| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2211 01813 2013 |
| Дугаар | 2023/ДШМ/241 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ДШМ/241
Б.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батцэцэг,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,
хохирогч А.Дгийн өмгөөлөгч Э.Төгссайхан,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлоор Б.Нт холбогдох 2211 01813 2013 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Б-ын Н, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., ..... боловсролтой, .... мэргэжилтэй, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилладаг гэх, ам бүл ..., -....ийн хамт .... дүүргийн .... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;
Б.Н нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Шүүхийн шийдвэрийн албадан байр гаргаж өгнө” гэж хуурч, А.Дгээс урьдчилгаа гэж 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2.669.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” төвийн Хаан банкны АТМ-ээс үлдэгдэл 25.588.800 төгрөгийг Б.Соёмбо гэх хүний Хаан банкны 5058176685 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид нийт 28.258.600 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овгийн Б-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ноос нийт 25.258.600 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хороолол 55/15/2/145 тоотод оршин суух, Амарын Д /РД:ЙЮ99051403/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд Б.Н нь өмгөөлөгчгүйгээр ганцаарчлан оролцсон байдаг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ныг гэм буруутай гэж тооцож, хорих ял оноохдоо түүний хувийн байдал болох ял шийтгэлгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирол, төлбөрөө хурдан төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзалгүйгээр хорих ял оногдуулсан. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн зүгээс өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хуулийн хүрээнд илэрхийлж чадаагүй байдал, хохирол төлбөрийг барагдуулах 5 хоногийн хугацаа авах боломж нөхцлөөр хангаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх хор уршигаа арилгах зэргээр хууль зүйн үр дагаварыг ойлгоогүйн улмаас эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн бол цээрлүүлэх, эрхээ сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлж, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн гэж ойлгож байна. Б.Нын зүгээс 2 дугаар сарын 28-ны өдөр хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн. Иймд Б.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 1 жилийн хорих ял оногдуулсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би бага насны 1 нас 5 сартай, 3 настай хоёр охин, эхнэрийн хамт амьдардаг. Хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг бүгдийг нь төлөхөө илэрхийлж байна. Цаашид хохирол, төлбөрийг төлөх бүрэн боломж байгаа. Хувь хүмүүс болон зарим компаниудаас авлагатай байгаа. Анхан шатны шүүх хуралдаанаар хууль зүйн мэдлэггүйн улмаас хохирол төлбөрийг барагдуулах 5 хоногийн хугацаа авах боломж нөхцлөөр хангагдаагүй. Мөн миний бие архаг хууч өвчтэй буюу тулай гэх өвчнөөр өвчилсөн. Энэ өвчин нь хоолны нарийн дэглэм шаарддаг, эм тариа үргэлж хэрэгтэй байдаг учраас хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлүүлж байгаа. Шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний эрүүл мэндийн байдал, бага насны 2 хүүхэдтэйг минь, мөн хохирол төлбөрөө нөхөн төлөх боломжтойг ойлгож, надад оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байна.” гэв.
