| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 116/2016/0028/З |
| Дугаар | 33 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.******* даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чойбалсан сумын ******* намын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын Сонгуулийн хороонд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” Чойбалсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2-т заасныг хүчингүй болгож, ******* намаас нэр дэвшигч Н.*******, Ч.*******, Д.*******, М.*******, С.******* нарыг нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Чойбалсан сумын ******* намыг төлөөлж дарга П.*******, хариуцагч Чойбалсан сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Чойбалсан сумын ******* намыг төлөөлж дарга П.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чойбалсан сумын Сонгуулийн хороо ******* намаас нэр дэвшигч Н.*******, Ч.*******, Д.*******, М.*******, С.******* нарыг Иргэний зориг, ногоон намын харьяалал бүхий гэж үзэж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь “нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно.”, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус үндэслэлгүй, иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь заалт “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй бол;” нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар заасан. Гэтэл Сонгуулийн хороо нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 154.3.1-154.3.5 дахь заалтуудад тодорхой заасан байтал, 154 дүгээр зүйлийн 154.6 дахь заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй шийдвэр юм. Чойбалсан сумын ******* нам 2016 оны 08 дугаар сарын 28-нд анхан шатны хурлаа хуралдуулж, Орон нутгийн хурлын Сонгуульд нэр дэвшигчдээ тодруулан сонгуулийн хороонд уламжилсан. Сонгуулийн хороонд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр материалаа хүргүүлсэн. ******* намаас орон нутгийн хуралд нэр дэвшигчийн намын харьяаллын талаар бичгээр өгсөн зөвшөөрөл, намтарт тодорхой дурдсан байхад нэр бүхий 5 нэр дэвшигчийг Иргэний зориг, ногоон намын харьяалал бүхий гэж үзэж, Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь заалт “Шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна.”, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно.” гэснийг зөрчиж байна. ******* нам Орон нутгийн хурлын сонгуульд 21 хүнийг нэр дэвшүүлсэнээс 5 нэр дэвшигчийг Иргэний зориг, ногоон намын харьяалал бүхий гэж Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь орон нутагт ******* намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөөллийг хязгаарлаж, намын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Чойбалсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2-ийг хүчингүй болгож, ******* намаас нэр дэвшигч Н.*******, Ч.*******, Д.*******, М.*******, С.******* нарыг нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Чойбалсан сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Т.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чойбалсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ******* намаас нэр дэвшихээр хүсэлтээ гаргасан ИЗНН-ын сумын үүргийн дарга М.*******, гишүүд болох Н.*******, С.*******, Ч.*******, Д.******* нарыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан. Сумын сонгуулийн хороо уг хүмүүсийн талаарх лавлагааг аймгийн ИЗНН-ын дарга Д.*******оос авахад үүрийн дарга М.******* нь албан ёсоор өргөдөл гаргаж, намаас гарах хүсэлтээ гаргаагүй, үүрийн даргаар одоо хүртэл ажиллаж байгаа, харин бусад гишүүдийн хувьд тэд намаас гарах өргөдөл, хүсэлтээ үүрийн даргадаа өгөх ёстой гэсэн тайлбар хэлж, албан бичиг илгээсэн. Сумын үүрийн дарга М.******* нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн материал, намтар дээр ******* намд 2016 оны 08 дугаар сарын 10-нд элссэн гэж бичсэн байтал сүүлд гаргасан өргөдөлдөө 2016 оны 08 дугаар сарын 20-нд элссэн гэсэн зөрүүтэй зүйл олон байна. Ч.******* нь 2015 онд элссэн гэж намтар анкет дээрээ бичсэн байтал өргөдөл дээрээ 2016 оны 06 сард элссэн гэж тайлбарласан байна. Д.******* нь ИЗНН-ын бага хуралд гишүүнээр оролцож байсан намын гишүүн юм. Бичиг баримтуудыг нягтлаж үзвэл өргөдлийг өөрийн гараар бус, Сонгуулийн тухай хуулийн 112.2.1 дэх заалтын дагуу иргэний үнэмлэхний хуулбар, хавсаргаагүй зэрэг нь зарим хүмүүсийн өмнөөс намын хэсэг хүмүүс шийдвэр гаргасан гэж дүгнэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Чойбалсан сумын ******* намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” Чойбалсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын Н.*******, Ч.*******, Д.*******, М.*******, С.******* нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тэднийг нэр дэвшигчээр бүртгэхийг Чойбалсан сумын Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Чойбалсан сумын ******* намаас Н.*******, Ч.*******, Д.*******, М.*******, С.******* нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлж, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор тэднийг нэр дэвшүүлсэн шийдвэр, жагсаалт, нэр дэвшигчийн зөвшөөрөл, хөрөнгө, орлогын болон өр төлбөргүй болох тухай мэдүүлэг, нэр дэвшигчийн намтар зэрэг шаардлагатай бүх бичиг баримтуудыг бүрдүүлэн Чойбалсан сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн байна.[1] Чойбалсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, Н.*******, Ч.*******, Д.*******, М.*******, С.******* нарыг ******* намын гишүүн биш, Иргэний зориг, ногоон намын гишүүн гэж үзэж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг үндэслэн тэднийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.[2]
