Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/287

 

 

    2023            03          14                                         2023/ДШМ/287

 

Д.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/39 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2202000006 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Д.Б, 

  • Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 387 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ял,
  • Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн.

             Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Залуус-2 хотхоны 84 дүгээр байрны 108 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, гялгар уутнуудад хийсэн нийт 9.9169 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Д.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сартуул овгийн Далайн Д.Бийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бий баривчлагдсан, цагдан хоригдсон 51 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1-2, 1-5 гэж дугаарлагдсан нийт 9.9169 грамм сэтгэцэд нөлөөт бодис буюу мөс гэх бодис, 2 ширхэг шилэн бонго, 3 ширхэг хуванцар гуурс, хажуу хэсэгтэй цоолсон цагаан цэнхэр тагтай хуванцар сав, шатаж бохирлогдсон жижиг төмөр чимхүүр, цагаан өнгийн эвдэрхий асаагуур зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, цагаан өнгийн 2 ширхэг СД ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаанд хэрэгт үлдээж, зүүн дээд булан нь шатсан оромтой АN8054839 серийн дугаартай 10 төгрөг, баруун доод булан нь шатсан оромтой АN7202342 серийн дугаартай 20 төгрөг, АL9776915 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, АМ7332764 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу Монгол банканд тус тус шилжүүлж, шүүгдэгч Д.Бий биеэс хураан авсан 2.980.000 төгрөг болон 100 ам долларын дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бавсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Д.Бавсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхнаасаа хэргээ мөрдөн шалгах болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 31 настай, ээж, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, ээж маань 60 настай, өндөр насны тэтгэвэртээ суусан хүн байдаг, ажил эрхлэх боломжгүй. Эхнэр маань одоо 4 сартай жирэмсэн, хүү маань одоо 2 нас 5 сартай бага насны хүүхэд, ар гэрт минь ажил хөдөлмөр хийх хүн байхгүй тул ар гэр, үр хүүхэд минь маш хүнд байдалд байна. Миний бие 2013 оноос эхлэн хувийн бизнес болох хоёрдахь ч түүхий эд боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани 5-8 хүний нийгмийн даатгал болон татвараа олон жил тасралтгүй төлж улс эх орондоо жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа билээ. Энэ гэмт хэрэгт холбогдсоноор миний бизнес, ар гэр, үр хүүхэд, хамаатан садан минь маш их хохирч хэцүү байдалд байна. Би энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг мэдэхгүй, муу хүмүүст уруу татагдан мөс гэх мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэндээ маш их гэмшиж байна. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдал болон эрүүгийн хариуцлага оногдуулахад сөргөөр нөлөөлсөн. Шүүх хэт нэг талыг барьж шүүн таслах ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Хэт яллах талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Д.Бэрүүгийн хариуцлага оногдуулсан нөхцөл байдлаас харагдана. Шүүгдэгч Д.Бийг нийгмээс тусгаарлаж, хорих ялыг биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлага бол байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна гэж заасан байна. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч Д.Б бүрэн хангасаар байтал шүүх хэрэглээгүйд гомдож байна. Шүүгдэгч Д.Б нь сэтгэцэд нөлөөт бодисыг байнга хэрэглээд явдаг түүнээс хамааралтай болчихсон хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүнэлтээр нотлогдож байгаа. Шүүгдэгч Д.Б нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Д.Б нь компанийн захирал бөгөөд баялаг бүтээж, жилд 5-9 хүнийг тогтмол ажлын байраар хангаж ирсэн, улсад татвар төлдөг залуу хүн байна. Түүний эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд бага насны хүүхдээ цэцэрлэгт хүргэж, бас авдаг ажилтай юм. Эхнэр нь одоо жирэмсэн байгаа. Энэ гэр бүл зөвхөн Д.Бий орлогоор амьдардаг ба нөхөр нь олон жилээр хорих ял эдэлсэн тохиолдолд энэ гэр бүлийн амьдрал нэн хүнд байдалд орох нь тодорхой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамааруулжээ. НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, эмчлэх, эмнэлгийн дараах эмчилгээ хийх, нийгмийн амьдралд эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй” гэж заасан. Д.Б энэ хэргээсээ дахин алдахааргүйгээр том сургамж авсан байна. Шүүгдэгч Д.Бийг зан үйлээ засах сургалтанд хамруулж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс түүнд боломж олгож, нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. ”Ковид-19” цар тахлын халдвар эрчтэй хэвээр байгаа болон улс орны эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулж шоронд олноор нь бөөгнөрүүлэхгүй байх нь улс орны эрх ашигт нийцэх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан байна. Давж заалдах шатны шүүх нь дээрх заалтыг үндэслэн шүүгдэгч Д.Бий хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгон мансууруулах төрлийн бодисыг дахин огт хэрэглэхгүй байх болно гэдгээ байнга илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд нийгэмд эзэлсэн байр сууриа хадгалж нийгэмшээд явах боломж олгон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/39 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 5 хүртэл жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгчөөс хууль зүйн өмгөөлөл, туслалцаа авагч шүүгдэгч Д.Бхүлээлгэсэн эрүүгийн хариуцлага болон оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар: Хууль зүйн үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино..” мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчлан заажээ.

