Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/288

 

 

    2023            03           14                                        2023/ДШМ/288

 

Х.Ххолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Х.Х,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2211000002 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Х.Х, 

             Х.Х нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон” гэх лоунжийн гадна иргэн Б.М“найзыгаа өмөөрсөн” шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиж биед нь баруун талд хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, хөмсөг, зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүргэд овогт Хатанбаатарын Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Хнийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихын сануулж, шүүгдэгч Х.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Х.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Миний бие “Лондон” лоунжид бармен гэх ажил хийдэг учир шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх боломжгүй, ажил давхцаж байгаа тул энэхүү оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Хын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Х нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 12-наас 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лондон” гэх лоунжийн гадна иргэн Б.М“найзыгаа өмөөрсөн” шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Мийн “...2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 4 дүгзэр хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил ах болох Ганзоригийг авах гээд би өөрийн найз болох Тэмүүлэнгийн хамтаар явж очсон. Тэгээд удаад байхаар нь манай найз Тэмүүлэн Ганзориг ахыг дуудах гээд ганцаараа орсон бөгөөд нээх удалгүй буцаад гараад ирсэн. Гарч ирэх үед нь түүний араас нөгөө өндөр зөөгч залуу дагаж гарч ирснээ манай найзыг машинд шахаж байгаад нүүрэн тус газарт нь цохиж харагдсан. Тэр үед салгах гэж очсон биш миний нүүрэн тус газарт цохиод авсан. Манай найзтай дахин маргалдсан бөгөөд ..цохиод авахаар нь би салгах гээд дундуур нь ортол миний нүүрэн тус газар 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон.” гэх /хх6/,

гэрч У.Т “..Тэгээд манай найз Б.М чи яаж байгаа юм бэ гээд салгах гээд орж ирэх үед нь түүний нүүрэн тус газарт 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон байдаг. Гэтэл манай найзын баруун талын нүд хөхөрч хавдсан, уруул болон эрүүний түвшинд цохиулснаасаа болоод язарчихсан, хавдчихсан харагдаж байсан..” гэх /хх10, 18/

гэрч Ц.М “...Тэгэхээр нь би очсон чинь Х.Х нь Б.М болон түүний найзтай маргалдаж байхаар нь би очиж салгаад Х.Хыг дотогш оруулаад Б.М болон түүний найзтай юм ярьж байтал удалгүй Х.Х эргэж гарч ирээд Б.М болон түүний найзыг нэг нэг удаа цохисон.” /хх12/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15600 дугаар дүгнэлтэд: “..Б.Мийн биед баруун талд хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн гадна, доод ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, хөмсөг, зовхи, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыгтогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх21-22/,

“Мед Траума” эмнэлгийн дүрслэл оношилгооны хариу /хх-41/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Х.Хыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. гэж хуульчилжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Хтухайн зүйл хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан 1.280.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Хын гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

-  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