| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00456/и |
| Дугаар | 152/ШШ2024/00497 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00497
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Бизнес центр 34, А корпус, 01 тоотод байрлах, регистрийн дугаар ..., Гялс төгрөг ХЗХ-ны,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дүгээр баг, Залуус өргөө байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Д ургийн овогт Х-гийн Т-д холбогдох,
Зээлийн гэрээг хугагцаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,733,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Пд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хүсэлт ирүүлсэн, хариуцагч Х.Т-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Т нь Гялс төгрөг ХЗХ-той 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/16700 тоот зээлийн гэрээ, ФГ/16700 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 8,000,000 төгрөгийн зээл сарын 3,5 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 1. 2011 онд үйлдвэрлэгдсэн 2022.10.26-нд Монгол улсад орж ирсэн 4419УВХ улсын дугаартай Тоуо(а Рпиз А1рйа-Х\У загварын сувдан цагаан өнгөтэй суудлын автомашин. Арлын дугаар: 2УУ/413063636 Зээлийн гэрээний дагуу 2024 оны 3 дугаар сарын 07-ний өдөр зээлийг зээлдэгчийн хоршооны дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 80,000 /наян мянга/ төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 7,920,000 /долоон сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг харилцагчид олгосон. Зээлдэгч нь ЗГ/16700 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хуваарийн дагуу төлбөр төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-д хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,479,928 /долоон сая дөрвөн зуун далан есөн мянга есөн зуун хорин найман/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 231,572 /хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун далан хоёр/ төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/16700 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 7,479,928 /долоон сая дөрвөн зуун далан есөн мянга есөн зуун хорин найман/ төгрөг, хүү 231,572 /хоёр зуун гучин нэгэн мянга таван зуун далан хоёр/ төгрөг Нотариатын төлбөр: 22,000 /хорин хоёр мянган/ төгрөг, нийт 7,733,500 /долоон сая долоон зуун гучин гурван мянга таван зуун/ төгрөг. Иймд хариуцагч Х.Ттай байгуулсан ЗГ/16700 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 7,733,500 /долоон сая долоон зуун гучин гурван мянга таван зуун/ төгрөгийг Х.Таас гаргуулж Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Гялс төгрөг ХЗХ-оос приус-41 машин барьцаалж 8,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2024 оны 3 дугаар сард аваад төлөлтөө хэвийн төлж байгаад 7, 8 сард ажил явдал давхацсан тул төлөлт хийгдэлгүй хойшлогдсон. 2024 оны 9 дүгээр сард бүх төлөлтөө хийгээд хэвийн байдалд оруулсан. Одоо сар сардаа л төлөлтөө хийж чадна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П гаргасан хүсэлтдээ: Х.Т нь хугацаа хэтэрсэн төлбөрөө төлсөн, зээлийн үлдэгдэл дүн болох 5,494,791 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэхгүйгээр төлөөд явна гэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Зээлдэгч Х. Т нь зээлийн эргэн төлөлтийн дагуу төлөөгүй тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ нь хариуцагч Х.Тд холбогдуулан зээлийн гэрээг хугагцаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,733,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нь хариуцагч Х.Т нь хугацаа хэтэрсэн төлбөрөө төлсөн, зээлийн үлдэгдэл дүн болох 5,494,791 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэхгүйгээр төлнө гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Х.Т нь хугацаа хэтэрсэн төлбөрөө төлсөн, зээлийн үлдэгдэл дүн болох 5,494,791 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэхгүйгээр төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэв хариуцагч Х.Т тухайн хугацаанаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ нь зээлийн төлбөрийг төлүүлэх талаар нэхэмжлэл дахин гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ хариуцагч Х.Тд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугагцаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,733,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