Хохирогч А.Дгийн өмгөөлөгч Э.Төгссайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбартай танилцлаа. Ялын хувьд тусгайлан гаргах санал байхгүй. Хохирол, төлбөрийн хувьд хохирогч А.Дд 2.000.000 төгрөг дахин данс руу нь шилжүүлсэн гэх мэдээлэл надад ирсэн. Тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч Б.Ноос 25.258.600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 2.000.000 төгрөг А.Дгийн данс руу шилжсэн байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан хохирлын хэмжээнээс хасаж, 23.258.600 төгрөг болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэрэг нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдэгдсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Энэ хугацаанд гомдлоос эхлээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа гэх мэт тодорхой үе шатуудыг дамжсан. Гэвч шүүгдэгч нийт учруулсан хохирлоос зөвхөн 3.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирол, төлбөрийг одоо болтол төлөөгүй. Яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэгтээ “төлнө” гэдэг боловч мөрдөн байцаах, прокурор, анхан шатны шүүхийн шатанд хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн баталгааг албан ёсоор гаргаж өгсөн баримт байхгүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд үл хөдлөх хөрөнгийн зуучлалын ажил эрхэлдэг. Энэ ажил, мэргэжлээ ашиглаж бусдыг хуурч мэхлэн, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Мөн хавтаст хэргийн материалтай танилцахад хохирогчоос авсан мөнгийг юунд захиран зарцуулсан болохыг шалгахад мөрийтэй тоглоомд зарцуулсан болох нь тогтоогддог. Хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн анхан шатны шүүхийн шат хүртэлх хугацаанд Б.Ныг гэрч, яллагдагч, шүүгдэгчийн статустай оролцох бүрт нь хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрх, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээр хангасан. Харин Б.Н өөрөө өөрийгөө өмгөөлнө гэх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байдаг. Иймд анхан шатны шүүх хуралдаан Б.Нын өөрийнх нь хүсэл зоригын үндсэн дээр явагдсан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүгчээс хуульд заасан хохирол, төлбөр төлөх хугацаа олгох талаар тодруулж асуусан. Гэтэл “тайлбаргүй” гэж хэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байдаг. Б.Н давж заалдах гомдолдоо хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа боловч бодит нотлох баримт байхгүй. Иймд шүүгдэгч Б.Нын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Н нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газраас албадан дуудлагын байрнаас байр авч өгнө” гэж хуурч, А.Дгээс урьдчилгаа гэж 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2.669.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” төвийн Хаан банкны АТМ-ээс үлдэгдэл 25.588.800 төгрөгийг Б.Соёмбо гэх хүний Хаан банкны 5058176685 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид нийт 28.258.600 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч А.Дгийн “...2021 оны 8 дугаар сарын сүүлээр Шүүхийн шийдвэр албадан дуудлагын байр байна гэж ярьж байсан. Би эгчдээ “3 ширхэг байр гаргаж өгөх гэж байгаа, дуудлагын байрнаас байр гаргаж өгөх бол асуудалгүй, надад таньдаг хүн байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “тэгээд болох юм уу” гэтэл “асуудалгүй шүү дээ” гэж хэлж байсан бөгөөд дэнчин 10 хувиа эхлээд яаралтай өгчих цааш нь шүүхийн шийдвэрийн данс руу хийх ёстой гэж хэлсэн байдаг. Эхний мөнгөө 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2.669.800 төгрөгийг урьдчилгаа гээд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн албадан дуудлага худалдаа нь 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр зарлагдсан гэж байсан бөгөөд “урьдчилгаа болох 2.669.800 төгрөгийг дуудлага худалдаа болох хүртэл нь Шүүхийн шийдвэрийн дансанд нь байрлуулна, хэрвээ дуудлага худалдаа нь амжилтгүй болбол байршуулсан 2.669.800 төгрөгийг чинь чамд буцаагаад өгчихнө. Хэрэв авчих юм бол чи байрныхаа үлдэгдэл мөнгөө надад өгнө шүү, 2.669.800 төгрөгийн үлдэл мөнгийг нь бэлдээд байж байгаарай” гэж хэлсэн. Түүний дараа 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “дуудлага худалдаа чинь болчихлоо, одоо үлдэгдэл мөнгөө Шүүхийн шийдвэрийн данс руу хийх шаардлагатай байна” гэж хэлэхээр нь өөрийн Хаан банкны 5019799288 дугаартай данснаас Б.