| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2023/00351/и |
| Дугаар | 152/ШШ2024/00469 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 152/ШШ2024/00469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., Х ургийн овогт Н-гийн А-гийн,
Хариуцагч: Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,946,100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга,
Хариуцагч Д.О,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахимаар/, Л.Эрдэнэцэцэг /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,946,100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Увс Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвд сэргээн засах эмчилгээний сувилагчаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж хохирсон. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Увс Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, 521 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган тус эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн юм. Хариуцагчийн гомдлоор давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэн хэвээр үлдээсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон юм. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орохоор Д.О даргатай 1 удаа уулзаж амаар хүсэлт гаргахад би шийдвэрээ гаргачихаад мэдэгдэнэ гэсэн. Улмаар дуудахгүй болохоор 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэргийн гүйцэтгэх хуудас олгосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэж өгсөн. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 34 минутад 89086095 дугаарын утаснаас залгаж 5 дугаар сарын 22-ны өглөө 8 цагт ажилдаа очоорой, таныг ажилд авах тушаал гарсан гэж ярьсан, мөн 5 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 48 минутад Дунцагаанаас ярьж байна, таны тушаал гарсан, ирж тушаалаа ав гэж хэлсэн. Ажил тарсан, маргааш нь амралтын өдөр байсан тул би 1 өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 7 цаг 58 минутад ажилд очсон ба 8 цаг өнгөрч байхад дарга Д.О ажилдаа ирэхэд орж уулзахад та тушаалаа Гээс ав гэсэн. Гэтэл хөтөч сувилагч Д та явж бай, би Гийг ирэхээр таныг дуудна гэж хэлэхэд би хүлээж байгаад уулзана гээд хүлээсэн. Г 9 цаг өнгөрч байхад ажилдаа ирээд миний тушаалыг коридорт хөтөч сувилагч Дын хажууд өгөхдөө та энд гарын үсгээ зураад тушаалаа автан, одоо ажил хүлээлцэх боломжгүй байна, таны оронд ажиллаж байсан Ц хагалгаанд орж байгаа, маргааш ирж ажлаа хүлээж автан, одоо түлхүүр байхгүй гэж хэлээд тушаал өгсөн. Би тушаалтай танилцаад гарын үсэг зурахгүй эхлээд ажлаа хүлээлц, бас цалин 692,000 төгрөг байна, та нарын цалин нэмэгдсэн биз дээ гэж хэлэхэд тиймээ, нэмэгдсэн гэж хэлсэн. Намайг яв, маргааш ирж ажлаа хүлээж ав гэж Г хэлсэн тул би шийдвэр гүйцэтгэгч Бтой 89086095 дугаарын утас руу залгаж хэлэх гэтэл утсаа аваагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж хэлэх гэхэд Б гадуур ажилтай явж байгаа гэхээр нь хүлээж сууж байгаад мессеж бичиж үлдээсэн. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 7 цаг 55 минутад ажилдаа очоод миний оронд ажиллаж байсан Цид ажлаа хүлээж авна гэж хэлэхэд би мэдэхгүй, би ажлаас чөлөөлөгдөх тушаалаа аваагүй, та даргатай уулз гэхэд би та нар 5 дахь өдрийн цуглаанд яриагүй юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Ингээд би Гт Ц ирсэн байна, ажлаа хүлээлцье гэхэд би мэдэхгүй, ажил хүлээлцдэг тусгай хүмүүс байгаа, та даргатай уулз гэж хэлсэн тул Д.О даргатай орж уулзахад та эхлээд тушаал авсан гарын үсгээ зур, тэгчихээд ажлаа хүлээлц гэж дарамталсан, би одоо болтол энэ дарамт байгаа юм уу, яагаад засрахгүй байна гэж хэлээд тушаалд гарын үсэг зурчихаад дарга Д.