Хувийн байдлын талаар: Миний үйлчлүүлэгч Д.Б нь ам бүл 3 эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр тогтмол эрхэлдэг. Гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэг өрхийн орлогын байдлыг өрхийн тэргүүний хувьд бүрэн хариуцдаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдээ асран хамгаалж гэрээр байдаг. Хэдийгээр урьд өмнө гэмт хэрэгт эрүүгийн ял шийтгүүлж байсан боловч мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт анх удаа холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байна.

Гэм буруугийн талаар: Үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж мөрдөн шалгах ажиллагааны эхнээс хэрэг үйлдсэн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдлээ үнэн зөв мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй оролцсон нь хэрэгт авагдсан гэрч, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэг болон бусад эх сурвалжуудаар тогтоогдож байна. Д.Б нь “..манай гэрт хууль бус зүйл байгаа гэж зурагтын тавиур дээрээс мөс гэх нэршилтэй бодисыг сайн дураар гаргаж өгсөн үйл баримтаар тогтоогдож байгаа нь өөрийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг илэрхийлж байна.

Хохирол, хор уршгын талаар: Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан мөс гэх бодисын хэмжээ 9.9169 грамм жинтэй байгаа нь олон хүн урт хугацааны туршид хэрэглэх хэмжээ байгаа нь нийгмийн хор аюул, учруулах хор уршгийг ихэсгэнэ. Нөгөө талаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хор уршгийг ухамсруулах урьдчилан сэргийлэхэд хорих ял оногдуулах нь тохирно гэж дүгнэжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хэр хэмжээ нийгэм болон хувь хүнд үзүүлэх сөрөг нөлөө, тэдгээрийн үр дагавартай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргахгүй бөгөөд энэ байдлыг шүүгдэгч өөрийн байр сууринаас дүгнэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөс гэх бодисын хэмжээ нь олон хүн хэрэглэхээр их байгаа гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Д.Б нь бусад хүмүүстэй хамт хэрэглэх эсхүл хэрэглүүлэхээр дамжуулах, хадгалуулах зэргээр сэттэцэд нөлөөт бодисыг эдийн хууль бус эргэлтэд оруулаагүй болох нь тогтоогдож байдаг. Д.Бий үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг багасгаж байгаа нөхцөл байдлын нэг нь түүний үйлдлийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт үйлдлийг “худалдаалах зорилго”-гүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилсэн байдал хамаарч байгааг дурдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйдийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хууль тогтоогчоос тухайн зүйл хэсгийн диспозицид сонгох санкцтай байхаар хуульчлан заасан байна. Өмгөөлөгчөөс хууль зүйн өмгөөлөл, туслалцааны үйлчилгээ авагч, шүүгдэгч Д.Боногдуулсан эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Бхолбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Боногдуулсан хорих ял нь гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Залуус-2 хотхоны 84 дүгээр байрны 108 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, гялгар уутнуудад хийсэн нийт 9.9169 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-5, 6-10/,

2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх11-13, 14-16/,

2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх17-18, 19-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 4155 дугаар “...Шинжилгээнд...Д.Б УШ91070915            2022.08.23...гэж хаягласан 70.0 мл хэмжээтэй шээсний дээж зориулалтын хуванцар савтай ирүүлжээ. Шинжилгээнд ирүүлсэн зүйл тогтоолд дурдсантай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай шээсийг стандарт ажпын зааврын дагуу дээж бэлтгэж шинжилгээ хийхэд “...Д.Б УШ91070915 2022.8.23” гэж хаягласан шээсэнд экстазм /МБМА/ тетрагидроканнабинол /ТНС/ тус тус илрэв...” гэх /хх 52- 53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний 4156 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 1 дугаартай 6.266 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь 2 дугаартай 0.044 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, 3 дугаартай гялгар уутанд хийсэн 2 ширхэг шилэн бонго, 4 дугаартай уутанд хйисэн 3 ширхэг хуванцар гуурс, 6 дугаартай гялгар уутанд хийсэн хуйлсан байдалтай 1 дэх нь АЫ8054839 (зүүн дээд булан нь шатсан оромтой), 2 дахь АL9776915 серийн дугаартай 2 ширхэг хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт мөн 1 дэх нь АМ7332764, 2 дахь нь АЫ7202342 (баруун доод булан нь шатсан оромтой) серийн дугаартай 2 ширхэг 20 төгрөгийн дэвсгэрт зэрэг зүйлсд тус тус метамфетамин (methamphatamine) илрэв. 7 дугаартай хураан авсан хажуу хэсэгтэй цоолсон цагаан, цэнхэр тагтай хуванцар саванд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. Метамфетамин (МАМР) нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг...” гэх /хх 58-59/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 4199 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн “1”..., “2”..., “3”..., “4”..., “5” гэж дугаарласан мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “1”..., “2”..., “3”..., “4”..., “5” гэж дугаарласан мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphatamine/ илэрсэн. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphatamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1.0720 грамм, цэвэр жин нь 0.7350 грамм..., “2” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1.0751 грамм, цэвэр жин нь 0.8121 грамм..., “3” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1.0722 грамм, цэвэр жин нь 0.8100 грамм..., “4” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1.0326 грамм, цэвэр жин нь 0.7728 грамм..., “5” гэж дугаарласан мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0.7258 грамм, цэвэр жин нь 0.4770 грамм..., болов.” гэх дүгнэлтүүд /хх 147-149, 150-153/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Бийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.   

Шүүгдэгч Д.Бий дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Бий “...надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч Н.Намжилцогтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “...шүүгдэгч Д.Боногдуулсан эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Д.Бий үйлдсэн гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 74 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бий 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 74 /далан дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