Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0008

 

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0008

Улаанбаатар хот

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н овогтой М-ийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “... Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Б-д газар эзэмшүүлсэн 633.86 м.кв газраас нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж байгаа 870 м.кв талбай бүхий газартай давхацсан 74.86 м.кв хэсэг, иргэн Н овогтой М.кв-ийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээний нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эзэмшиж байгаа 870 м.кв талбай бүхий газартай давхацсан 74.86 м.кв хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх хэсэг болох “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Б-д холбогдох хэсэг, иргэн Нэргүй овогтой Мягмар-Янжингийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээний давхцалгүй газарт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дор дурдсан үндэслэлээр хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шүүх шийдвэр гаргасан тухай: Нэхэмжлэгч "Т" ХХК нь тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дэх консулын 19-428з тоот хаягтай газрыг НЗД-ийн 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот газар өмчлүүлэх тухай захирамжийн иргэн О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай мөн уг шийдвэрийн үндсэн дээр иргэн Н.М-д олгогдсон 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 тоот улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Өөрөөр хэлбэл, уг газар өмчлүүлсэн захирамж болон өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон захиргааны үйлдэл нь хууль зөрчиж, хууль бус газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан ба энэ нь "Т" компанийн эрх ашгийг хохироож мөн тус компанид шударга бусаар хандаж улмаар цаашид тус "Т" ХХК-ний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй байгаа тул уул эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх уг газар өмчлүүлсэн захирамж нь хууль бус эсэх талаар тодруулга, тайлбар аваагүй, мөн үүнтэй холбоотой шаардлагатай зохих нөхцөл байдлуудыг болон нотлох баримтуудыг анхаарч үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад огт дурдаагүй асуудлаар буюу газрын давхцал гэсэн байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Уг маргаан бүхий газрыг өмчлүүлсэн захирамж хууль зөрчсөн талаар: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 сарын 28 өдрийн 400 тоот захирамжаар иргэн О.Бод Халдвартын эмнэлгийн зүүн талд байрлах Баянзүрх дүүргийн 14 хороо консул 19-428а гэх хаягт байрлах дулааны 5 жи магистрал шугам татсан газар дээр бусдад газар өмчлүүлсэн нь МУИГӨТх-ийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “хот тосгон ... зам, шугам сүлжээний газраас бусад газрыг өмчлүүлэхээр заасныг: ГТх-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэснийг; мөн уг дулааны шугам нь ГТх-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан нийтийн эдэлбэр газар гэдэгт хамаарах ба ГТх-ийн 3.1.9 “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газар байна” гэснийг тус тус зөрчсөн. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь хамгаалалтын зурвастай байна. Шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай заасан. Мөн уг дулааны 5 жи магистрал шугам нь 1974 оноос хойш ашиглагдаж байгаа тухай холбогдох байгууллагаас тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх энэхүү хууль зөрчсөн нөхцөл байдлыг хэлэлцэж харгалзаж үзэлгүй, тодорхой дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой доорх нөхцөл байдал, нотлох баримтуудыг анхаарч үнэлээгүй тухай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаан бүхий газрын хэмжээний өөрчлөлтийн талаар хэн хэзээ хэрхэн өөрчилснийг тогтоох ажиллагаа хийгдсэн боловч анх иргэн О.Бод анх 1998 оны 11-р сарын 17-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон 300 м.кв талбай газрын хэмжээ нь 2004 онд НЗД-ийн 400 тоот газар өмчлүүлэх захирамжаар яагаад, ямар үндэслэлээр 633 м.кв болж газрын хэмжээ нэмэгдүүлсэн талаар тодорхой дүгнэлт тайлбар өгөөгүй. Мөн хавтаст хэрэгт иргэн О.Б нь газар ашиглах 481 тоот гэрчилгээн дээрх 300 м.кв гэснийг 800 м.кв болгон засварласан газар ашиглах эрхийн гэрчилгээ авагдсан байдаг. Мөн тухайн үед дүүргийн Засаг дарга н.Гантөмөрт гаргасан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх тухай өргөдөл хүсэлт дээр тухайн газраа өмнө нь эзэмшиж байсан гэж газрын хэмжээг 700 м.кв гэх зэргээр худал мэдүүлж байсан нь хавтаст хэрэгт буй архивын баримт бичгээс тодорхой байтал шүүх үнэлээгүй.

