| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0104/Э/ |
| Дугаар | 288 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 288
М.Ч-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр магадлалтай, М.Ч-д холбогдох 1806078772166 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт М-н Ч нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяагийн давж заалдах гомдол, прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэлдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг улсын яллагч эс зөвшөөрч 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцэл бичсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэж зааснаас үзвэл шийтгэх тогтоолоор хорих ялыг биелүүлэх хугацаа тогтоосон бол энэхүү зохицуулалтыг хэрэглэх бөгөөд хэрэв шүүх хугацаа заагаагүй тохиолдолд ялыг эдлээгүйтэй холбоотой хууль зүйн үр дагаврыг мөн заах боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг”-т тусгавал зохих зүйлд уг ялыг биелүүлээгүй тохиолдолд хэрхэхийг заахыг хуульчлаагүй болно. Шүүх шийдвэртээ торгох ялыг биелүүлэх хугацааг тусгайлан заагаагүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй.” гэж /мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна.” гэж зааснаар торгох ялыг биелүүлэх журмыг зохицуулсан байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт шүүгдэгч М.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн боловч уг торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол дээрх биелэгдээгүй торгох ялыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаагүй билээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг тогтоох болон уг ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан торгох ялаас биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих асуудлыг хуульчлан зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл хэргийг эцэслэн шийдвэрлэж буй шүүхээс гарч буй шийтгэх тогтоолын утга агуулга, шийдвэрлэлт, оногдуулсан ялыг хэрхэн биелүүлэх, улмаар биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхэд оршиж буй эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэх учиртай бөгөөд шүүгдэгчийн хувьд ойлгомжтой, тодорхой байх ёстой.
Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан шаардлагад нийцэхгүй байна гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 244 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж буюу шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг нэмэлтээр оруулах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх эмнэлгийн шинжээчийн 11759 тоот дүгнэлтээр хохирогч Д.М-ийн биед зүүн ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, субарахнойд зай, таславч хоорондын аалзан хальсны доорх цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Хохирогч Д.М-ийн биед учирсан гэмтлийг М.Ч учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх М.Ч-д Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох болон уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих асуудлыг шийтгэх тогтоолд заахгүй орхигдуулсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна. Шүүх М.Ч-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд нэмэлтээр оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Ч-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч М.Ч-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч М.Ч нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88 дугаар байрны урд талбайд иргэн Д.М-той маргалдан, түүнийг цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, субарахнойд зай, таславч хоорондын аалзан хальсны доорх цус харвалт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Ч-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцлийг судалж үзэхэд шүүхээс торгох ял шийтгүүлсэн ялтан ялыг ямар хугацаанд биелүүлэх, мөн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих журмыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцэх тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан тул шүүх ялтанд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд торгох ял биелүүлэх хугацааг 90 хоногоос багаар тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулж болохгүй болно.
Харин шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахаас гадна ялтан хуульд заасан, эсхүл шүүхийн тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэсэн заалтыг дурдаж бичих нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН