Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/05232

 

 

2024 11 12 101/ШШ2024/05232

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, шүүгч Ж.Азбаяр, шүүгч Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* байрлах худалдаа үйлчилгээний ******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, тоотод оршин суух /Регистрийн дугаар:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 28,922,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Даваажав овогтой нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, өглөөний 06 цагийн орчим, өөрийн эзэмшлийн УБВ улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн авто машиныг жолоодож яваад ,, хотхоны гэрлэн дохиотой замд "*******" ХХК-ны эзэмшлийн УНИ улсын дугаартай Toyota Land Cruiser 300 маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан юм.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дугаартай Зөрчлийн хэрэг нээн шалгаад Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9, 1.3-т заасан Хориглосон гэрлэн дохиогоор нэвтрэн орсон ба "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буруутай болохыг нотлон тогтоож, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Уг ослын улмаас ******* ХХК-ны эзэмшлийн Toyota Land Cruiser 300 маркийн автомашин эвдэрч, " ХХК-ны хийсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нийт 27.572.100 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Гэтэл ослын буруутан болох Д. өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Мөн ХХК-ны үнэлгээ хийсэн ажлын хөлс болох 1.200.000 төгрөгийн төлбөрийг мөн Д. төлөөгүй учир ******* ХХК арга буюу төлж үнэлгээний тайланг авсан. Иймд Д.аас осол гаргаж, ******* ХХК-ны эзэмшлийн УНИ улсын дугаартай Toyota Land Cruiser 300 маркийн автомашинд учруулсан хохирлын 27.572.100 төгрөг, ХХК-ны хийсэн үнэлгээний төлбөр 1.200.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ослын газраас эвдэрсэн УНИ улсын дугаартай Toyota Land Cruiser 300 маркийн автомашиныг Toyota топ моторс төвд хүргэсэн ачилтын хөлс 150,000 төгрөг, нийт 28,922,100 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг мөртлөө, хохирлыг төлж чадахгүй гэж хэлдэг. Төлж чадахгүй байгаа шалтгаанаа би төлбөрийн чадваргүй гэж ярьдаг. Жолоодож явсан машин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй. Тэгээд адуу, мал аваад ирье. Би хөдөө хэдэн адуу малтай гэж хэлээд нэг хэсэг алга болох жишээний. Үнэлгээний хариуг авахгүй гэдэг. Ерөнхийдөө өөрөө зам тээврийн осол гаргаад дүрэм зөрчөөд хүнийг хохироочихсон мөртлөө, огт санаа тавихгүй, нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүртэл явж байгаа ба уг асуудлаар бидэнтэй нэг ч холбогдож байгаагүй.Тэр эвдэрсэн, хольсон сэлбэг хэрэгсэл нь бол тэнд байж байгаа. Тэгээд хүний хохирлыг төлье, барагдуулъя гэсэн сэтгэл байхгүй байна гэж үзэж байгаа. Ослын улмаас ******* ХХК-д нэхэмжлэлд заасан энэ хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв

 

2. Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д. нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* ХХК-ийн эзэмшлийн УНИ улсын дугаартай тоёота ланд круйзер 300 маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан.

Уг зам тээврийн осолтой холбоотой маргаан байхгүй, харин 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ийн хийсэн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 27,572,100 төгрөг, ачилтын хөлс 150,000 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх сэлбэгүүд зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэлсэн бүх эд ангийг шинээр солихоор дүгнэсэн, зарим эд ангийг засварлах боломжтой байхад хэт нэг талыг барьж бодитой дүгнэлт гаргаагүй байх тул нэхэмжилж буй төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт

3.1. Нэхэмжлэгч талаас, шүүхэд гаргасан нэхэмжлэл /ХХ-ийн 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /ХХ-ийн 4/, итгэмжлэл /ХХ-ийн 5/, Улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн /ХХ-ийн 6/, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /ХХ-ийн 7-9/, үнийн санал /ХХ-ийн 10/, цахим мэдэгдэл /ХХ-ийн 11/, нэхэмжлэх /ХХ-ийн 12/, гар бичмэл /ХХ-ийн 13/, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /ХХ-ийн 14/, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг сунгах тухай тогтоол /ХХ-ийн 15/, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /ХХ-ийн 16/, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Зам тээврийн осол тогтоосон акт /ХХ-ийн 17-23/, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Эрх бүхийн албан тушаалтны тогтоол /ХХ-ийн 24-25/, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 26-27/, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс гаргасан хүсэлт /ХХ-ийн 29/, өмгөөлөгчөөс, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /ХХ-ийн 30-31/, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /ХХ-ийн 36-37/, Жолоодох эрхийн лавлагаа /ХХ-ийн 38/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 39/, жолоочийн үнэмлэх, Иргэний үнэмлэх /ХХ-ийн 40/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /ХХ-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 42/, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 44/,Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /ХХ-ийн 48/, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар /ХХ-ийн 49/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эрх бүхийн албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 50/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 51-52/, 2024 оны 04 дүгээр 29-ний өдрийн Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай ХХ-ийн 53-54/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудас /ХХ-ийн 55/, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Голомт банк ХК-ийн орлогын мэдүүлэг /ХХ-ийн 56/, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол /ХХ-ийн 57/, гомдол /ХХ-ийн 58-63/, тайлбар /ХХ-ийн 64/, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 297 дугаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол /ХХ-ийн 65-66/, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн гомдлын хариу /ХХ-ийн 67/,

3.2. Хариуцагч талаас, итгэмжлэл /ХХ-ийн 77/, хариу тайлбар /ХХ-ийн 78/, хүсэлт /ХХ-ийн 79/,

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас, хариуцагч ид холбогдуулан гэм хорын хохиролд 28,922,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 28,772,100.00 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаж, танилцуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хэд шүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Хариуцагч Д. нь 2024 оны 04 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамж,ы гэрлэн дохиотой замд, өөрийн өмчлөлийн тоёота ланд круйзер 200 маркийн УБВ улсын дугаартай автомашиныг унаж явах үедээ нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн Ланд круйзер 300 маркийн 0604-УНИ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед үнэлгээ хийгдсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх хугацаанд хариуцагч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх атлаа дахин шинжээч томилох, хөрөнгийн үнэлгээ огт хийлгэж байгаагүй.

Д. нь зам тээврийн осолтой холбоотой гэм буруутай эсэхтэй маргадгүй, үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн тул зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 27,572,100.00 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 1,200,000.00 төгрөг, ачилтын хөлсөн 150,000.00 төгрөг, нийт 28,922,100.00 төгрөг гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг тайлбарласан.Үүнд:

Хариуцагч Зам тээврийн осол гарсан, гэм буруугийн талаар маргахгүй, харин ХХК-ийн 2024 оны 05 дугаар 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 27,572,100.00 төгрөг, ачилтын хөлсөнд 150,000,00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, уг сэлбэгүүдийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн, бүх эд ангийг шинээр солихоор дүгнэсэн, зарим эд ангийг завсарлах боломжтой гэж тайлбарлаж байна.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

3.1Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д. нь, 2024 оны 04 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улсын гудамж,ы гэрлэн дохиотой замд, өөрийн өмчлөлийн тоёота ланд круйзер 200 маркийн УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ, нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн Ланд круйзер 300 маркийн 0604-УНИ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан болох нь зам тээврийн ослын актаар тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9-д  Гэрэл дохио нь дараах утгатай байна:, б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно;, мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэж тус тус заасныг зөрчсөн ажээ./хх 17-23 дугаар тал/

Уг зам тээврийн осолтой холбоотой хариуцагч П. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулах тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэст гарган, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна./хх 29 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтсээс, хариуцагч Д.ид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 100,000.00 төгрөгөөр торгож, шийтгэвэр хүчин төгөлдөр болсон тул хариуцагч нь гэм буруутай байна./хх 55 дугаар тал/

Түүнчлэн хариуцагч нь зам тээврийн осолд гэм буруутай үйл баримтын талаар маргаагүй.

