Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/270

 

 

Г.Гд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Н.Болормаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Гд холбогдох 2017 2503 0773 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Г-ийн Г, 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр ..... аймагт төрсөн, .... настай, э..., дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ....ийн хамт .... дүүрэг, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Г.Г нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт эхнэр Р.Отай уг зоогийн газрын түрээсийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овгийн Г-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Гд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялаас, 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, хорих ялыг эдэлсэнд тооцож, хохирогч Р.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт үлдээж, тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Ган-Эрдэнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг зөрчиж, илт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шүүх “Г.Г 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр А зоогийн газарт эхнэр Р.Отай зоогийн газрын түрээсийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь ...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Г, хохирогч Р.О, гэрч Б.Аюуш, шинжээч Б.Долгормаа, шинжээч Н.Амартүвшин нарын мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Р.О, гэрч Э.Бүжинлхам, гэрч П.Дэлгэрмаа, гэрч П.Аюуш нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.02.25-ны өдрийн 4265 дугаартай, мөн 2021.11.03-ны өдрийн 786 дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.” гэжээ.

Шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ зөвхөн яллах талын нотлох баримтыг шүүхийн тогтоолын үндэслэл болгосон байна. Хэрэг явдал болсон гэх газрын камерын бичлэгээр Г.Г нь Р.Огийн толгойн тус газарт цохисон, хана мөргүүлсэн, түлхэж унагаасан гэх ямар ч үйлдэл нотлогдож тогтоогдоогүй байхад камерын бичлэгээр тогтоогдсон мэтээр шүүх худлаа дүгнэлт хийжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтийн үндэслэл болгосон бусад бүх нотлох баримтууд яг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр А зоогийн газарт болсон гэх үйл явдлыг огт нотлохгүй бөгөөд гэрч Р.Огийн өгсөн мэдүүлгүүд нь тогтворгүй, янз бүрээр мэдүүлсэн байдаг.

Мөн хэрэг явдал болсон гэх газарт байсан ганцхан гэрч Н.Отгонсайханы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа нь тодорхойгүй, яагаад шүүхийн тогтоолын үндэслэл болохгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Н.Отгонсайханы хамт хэргийн газарт байсан гэх гэрч Ж.Байгальд хохирогч Р.Огийн зүгээс нөлөөлснөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж арга буюу бид шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ж.Байгалийн мэдүүлгээр ч Г.Г Р.Ог зодсон гэх үйл баримт тогтоогддоггүй.

Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн эмч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд нь Г.Г Р.Ог зодсон гэх үйл баримтыг шууд нотлохгүй, нөгөөтэйгүүр Р.Огийн биед хүнд /анх хөнгөн байсан/ хохирол учруулсан гэж оношилсон эмч нарын онош, дүгнэлт нь гагцхүү Р.Огийн өөрийнх нь ярьсан өгүүлэмжид үндэслэсэн байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоох явцад шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Иймд гэм буруутай нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