Шүүхээс уг маргаан бүхий газрын өмчлөгч иргэн О.Б нь үнэхээр 1998 оноос эзэмшиж ашиглаж ирснийг болон зохих хууль, бичиг баримтын дагуу 2004 онд газар өмчилж авсан эсэхийг анхаараагүй. Тухайлбал: 1998 оны БЗД-ийн Засаг даргын захирамжийн агуулга нь тус хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг, амьдардаг иргэддээ газрыг ашиглаж эзэмшүүлэхээр олгосон байдаг. Гэтэл иргэн О.Б нь анх 1998 онд газар ашиглах шийдвэр, түүнээс хойш газар өмчлөлийн захирамж шийдвэр гаргуулахад ч уг газраа огт эзэмшиж ашиглаж байгаагүй. Гэтэл 2003 онд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх хүсэлт өргөдөл гаргаж холбогдох хуульд заасан баримт материал бүрдүүлэхдээ 14 хороо консул 19-428а тоотод оршин суудаг, амьдардаг мэтээр тус хорооноос болон хорооны хэсгийн байцаагчаас хуурамч хаягийн тодорхойлолт гаргуулан авч хавсаргасан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй.

Маргаан бүхий газрын орц гарцын талаар: Орц гарцын талаар талуудад өнөөдрийг хүртэл тодорхойгүй ойлгомжгүй байгаа нь мөн л уг газрыг олгосон захирамж шийдвэр нь анхнаасаа хууль бус болохыг харуулж буй нэг гол шинж юм. Өөрөөр хэлбэл газартай холбоотой аливаа асуудлаар хууль хэрэгжүүлэгч ялангуяа мэргэжлийн байгууллага нь аливаа газар олголттой холбоотой шийдвэр гаргахдаа тухайн орчны зам талбай, гарц гарам зэрэг зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийг тодорхойлсон хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу ажил үүргээ хэрэгжүүлэх ёстой. Гэтэл шүүхээс уг маргаан бүхий газрын ойр орчмын төлөвлөлт төлөвлөгөө юу байсан, гарц гарам нь хаана байх зэргийг хэрхэн тодорхойлсон эсэх, түүнийхээ дагуу ГТх-ийн газар өмчлөгч, эзэмшигчид нь газраа албан ёсоор хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй байгааг анхаарч үзээгүй.

Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, төлөвлөгөөгүй хууль бус захиргааны актын улмаас "Т" ХХК-ийн эрх ашиг зөрчигдөх байдалд хүргэж байна.

Ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Уг маргааны үндсэн талууд нэхэмжлэгч хариуцагч байсаар байтал гуравдагч этгээд, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас инженерийн шугам сүлжээтэй газрыг бусдад эзэмшүүлсэн гэж маргаагүй харин хууль зөрчиж шугам сүлжээтэй газрыг бусдад өмчлүүлсэн талаар маргасан. Гэтэл шүүхээс дулааны 5 жи магистрап шугаман дээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гээд үүнийгээ тайлбарлахдаа гуравдагч этгээд өөрийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй, одоогоор уг газарт 1 үл хөдлөх хөрөнгө бариагүй харин нэхэмжлэгч өөрөө дээрх шугам сүлжээн дээр барьсан нь нэхэмжлэгч "Т" ХХК-ийн эрх хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гаж дүгнэсэн нь ойлгомжгүй ба үүнийг зөвхөн гуравдагч этгээд болон гэрч Л.О нарын мэдүүлэгт үндэслэсэн явцуу, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна Учир нь нэгдүгээрт гуравдагч этгээд нь өмчлөх эрхээ баталгаажуулан өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан. Мөн нөгөө талаас нэхэмжлэгчийн зүгээс өмнөх газар өмчлөгч болон гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд нь саад хийж байсан ямар ч тохиолдол байхгүй. Хэрэв үнэхээр саад болж байсан бол үүнийгээ нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, шүүхээр гаргуулах, мөн өнгөрсөн хугацаанд эрх бүхий байгууллагад нь хандах, гомдол гаргах эрх нь ч нээлттэй байсан. Гэтэл шүүхээс гуравдагч этгээд барилга бариагүй нь өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч "Т" ХХК-ийн хувьд хуулийн дагуу шударгаар эзэмшил газраа эзэмшиж ашиглаж, үйл ажиллагаа явуулж ирсэн ба зохих газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн татвараа төлөх зэргээр хуульд заасан үүргээ биелүүлж ирсэн. Тийм учраас хуулийн дагуу удаа дараа уг хашаагаар хүрээлсэн газрын хэмжээгээр эзэмшил газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар 2001 оноос хойш хэд хэдэн удаа Нийслэлийн Засаг дарга болон эрх бүхий байгууллагад удаа дараа хандахад ямар ч хариу өгдөггүй байсан. Гэтэл “Т” компанийн 10 гаран жил хариуцан эзэмшиж байсан хашаан дотор нь мөн тус компанийн эзэмшлийн 40тн контейнер нь байсан газрыг хэнд нь ч мэдэгдэлгүйгээр, бусдад хууль зөрчиж газар өмчлөх эрхтэйгээр олгосон нь жирийн иргэн хуулийн этгээдэд зөвшөөрөгдөөгүй шийдвэр захирамжийг хэн нэгэн эрх мэдэл танил талтай нэгэнд нь гаргаж өгсөн нь нэхэмжлэгч талд шударга бусаар хандсан үйлдэл байсан

