Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 152/ШШ2024/00491

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, 40,50 мянгат Бакула ренбүчи гудамж, 8/4 тоотод байрлах, …. регистрийн дугаартай Сэндли ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын … дүгээр багийн …. тоотод оршин суух, регистрийн дугаар …, З ургийн овогт П-ийн О,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын … дүгээр багийн … тоотод оршин суух, регистрийн дугаар …., Ч ургийн овогт С-ийн Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,498,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

Хариуцагч П.О, С.Ц нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирцийн асуудлаар саналгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.О, С.Ц нар 2023.01.20-ны өдөр ЗГ/1502100322 тоот зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь цахим зээл тул Нірау аппликейшнээр дамжуулан зээл төлж авах боломжтой бөгөөд анх зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 24 удаа буюу 16,855,000 төгрөгийн зээл авч, зээл болон хүүгийн төлбөрт 19 удаагийн төлөлтөөр 13,604,638.92 төгрөгийн төлөлт хийсэн /зээлийн дансны хуулга хавсаргав/. 2024.07.01-ний өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 90272787, 80170307 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд хариуцагч П.О, С.Ц нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,250,361.08 /гурван сая хоёр зуун тавин мянга гурван зуун жаран нэгэн төгрөг найман мөнгө/ төгрөг, хүүгийн төлбөр 231,713.92 /хоёр зуун гучин нэгэн мянга долоон зуун арван гурван төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,800 /таван мянга найман зуу/ төгрөг, нотариатын хураамж 10,500 /арван мянган таван зуу/ төгрөг, нийт 3,498,375 /гурван сая дөрвөн зуун ерэн найман мянга гурван зуун далан тав/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж Сэндли ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2023 оны 1 дүгээр сард эхнэр П.Огийн ээжийн эмчилгээнд зориулж зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Миний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж төлөх хугацааг 3 сараар сунгаж өгнө үү. Уг компанийн хохирлыг 3 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч П.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Минй бие Сэндли ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагын нэхэмжилсэн 3,498,375 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал зээлийн төлбөрийг 3 сарын хугацаанд хувааж төлөх талаар тайлбар гаргасан байсан. Манай талаас хугацааг зөвшөөрөөгүй байсан. Одоо хариуцагч нарын 3 сарын хугацаанд хувааж төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК нь хариуцагч П.О, С.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,498,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нь хариуцагч П.О, С.Ц нарын зээлийн төлбөрийг 3 сарын хугацаанд хувааж төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хуралдааныг товлон зарласан. Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нь хариуцагч нарын зээлийн төлбөрийг 3 сарын хугацаанд хувааж төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О, С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 70,924 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,498,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.О, С.Ц нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О, С.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 70,924 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сэндли ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