3 дахь шинжээчийн дүгнэлтэд “тархинд нь цус харваснаас болж уйланхайтай болсон” гээд эхний шинжээчийн дүгнэлтэд огт дурдаагүй гэмтлийг бий болгож бичсэн байна. 3 дахь шинжээчийн дүгнэлтийг худлаа дүгнэлт гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэнбат нь сургуулиудад шүүх эмнэлгийн хичээл заадаг багш байдаг. Шавь Амартүвшин эмч нь багшийгаа хуралд оролцож байхад худлаа дүгнэлтээ үнэн мэтээр хамгаалаад шүүх хуралдаанд орсон байдаг. 3 дахь шинжээчийн дүгнэлтийн тогтоох хэсгийг бусад нотлох баримтуудтай тулгаж харна уу. Эхний дүгнэлт дээр дурдаагүй өвчнийг дурдсан байгааг анхаарч үзнэ үү.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл тогтвортой мэдүүлгээ өгдөг. Харин хохирогч Р.О удаа дараа худал мэдүүлэг өгдөг. Хохирогч, шүүгдэгч нар 10 гаруй жил хамт амьдраад үр хүүхэдгүй байсан тул салахаар болсон. Өмч хөрөнгө дээрээ маргалдаад иргэний журмаар хэрэг нь хянагдаж байсан. Уржигдар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг шахаанд оруулж байгаад иргэний хэрэг дээрээ эвлэрсэн. Түүнийхээ дагуу өнөөдөр давж заалдах гомдлоосоо хохирогч татгалзаж байгаа. Цаана нь эдийн засгийн ашиг сонирхол байсан учраас шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг уг хэрэгт холбогдуулсан нөхцөл байдал байдаг. Иймд хэлс хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Г-ийн үйлдлийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлт гурван удаа гарсан байдаг. Эхний дүгнэлтэд “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан гэж гарсан. Сүүлийн хоёр дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилсон тогтоолыг шүүгдэгч Г.Гд танилцуулаагүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Танилцуулаагүй нь шүүгдэгч Г.Г-ийн асуулт асуух, баримт гаргаж өгөх зэрэг эрхийг зөрчсөн. Мөн хохирогчийн мэдүүлэг тогтворгүй болох нь /1хх 127 дугаар тал/ 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр, 22-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “олон удаагийн үр шилжүүлэн суулгуулснаас болж тархины эсийн үхжилттэй болсон. Энэ онош удаа дараа шинжилгээнд ороод батлагдсан. Эмэгтэйчүүдийн эсийн гормоны өөрчлөлтөөс болоод хоёр чихний хагалгаанд орсон. Мөн бамбайн хагалгаанд орсон. Удаа дараа янз бүрийн өвчний улмаас хагалгаанд орж байсан” гэсэн байдаг. Уг мэдүүлэгтээ “Г.Г-ийн цохилтоос болоод тархиндаа гэмтэл авсан” гэж ярьдаггүй. Мөн уг хэрэг гарсанаас хойш 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөө цайны газраасаа гараад үсчинд орж үсээ угаалгуулсан байдаг. Үсийг нь угаасан үсчин /1хх 30-32 дугаар тал/ мэдүүлэхдээ “...намайг толгойг нь угааж байх үед зовиурлаж байгаа зүйл хэлээгүй. Зовиурлаж байгаа байдал анзаарагдаагүй” гэсэн байдаг. Уг хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдаж байсан. Энэ байдлыг анхаарч үзнэ үү. Өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 онд /2 дугаар хавтаст хэргийн 107 дугаар хуудас/ мэдүүлэхдээ “толгой өвдөж, ухаан алдаж татдаг, хоёр дахь удаагаа унаж, татаж байна. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нөхөртөө зодуулаад 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс унаж, татаж эхэлсэн” гэдэг. Энэ талаараа яагаад 2017 онд мэдүүлж байгаагүй болохыг нь гайхаж байна. Мөн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төрийн тусгай албан хаагч нарын эмнэлэгт үзүүлж байсан гэдэг боловч Хил хамгаалах ерөнхий газраас тухайн хугацаанд Монгол улсад байгаагүй болохыг нотолсон баримтыг ирүүлсэн байдаг. Монголд байгаагүй хугацаанд амбулаторын карт дээр үзүүлсэн гээд бичүүлсэн байдаг. Намайг хүнд гэмтэл учруулсан болгох гэж ийм зүйл хийгээд яваад байдаг. 2020 онд хоёр удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж намайг шалгуулсан. Тэр хэргүүд нь хэрэгсэхгүй болсон. Ямар нэгэн байдлаар намайг гэмт хэрэгт гүтгэж эд хөрөнгө өөртөө илүү авах гэсэн санаа зорилготой байдаг.” гэв.