй. Би цээж хавирганы хэсэгтээ хадаас тавиулсан, хөлдөө болон гартаа хадаас хадуулсан байгаа. Намайг Д.Х төмөр бариад цохиод, бас дэвсээд байсан бас хашаанд байсан блок авч над руу шидээд байсан. ...ямар нэгэн шалтгаан байхгүй, архи уухаараа агсам тавьж зоддог юм.” гэх  /хх 29-30, 33/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А: “...Миний ээж М.О нь Улаанбаатар хотод 1978 онд төрсөн. Манай дүү одоо 19 настай эрэгтэй. Сүүлийн 6-аас 7 жил орчим Д.Х гэх хүнтэй хамтран амьдардаг байсан. Ээж өмнө нь өвчин эмгэг, хүнд өвчин тусч байгаагүй. Манай ээж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн сэхээн амьдруулах тасагт байгаа. Зүүн хөл, зүүн гар нь хугарсан, нүүр нь хавдсан байдалтай байна. Надад хэлэхдээ хамтран амьдрагч нь блокоор цохисон гэж байсан. Өмнө нь 3-4 жилийн өмнө зодоод цагдаад бүртгүүлж байсан. Ерөнхийдөө айлгаж дарамталдаг болохоор зодуулсан талаараа дүү бид хоёрт хэлэхгүй байдаг юм шиг байгаа юм. Удаа дараа ийм асуудал болж байгаа учраас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх /хх 36-38, 110/,

гэрч Г.Э: “...Би 14 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 12-351 тоот гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн. Хашаандаа машинаа оруулж байрлуулчихаад гэр рүүгээ орох гэтэл эмэгтэй хүний чанга орилох дуу сонсогдсон. Тэгээд юу болов гээд харахад арын айлын хашаан дотор эхнэр, нөхөр бололтой 2 согтуу хүн байсан. Эрэгтэй нь эмэгтэйнхээ хөл дээр блок шидээд, тухайн эмэгтэй унасан. Тухайн эмэгтэй унаад босож чадахгүй орилоод байхаар нь би “чи болиоч” гэж хэлтэл эрэгтэй нь гэр рүүгээ орсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөөд байж байтал удалгүй нөгөө эрэгтэй гэрээсээ гарч ирээд урт мод барьж байгаад толгой дээр нь 2 удаа цохисон чинь мод нь голоороо хугарсан. Тэгээд тухайн эрэгтэй дахин блок барьж байгаад хэвлийн хэсэгт нь шидээд тухайн эмэгтэйг унагаасан. Тэгээд удалгүй түргэн тусламж, цагдаа ирсэн. ...” гэх /хх 43-44/,

гэрч Ч.А: “...М.Отэй хамтран амьдраад 10 жил болж байгаа...” гэх /хх 128-129/,

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...Гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журам, дүрэм, шалгуур үзүүлэлт болох амь тэнссэн байдал, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт, амь насанд аюултай байдлыг үнэлэн гаргадаг. Дээрх М.Огэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь цаашид эмчилгээ хийлгээд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ерөнхий хөдөлмөр чадвар гэдэгт нь 4 дүгээр бүлэгт заасныг хэлнэ..." /хх 99-100/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6379 дугаартай: ...М.Обиед цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн уушгины няцрал, зүүн эгэм, дал яс, аарцаг яс, зүүн шилбэний шаант тахилзуур, зүүн шууны богтос ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх /хх 48-50/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 956 дугаартай: “...Д.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Х нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Х нь өөрийн үйлдлийн нийгмийн хэв шинжийг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. Д.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Хэмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” /хх 94- 95/ гэх дүгнэлтүүд,

 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх10/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх13-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх18-24/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Хг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус  хуульчилсан хэдий ч энэ нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан хэдий ч шүүхээс Д.Хоногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.   

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Х нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                                   ШҮҮГЧ                                  М.АЛДАР

         ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