| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00553/и |
| Дугаар | 152/ШШ2024/00499 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 152/ШШ2024/00499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Ш ургийн овогт Б-ын Ч-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох,
Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,240,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дарга нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба тус комисс хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн болохыг баталсан. Тухайн шийдвэрийг ажил олгогч хүлээн зөвшөөрөөгүй, хуулийн хугацаанд шийдвэр гаргаагүй учраас ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг иргэний хэргийн шүүхэд гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажилд томилохоор шийдвэр гарсан боловч ажилд буцаан томилоогүй. Өмнө нь шүүхийн шийдвэрээр 2024 оны 3 дугаар сарыг дуусталх цалингаа шийдвэрлүүлсэн. Одоо 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 9 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан үеийн цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр гомдол гаргасан байгаа. Тухайн үед ажиллаж байсан бол 12,240,000 төгрөгийн цалин авах байсан. Ажлаас халагдсан байх хугацаанд Засгийн газрын тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчийн болон төрийн захиргааны албан хаагчийн цалинд өөрчлөлт орсон тул Засгийн газрын тогтоолоор үндсэн цалингаа нэхэмжилсэн. Нийт цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгагддаг учраас хоолны мөнгийг оруулж тооцсон байгаа. Иймд ажилгүй байсан хугацааны цалинд 12,240,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод хэргийн материалтай танилцсан. Увс аймгийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталсан. Тухайн бүтэц, орон тоог баталсан шийдвэрээр Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны даргын орон тоог хасч баталсан. Б.Чийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Одоо тухайн ажлын байрны орон тоо хасагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Чийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,240,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээс 6,894,480 төгрөгийг хангаж, үлдэх 5,345,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.Ч нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, мөн тус Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 464 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Чийг тус Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, тус Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх ба шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
3. Иймд нэхэмжлэгч Б.Ч 2024 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуусталх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Ч “өмнө нь 2024 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг нэхэмжилж гаргуулан авсан, одоо 2024 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуусталх хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах гаргуулахаар шаардаж байна” гэж тайлбарласан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Чийн сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцож үзэхэд нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сард 1,349,121 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 1,174,060.31 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 1,174,060.31 төгрөгийн цалин хөлс авч байжээ.
Дээрх журмын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх тул хоолны хөнгөлөлт 2022 оны 12 дугаар сард 50,001 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 100,001 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 100,001 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцсон болно.
Ийнхүү нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалинг тооцож үзвэл 2022 оны 12 дугаар сард 1,299,120 төгрөг, 2023 оны 1 дүгээр сард 1,074,060 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 1,074,060 төгрөг болж байх ба нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тооцоолбол (1,299,120 + 1,074,060 + 1,074,060) : 3 = 1,149,080 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сар х 1,149,080 төгрөг = 6,894,480 төгрөг болж байна. Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,894,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,345,520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Чийн шүүхэд гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,894,480 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул тухайн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 125,261 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны олговорт 6,894,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 5,345,520 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 125,261 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