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч, шүүгдэгч нар 2003 оноос эхэлж хамт амьдраад 2012 оноос хойш хамтран амьдрахаа болисон байдаг. Дундаа өмч хөрөнгөтэй. Үүнээс үүдэлтэйгээр маргаантай байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хэрэг учрал 3 дугаар сарын 7-ны өдөр болсон. 3 дугаар сарын 8-ны өдөр амралтын өдөр байсан учраас хохирогч эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй. Ингээд 3 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө оршин суух дүүргийн өрхийн эмнэлэгт буюу Сүхбаатар дүүргийн хорооны эмнэлэгт эмч Аюуш гэх хүнд үзүүлсэн байдаг. Эмч Аюуш үзлэг хийгээд амбулаторын картанд “толгой эмзэглэлтэй, ил харагдах шархгүй, зүүн гуя, цээжний ар хэсэгт хөхрөлт няцралт, хавдартай” гэсэн байдаг. 3 дугаар сарын 10-ны өдөр хохирогч хорооныхоо нийгмийн ажилтан, хэсгийн цагдаатай уулзсан байдаг. Ингээд гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл байна гэж зөвөлгөө өгсөний дагуу хорооны цагдаад хохирогч гомдол гаргаж өгсөн байдаг. Тухайн үеийн толгойны гэмтэл, гуяны дотор талын гэмтэл хоёр фото зургаар бэхжигдээд үлдсэн байдаг. Ингээд 2022 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн. Үзлэг хийхэд тухайн хяналтын камерын бичлэгт шүүгдэгч болон хохирогч нарын хороонд маргаан үүссэн, хоёр биеэ түлхэж, цохиж байгаа байдал бичигдсэн байдаг. Тухайн үед 4 гэрч байсан буюу Байгаль, Байгалмаа, Буян-Өлзий, мөн шүүгдэгчийн найз гэх хүн байсан байдаг. Уг гэрч нар зодооныг хараагүй гэдэг. Харин зодоон дууссаны дараа тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан болохыг тодорхой мэдүүлсэн. Хохирогч 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ “миний гуя руу цохисон. Дагзны зүүн хэсэгт багц түлхүүрээр цохисон” гэдэг. Анхны шинжээчийн дүгнэлт 3 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Шинжээч эмч 3 дугаар сарын 15-ны өдөр бичлэгийг үзсэн. Анхны дүгнэлтийг гаргасан шинжээч эмч хорооны эмч Аюушийн дүгнэлтийг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Шинжээч эмч 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “Огын биед үзлэг хийхэд зүүн гуянд цус хуралттай, тархи доргилт бүхий гэмтэл учирсан тул хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн” гэсэн байдаг. 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4265 дугаартай дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 786 дугаартай дүгнэлт, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь хохирогч Р.Огын биед халдсаны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Г нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт эхнэр Р.Отай уг зоогийн газрын түрээсийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Р.Огийн “...Би 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гадуур ажилтай явж байхад миний урд өмнө нь түрээсээр ажиллуулж байгаад дараа нь тогооч Байгалмаад түрээслүүлсэн байсан. Тэгсэн чинь Байгалмаа над руу яриад “Г хүмүүстэй ирээд ажиллуулахгүй гэж байна, тэгээд тог тасалсан” гэж яриад намайг дуудаж байсан тул би Галбадрах гэдэг хүүхдийн хамтаар оройн 18:00 цагийн үед тэр газар нь очиход тогооч Байгаль, зөөгч Буянаа нар бас Г.Г нэг найзтайгаа хамт хөзөр тоглоод сууж байсан. Ширээн дээр нь архи пиво тавьсан байсан. Г.Г нь надад агсам тавьж эхэлсэн. Би энэ зоогийн газраа өөрөө авна, өөрөө ажиллуулна, би түрээсийн мөнгөө авна гээд уурлаад хэрүүл маргаан болсон. Тэгээд манай гэрт байдаг хүүхэд уйлаад орилж чарлаад байсан. Г.Г намайг нэлээн зодсон. Зоогийн газрын хаалгаа түгжиж байгаад зодоод намайг гаргахгүй байсан, тэгж байтал Байгалмаа ирж боль гэж хэлээд салгаж байсан. ...” /1хх 22-23/,