Отэй уулзсан чинь би эхлээд Цийн тушаал гаргачихаад таныг ажилд авна, тушаалын гаргаагүй байгаа, бас энэ хүн бариа заслын 7 хоногоо дуусгаг, тэгэхгүй бол даатгалаас мөнгөө авч чадахгүй шүү дээ, дахин таныг дуудна гэж хэлсэн. Би яг хэзээ дуудах юм бэ, дараа нь арай ажил тасалсан, энэ тэр гэж яриа гарахгүй биз дээ, ингээд сул цалин аваад явж байх юм уу гэхэд таныг ажилд авсан тушаал гарсан өдрөөс цалин гарна шүү дээ гэж хэлээд гаргасан. Би өрхийн эмнэлэг дотор байж байгаад 9 цаг 19 минутад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Бтой яриад намайг явж бай, дахин дуудна гэж хэллээ гэхэд Б за гэж хэлсэн. Ингээд 5 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 39 минутад 70454187 дугаараас та өнөөдөр 13 цаг 30 минут гэхэд ажил дээр хүрээд ир гэж ярьсан, би 13 цаг 28 минутад ажил дээр очиход намайг даргын өрөөнд ороод ир гэсэн ба ороход намайг хэл сураггүй алга болсон, 5 хоног ажил тасалсан, бид нөхөрлөлөөрөө хуралдаад таныг ажлаас халж байна, дотоод журамд заасан байгаа гэж хэлсэн. Би чи намайг явж бай, Цийн тушаал гаргачихаад дуудна гэж хэлсэн биз дээ гэхэд би тэгж хэлээгүй, танд нотлох баримт байхгүй гэсэн. Би бүх явдлыг шийдвэр гүйцэтгэгч Бод ярьж мэдэгдсэн. Д.О намайг ажлаас халсан шийдвэрийг гаргахдаа миний эрх зүйн байдлыг дордуулж, ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан мэтээр тушаал гаргасан байсан. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй, ажил хүлээлгэж өгөөгүй. Энэ талаар Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба миний гомдлыг хорооны хуралдаанаар хэлэлцээд Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн дарга Д.О хорооны хуралд ирээгүй тул тохиролцоогүй гэж үзээд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд дарга Д.О нь 3 шатны шүүхийн шийдвэрийг дүр үзүүлж, нэр төдий биелүүлэн үл хүндэтгэсэн, мөн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин удаа дараа хууль бус шийдвэр гарган дур зоргоороо авирлаж байна. Иймд намайг Увс Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засах эмчилгээний сувилагчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Миний сүүлийн 1 сарын цалин хөлсний дундаж 1,914,433 төгрөг болж байгаа. Иймд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан 9 сарын хугацааны олговор 16,946,100 төгрөгийг хууль, журамд заасны дагуу ажил олгогчоос гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .Агийн Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн төлөөлөгч, хариуцагч Д.О миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.А нь 3 шатны шүүхээр ялсан тул би эгүүлэн ажилд нь авсан. Н.Аг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд нь эгүүлэн авахаар болж 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4 цагийн үед залгаад таны тушаал гарсан, ирж тушаалтайгаа танилцаарай гэж хэлүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө одоо ажлын цаг бараг дуусаж байна, би маргааш очиж авна гэж хэлсэн. Маргааш нь ажил дээр ирээд миний өрөө рүү орж ирээгүй. Бичиг хэргийн ажилтнаас тушаалаа авахдаа тэнд байсан нягтлан бодогч болон ажилчид руу орилоод гарсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Ингэхдээ би энэ цалинг хүлээн зөвшөөрөхгүй байна, би хууль хяналтын байгууллагаар яваад сурчихсан хүн, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж байж ажилдаа эргэж орно гээд тушаалаа гардаж аваад дэвтэрт тайлбар бичээд 2023 оны 5 дугаар сарын 20-ны өглөө гараад явсан. Түүнээс хойш ажилдаа 5 хоног ирээгүй, гэрч Гийн мэдүүлэгт “Н.А ажилдаа 5 хоног ирээгүй, 3 дахь хоног дээр утас руу нь залгаад та ажилдаа ирэхгүй юм уу гэж хэлэх гэээд гэтэл утсаа аваагүй” гэж тусгагдсан байгаа. Н.А 5 хоног ажлаа тасалсан тул нөхөрлөлийн гишүүдээрээ хуралдаад Н.Аг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Н.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоног ажилдаа ирээгүй, ажилдаа туйлын хариуцлагагүй хандсан тул Н.Аг дахин ажлаас нь чөлөөлсөн байгаа. Н.