Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2024/00501

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын ... дүгээр баг, Гурван жигэртэй гэх газарт оршин суух, регистрийн дугаар ...., Х ургийн овогт Д-ийн Лийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.

Нэхэмжлэгч Д.Л “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1970 онд төрсөн, 54 настай. Би 1986 оны 6 дугаар сард Бөхмөрөн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтийн эзэн болж Бадрал нэгдэлд малчнаар ажиллах болсон. Нэгдэлд мал маллаж байгаад 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд явж, 1991 оны намар цэргээс халагдаж ирсэн. Намайг Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж байх үеийн 1986 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 он хүртэл, 1987 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл, 1988 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ажилласан цалингийн тодорхойлолт, ажилд орсон тушаал олдохгүй байгаа бөгөөд одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон тушаал гараагүй, цалингийн баримт дутуу гарсан тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 125 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 211 дүгээр тодорхойлолт, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар “Бадрал нэгдлийн гишүүнээс чөлөөлж, Бадрал ХК-ийн гишүүнд шилжүүлэх тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал ХК-ийн даргын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар “Компаний бүх гишүүдийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, гэрч Ц.О, П.Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтрийн болон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Ц.О, П.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Лийн ХААТР-1 баримт, хаягийн хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Лийн 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Лийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 125 дугаар зөвлөмжийн хуудсанд: Д.Л нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд 1986 онд ажилд орсон тушаал, мөн 1991 оноос Бадрах нэгдэлд ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал Аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Дистийн Лийн 1987 оны 10 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.  

3.3. Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралтаар Д.Лийг цэрэгт явах болсон учир 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар “Бадрал нэгдлийн гишүүнээс чөлөөлж, Бадрал ХК-ийн гишүүнд шилжүүлэх тухай” тушаал, хавсралтаар Бадрал нэгдэл нь Бадрал ХК болсон учир Д.Лийг 1992 оны 4 дүгээр сарын 16-наас эхлэн ажлаас чөлөөлсөн, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал ХК-ийн даргын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар “Компаний бүх гишүүдийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралтаар Д.Лийг ажлаас чөлөөлсөн байна. 1989 оны тушаал нь нэхэмжлэгч Д.Лийн 1986-1989 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тушаалыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. Харин Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар, “Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал ХК-ийн даргын 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн 1986-1989 онд ажиллаж байсан байдалтай хамааралгүй байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

3.4. Д.Лийн ХААТР-1 маягтад: “Овог, нэр – Дистийн Л, ажилладаг байгууллага – Бадрал нэгдэл, ажилд орсон он – 1986, эрхэлдэг ажил – малчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.07.22” гэж бүртгэгдсэн байна. Мөн хаягийн хуудсыг 1988 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн байх ба тус хаягийн хуудсанд “Бөхмөрөн сумын 1 дүгээр бригад малчин” гэж тус тус бүртгэгдсэн байх тул эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолтой үзэв.

3.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.О, П.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.О “Миний бие 1979 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Д.Л 1986 оноос 1989 он хүртэл Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан. Д.Лийг  хэзээ цэргийн алба хаасныг мэдэхгүй байна” гэж, гэрч П.Э “Миний бие 1960 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд бригадын дарга, агент, няраваар ажиллаж байсан. Д.Л нь 1986 оноос 1989 он хүртэл Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Д.Лийн аав, ээж мал малладаг, олон хүүхэдтэй айл байсан ба Д.Л нь ээж, аавын хамт мал малладаг байсан. Д.Л 1989 онд цэргийн албанд татагдсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргаар Орших, С.Сайжрах нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, ХААТР-1 маягт, хаягийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Д.Л нь 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралт, ХААТР-1 маягт, хаягийн хуудас, гэрч Ц.О, П.Э нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хоньч хүүхэн ургийн овогт Дистийн Лийн 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хоньч хүүхэн ургийн овогт Дистийн Лийн 1986 оны 6 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Бөхмөрөн сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