гэрч Б.Янжмаагийн “...2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр намайг унтах гээд хэвтэж байхад 22:00 цагийн үед манай охин ирсэн. Ирээд унтаад өгсөн, тэгээд маргааш нь мартын 8-ны өдөр байсан. Охин Р.О нь босохгүй байхаар нь 12:00 цагийн үед “чи яагаад босохгүй байгаа юм, босоод цайгаа уу” гэхэд “миний толгой өвдөөд байна” гэж байсан юм. Тэгээд өдөр ариун цэврийн өрөө орох гээд орноосоо босоод явж байхдаа зүүн хөл нь доголоод яваад байхаар нь “чи яагаад доголоод байгаа юм” гэхэд Р.О “өчигдөр “А” ресторанд Г.Г очоод ажиллуулахгүй гээд байхаар нь яваад очиход Г.Г түлхүүр булааж аваад хаалга цоожлох гэж байгаад түлхээд унагаасан” гэж байсан. Тэгэхэд би зодуулсан байна гэж мэдсэн. ...” /1хх 24-25/,

гэрч Э.Бүжинлхамын “...Р.О нь анх манай ТТАХНЭ-т 2017 оны 6 дугаар сарын 12- нд амбулаторид үзүүлсэн байна, ингээд дараа нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр над дээр ирээд үзүүлсэн байна. Толгой байнга өвдөөд дотор муухайраад ухаан алдаж унана гэж зовуурилж байсан. Өвчний түүхэндээ 2017 оны 3 дугаар сард хүнд зодуулсан гээд хэлж байсан. Миний 8 сарын үзлэгт үзэхээс өмнө 1 сарын өмнөөс унаж таталт өгч эхэлсэн гэж асуумжид хариулт өгч байсан. Би өөрөө тухайн үедээ гэмтлийн дараах толгой өвдөлт гэж онош тавьж байсан. Би өөрөө толгойг нь шалгая гэж шинжилгээнд илгээе гэж төлөвлөж явуулж байсан. Тэгээд дараагаар нь 2018 оны 10 дугаар сарын 29-нд дахин ирж үзүүлсэн байдаг, эм тариа эмчилгээ бичиж өгсөн, эмчийн хяналтад байх талаар зөвлөсөн юм. Энэ эмчлүүлэгчийн картан дээр нь бичсэн байна. Гэмтлийн улмаас уналт таталт өгөөд эмчилгээ хийлгэсэн. Үүнд тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд уйланхай тодорхойлогдсон байгаа. Энэ тархины имерайгаар гарч ирсэн. Тэгээд энэ нь тархинд цус харвалт үүсээд үлдэц үлдсэн байна лээ. Тэр үлдцийн суурин дээр таталт өгөөд байгаа. Ер нь бол гэмтлийн шалтгаантай хүнд зэргийн гэмтэл таталт угсраад өгсөөд байвал амьсгал зогсох аюултай амь насанд аюултай тархины эд эсүүд үхжээд байдаг мартах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг байгаа. Зан төрхийн хүрээний өөрчлөлтүүд үүсдэг амархан гомддог, мартамхай өөртөө арчаа султай болдог, гол онош нь гэмтлийн шалтгаантай нийлмэг хэсэгчилсэн уналттай зүүн чамархайн хэсэгт уйланхайтай дээрээс нь судасны нарийсал үүссэн байна лээ. Хохирогч Р.О надад хэлэхдээ нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. Тэр үедээ нөхөр байнга зоддог гэж хэлж байсан тэгээд толгойных нь зүүн чамархайн хэсэгт олон багц түлхүүрээр цохисон гэж ярьсан. Түүнээс болж тархинд цус хуралт үүсэж, цус бүрэн шимэгдэхгүйгээр уйланхай үүсэж тэгээд уналт таталт өгсөн байгаа юм. ...” /2хх 34-38/,

гэрч П.Дэлгэрмаагийн “...Би Р.Ог мэднэ, манай эмнэлэгт ирж манай мэдрэлийн амбулаторид надаар үзүүлж байсан. Энэ хүн гэмтлийн дараах уналт таталт өвчин бусад /эпилепси/ гэдэг оноштойгоор ирж үзүүлж байсан, энэ өвчин нь ухаан алдаж унадаг, дөрвөн мөч чангарч татдаг, шүдээ зууж хэлээ хаздаг, доороо бие засдаг, шинж тэмдэг илэрнэ, уналтын дараа хэсэг орчмын идэвх ...муудаж унтаа байдалтай байдаг, 30 минутаас 1 цаг орчим болдог. Хамгийн анх 2018 оны 12 дугаар сарын 20-нд манай эмнэлэгт ирж үзүүлсэн байна. Энэ хүний картан дээр би өөрөө бичсэн байна, нөхөртөө зодуулаад уналт таталт өгөөд ирж байна гэж надад хэлж байсан. Өөрийнх нь эмчлүүлэгчийн картан дээр нь дандаа нөхөртөө зодуулсан гээд өмнөх эмч нарын зодуулсан гэж өвчний түүхэн дээр бичсэн байсан, миний бичсэн бас өвчний түүхэн дээр нь байна. Энэ уналт таталт өвчин нь зодуулснаас үүсэх магадлалтай өвчний түүхээр тогтоогдож байгаа, яагаад гэвэл төрөлхийн эмгэг өвчин биш, мөн харвалт өнчин тархины үрэвсэлт өвчин эмгэг байхгүй тул гэмтлийн гаралтай өвчин юм. Мөн өвчний түүхийн талаар асуумж асуухад Р.О нь надад хэлэхдээ нөхөртөө зодуулсан, олон удаа толгой тархи руугаа цохиулаад гэмтэл авсан гэж ярьж байсан. Мөн хана руу толгойгоор мөргүүлсэн, түлхүүрээр буюу олон багц түлхүүрээр толгойн арын зүүн зулай чамархай хэсэг рүү цохиж авсан гэж ярьдаг. Үзэхэд үс нь халцраад сорви тогтсон байсан. Өөрөө надад толгойгоо үзүүлж байсан юм. Тэгээд толгойны зүүн талын хэсэгт, чамархайн хэсэгт уйланхай үүссэн гэж байна. Энэ тархины имерай зурагт гарсан байдаг юм байна лээ. ...” /2хх 40-43/,

