Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/01114

 

“Санширо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03374 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1271 дүгээр магадлалтай,

“Санширо” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Айбексмонекс” ХХК, Д.Оюумаа нарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 38 928 183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хонины ноос худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу 38 928 183 төгрөгийг хариуцагч Р.Оюумаагаас гаргуулахыг хүсч байна. Монгол Улсын Засгийн 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоол гарсан, энэхүү тогтоол нь сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэл болон тэдгээрийн худалдан борлуулалт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой. Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам болон “Санширо” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдаж, хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд 121 000 000 төгрөгийг олгосон. Гэрээний 2.2.1-д зааснаар Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон сүлжмэлийн үйлдвэрүүдтэй ээрмэл утас нийлүүлэх гэрээ байгуулахыг үүрэг болгосон. Гэрээний хавсралтад 3 компани зааж байгаагийн нэг нь “Айбексмонекс” ХХК юм. Түүхий ноос, ноолууран бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна угааж цэвэрлэх шат дамжилгуудыг багтаасан гэрээ байгаа. Утас үйлдвэрлэж байгаа компани нь сүлжмэлийн үйлдвэрүүдтэйгээ давхар гэрээ байгуулах, үйлдвэрлэсэн утсаар нь майк кардиган цамц үйлдвэрлэх гэрээ байгуулах энэ гэрээний хувьд “Санширо” ХХК хонины ноос, ээрмэл утсыг “Айбексмонекс” ХХК-д худалдаж 25 952 122 төгрөгийн үнэ бүхий 851,7 кг утсыг 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нийлүүлсэн. Гэрээнд “Айбексмонекс” ХХК гэж байгаа боловч Д.Оюумаа гарын үсэг зурсан. Гэрээний 5-д “худалдагч тал хонины ноосыг зээлээр олгоно”, 5.3-т “буцаан нийлүүлсэн бүтээгдэхүүн боловсруулах байгууллагад 2 тал утасны зарцуулалтыг тооцон”, 6-д “ажлаа графикт зааснаар явуулаагүй бол хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх” нөхцөл заасан ч хэрэгжээгүй. “Санширо” ХХК-ийн нэрээр л авсан болохоос Д.Оюумаа бүх асуудлыг мэдэж зохицуулсан атлаа ямар ч төлбөр төлөөгүй байгаа тул Д.Оюумааг хариуцагчаар татаж төлбөрийг гаргуулахыг хүссэн гэрээ хийх үед “Айбексмонекс” ХХК-ийг Д.Оюумаа төлөөлж байгаа мэт боловч Д.Оюумаа нь энэхүү компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэдэг нь тодорхой болсон. 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэхэд энэхүү компанийн хувь эзэмшигч байхаа больсон, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа явуулахгүй болсон гэдэг Улсын бүртгэлийн газраас гаргаж өгсөн хуулбараар Д.Оюумаа хасагдаж байгаа. 2013 оноос эхлээд “Айбексмонекс” ХХК-тай холбоогүй болсон гэдэг тайлбараа Д.Оюумаа өөрөө гаргасан. Нөгөө талд нь “Айбексмонекс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Болдбаатар мөн адил 2013 оноос эхлээд холбоогүй гэсэн тайлбар өгсөн энэхүү байдлаас үндэслээд хариуцагчаар Д.Оюумааг татаж төлбөр гаргуулах хүсэлтэй байна. Гэрээнд заасан хэмжээний алдангийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Оюумаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Айбексмонекс” ХХК-тай холбоотой хэргийн хариуцагч болох боломжгүй. 2013 онд тус компанитай хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, захирал н.Болдбаатартай 2014 онд гэр бүлээ цуцалсан шалтгаантай. Эдгээр шалтгаан нь мөн хамтран хариуцагч болох үндэслэлгүй. Шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр явуулна уу гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1:-д зааснаар Р.