А 5 хоног ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч тал дотоод журмаа танилцуулаагүй гэж байна. Тус нөхөрлөлийн хөдөлмөрийн дотоод журам 2017 онд батлагдсан ба 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн дотоод журмыг нөхөрлөлийн аль нэг гишүүдээс нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргахгүй бол би дангаараа энэ тухайн дотоод журмыг өөрчлөх ямар ч боломжгүй. Хөдөлмөрийн дотоод журмыг болвол байгууллагын бүх ажилчид дагаж мөрдөх үүрэгтэй, дотоод журмаа бүх ажилчдад танилцуулсан. Н.А хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан баримт хэрэг байгаа. Иймд миний гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул тушаалыг хэвээр үлдээж, Н.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаал, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 дүгээр хуралдааны шийдвэр/тэмдэглэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 521 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр “Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол, 89086095 дугаарын утас руу зурвас бичсэн болон яриа хийснийг хуулбарлаж авсан тэмдэглэл, Н.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өөрийн Хаан банкин дахь 5819157435 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/12 дугаар “Нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаар хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Агийн хөдөлмөрийн гэрээ, цагийн бүртгэл, Увс Дунцагаан нөхөрлөлийн ББН-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/21 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/22 дугаар “Ажилд эгүүлэн авах тухай” тушаал, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаал, явуулсан бичгийн бүртгэл, Монгол шуудан компанийн мөнгө хураах тасалбар, Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн ББН нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл, Увс Дунцагаан нөхөрлөлийн ББН-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10, 2021 оны 11 дүгээр сарын 29, 2021 оны 12 дугаар сарын 22, 2021 оны 12 дугаар сарын 27, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн хүснэгт, Увс Дунцагаан нөхөрлөлийн ББН-ийн хөдөлмөрийн дотоод журам, О.Цийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын цагийн тооцоо, Б.Сайхантуяагийн бакалаврын дипломын хуулбар, хавсралт, өргөдөл гомдлын бүртгэл, Д.О, Н.Д нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 580 дугаар шийтгэвэр, Увс Дунцагаан нөхөрлөлийн ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн журмаар О.Цийн 2023 оны 03-07 саруудын хоорондох ниигмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Увс Дунцагаан нөхөрлөлийн ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Н.Агийн 2021 оны 10 дугаар сарын цалингийн хүснэгт, О.Цийг ажилд томилсон тушаал, ажил хүлээлцсэн актууд болон 2023 оны 03-07 дугаар саруудын цалингийн дэлгэрэнгүй хуулга, сэргээн засах эмчилгээний бүртгэлийн журналд үзлэг хийсэн тэмдэглэл, тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Н.Агийн өмчлөлийн Samsung загварын гар утсанд бичигдсэн 8 минут 4 секундын дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн хүсэлтээр Д.Г, Н.Д нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Агийн хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,946,100 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 48 минутад Дунцагаанаас ярьж байна, таны тушаал гарсан, ирж тушаалаа ав гэж хэлсэн. Би 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 7 цаг 58 минутад ажилд очсон ба 8 цаг өнгөрч байхад дарга Д.О ажилдаа ирэхэд орж уулзахад та тушаалаа Гээс ав гэсэн. Г 9 цаг өнгөрч байхад ажилдаа ирээд миний тушаалыг коридорт хөтөч сувилагч Дын хажууд өгөхдөө та энд гарын үсгээ зураад тушаалаа автан, одоо ажил хүлээлцэх боломжгүй байна, таны оронд ажиллаж байсан Ц хагалгаанд орж байгаа, маргааш ирж ажлаа хүлээж автан, одоо түлхүүр байхгүй гэж хэлээд тушаал өгсөн. Би тушаалтай танилцаад гарын үсэг зурахгүй эхлээд ажлаа хүлээлц, бас цалин 692,000 төгрөг байна, та нарын цалин нэмэгдсэн биз дээ гэж хэлэхэд тиймээ, нэмэгдсэн гэж хэлсэн.
