| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00493/и |
| Дугаар | 152/ШШ2024/00495 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 152/ШШ2024/00495
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, регистрийн дугаар ..., Мобифинанс ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, ... дугаар баг, ... дугаар гудамж, .. тоотод оршин суух, регистрий дугаар ...., Б-ын А-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,426,684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь Мобифинанс ББСБ-тай 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 140000841921 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95562473 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Б.А нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 60,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 60,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 70,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай нийт 5 удаагийн 890,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Б.Агийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд: үндсэн зээл 890,000 төгрөг, зээлийн хүү 452,362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,322 төгрөг, нийт 1,426,684 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж месссеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Б.Агаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,426,684 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэ зээлийг авсан нь үнэн. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,426,864 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна. Би 1,426,864 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,426,684 төгрөгийг бүхэлд нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,426,684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,426,684 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Б.А илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,777 төгрөгийн тал хувь болох 18,888.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,888.5 төгрөг, хариуцагч Б.Ариунзаягаас 18,888.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,426,684 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,888.5 төгрөг, хариуцагч Б.Агаас 18,888.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгож, 18,888.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