Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2024/00396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Дунд хороолол ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., З ургийн овогт Д-ын С-ын,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух, регистрийн дугаар ......, З ургийн овогт М-ын Ц-д холбогдох,

Гэм хорын хохирол 3,314,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Т, хариуцагч М.Ц, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.Цд холбогдуулан гэм хорын хохирол 3,314,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлах 8 дугаар цэцэрлэгийн урд замын уулзварт М.Ц нь prius-20 загварын 93-65УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад намайг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас миний биед хөнгөн гэмтэл учруулж, миний мотоциклыг замын хөдөлгөөнд оролцох боломжгүй эвдэж гэмтээсэн. Тухайн ослын улмаас тархиндаа гэмтэл авч Тариалан сум, Улаангом суманд бариачид бариулахад 100,000 төгрөг, мөн эмийн эмчилгээнд 451,260 төгрөг, мотоциклын засвар үйлчилгээнд амортизатор 2 ширхэг 150,000 төгрөг, өвдөгний хамгаалалт 1 ширхэг 50,000 төгрөг, өвдөгний хамгаалалтын сэнж 35,000 төгрөг, тормозны пидал 1 ширхэг 8000 төгрөг, спикер 1 ширхэг 50,000 төгрөг, ком.руль 1 ширхэг 180,000 төгрөг, яндан 1 ширхэг 55,000 төгрөг, яндангийн сэнж гагнуулахад 10,000 төгрөг, бөгсний гэрэл 20,000 төгрөг, ерөнхий рам цуурсан гагнуур хийхэд 35,000 төгрөг, сэлбэг засвар 50,000 төгрөг, нийт 643,000 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 сар ажилгүй байсан 620,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,500,000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн ослоос хойш миний бие өвдөж ихэнхдээ өвчин намдаах лаа болон денк 400 уудаг болсон. Мотоцикл авах зүйгүй болсон. Мотоциклын үнэлгээ тогтоосон хүмүүстэй санал нийлэхгүй байгаа, зарим гэмтлийг оруулаагүй байсан. М.Цэвээндарийг ирж уулзах байх гэж зөндөө хүлээсэн ирж уулзаагүй утас руу залгахаар авдаггүй. Шүүхэд хандахаас өмнө танихгүй өөр дугаараас залгаж холбогдсон боловч шүүхэд ханд гэж хэлээд уурлангуй тасалсан. Бичиг үсэг сайн мэдэхгүй тул доромжлогдсон мэт санагдаж байна. Иймд 3,314,260 төгрөгийг М.Цэвээндариас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Тухайн үйл баримтын хувьд маргах зүйлгүй, энэ асуудлыг Увс аймгийн Цагдаагийн газар шалгахад хохирогч Д.Сын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь шинжээчийн дүгнэлтээр 143,000 төгрөг болсон. Тус төлбөрийг цагдаагийн газар шалгалтын ажиллагаа хийгдэж байх үед шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг  миний бие бүрэн барагдуулсан. Хэдий шинжээчийн дүгнэлтээр 143,000 төгрөгийн хохирол гарсан ч өөрийгөө эмчлүүлэх, толгойгоо бариулахдаа хэрэглээрэй гэж би Д.Сын эхнэр О.Гийн данс руу 300,000 төгрөг хийсэн. Уулзахгүй, хохирол төлөхгүй байсан зүйл байхгүй, уулзаж гарсан хохирлыг бүрэн төлсөн боловч надаас мөнгө өг, өгөхгүй бол шүүхэд өгнө гэх мэтээр дарамтлах болсон. Миний хувьд бага насны хоёр хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг, өрх толгойлсон ганц бие эх бөгөөд надад нэхэмжлэгчийн нэхээд байгаа хэмжээгээр мөнгө төлөх амьдралын боломж байхгүй. Гэхдээ би өөрийн буруутай үйлдлийн улмаас үүссэн хохирлыг төлөхгүй гэж хэлээгүй, гол нь баримттай, тухайн осолтой холбоотой, эмчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээний хохирлыг төлнө гэсэн боловч Д.С нь дүгнэлтэд зааснаас өөр төлбөр нэхээд байгаа тул бид тохиролцож чадахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагчийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Д.С нь эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон байна. Тийм учраас шүүхээс хуулийн дагуу хохирлыг нь барагдуулж арга хэмжээ авах байх гэж дүгнэж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 121 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 8 хуудас /46 ширхэг/ фото зургийн үзүүлэлт,  4 ширхэг эмийн зарлагын баримт, журмын хашаанаас тээврийн хэрэгсэл гаргах зөвшөөрлийн хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

5. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, мөнгөн шилжүүлгийн баримт, Увс аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184 дүгээр дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаар дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Сын хариуцагч М.Цд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3,314,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 294,260 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

2.1. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлах 8 дугаар цэцэрлэгийн урд замын уулзварт М.Ц нь prius-20 загварын 9365УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад намайг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас миний биед хөнгөн гэмтэл учруулж, миний мотоциклыг замын хөдөлгөөнд оролцох боломжгүй эвдэж гэмтээсэн.

2.2. Тухайн ослын улмаас тархиндаа гэмтэл авч Тариалан сум, Улаангом суманд бариачид бариулахад 100,000 төгрөг, мөн эмийн эмчилгээнд 451,260 төгрөг, мотоциклын засвар үйлчилгээнд амортизатор 2 ширхэг 150,000 төгрөг, өвдөгний хамгаалалт 1 ширхэг 50,000 төгрөг, өвдөгний хамгаалалтын сэнж 35,000 төгрөг, тормозны пидал 1 ширхэг 8000 төгрөг, спикер 1 ширхэг 50,000 төгрөг, ком.руль 1 ширхэг 180,000 төгрөг, яндан 1 ширхэг 55,000 төгрөг, яндангийн сэнж гагнуулахад 10,000 төгрөг, бөгсний гэрэл 20,000 төгрөг, ерөнхий рам цуурсан гагнуур хийхэд 35,000 төгрөг, сэлбэг засвар 50,000 төгрөг, нийт 643,000 төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 сар ажилгүй байсан 620,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1,500,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Тухайн үйл баримтын хувьд маргах зүйлгүй.

3.2. Дээрх асуудлыг Увс аймгийн Цагдаагийн газар шалгахад хохирогч Д.Сын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь шинжээчийн дүгнэлтээр 143,000 төгрөг болсон. Тус төлбөрийг цагдаагийн газар шалгалтын ажиллагаа хийгдэж байх үед шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг  миний бие бүрэн барагдуулсан. Мөн Д.Сын эхнэр О.Гийн данс руу 300,000 төгрөг хийсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Увс аймгийн Прокурорын газрын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 121 дүгээр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор “Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар цэцэрлэгийн урд талын 4 замын уулзварт иргэн М.Ц нь prius-20 загварын 93-65УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Д.Сыг мөргөж зам тээврийн осол гаргасан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт жолооч хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд гэмт хэрэг байхаар хуульчилсан. М.Цэвээндарийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-д заасан заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас Д.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэн, Д.С нь эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол болон эд хөрөнгөд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.

 

5. Гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

6. Талууд хариуцагч М.Цэвээндарийн гэм буруугийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч Д.Ст учирсан хохирлын хэмжээний хувьд маргаж байна.  

 

7. Увс аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтээр 49-00УВЗ улсын дугаартай, Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн зүүн урд амортизатор хугарсан, өвдөгний хамгалалт сэнж тасарсан, 1 спикер салсан зэрэг эвдрэл, гэмтэл гарсныг тогтоожээ. Хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаар дүгнэлтээр дээрх эвдрэл, гэмтлийн зах зээлийн үнэлгээг 143,000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Түүнчлэн Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184 дүгээр дүгнэлтээр Д.Сын биед тархи доргилт, баруун шуунд цус харалт, зүүн өвдөгт зулгаралт үүссэн ба эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.