2.2. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн өглөө 7 цаг 55 минутад ажилдаа очоод миний оронд ажиллаж байсан Цид ажлаа хүлээж авна гэж хэлэхэд би мэдэхгүй, би ажлаас чөлөөлөгдөх тушаалаа аваагүй, та даргатай уулз гэсэн. Ингээд би Гт Ц ирсэн байна, ажлаа хүлээлцье гэхэд би мэдэхгүй, ажил хүлээлцдэг тусгай хүмүүс байгаа, та даргатай уулз гэж хэлсэн тул Д.О даргатай орж уулзахад та эхлээд тушаал авсан гарын үсгээ зур, тэгчихээд ажлаа хүлээлц гэж дарамталсан, би одоо болтол энэ дарамт байгаа юм уу, яагаад засрахгүй байна гэж хэлээд тушаалд гарын үсэг зурчихаад дарга Д.Отэй уулзсан чинь би эхлээд Цийн тушаал гаргачихаад таныг ажилд авна, тушаалын гаргаагүй байгаа, бас энэ хүн бариа заслын 7 хоногоо дуусгаг, тэгэхгүй бол даатгалаас мөнгөө авч чадахгүй шүү дээ, дахин таныг дуудна гэж хэлсэн. Би яг хэзээ дуудах юм бэ, дараа нь арай ажил тасалсан, энэ тэр гэж яриа гарахгүй биз дээ, ингээд сул цалин аваад явж байх юм уу гэхэд таныг ажилд авсан тушаал гарсан өдрөөс цалин гарна шүү дээ гэж хэлээд гаргасан.
2.3. Ингээд 5 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 39 минутад 70454187 дугаараас та өнөөдөр 13 цаг 30 минут гэхэд ажил дээр хүрээд ир гэж ярьсан, би 13 цаг 28 минутад ажил дээр очиход намайг даргын өрөөнд ороод ир гэсэн ба ороход намайг хэл сураггүй алга болсон, 5 хоног ажил тасалсан, бид нөхөрлөлөөрөө хуралдаад таныг ажлаас халж байна, дотоод журамд заасан байгаа гэж хэлсэн.
2.4. Дарга Д.О нь 3 шатны шүүхийн шийдвэрийг дүр үзүүлж, нэр төдий биелүүлэн үл хүндэтгэсэн, мөн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчин удаа дараа хууль бус шийдвэр гарган дур зоргоороо авирлаж байна. Иймд намайг Увс Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн сэргээн засах эмчилгээний сувилагчийн албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Мөн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан 9 сарын хугацааны олговор 16,946,100 төгрөгийг хууль, журамд заасны дагуу ажил олгогчоос гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Н.Аг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ажилд нь эгүүлэн авахаар болж 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4 цагийн үед залгаад таны тушаал гарсан, ирж тушаалтайгаа танилцаарай гэж хэлүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө одоо ажлын цаг бараг дуусаж байна, би маргааш очиж авна гэж хэлсэн. Маргааш нь ажил дээр ирээд миний өрөө рүү орж ирээгүй. Бичиг хэргийн ажилтнаас тушаалаа авахдаа тэнд байсан нягтлан бодогч болон ажилчид руу орилоод гарсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Ингэхдээ би энэ цалинг хүлээн зөвшөөрөхгүй байна, би хууль хяналтын байгууллагаар яваад сурчихсан хүн, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлж байж ажилдаа эргэж орно гээд тушаалаа гардаж аваад дэвтэрт тайлбар бичээд 2023 оны 5 дугаар сарын 20-ны өглөө гараад явсан.