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сар 24-ний өдрийн 128/ШШ2017/0768 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “... Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжийн О.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Н овогтой М-ийн нэр дээр бүртгэгдсэн 633.86 м.кв талбай бүхий газрын Г-2204001837 дугаар улсын бүртгэлийн дугаартай 000047159 дүгээр гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт анх Нийслэлийн Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/227 дугаар захирамжаар “А-8” ХЭАА 792 м.кв ашиглах[1] эрхтэй болсон байх бөгөөд “Т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар[2] шилжүүлэн авч уг газарт 870 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болжээ.

Харин гуравдагч этгээд Н.М-ийн өмчлөлийн 633.86 м.кв талбай бүхий газрыг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/144 дүгээр захирамжаар 300 м.кв хэмжээгээр[3] иргэн О.Б-д ашиглах эрх үүсчээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжаар[4] О.Б-д Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 633.86 м.кв газрыг (хэмжээг нэмэгдүүлэн) өмчлүүлж, Г-2204001837 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байх бөгөөд Н.М 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр[5] тус газрыг худалдан авч өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000047159 дугаар гэрчилгээгээр[6] бүртгүүлсэн байна. Газрын хэмжээг 300 м.кв-аас 633 м.кв болгож нэмэгдүүлэхэд нь тухайн үед зэргэлдээ газрыг хууль ёсны дагуу (захирамж, гэрчилгээнд тусгагдсан 792 м.кв) эзэмшиж байсан нэхэмжлэгчийн газартай давхцаагүй байна.

