Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 152/ШШ2024/00502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ..., З ургийн овогт Ж-ийн Б-ын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1970 онд төрсөн. Би 1978 онд сургуульд орж, 1982 оноос сургуулиас гарч аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Улмаар 1986 оны 1 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн насанд хүрч, Өмнөговь сумын Цог нэгдлийн даргын тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Улмаар 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цэргээс халагдаж ирэхэд Цог нэгдэл тарж хувийн аж ахуйтай болсон байсан. Ингээд би 1991 оны 7 дугаар сард гэр бүлтэй болж аав, ээж маань мал хөрөнгө өвлүүлсэн тул одоог хүртэл мал маллан амьдарч байна. Би 2025 онд тэтгэвэрт гарах нас болж байгаа учир бичиг баримтаа бүрдүүлэхэд ажилд орсон, гарсан тушаал байхгүй учир шүүхэд хандаж байна. Миний бие 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 129 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 302 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5927 дугаар лавлагаа, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, гэрч Д.Н, Р.П нарын иргэний үнэмлэхийн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Д.Н, Р.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ж.Бын ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет, хаягийн хуудас зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Бын 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Бын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 129 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Ж.Б нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986-1988 онд ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал Аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Жийн Бын 1988 оны 1-3 дугаар сар, 8-10 дугаар сард Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.  

3.3. Цог нэгдлийн захиргаанаас Ж.Бд 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1986-1988 онд ажилласан хоног, авсан цалин хөлсний талаар бичилт хийгдээгүй байх тул хөдөлмөрийн дэвттрийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн болно.

3.4. Ж.Бын ХААТР-1 маягтад: “Овог, нэр – Жийн Б, ажилладаг байгууллага – Цог нэгдэл, ажилд орсон он – 1982, эрхэлдэг ажил – малчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06.25” гэж бүртгэгдсэн байна. Мөн хаягийн хуудас болон гэрлэснийг бүртгэх анкетыг 1987, 1991 онд бүртгэхэд “Увс аймгийн Өмнөговь сумын Орлого бригад болон Цог нэгдэлд малчин, хоньчин” гэж тус тус бүртгэгдсэн байх тул эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолтой үзэв.

3.5. Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5927 дугаар лавлагаанд: Жийн Б нь БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Увс аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 663127 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

3.6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Н, Р.П нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Н “Миний бие 1978 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд жолооч, бригадын нярав, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Ж.Б нь 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Цог нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдсан. Тухайн үед Ж.Б нь аав, ээжийн хамт мал маллаж байсан” гэж, гэрч Р.П “Миний бие 1976 оноос 1996 он хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл болон Цог компанид тракторын жолоочоор ажиллаж байсан. Ж.Б нь 1986 оноос 1988 оны 10 дугаар сар хүртэл Цог нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдсан. Ж.Б нь айлын том хүүхэд бөгөөд аав, ээжийн хамт мал маллаж байсан. Тухайн үед миний бие нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан ба Ж.Бын аав Жийн гэрийг байнга нүүлгэдэг байсан тул сайн мэдэж байна. Ж.Быг цэргээс халагдаж ирэхэд Цог нэгдэл тарсан байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Ж.Бын ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет, хаягийн хуудас, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5927 дугаар лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Ж.Б нь 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Ж.Бын ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет, хаягийн хуудас, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5927 дугаар лавлагаа, гэрч Д.Н, Р.П нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг ургийн овогт Жийн Бын 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хоньч хүүхэн ургийн овогт Зуутраг ургийн овогт Жийн Бын 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