гэрч Б.Аюушийн “...Тийм ээ би энэ хүн Р.Ог үзсэн үзлэг нь энэ байна. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үзлэгийн картад миний бичиж тэмдэглэсэн үзлэг нь байна. Үүнд Р.Од үзлэг хийхэд цээжний ар тал, гуя, шилбэндээ хоёр хөл нь зөөлөн эдийн гэмтэл буюу хөхөрч, няцралт, хавдар гэсэн оноштой байсан ба толгойг үзэхэд өвчин эмзэглэлтэй байсан ил шарх харагдаагүй, зовуурь нь толгой өвдөнө, хоёр хөлөөр өвдөнө гэж байсан. Миний оношоор бол тархи доргилт, зөөлөн эдийн гэмтэл гэсэн байна. Би 14 хоногийн акт лист өгөхөөр шийдсэн байна. Өвчний түүхийг нь асуухад нөхөртөө зодуулсан 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нөхөр нь зодсон гэж хэлж байсан. Түүнийг картад нь би бичсэн байна. ...” /2хх 217-219/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4265 дугаартай “...Р.Огийн биед гэмтлийн гаралтай нийлмэл хэсэгчилсэн уналт таталт, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх уйланхай, хамрын таславчийн мурийлт, нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн гаралтай нийлмэл хэсэгчилсэн уналт таталт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 75% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн гаралтай нийлмэл хэсэгчилсэн уналт таталт, тархины зүүн чамархайн аалзан халсан доорх уйланхай, хамрын таславчийн мурийлт, нурууны сорви бүхий гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. ...” /2хх 128-129/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 786 дугаартай “...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3886 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4265 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Р.Огийн шинжилгээнд ирүүлсэн нэмэлт материал, хавтаст хэргийн материал, дүгнэлтүүдээс харахад тархи доргилт, зүүн чамархайн хуйхны сорви, зүүн гуяны цус хуралт, гэмтлийн гаралтай нийлмэл хэсэгчилсэн уналт таталт, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх уйланхай, хамрын таславчийн мурийлт, нуруунд сорви гэмтэл өөрчлөлтүүд тогтоогдлоо. Р.Огийн биед учирсан зүүн чамархайн дэлбэнгийн гэмтлийн гаралтай хэсэгчилсэн уналт таталт нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үүссэн толгойн гэмтэлтэй шалтгаант холбоотой байх боломжтой байна. Р.О нь 2017 оны 5 сараас хойш уналт таталт өгсөн ба 2017 оны 3 дугаар сарын 7-нд тархи доргилт гэмтэл авах үед зүүн чамархайн аалзан хальсан доорх уйланхайт өөрчлөлт үүсэж зүүн чамархайн дэлбэнгийн гаралтай хэсэгчилсэн уналт таталт үүссэн байх боломжтой. Үр шилжүүлэн суулгасан гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байна. Гэмтлийн гаралтай зүүн чамархайн дэлбэнгийн хэсэгчилсэн уналт таталт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 75% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /2хх 192-197/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн эхнэр Р.Отай зоогийн газрын түрээсийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Г.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялаас, 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, хорих ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа “...Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн эмч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд нь Г.Г Р.Ог зодсон гэх үйл баримтыг шууд нотлохгүй, нөгөөтэйгүүр Р.Огийн биед хүнд /анх хөнгөн байсан/ хохирол учруулсан гэж оношилсон эмч нарын онош, дүгнэлт нь гагцхүү Р.Огийн өөрийнх нь ярьсан өгүүлэмжид үндэслэсэн байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоох явцад шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой. Иймд гэм буруутай нь нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Насанд хүрээгүй /6 настай/ гэрч Ц.Галбадрахыг ээж Цолмонгийн хамт байцаасан тэмдэглэлд /1 дүгээр хавтаст хэргийн 41 хуудас/ “Ганаа ах Отгоо эгчийн толгой руу гараараа нэг удаа цохиод толгой дээрээс нь үсдээд үүдрүү унагаад байхаар нь би айгаад уйлаад” гэсэн мэдүүлэг авагдсан бөгөөд энэхүү мэдүүлгийг прокурорын яллах дүгнэлт, болон анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаагүй хэдий боловч давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд насанд хүрээгүй гэрч Ц.Галбадрахын мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад мэдүүлэг болон, шинжээчийн дүгнэлтүүдтэй уялдуулж хэргийн бодит байдалтай нийцсэн, үйл баримт нь хангалттай  бүрэн тогтоогдсон гэж үзэв.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/987 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