Оюумаагаас 38 928 183 төгрөгийг гаргуулахыг хүссэн “Санширо” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар “Айбексмонекс” ХХК-аас 38 928 183 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан “Санширо” ХХК-ийн татгалзлыг баталж, холбогдох хэрийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1271 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3., 106.5.-д зааснаар нэхэмжлэгч “Санширо” ХХК нь хариуцагч “Айбексмонекс” ХХК-иас 38 928 183 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 352 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэрт “...Оюумаагаас 38 928 183 төгрөгийг гаргуулах “Санширо” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор судалж, үйл баримтыг зөв үнэлээгүйд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх гэрээг байгуулах үед Д.Оюумаа нь компанийн эзэмших эрхийг шилжүүлсэн байсан бөгөөд гэрээг байгуулахдаа тус компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг нэхэмжлэгч тал тодруулах байжээ. Нэхэмжлэлийн шаардлага 38 928 183 төгрөгийг хамтран хариуцагч Д.Оюумаагаас гаргуулах үндэслэлгүй, түүнийг хариуцагч биш гэж шүүх үзээд “Санширо” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов” гэжээ. Тухайн үед “Айбексмонекс” ХХК-тай гэрээ байгуулахаас эхлээд бүтээгдэхүүн хүлээлцэх, зэрэг бүхий л үйл ажиллагаанд тус компанийг төлөөлж Д.Оюумаа бүхий л асуудалд гардан оролцож, компанийн үйл ажиллагааг удирдаж байсан бөгөөд гэрээ болон холбогдох баримтуудад уг компанийн захирлыг төлөөлөн гарын үсэг зурсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Оюумаа нь 2013 оны 3 дугаар сард тус компанийн хувьцаа эзэмшигч байхаа больж, гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч төлөөлөх эрхгүй этгээд байсан нь тодорхой болсон бөгөөд ийнхүү компанийн нэр, тамга тэмдэг ашиглан үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон атлаа ямар ч төлбөр төлөөгүй тул Д.Оюумааг хамтран хариуцагчаар татсан. Д.Оюумаа нь шүүхэд “Айбексмонекс” ХХК-тай хамааралгүй тул уг төлбөрийг хариуцахгүй, шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд “Санширо” ХХК-тай гэрээ байгуулж, ээрмэл утас зээлж авсан талаар маргадаггүй, харин ч “Санширо” ХХК-аас авсан утсаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Ашиг нэхмэл” ХХК-д шилжүүлсэн гэх баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасанчлан хариуцагчийг хэнээр тодорхойлох нь нэхэмжлэгч талын эрх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, мөн Д.Оюумаа нь “Санширо” ХХК-аас зээлээр авсан утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бусдад буюу “Ашид нэхмэл” ХХК-д шилжүүлсэн гэдэг нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, үүнтэй холбоотойгоор үр дагавар бодитоор бий болсон утсыг тоо хэмжээгээр хүлээж авч, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж цааш борлуулсан гэрээг хэлгүйгээр “Айбексмонекс” ХХК-тай байгуулсан гэж байгаа ч тухайн компанийн нэр, тамга зэргийг ашиглаж үйл ажиллагаа явуулсан нь Д.Оюумаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх атал шүүхээс “гэрээг байгуулахдаа тус компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг нэхэмжлэгч тал тодруулах байжээ, түүнийг хариуцагч биш гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн алдааг залруулах боломжтой байсан ч шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бус нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс   гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “Санширо” ХХК-ийг хариуцагч “Айбексмонекс” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан гэж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан гэж хариуцагч “Айбексмонекс” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байх ба магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