 

8. Нэхэмжлэгч “Ослын улмаас тархиндаа гэмтэл авч Тариалан сум, Улаангом суманд бариачид бариулахад 100,000 төгрөг өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү хохиролтой холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эмийн эмчилгээний зардалд 451,260 төгрөг нэхэмжилж, тухайн хохиролтой холбоотой 451,260 төгрөгийн зарлагын баримтыг шүүхэд ирүүлсэн. Зарлагын баримтад тусгагдсан эмүүдийг нэхэмжлэгч Д.С дээрх гэмтлийн улмаас эмчид үзүүлж, өөрийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад бичүүлж, худалдан авсан байх тул эмийн эмчилгээний зардал 451,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаар дүгнэлтээр 4900УВЗ улсын дугаартай, Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн зах зээлийн үнэлгээг 143,000 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагч тухайн хохирлыг хариуцах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн “мотоциклын засвар үйлчилгээнд амартизатор 2 ширхэг 150,000 төгрөг, өвдөгний хамгаалалт 1 ширхэг 50,000 төгрөг, өвдөгний хамгаалалтын сэнж 35,000 төгрөг, тормозны пидал 1 ширхэг 8000 төгрөг, спикер 1 ширхэг 50,000 төгрөг, ком.руль 1 ширхэг 180,000 төгрөг, яндан 1 ширхэг 55,000 төгрөг, яндангийн сэнж гагнуулахад 10,000 төгрөг, бөгсний гэрэл 20,000 төгрөг, ерөнхий рам цуурсан гагнуур хийхэд 35,000 төгрөг, сэлбэг засвар 50,000 төгрөг, нийт 643,000 төгрөг гаргуулах” тухай шаардлагыг хүлээн авах боломжгүй юм.

 

Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184 дүгээр дүгнэлтээр Д.Сын биед үүссэн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн, мөн нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил эрхэлж чадахгүй болсныг  нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, гэмтлийн улмаас Д.Сыг ажлаас чөлөөлсөн эмчийн лавлагаа, комиссын магадлагаа хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 сар ажилгүй байсан 620,000 төгрөг” гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж, мөн зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Д.С зам тээврийн ослын улмаас сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзэн хариуцагч М.Цэвээндариас сэтгэл санааны хохиролд 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол гаргуулах тухай шаардлагыг нотлох баримтаар нотлож чадаагүй, тухайн хохирол 1,500,000 төгрөгийг яаж тооцсон нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул сэтгэл санааны хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

9. Нэхэмжлэгчээс ирүүлсэн 8 хуудас /46 ширхэг/ фото зургийн үзүүлэлт,  журмын хашаанаас тээврийн хэрэгсэл гаргах зөвшөөрлийн хуудас зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.  

 

10. Нэхэмжлэгч нь зам тээврийн осолтой холбоотой гомдол, мэдээллийг шалгаж байх үед мотоциклын үнэлгээтэй холбоотой гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргаагүй байх тул түүний “Мотоциклын үнэлгээ тогтоосон хүмүүстэй санал нийлэхгүй байгаа, зарим гэмтлийг оруулаагүй байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

11. Иргэдийн төлөөлөгч Б.Бийн “Хариуцагчийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Д.С нь эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон байна. Тийм учраас шүүхээс хуулийн дагуу хохирлыг нь барагдуулж арга хэмжээ авах байх гэж дүгнэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

12. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмийн эмчилгээний зардал 451,260 төгрөг, 49-00УВЗ улсын дугаартай, Мустанг-5 загварын тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэлд 143,000 төгрөг, нийт 594,260 төгрөгөөс хариуцагч М.Цэвээндарийн өмнө нь төлсөн 300,000 төгрөгийг хасч, үлдэх 294,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,020,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цэвээндариас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 294,260 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9,478 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.Цэвээндариас 294,260 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,020,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цэвээндариас 9,478 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                           П.БОЛОР

                                                  Х.ТАСХЫН