Чойбалсан сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичгээр Дорнод аймгийн Иргэн зориг, ногоон намын дарга Д.*******оос нэр бүхий 5 хүний намын харьяаллын талаар лавлагаа авахад Иргэний зориг, ногоон намын Дорнод аймгийн хорооны тухайн өдрийн 66 тоот албан бичгээр хариуг нь ирүүлэхдээ М.*******ийг ИЗНН-ын гишүүн бөгөөд Чойбалсан сумын намын үүрийн даргын сонгуульт ажлыг хийж байгаа гэсэн байна.[3] Харин Иргэний зориг, ногоон намын Дорнод аймгийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 67 тоот албан бичгээр Н.*******, Д.*******, С.*******, Ч.******* нарыг ИЗНН-д харьяалалгүй болохыг тодорхойлжээ.[4]
Түүнчлэн Н.******* нь Иргэний зориг, ногоон намын гишүүн бус, ******* намын гишүүн болох нь ******* намын гишүүний батлах, нэр дэвшигчийн намтар, нэр дэвшигчийн товч мэдээлэл зэрэг баримтаар[5];
-Ч.******* нь Иргэний зориг, ногоон намын гишүүн бус, ******* намын гишүүн болох нь ******* намын гишүүний батлах, “******* хувьсгалын 20 жилийн ойн медаль”-ийн болон “Эрх чөлөөний одон”-гийн үнэмлэх, ******* намын гишүүний анкет, Чойбалсан сумын Сонгуулийн хороонд гаргасан түүний өргөдөл, нэр дэвшигчийн намтар, нэр дэвшигчийн товч мэдээлэл зэрэг баримтаар[6];
-Д.******* нь Иргэний зориг, ногоон намын гишүүн биш, нам бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэр дэвшигчийн намтар, нэр дэвшигчийн товч мэдээлэл зэрэг баримтаар[7];
-С.******* нь Иргэний зориг, ногоон намын гишүүн бус, ******* намын гишүүн болох нь ******* намын гишүүний анкет, ******* намын гишүүний батлах, нэр дэвшигчийн намтар, товч мэдээлэл зэрэг баримтаар[8] тус тус тогтоогдож байх тул тэднийг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт “Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж нэр дэвшүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;” гэж зааснаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.
М.*******ийн хувьд Иргэний зориг, ногоон намын гишүүн, Чойбалсан сумын намын үүргийн даргын сонгуульт ажлыг хийж байгаад тухайн намын гишүүнээс гарахаар хүсэлтээ Иргэний зориг, ногоон намд хүргүүлснийг хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон түүнийг уул намын гишүүнчлэлээс хассан болох нь Иргэний зориг, ногоон намын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 04/84 дугаар албан бичгээр[9] нотлогдож байна. Мөн тэрээр ******* намд гишүүнээр элссэн болох нь ******* намын гишүүний батлах, ******* намын гишүүний анкет, Чойбалсан сумын Сонгуулийн хороонд гаргасан түүний өргөдөл, нэр дэвшигчийн намтар, нэр дэвшигчийн товч мэдээлэл зэрэг баримтаар[10] тогтоогдож байна.
Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан сонгуулийн хороонд ирүүлэх баримт бичигт “Намаас гарсан тухай тодорхойлолт” гэж заагаагүй тул энэ тодорхойлолтыг ирүүлээгүй гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлгүй. Нөгөө талаас Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй.” гэж зааснаар Монгол Улсын иргэн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр нэг намаас гарч, нөгөө намд элсэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон “сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх”-д хамаарах бөгөөд мөн эдгээр нэр бүхий 5 иргэний “сонгох, сонгогдох эрх”-ийг нь хязгаарлах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Чойбалсан сумын ******* намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Чойбалсан сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Чойбалсан сумын ******* намын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тухай” Чойбалсан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын Н.*******, Ч.*******, Д.*******, М.*******, С.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэднийг нэр дэвшигчээр бүртгэхийг Чойбалсан сумын Сонгуулийн хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Чойбалсан сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чойбалсан сумын ******* намд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
[1] Хавтаст хэргийн 1-2, 25-26, 36-87 дугаар хуудас.
[2] Хавтаст хэргийн 4, 7-18, 25-26, 28-31 дүгээр хуудас.
[3] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас.
[4] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас.
[5] Хавтаст хэргийн 6, 9, 33, 43-44 дүгээр хуудас болон 46 дугаар хуудасны ар тал.
[6] Хавтаст хэргийн 6, 10, 11, 12, 35, 55-58 дугаар хуудас.
[7] Хавтаст хэргийн 6, 65-67 дугаар хуудас.
[8] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас.
[9] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас.
[10] Хавтаст хэргийн 13, 14, 34, 73, 75 дугаар хуудас.