3.2 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 14 дэх хэсэгт ..........бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заажээ. Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.аас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

 

4.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар, ХХК-ийн гаргасан, 2024 оны 05 дугаар 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсанаар, нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн УНИ ланд круйзер 300 маркийн автомашинд 27,572,100.00 төгрөгийн хохирол учирсан гэжээ./хх 7-11 дүгээр тал/

Тодруулбал, тус хохирлын үнэлгээний тайланд дурдсанаар 18 нэр төрлийн эд анги их хэмжээгээр эвдэрсэн тул зайлшгүй солих, 2 ширхэг эд анги дунд хэмжээгээр эвдэрсэн тул засварлах, мөн будах, өнгө гаргах, эд анги солих, тэнхлэг тохиргоо тохируулах шаардлагатай гэсэн бөгөөд Топ моторс ХХК-ийн үнийн саналыг үндэслэн, гэмтсэн эд ангийн эвдрэлийн зэрэг, элэгдлийг тооцож, засварын ажлын дундаж үнийн тарифыг баримталсан байна./хх 7-11 дүгээр тал/

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Зам тээврийн ослыг хүлээн зөвшөөрч байна.Харин ХХК-ийн 2024 оны 05 дугаар 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан 27,572,100.00 төгрөг, ачилтын хөлсөнд 150,000,00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх сэлбэгүүдийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн, бүх эд ангийг шинээр солихоор дүгнэсэн, зарим эд ангийг завсарлах боломжтой гэж маргасан.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ. Тайлбарлавал, нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийнхөө өмчлөлийн автомашиныг зам тээврийн осолд орохоос өмнө нь ямар байсан тэрхүү байдалд буцаан сэргээхийг хариуцагч Д.аас шаардах эрхтэй бөгөөд эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахдаа Ланд круйзер 300 маркийн автомашиныг Монгол Улсад худалддаг албаны ёсны худалдааны төлөөлөгч компаниас адил нэр, төрөл, чанарын эд ангийг худалдан авах нь өмнөх байдалд сэргээх гэсэн зарчимтай нийцнэ.

Энэ талаар тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тодорхой зохицуулсан байна.

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч Д. нь ХХК-ийн үнэлгээний тайлангаар автомашиныг хэт өндөр үнэлсэн, засварлах боломжтой эд ангиудыг заавал солихоор тооцож үнэлсэн гэх татгалзал, тайлбараа баримтаар нотлохгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь, үнэлгээний ажлын хөлс 1,200,000.00 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба хариуцагч нь уг ажлын хөлстэй холбоотой маргаагүй боловч харин ачилтын хөлсөнд 150,000,00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Улмаар нэхэмжлэгч нь үнэлгээний ажлын хөлсөнд 1,200,000 төгрөг төлсөн болох нь ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдсон. /хх 12 дугаар тал/

Хэдийгээр нэхэмжлэгч нь ачилтын хөлс 150,000.00 төгрөг төлсөн тухай иргэн Д.Ганболдын тодорхойлолтыг хавсаргасан боловч, Д.Ганболд нь осолд орсон тээврийн хэрэгслийг тээвэрлэсэн эсэх, уг тодорхойлолтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байх тул ачилтын хөлс 150,000.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна./хх 13 дугаар тал/

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч П.Мөнхцэцэг өвдсөн, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тухай баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно гэж зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иймд хариуцагч Д.аас зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд 27,572,100.00 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд 1,200,000.00 төгрөг нийт 28,772,100.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ачилтын хөлс 150,000,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,561.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301,810.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.аас 28,772,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,561.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 301,810.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Л.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ж.АЗБАЯР

 

Д.ГАНБОЛД