Нэхэмжлэгч “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 164 тоот захирамжаар газар эзэмших хугацааг сунгахдаа манай эзэмшиж байгаа газрын хэмжээгээр бус зөвхөн эмнэлгийн барилгын гадна амралт, ногоон байгууламж, авто зогсоол, зам талбай зэрэг Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуульд заагдсан зайлшгүй хэрэгцээний газар эзэмших иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хязгаарласан” гэж маргасан нь үндэслэлгүй байна. Учир нь “Т” ХХК (“А-8” ХЭАА) 2004 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө 870 м.кв (792 м.кв) газар л эзэмших эрхтэй байснаас биш одоо хашсан байгаа хэмжээгээр газар ашиглах, эзэмших эрхгүй байсан байна. Өөрөөр хэлбэл, 1998 оноос ашиглаж, эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан гэх “А-8” ХЭАА нь үйлдвэрлэл худалдааны зориулалтаар 792 м.кв газар ашиглах эрхтэй байгаад “А-8” ХЭАА-аас “Т” ХХК-д шилжих үед газрын хэмжээ 78 м.кв-аар нэмэгджээ. “А-8” ХЭАА 1998 онд 792 м.кв газар ашиглах эрх, О.Бод 1999 онд 300 м.кв газар ашиглах эрх үүссэн нь хоорондоо давхцалгүй байсан байна. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “хашаагаар хүрээлсэн газрыг бусдад хууль зөрчиж эзэмших эрхтэйгээр олгосон” гэх боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан тул нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу гуравдагч этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-д 870 м.кв газар эзэмших эрхтэй болохоос өмнө О.Б нь тухайн газарт 300 м.кв газар ашиглах эрхтэй байсан бөгөөд “Т” ХХК-ийн “А-8” ХЭАА-аас шилжүүлэн авч ашиглаж байсан газартай О.Б-ын газар давхцалгүй байсан учир “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Т” ХХК-д 870 м.кв газар олгосны дараа буюу 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 400 тоот захирамжаар О.Б-д 633.86 м.кв газар олгохдоо нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай 74.86 м.кв хэсгийг давхцуулан олгосон үйл баримт тогтоогдсон байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр 21.1-д заасантай тус тус нийцэхгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан гуравдагч этгээдийн өмчлөх эрхтэй газрын нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийн бүртгэлийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “О.Б-д маргаан бүхий газрыг өмчлүүлсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн нөхцөл байдлыг хэлэлцэж, харгалзаж үзээгүй, тодорхой дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх боловч энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшлийн агуулахын барилга нь дулаан дамжуулах 5ж магистрал шугамын хамгаалалтын зурвас дээр баригдсан. Харин гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн газартаа Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд гуравдагч этгээдийн өмчлөлийн газар байх дулаан дамжуулах шугамын давхцлын асуудлаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй байна.

Нэхэмжлэгчийн “манай эзэмшиж байгаа газрын хэмжээгээр бус зөвхөн эмнэлгийн барилгын гадна амралт, ногоон байгууламж, авто зогсоол, зам талбай зэрэг зайлшгүй хэрэгцээний газар эзэмших эрхийг хязгаарласан” гэх тухайд: Уг газарт гуравдагч этгээд О.Б-д 1999 онд 300 м.кв, “А-8” ХЭАА-аас нэхэмжлэгч хуулийн этгээдэд газраа шилжүүлсэн онд буюу 2004 онд 633 м.кв газар өмчлөх эрх үүссэн тул хариуцагчийг нэхэмжлэгчийн газраа нэмэгдүүлэн эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ““Т” ХХК-ийн зайлшгүй хэрэгцээний газар эзэмших эрхийн талбайн хэмжээ нэмэгдүүлэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх” шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжид нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг тэмдэглэж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын “удаа дараа уг хашаагаар хүрээлсэн газрын хэмжээгээр эзэмшил газрын хэмжээгээ нэмэгдүүлэх талаар 2001 оноос хойш хэд хэдэн удаа Нийслэлийн Засаг дарга болон эрх бүхий байгууллагад удаа дараа хандахад ямар ч хариу өгдөггүй байсан” гэх хэсэгт дүгнэлт хийх боломжгүй юм.

Давж заалдах гомдлын “О.Б нь анх 1998 онд газар ашиглах шийдвэр, түүнээс хойш газар өмчлөлийн захирамж шийдвэр гаргуулахад ч уг газраа огт эзэмшиж ашиглаж байгаагүй” гэх тухайд: Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд мөн хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шаардлага тавигдсан байх бөгөөд үүнд эзэмших хүсэлт гаргаж буй газартаа “амьдардаг” байх шаардлага тавигдаагүй байна. Гагцхүү хүсэлт гаргасан газар нь төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор тусгагдсан бөгөөд Газрын тухай хуульд заасан эрх үүссэн этгээдийн газартай давхцаагүй байх шаардлага тавигдсаныг О.Б-ын хувьд хангасан байна. Түүнчлэн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т зааснаар О.Б-ын Газрын тухай хуулийн дагуу эзэмшсэн газар нь мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэхээр зохицуулсан байна. Тиймээс нэхэмжлэгчийн “О.Б нь анх 1998 онд газар ашиглах шийдвэр, түүнээс хойш газар өмчлөлийн захирамж шийдвэр гаргуулахад ч уг газраа огт эзэмшиж ашиглаж байгаагүй” гэх гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ

 


[1] Хэргийн 2 дугаар хавтас, 128-р тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 87-р тал

[3] Хэргийн 2 дугаар хавтас, 54-р тал

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 147, 148-р тал

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 152-р тал

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 155-р тал