Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/286

 

   2023           03            14                                        2023/ДШМ/286                   

 

 

Ч.Тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Энхтуул,

          шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч У.Түвшин, О.Цэрэнпунцаг,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Н.Нямдаваа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 210502247 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ч.Т, 

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар дээрх оногдуулсан ялаас тус тус 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр, 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 423 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар, 09 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан 7 сар, 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сар 9 хоногийн хорих ялаар тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон.

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ард аюушийн 25/0-31 тоотод иргэн С.Ө“өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг буюу хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Тг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тоногдуулсан 5 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгийн цагдан хоригдсон 193 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болхыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...Би урьд өмнө нь гэнэн томоогүй явж хялбар аргаар мөнгө олох гэж бусдыг дээрэмдэж, залилж гурван удаа ял шийтгүүлж байсан боловч 2021 онд Өршөөлөөр суллагдаж гарч ирээд өөртөө зорилго тавьж, цэвэр ариунаар ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр хүүхэдтэй болж сайн сайхан амьдрахын төлөө явж байх үед хохирогч болох С.Ө надад агсам тавьж, өөрийнхөө төрсөн ээжтэйгээ зүй бус харьцаад байхаар нь хэсэгхэн хугацаанд өөрийн уур омгоо барьж дийлэлгүй сайн найзыгаа хүнд гэмтээсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Би энэ хэрэгт холбогдохоосоо өмнө Банк бус санхүүгийн байгууллагаас 15.000.000 орчим төгрөгийн зээл авч телевизор, нөүтбүүк, гар утас зэргийг авч байсан ба ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж эхнэр хүүхдээ тэжээж амьдралаа зохицуулж, өр зээлээ төлдөг байсан. Эхнэр маань намайг энд байх хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр дахин төрж, хүүтэй болсон ба одоогоор 3 настай охин, 6 сартай хүүгийн хамт ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүүхдүүдээ хараад, өр зээл нь нэхэгдээд төлж чадахгүй ард минь маш хүнд байдалтай хоцорч байна. Би 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр энэ хэрэгт анх шийтгүүлж 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 433 дугаар хорих ангид шинээр очоод хорих ялаа эдэлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хоригдолд нүүрэн тус газраа цохиулж эрүү, шанаа хоёроо хугалуулж хагалгаанд орж хадуулсан боловч шүднүүд зөрж, эрүү гажигтай болж хоцорсон тул хүний эрүүл мэнд ямар чухал болохыг хүнд гэмтэх нь ямар хэцүү болохыг өөрийн яс махаараа ойлгож өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хохирогчийн буруутай үйлдэл, миний ар гэр, эхнэр, хүүхдүүдийн минь хүнд байдалтай хоцорч байгаа байдал, миний хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж, хохирогчийн хохирол, гомдол саналыг барагдуулсан мөн өөрөө хүнд гэмтэл авсан зэрэг нөхцөл байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Ч.Тгийн хувийн байдлыг нь харгалзан үзэж, урьд гэмт хэрэг үйлдэж, 3 удаагийн ял шийтгэл оногдуулж байсныг нь үндэслэн эрүүгийн хариуцлага оногдууллаа гэж тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бус бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх боломжтой. Өмнөх үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэлээ эдэлсэн нь эрүүгийн хариуцлагыг хязгаарлах үндэслэл болохгүй гэх хуулийн зохицуулалт байгаа. Өмнө үйлдсэн гэмт хэрэгт давхар яллахгүй гэсэн зарчим байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хувийн байдлын талаар шийтгэх тогтоолд тодорхой заасан байгаа. Ял эдэлж байх хугацаандаа бусдад зодуулж хүнд гэмтэл авсан. Бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж боломж олгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зохицуулалтын агуулга нь шүүх энэрэнгүй хандах, гэмт хэрэг үйлдсэн хүн гэмшиж байгаа, гэм буруугаа ойлгож байгаа байдал, хувийн байдал, зан ааш зэрэг нөхцөл байдалд нийцүүлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломж нөхцөлийг заасан байгаа. Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь хүмүүжүүлэх, үйлдсэн гэмт хэрэгт нь гэмшүүлэх санаа зорилготой байдаг. Тухайн этгээд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээн гэдгээ ухамсарласан байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг үндэслэн Ч.Тоногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгдэгчийн хувийн байдал буюу 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсныг үндэслэн анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж өмгөөлөгчөөс хэлж байна. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэж, гэмт хэрэг үүсэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинжийг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзэж, эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Шүүгдэгч Ч.Тоногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Т гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэх асуудлыг түүний өмгөөлөгч хэлсэн. Анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэх үед шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй, аргагүй хамгаалалт гэж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Ийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Тгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Ч.Тгийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 2 дугаар хороо,  Ард аюушийн 25/1-11 тоотод хохирогч С.Ө“өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг буюу хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Өын “...Бид нар архи ууцгаасан. ...Манай эхнэр Анхтуяа манай бие муутай ээжийг орон дээр хэвтүүлэх гэж байхдаа ширүүхэн татаж хэвтүүлсэн. Тэгсэн чинь Ч.Т “Ээжийгээ ямар эвгүй хэвтүүлдэг юм” гэхээр нь би “Чамд ямар хамаатай юм” гээд Ч.Т руу салаавч гаргасан. Тэгээд муудалцаж байгаад больсон ба гарч тамхи татахаар Тамираа, Тулгаа, Ч.Т бид 4 гарсан. Гадаа гараад Тулгаа, Тамираа 2 бие засах гээд явсан, Ч.Т бид хоёр амбаарын үүд хэсэгт байсан. Тэгээд бид хоёр дахин маргалдаж би Ч.Т руу салаавч гаргасан. Тэгсэн чинь Ч.Т миний санаж байгаагаар үзүүртэй төмөр зүйлээр толгойны ар хэсэгт 3 удаа, зүүн дал хэсэгт 1 удаа хатгасан...” хх 12-14/,

гэрч О.А “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед гэртээ унтах гээд байж байхад Номин миний гар утас руу залгаад “Болдоо ахын найз нь хайч шиг үзүүртээ зүйлээр толгойн тус газарт нь зоочихлоо толгойноос нь их цус гараад байна” гэхээр нь би гэрт нь очиход их хэмжээний цус хувин дотор асгарсан, үүдний хэсэгт амбаарын цементэн шалан дээр цус дуссан юм шиг байсан ба би найздаа гомдол гаргахгүй гээд байсан.” /хх 16-18/,

гэрч С.Т “...бие засаж байхад гэнэт л нэгнээ аллаа гээд орилж, чанга чанга дуу гараад байсан. Тэгээд доошоо гүйгээд үүдний амбаарт ортол С.Ө ухаангүй байсан ба зүүн бөөрний хойд хавьцаанаас цус алдаж байсан. Тамир тэр үед С.Өын доогуур нь гараа хийчихсэн байсан ба намайг хамт өргөөрэй гэхээр нь би хамт өргөөд гэр рүү нь оруулаад газар шалан дээр өөрөө унаад өгөхөөр нь нурууг нь хартал 2-3 нарийхан чигчий хурууны дайтай нүх гарчихсан байсан. Бид хоёр С.Өод хамаг анхаарлаа хандуулчихсан байхад Ч.Т найз охинтойгоо хамт яваад өгсөн байсан.” /хх 25-27/,

гэрч Д.Т “...Эргээд хартал Ч.Т С.Өын толгойг доошоо дарчихсан нуруу болон шилэн хүзүү рүү нь гараараа цохиж байна л гэж бодсон. Тэгээд би гүйж очоод Ч.Тг цааш нь түлхэж холдуулаад С.Өын хоёр суган доогуур нь гараараа дээшээ өргөтөл С.Ө доошоо гулжганаад уначихсан. Тэгээд нойтон зүйл мэдрэгдэхээр нь гараа хартал цус болчихсон байсан. Тэр үед Тулгаа орж ирээд бид 2 С.Өыг дамжлаад гэр рүү нь оруулаад шалан дээр тавьтал толгойных нь ар талд цус болчихсон байсан. Мөн нурууных нь ар хэсгээс их хэмжээний цус гарч байсан. ...Тэр үед С.Ө би найздаа гомдол гаргахгүй гээд орилоод байсан. Маргалдсан зүйл анзаарагдаагүй, гэнэт л Ч.Т С.Өыг цохиод байж байсан.” /хх 29-31/,

насанд хүрээгүй гэрч С.Н “...С.Ө ах, Ч.Т ах нар хоорондоо “чи яагаад салаавч өгөөд байгаа юм” гэх зэргээр маргалдахыг нь сонссон. Тэр үед би амбаар дотор байсан байшингийн хаалга онгорхой байсан болохоор Ч.Тг хаалгаа хаа гэхээр нь би хаалгаа хаасан. Тэрний дараа 1 орчим минутын дараа байшингийн хаалга онгойлгоход С.Ө ахын толгой хэсэг тэр чигээрээ цус болсон байсан ба Тамираа ах С.Ө ахын цээж хэсгээс нь, Тулгаа ах хөл хэсгээс нь дамжлаад байшин руу оруулсан. С.Ө ахыг өргөөд байшин руу оруулах үед Ч.Т “хурдан түргэн дууд би С.Өыг хайчаар ийм болгочихлоо гэж хэлж байхыг сонссон.”/хх 39-41/,

шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Дагз ясны сэлтэрсэн хугарал тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн цохих, цохигдох зүйлийн нөлөөгөөр үүснэ. Хохирогчийн биед үүссэн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.” /хх 129-131/,

яллагдагч Ч.Тгийн “...өөрийн найз С.Өын биед хайчаар хатгаж гэмтэл учруулсан нь үнэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” /хх 73-75/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2266 дугаар “...С.Өын биед дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дагз ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 49-50/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу /хх 52-60/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ч.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

Шүүгдэгч Ч.Тгийн “...гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж, хохирогчийн хохирол гомдлыг барагдуулсан. Миний эрүүл мэндийн байдал болон эхнэр хүүхэд ар гэрийн маань нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус  хуульчилсан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч Ч.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа хэдий ч шүүхээс Ч.Тоногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулинд зааснаар шүүгдэгч Ч.Тгийн эдлээгүй үлдсэн 1 жил, 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Гэтэл шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/00660 дугаар албан бичиг /2хх 97/, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22/51 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” /2хх 98/ тогтоолоор шүүгдэгч нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан болох нь нотлогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч нь хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн боловч тухайн ялаа эдэлж дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/41 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ч.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 63 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