“Санширо” ХХК нь “Айбексмонекс” ХХК, иргэн Д.Оюумаа гэсэн 2 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч  “Айбексмонекс” ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаагүй, нэхэмжлэлийг татан авах хүсэлт гаргаагүй байх тул шүүх хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх байжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хариуцагчийг солих, хариуцагчид холбогдох нэхэмжлэлээс татгалзах эрх гэрээгээр олгогдоогүй болохыг шүүх анхаараагүй байна.

“Санширо” ХХК болон “Айбексмонекс” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр “Айбексмонекс” ХХК хонины ноосон ээрмэл утас худалдаж авахаар тохиролцжээ. Худалдан авагч “Айбексмонекс” ХХК-ийг төлөөлсөн Д.Оюумаа нь тус компанийн гишүүнээс 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарсан, Ж.Болдбаатарт хувьцааны эрхээ шилжүүлсэн байх тул компанийг төлөөлөх эрхгүй этгээд мөн боловч уг гэрээний дагуу нийлүүлсэн хонины ноосон ээрмэл утсыг “Айбексмонекс” ХХК хүлээн авсан баримтаас үзэхэд гэрээний дагуу үүссэн үүргийг хариуцагч нар аль аль нь хүлээнэ гэж үзнэ. /хх-18/ Д.Оюумаа нь компанийг төлөөлөх эрхгүй боловч төлөөлж гэрээ байгуулсан үйлдлийг түүний хүсэл зоригоос гадуур гэж үзэх боломжгүй юм. Д.Оюумаа гарын үсэг зурж байгуулсан уг гэрээний дагуу 851,7 кг утсыг “Айбексмонекс” ХХК хүлээн авсан нь баримтаар тогтоогдсон тул үүргийг хамтран хариуцах үндэслэлтэй. “Айбексмонекс” ХХК нь өөрийг нь төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан бол гэрээний зүйл болох ноосон ээрмэл утсыг авах ч учиргүй юм. Иймд хариуцагч нарын хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан, гэрээгээр тохирсон зүйлийг хариуцагч нар авсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нар гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэл бий болжээ.

“Санширо” ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш “Айбексмонекс” ХХК-ийн хариу тайлбарыг хариуцагч Д.Оюумаа шүүхэд өгсөн тул уг баримтанд огноог иргэний хэрэг үүсгэснээс өмнө хугацаанд бичсэн нь ач холбогдолгүй байна. “Айбексмонекс” ХХК-ийн зүгээс “Засгийн газрын “Эх орон шингэсэн эрдмийн хувцас” төсөлд хамрагдаж ажилласан. Ажлын хүрээнд “Санширо” ХХК-аас гэрээний дагуу хонины ноосон хар хөх өнгийн 26/2 номерын 851.7 км буюу 25 952 120 төгрөгийн ээрмэлийн утас хүлээн авч түүгээрээ бага ангийн хүүхдийн майк нийт 2904 ширхгийг үйлдвэрлэж “Ашид нэхмэл” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар 1442 ширхэг майк буюу 21 331 880 төгрөгийн, 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1262 ширхэг майк буюу 19 392 000 төгрөгийн нийт 41 223 880 төгрөгийн бүтээгдэхүүн тушаасан. Иймд “Санширо” ХХК-д төлөх манай тооцоог “Ашид нэхмэл” ХХК-аас нэхэмжилнэ үү. Д.Оюумаатай хөдөлмөрийн гэрээг 2013 онд цуцалсан.” гэсэн тайлбар ирүүлжээ. /хх-98/

Гэрээний талууд бие биенийхээ өмнө үүрэг хүлээдэг тул “Айбексмонекс” ХХК нь “Санширо” ХХК-ийн өмнө үүргээ биелүүлэх ёстой болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул хариуцагч Д.Оюумаа, “Айбексмонекс” ХХК нь хүлээн авсан эд зүйлийн үнийг “Санширо” ХХК-д төлөх, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээгээр тохирсон алданги төлөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1271 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03374 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 186 дугаар зүйлийн 186.1. дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Оюумаа, “Айбексмонекс” ХХК-аас тус бүрээс нь 19 464 091 төгрөг нийт 38 928 183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Санширо” ХХК-д олгосугай.” гэж,

3 дахь заалтад “...үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 352 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Санширо” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамираас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА