Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02055

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02195 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан гаргасан 6 697 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” ХХК нь “Э-” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээний саналыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Э-” ХХК-д хүргүүлсэн. Тухайн үед талуудын хариуцсан салбарын үйл ажиллагааны менежерүүд харилцан тохиролцож, Эрин рестораны заалыг ашиглаж үйл ажиллагаа явуулах саналыг “Э-” ХХК хүлээн авч, 6 үйл ажиллагааг зохион байгуулсан. “Х-” ХХК үйл ажиллагаа бүрт оролцож буй хүмүүсийн тооноос шалтгаалж 1 хүний 7 000 төгрөгийн төлбөр авахаар бусад байгууллагуудтай гэрээ байгуулдаг бол “Э-” ХХК-тай 1 хүний 5 000 төгрөгөөр тооцож төлбөр авахаар гэрээ байгуулсан. Хамтын ажиллагааны хугацаанд нийт 6 захиалга хүлээн авч үйл ажиллагаа зохион байгуулахад нийт 893 хүн оролцсон гэж тооцоолсон. Хариуцагч талын захиалга алдагдалтай байсан. Тус алдагдлыг хүлээхгүй, тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь байгаагүй. Хэрэв байсан бол ийм алдагдалтай гэрээ байгуулахгүй байсан гэж тайлбарладаг боловч лед дэлгэцийн төлбөрийг төлнө. 2 үйл ажиллагаа зохион байгуулсан гэж сурталчилгаа зуучлалын гэрээ хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн. Хүлээн авсан бусад 4 үйл ажиллагаа алдагдалтай байсан. Үүнээс шалтгаалж ажилчид ажлаас чөлөөлөгдсөн. Итгэмжлэл олгогдоогүй этгээд гэрээ байгуулсан зэрэг тайлбарыг өгч сурталчилгаа зуучлалын гэрээний 3 дахь хэсгийн 3.4-т заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Э- ХХК”-аас хариуцагч “Х-” ХХК-д гэрээ цуцлах тухай саналыг хүргүүлсэн. Сурталчилгаа зуучлалын гэрээ алдагдалтай байгаа учир гэрээ цуцлах саналыг хүргүүлж байна. Үлдэгдэл тооцоог хийх боломжтой талаараа дурдсан. Сурталчилгаа зуучлалын гэрээ хүчин төгөлдөр тухайн захиалгууд дээр ашиг орлого олсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, үндэслэлгүй тайлбар хэлж байна. Иймд гэрээний үүргийн биелэлтийг хангуулж 4 465 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги 2 232 500 төгрөг, нийт 6 697 500 төгрөгийг хариуцагч “Э-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э-” ХХК-ийн зүгээс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан сурталчилгаа зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Өмнө дурдсанчилан “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Э захиралтай огт уулзаж байгаагүй. Сурталчилгаа зуучлалын гэрээний нөхцөлийг “Э-” ХХК-ийн захирал Я.Э- “Х-” ХХК-тай ярьж тохиролцож байгуулаагүй. Тухайн гэрээ байгуулагдах хугацаанд Я.Э- захирал гадаад улсад албан ажлаар явж байсан гэдгийг нотлох зорилгоор нислэгийн тиз болон оролцсон хурлын баримтуудыг өгсөн. Сурталчилгаа зуучлалын гэрээг байгуулах итгэмжлэл олгогдоогүй, төлөөлөх эрхгүй этгээд болох менежер Г.Сг, М.Д-, н.Болормаа нар байгуулж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тайлбарладаг. Гэрээ цуцлах тухай мэдэгдлийн тухайд “Э-” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу Я.Э- сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулагдсаныг мэдэж, намайг мэдээгүй байхад 2 хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Тус 2 үйл ажиллагаа зохион байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч, бусад үйл ажиллагаа зохион байгуулагдаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид энэ гэрээг мөрдөхгүй гэж гэрээ цуцлах тухай албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал сурталчилгаа зуучлалын гэрээ гэж маргадаг. Зуучлалын гэрээ нь зуучлагч нь зуучлуулагчид бүрэн эрх олгож, түүний ашиг сонирхлыг хохироохгүй хэлцэлд зуучилж өгөх ёстой 3 талт гэрээ байдаг. Гэтэл “Э-” ХХК-ийн зүгээс 2 хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Я.Э- захирал байгаагүй. “Э-” ХХК-ийн хувьд 200 000 төгрөгийн төлбөртэйгөөр Эрин рестораны заалны талаарх мэдээллийг “Х-” ХХК цахим хуудсанд байршуулж, тус зарыг харж үйл ажиллагаа зохион байгуулахаар хүмүүс ирсэн. Иймд зуучлалын гэрээ биш сурталчилгааны гэрээ байна. Зуучлалын хөлс гэж 1 хүний 5 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв зуучлалын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй. Зөвхөн захиалга баталгаажуулах хуудсанд “Э-” ХХК-ийг төлөөлж С.Т- тооцоо нийлж, гарын үсэг зурсан гэж үндэслэж ярьдаг. Тус захиалга баталгаажуулах хуудсанд хийгдсэн бичилтийг манай компанийн ажилтан С.Т-тай утсаар холбогдож нийлсэн. Эсвэл өөрөө бичсэн гэж ярьдаг. Захиалга баталгаажуулах хуудас нь нотолгооны ач холбогдолгүй. “Э-” ХХК-ийн зохион байгуулсан 2 хүлээн авалт ямар ч ашиггүй байсан. Эрин рестроны заалыг хүлээн авалт зохион байгуулах зорилгоор ашигладаггүй. Тус 2 хүлээн авалтыг зохион байгуулахын тулд н.Дашнямын хуримд 1 318 000 төгрөгийн ашиг олж 250 000 төгрөг, 300 000 төгрөг, 690 000 төгрөгийн зарлага гаргасан. 2017 оноос хойш “Х-” ХХК нь Я.Э- захиралтай уулзах санал тавьдаг. Гэрээний санал хүргүүлдэг байсан. Гэрээ байгуулж хамтран ажиллах санал тавих бүрдээ манай байгууллагад илтэд хохиролтой санал тавьдаг. Тус саналыг хүлээж авдаггүй. Ийм учир Я.Э- захирлын эзгүйд гэрээ байгуулсан. Гэрч М.Д- шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Сурталчилгаа зуучлалын гэрээг Я.Э- захиралтай тохирсон. Гэрээний санал өгөөч гэсэн учир 2 хэсэгт тэмдэглэгээ хийсэн талаараа хэлсэн. “Х-” ХХК-ийн өгч байгаа сурталчилгаа зуучлалын гэрээ нь 2, 3 хүний гарын үсэг сольсон, хэд хэдэн өнгийн бал сольж бичсэн менежер Г.Саруулцэцэг “Э-” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулж байгаа боловч гэрээний арын хэсэгт гарын үсгээ зураагүй зэрэг маргаантай асуудал байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Э-” ХХК-аас 6 697 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 110 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргзний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлсэнийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.  Анхан шатны шүүхээс “Х-” ХХК болон “Э-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн сурталчилгаа зуучлалын гэрээг гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар дүгнэсэн атлаа гэрээний үүргийн дагуу төлбөр төлөхийг шаардсан байхад нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу маргаагүй үндэслэлд дүгнэлт өгсөн. Мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахтай холбоогүй маргаан байхад нэхэмжлэлийн маргаж буй үндэслэлээс хальж, зөрүүтэй дүгнэлтүүдийг хариуцагчийн төлбөр төлөхөөс зайлсхийсэн тайлбарт тулгуурлан, гэрээний үүрэг биелэгдсэн талууд харилцан тохиролцон үйл ажиллагаа явагдсан үйл баримтыг үгүйсгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай компаниас уг хүчин төгөлдөр гэрээний дагуу гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөх ёстой мөнгөн дүн болох 6 697 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан сурталчилгаа зуучлалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн боловч гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн нь баримтгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу сурталчилгаа хийгдэж, хариуцагч байгууллагыг манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу суртчиллаж, олонд нийтийн хэрэгсэл ашиглан, зуучлан, захиалга авч, гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн, түүний төлбөр хийгдсэн төлбөр төлсөн баримтууд хэрэгт авагдсан, уг зохион байгуулж төлбөр төлсөн үйл ажиллагаануудыг ч мөн захиалга баталгаажуулах хуудсыг үндэслэж захиалга баталгаажсанд тооцож үйлчилгээний хөлсийг төлсөн хариуцагч, мөн зуучлалын дагуу захиалга баталгаажиж, хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан нь шүүхийн хэлэлцүүлэгчийн явцад үйл баримтаар тогтоогддог, хариуцагчаас ч энэ талаар маргадаггүй. Хариуцагчийн зүгээс  нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч буйгаа шүүх хуралдаа явцад мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд тусгагдсан. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн захиалга баталгаажуулах хуудсыг хариуцагчийн менежерийн зөвшөөрлөөр баталгаажуулсан, гэрээ байгуулагдах үед баталгаажуулахаас өмнө гэрээний талууд харилцан утсаар яриа хэлэлцээр хийж, тохиролцсон. Тухайн үед хариуцагч компанийн менежер нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь байсан, манай зүгээс эрхгүй этгээд байсан эсэх талаар мэдэх боломжгүй, компанийн хүний нөөцийн асуудлаас үүссэний улмаас учирсан асуудлын хариуцлагыг хүлээх үндэслэлгүй. Хэдийгээр баталгаажуулах хуудас дээр хариуцагчийн төлөөлөл гарын үсэг зураагүй ч утсаар ярьж шийдвэрлэсэн нь баримтаар тогтоогддог. Уг баталгаажуулах хуудас нь зуучлалын үйл ажиллагааны гэрээний төлбөрийг тооцох баримт ба гэрээний төлбөр төлөх баримт бичгийн илэрхийлэл юм. Энэхүү хэрэг маргааны хувьд гүйцэтгэх захирлын гарын үсэггүй боловч хариуцагч компанийн албан ёсны тэмдэг, хариуцсан ажилтан менежерийн гарын үсэг зөвшөөрөл авагдсан. Өөрөөр хэлбэл талууд эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж байсан бөгөөд энэ нь хариуцагч гэрээний төлбөрийг төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрч буйн нэг хэлбэр. Гэтэл анхан шатны шүүхээс захиалгын хуудас дээр хариуцагч гарын үсэг зурагдаагүй үндэслэлээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний хөлс 4 465 000 төгрөг, алданги 2 232 500 төгрөг нийт 6 697 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зуучлалын гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

            Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулагдаж, уг гэрээнд “Х-” ХХК-ийг төлөөлж захирал Т.Э, “Э-” ХХК-ийг төлөөлж Э.Б, Б.Д- нар гарын үсэг зурж, хоёр тал компанийн тамга дарагдсан болохыг хариуцагч үгүйсгээгүй байна. /хэргийн 22-23 дугаар тал/

 

            Хэдийгээр хариуцагч талаас хариуцагчийн төлөөлөгчийг эзгүйд төлөөлөх эрхгүй этгээд тус гэрээг байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан хариуцагч “Э-” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Я.Э-аас “Х-” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23/17 тоот гэрээ цуцлах тухай албан бичигт “...талуудын хооронд сурталчилгаа зуучлалын гэрээ байгуулагдсан. Гэвч танай байгууллага компанийн дотоод үйл ажиллагаанд заавар зөвлөгөө өгөх зэргээр оролцож бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа тул гэрээг цуцлаж байна. Мөн үлдэгдэл төлбөрийг төлөх болно.” гэсэн байгаагаас тэдний хооронд Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн болох нь давхар тогтоогдож байна. /хэргийн 35 дугаар тал/

 

Анхан шатны шүүх гэрээг эрх бүхий этгээд эсхүл түүний зөвшөөрлөөр бусад этгээд байгуулж болох ба хэрэв эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрхтэй этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар уг үйлдэл хүчин төгөлдөр болох талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Учир нь нэхэмжлэгч байгууллага 893 хүний 6 хүлээн авалтын захиалгыг хариуцагч байгууллагад зуучилсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй боловч хариуцагчаас н.Дашнямын хурим, Санхүүчдийн баярын хүлээн авалтыг нэхэмжлэгчтэй байгуулсан зуучлалын гэрээний дагуу зохион байгуулсан талаар маргаагүй байна. Хэрэгт хариуцагч байгууллагад менежерээр түр хугацаагаар ажиллаж байсан С.Т-ын гарын үсэг бүхий баталгаажуулах хуудас, түүнийг ажилд томилсон тушаал авагдсан байх боловч тухайн үед тэр ажиллаж байсан болон баримтанд гарын үсэг зурсан болох нь тогтоогдохгүй байна. Уг баримтанд нэхэмжлэгч талын төлөөлсөн этгээдийн гарын үсэг, талуудын тамга тэмдэг дарагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үнэн зөв эргэлзээгүй баримт болохгүй юм.  

 

            Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч байгууллагаас дээрх хоёр арга хэмжээг зохион байгуулахад нэхэмжлэгч зуучилсантай холбогдуулан 850 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар нотлох баримт болох тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн зуучилсан арга хэмжээнүүдэд хэдэн хүн оролцсон, хариуцагч ашиг олсон эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч, уг арга хэмжээнээс ашиг олсон эсэх нь гэрээгээр тохиролцсон зуулчлалын төлбөр төлөх үүргээс хариуцагч чөлөөлөгдөх буюу татгалзах үндэслэл болохгүй юм.

 

            Мөн талууд гэрээг цуцалсан болон гэрээний үүрэгтэй холбоотой тооцоо нийлсэн баримтгүйгээс төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаа тодорхойгүй байх тул алданги тооцох үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Э-” ХХК-аас 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 847 500 хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э-” ХХК-аас 850 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 847 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “122 110 төгрөг” гэснийг “24 950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР     

                      

                                                                                                          С.ЭНХТӨР