3.2. Түүнээс хойш ажилдаа 5 хоног ирээгүй, гэрч Гийн мэдүүлэгт “Н.А ажилдаа 5 хоног ирээгүй, 3 дахь хоног дээр утас руу нь залгаад та ажилдаа ирэхгүй юм уу гэж хэлэх гэээд гэтэл утсаа аваагүй” гэж тусгагдсан байгаа. Н.А 5 хоног ажлаа тасалсан тул нөхөрлөлийн гишүүдээрээ хуралдаад Н.Аг ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Н.А 5 хоног ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан.
3.3. Нэхэмжлэгч тал дотоод журмаа танилцуулаагүй гэж байна. Тус нөхөрлөлийн хөдөлмөрийн дотоод журам 2017 онд батлагдсан ба 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хөдөлмөрийн дотоод журмыг болвол байгууллагын бүх ажилчид дагаж мөрдөх үүрэгтэй, дотоод журмаа бүх ажилчдад танилцуулсан. Н.А хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан баримт хэрэг байгаа.
3.4. Иймд миний гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул тушаалыг хэвээр үлдээж, Н.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч Н.А нь ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргасан байна.
4.2. Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 1.9, 1.9.8, 1.9.8/в/, Хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.20 дахь заалт, Өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан “Норжин овогтой Аг Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс тушаал гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хэл сураггүй ажил тасалж хариуцлага алдсан тул 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.
4.3. Өмнө нь нэхэмжлэгч Н.А хариуцагч Увс дунцагаан нөхөрлөл ББН-д холбогдуулан тус нөхөрлөлийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр тушаалыг хүчингүй болгож, Н.Аг Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Увс аймаг дахь Дэглий цагаан нийсэх буудлаас гэснийг Увс дунцагаан нөхөрлөл ББН-өөс” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Оийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Улмаар хариуцагч Д.О магадлалыг эс зөвшөөрч хяналтын жрумаар гомдол гаргасан боловч Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр “Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж, мөн зүйлийн 61.1.2-т Хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/22 дугаар “Ажилд эгүүлэн авах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 239 дүгээр тогтоолыг тус тус баримтлан Норжин овогтой Аг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж заасан. Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Аг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд эгүүлэн авсан боловч ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн хүлээлгэн өгөөгүй байна.
6. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, мөн зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан. Хөдөлмөрийн дүгээр зүйлийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заахыг шаарддаг.
8. Хариуцагч тушаалаа Хөдөлмөрийн гэрээний 4.3-т “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдийг баримтлан ӨЭМТ-ийн даргын тушаалаар шийдвэрлэнэ” гэж, 4.20-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 2 өдөртэй тэнцүү байвал” гэж заасныг тус тус баримтлан гаргасан. Ажилтан Н.А болон ажил олгогч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хэзээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн 1.42-т Ажилтан 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэнэ гэж тохиролцсоноос үзэхэд мөн өдрөөс байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ажил олгогч Увс Дунцагаан нөхөрлөл ББН нь ажилтан Н.Атай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ёстой. Гэтэл ажил олгогч нь ажилтан Н.Атай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй зөрчилтэй байна.
Мөн Хөдөлмөрийн гэрээний 4.3-т “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлүүдийг баримтлан ӨЭМТ-ийн даргын тушаалаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд 1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг тусгасан, хөдөлмөрийн гэрээний 4.4 – 4.17 дахь заалтгүй, алгассан. Хариуцагч нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн гэрээний 4.18-д “Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлүүдийг нэг удаа гаргасан тохиолдолд ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах эрхтэй” гэж заасан холбогдох заалтыг баримтлаагүй нь буруу болжээ.