Соёмбо гэх хүний Хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 25.588.800 төгрөгийг байрны нийт мөнгө нэмэгдсэн үндсэн төлбөр дээрээ нэмээд хийгээрэй гэхээр нь 25.588.800 төгрөг болж байсан учир тухайн мөнгийг би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” төвийн Хаан банкны АТМ-ээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж байсан. Шилжүүлснээс хойш 7 хоногийн дараа байрандаа орно гэж хэлсэн бөгөөд хэлсэн цаг хугацаа нь болсон тул “хэзээ орох вэ” гэж асуусан боловч “арай болоогүй байна, нөгөө байрны хүмүүс нь давж заалдана гээд цаг хугацаа орох гээд байна сар хүлээчих” гэсэн. Сар болсны дараа дахин холбогдоход “Шүүхийн шийдвэрээс тогтоол гараагүй байна, жаахан цаг хугацаа орох гээд байна, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Тэгж худлаа ярьж итгүүлсээр 1 жил орчимын хугацаа өнгөрсөн бөгөөд одоо байрандаа орсон ч юм байхгүй. Мөнгөө буцааж авсан зүйл ч байхгүй нийтдээ 28.258.600 төгрөгөөр хохироод байна. Энэ хугацаанд 2022 оны 6 дугаар сард нотариатаар ороод мөнгө төгрөг авсан нь үнэн гэсэн бичиг хийж өгч байсан. 2022 оны 8 дугаар сар болон 9 дүгээр сард нийтдээ 4 удаа мөнгийг чинь хүүтэй нь хамт төлж өгнө гээд гарын үсэг зураад бичиг өгч байсан. ...” /хх 9-13/,
гэрч Э.Болдбаатарын “...Тухайн үед “Батбаяр Н” гэх фейсбүүк хаягаас над руу холбогдож “дансаа цэнэглүүлье” гэж холбогдож байсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд би өөрийнхөө дансыг өгсөн. Миний данс руу мөнгөө хийснийх нь дараа Б.Нын “ID153853659”-д цэнэглэлт хийж өгдөг. Орж ирсэн үнийн дүнгийн 1 хувийг ашиг гэж бодож авдаг байсан. Би өөрийн дансны хуулгыг үзлээ 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 21.900.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Дээрх мөнгө нь Батбаяр овогтой Соёмбо гэх хүний данснаас шилжиж орсон байна. Тухайн шилжүүлсэн гэх мөнгийг нь би тэр даруйд нь бооцооны сайтад бүртгэлтэй Б.Нын “ID153853659” руу “1Хbet” сайтаасаа шилжүүлж өгсөн. ...” /хх 14-15/,
гэрч Б.Соёмбын “...5058176685 дугаартай “Хаан” банкны данс нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ миний дансыг тухайн үед буюу 2021 оны 9 дүгээр сард манай төрсөн ах болох Б.Н нь ашигладаг байсан. Түүнээс өөр ямар нэгэн байдлаар энэ мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг огт мэдэхгүй. ...” /хх 16-17/,
гэрч Э.Сувд-Эрдэнийн “...Миний “1Хbet” сайтад ашигладаг “Хаан” банкны олон улсын 5301565555 дугаартай данс руу бооцоо тавих гэж байгаа хүн эхлээд мөнгөө шилжүүлээд, мөнгө нь шилжиж орсны дараа би өөрийн олон улсын картаа ашиглаж тоглоомын данс руу нь шилжүүлж өгдөг. Тухайн үед “Батбаяр Н” гэх фейсбүүк хаягаас над руу “дансаа цэнэглүүлье” гэж холбогдож байсан. Би өөрийн дансны хуулгыг үзлээ 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2.100.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Дээрх мөнгө нь Батбаяр овогтой Соёмбо гэх хүний данснаас шилжиж орсон байна. Шилжүүлсэн мөнгөн дүнгийнхээ ард өөрийн бооцооны сайтад ашигладаг “Ай ди” дугаараа бичсэн байна. Дээрх нэр дурдагдаад байгаа хүний бооцооны сайтад бүртгэлтэй “ID153853659” руу цэнэглэлт хийж өгч байсан. ...” /хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,
Б.Соёмбын Хаан банкны 5058176685 тоот дансны хуулга /хх 26-30/, дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 43-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Ныг “бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Б.Нын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан дуулагын байр гаргаж өгнө” гэж хуурч, А.Дгээс урьдчилгаа гэж 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2.669.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үлдэгдэл 25.588.800 төгрөгийг Б.Соёмбо гэх хүний Хаан банкны 5058176685 дугаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид нийт 28.258.600 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч Б.Нын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Улсын яллагчын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Баасанжав “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүгдэгч Б.Н нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлөөгүй байдал, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг солих болон тэнсэж үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ гэмт хэрэг нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байжээ.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч А.Дд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2.000.000 төгрөг төлсөн талаар хохирогчийн өмгөөлөгч Э.Төгссайхан шүүх хуралдаанд тайлбарлах боловч энэ талаарх баримт шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.
Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 2-ны энэ өдрийг хүртэл 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Ж.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 2-ны энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 41 /дөчин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