Хөдөлмөрийн гэрээний 4.20-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсвэл хуанлийн 1 сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 2 өдөртэй тэнцүү байвал” гэж заажээ. Энэ талаар нэхэмжлэгч “2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 48 минутад “Дунцагаанаас ярьж байна, таны тушаал гарсан, ирж тушаалаа ав” гэж хэлсэн. Ажил тарсан, маргааш нь амралтын өдөр байсан тул би 1 өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 7 цаг 58 минутад ажилд очсон, 8 цаг өнгөрч байхад дарга Д.О ирэхээр нь уулзсан” гэж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н.Аг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан боловч 4 хоног ажил тасалсан” гэж, шүүх хуралдаанд “2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 4 цагийн үед Н.А руу холбогдож, таны тушаал гарсан, та тушаалтайгаа танилцаарай гэж хэлүүлсэн. Н.А одоо ажлын цаг бараг дуусаж байна, маргааш очиж авна гэсэн. Маргааш нь ирээд миний өрөө рүү орж ирээгүй. Тушаалаа аваад 2023 оны 5 дугаар сарын 20-ны өглөө гараад явсан, түүнээс хойш ажилдаа ирээгүй ба 5 хоног ажил тасалсан” гэж ажил тасалсан өдрийн талаар зөрүүтэй тайлбарласан. 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр амралтын өдөр, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1 дэх өдөр буюу ажлын өдөр байх тул нэхэмжлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө ажилдаа очсон гэх тайлбар үндэслэлтэй. Хариуцагч нэхэмжлэгч Н.Аг ажилдаа ирсэн өдрийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэж зөрүүтэй тайлбарласан боловч тушаалаа гардаж авахаар ажилдаа ирсэн үйл баримтын талаар маргадаггүй, мөн явуулсан бичгийн бүртгэлд тэмдэглэснээр Н.А тушаалыг хүлээн авч тайлбар бичсэн байна. Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаас үзэхэд “2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, хэл сураггүй ажил тасалж хариуцлага алдсан тул 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан” байх тул Н.Аг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажлын 4 өдөр ажил тасалсан гэж үзэн ажлаас чөлөөлсөн гэж үзлээ. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлохоор Н.Агийн цагийн бүртгэлийг ирүүлсэн, тухайн цагийн бүртгэлд нэхэмжлэгч Н.А 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн өглөө ажилдаа ирсэн байхад 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 26-ны өдрийг дуустал “ажилд ирсэн, завсарласан, завсарлаад ирсэн, тарсан” хэсгийг бүгдийг “тас” гэж бүртгэсэн байх тул тухайн цагийн бүртгэлийг үнэн зөв хөтөлсөн гэж үзэх нь эргэлзээтэй. Мөн цагийн бүртгэлийг хариуцагчийн дээрх тайлбар, тушаалаас зөрүүтэй бүртгэж, тэмдэглэсэн зөрчилтэй байна.
10. Гэрч Д.Г “Нэхэмжлэгч Н.Аг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон тушаалыг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардуулж өгөөд гарын үсэг зуруулаад явуулсан. Тухайн үед Н.А цалингаа голсон нь үнэн. Н.Агийн зүгээс ажилдаа ирэхгүй тухай баримтыг байгууллагад ирүүлээгүй. Н.Аг 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилдаа ирэхийг хараагүй” гэж, гэрч Н.Д “Н.Агийн тушаалыг гардуулж өгч байгааг нь хараагүй, даргын өрөөнөөс 5 дугаар сарын 22-ны өдөр тушаалаа аваад гарч явааг нь харсан. Н.А 5 хоног ажилдаа ирээгүй. Нөхөрлөлийн хурлаар Н.Аг шалтгаангүйгээр 5 хоног ажил тасалсан тухай авч хэлэлцсэн. Н.Аг ажилдаа ирээгүй хугацаанд ажил үүргийг нь хэн ч гүйцэтгээгүй. Би байгууллагын ажилтнуудын цагийн бүртгэлийн хөтөлдөг. Ямар учир шалтгааны улмаас ажил тасалсан тухай Н.Агаас асууж тодруулаагүй” гэж тус тус мэдүүлсэн. Н.Ад ажилд томилох тухай тушаалыг гардуулж өгсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй, гэрчүүдийн “Н.А 5 хоног ажил тасалсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдний шүүхэд өгсөн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн болно.
11. Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 1.9-д Хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах гэж, 1.9.8-д Энэ журмын 1.9.7-д заасныг зөрчсөнөөс гадна дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална гэж, 1.9.8/в/-д Байгууллагад тодорхой гэрээтэйгээр ажиллаж байх хугацаандаа шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор ажил тасалж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол гэж тус тус заасан байна. Хөдөлмөрийн дотоод журмыг нэхэмжлэгч Н.Ад 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан байх ба тус журамд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр оруулсан өөрчлөлтийг Н.Ад танилцуулаагүй байх тул хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллахыг шаардах боломжгүй юм.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж, мөн зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:
123.2.1. өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;
123.2.2. нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
123.2.3. үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
123.2.4. албан тушаал бууруулах;
123.2.5. ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэжээ. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж тус тус заасан.
Хариуцагч нэхэмжлэгчид ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах болсон тухай урьдчилан мэдэгдэж, сахилгын зөрчлийн талаарх тайлбарыг аваагүй байна.
13. Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1718 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмчлөлийн Samsung загварын гар утсанд бичигдсэн 8 минут 4 секундын дууны бичлэгт үзлэг хийхээр тогтоож, үзлэг хийсэн. Тухайн дууны бичлэгт 3 хүний харилцан яриа бичигдсэн, 1 дүгээр хүнийг нэхэмжлэгч Н.А миний бие, 2 дугаар хүнийг хариуцагч Д.Оийг гэж тодорхойлсон боловч хариуцагч нь “яриа сайн сонсогдохгүй байгаа учраас би мөн, биш гэж хэлж чадахгүй байна” гэж тайлбарласан тул тухайн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.
14. Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Аг хууль бусаар халсан нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Аг Увс дунцагаан нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
15. Нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. Нэхэмжлэгч Н.Аг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэн ажлын байранд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Н.Аг сүүлийн 3 сарын цалинг тооцож үзэхэд түүнийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилд авсан боловч 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4 өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх тул хамгийн сүүлийн 3 сарын цалин болох 2021 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч Н.Ад сар бүр олгож байсан хоолны үнийн хөнгөлөлт 2021 оны 10 дугаар сард 31,500 төгрөг, 11 дүгээр сард 30,000 төгрөг, 12 дугаар сард 33,000 төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын цалингийн хүснэгтээс харахад түлээ, нүүрсний хөнгөлөлтөд 1,550,000 төгрөг олгосон байх тул эдгээрийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцон, дундаж цалин хөлсийг тодорхойлов.
Ийнхүү нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинг тооцож үзвэл 2021 оны 10 дугаар сард 899,600 төгрөг, 2021 оны 11 дүгээр сард 2,299,600 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 965,600 төгрөг, нийт 3 сарын цалин хөлсний нийлбэр 4,164,800 төгрөг, үүнийг 3-т хуваавал 1 сарын дундаж цалин хөлс 1,388,266 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 9 сар х 1,388,266 төгрөг = 12,494,394 төгрөг болж байна. Иймд хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-өөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,494,394 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,451,706 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Увс дунцагаан нөхөрлөл ББН-д даалгах нь зүйтэй байна.
16. Нэхэмжлэгч Н.Агийн шүүхэд гаргасан гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс дунцагаан нөхөрлөл ББН-өөс ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 12,494,394 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 214,860 төгрөг, нийт 285,060 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Аг урьд эрхэлж байсан Увс дунцагаан нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-өөс ажилгүй байсан 9 сарын буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,494,394 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,451,706 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Агийн ажилгүй байсан 9 сарын буюу 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Агийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-өөс улсын тэмдэгтийн хураамж 285,060 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