| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00582/и |
| Дугаар | 152/ШШ2024/00506 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 152/ШШ2024/00506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын ... дугаар багт байнга оршин суух, Улаангом сумын ... дугаар багт түр оршин суух, регистрийн дугаар...., З ургийн овогт М-ийн Б-ийн,
Нас тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1962 онд Увс аймгийн Өлгий суманд төрсөн. Тухайн үед надад Н гэх нэр өгсөн боловч бага байхдаа бие маань өвдөж ламд үзүүлснээр Б гэх нэртэй болсон байдаг. Мөн намайг хичээлд оруулахгүй гэж нэг нас дарж бүртгүүлсэн гэж манай аав, ээж хоёр ярьдаг юм. Одоо миний бичиг баримтууд 1963 онд төрснөөр бичигдсэн боловч төрсний гэрчилгээнд Мийн Б /Н/ 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, Иргэний улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа авахад 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Мөө Н гэх нэрээр гарч ирсэн. Миний төрсөн он зөрүүтэйгээс болж миний эрх зөрчигдөж байгаа учир намайг 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, М.П, М.Н, М.Н, Ц.Г, Ц.Г, М.Э, М.О, М.А, М.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс М.Жг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б-ийн 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасан нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Бийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 348 дугаартай тодорхойлолтод: Увс аймгийн Өлгий сумын 1962-1988 оны Хүн амын тооллогын баримт тус архивд шилжиж ирээгүй тул М-ийн Бтэй холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй болно гэжээ.
4.2. М.Нын төрсний бүртгэлийн лавлагаанд: 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд Баавгайгийн Мөө, Гэжээгийн Бүдсэн нарын гэр бүлд төрснөөр бүртгэгджээ.
4.3. М.Бийн төрсний гэрчилгээний хуулбарт: 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд Баавгайгийн М, Г-гийн Бүтсэн нарын гэр бүлд төрснийг Увс аймгийн Өлгий сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга бүртгэв гэжээ.
4.4. М.Бийн төрсөн эгч, дүү болох М.П, М.Н, М.Н, Ц.Г, Ц.Г, М.Э, М.О, М.А, М.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар авагджээ.
4.5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Жг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Ж “Миний бие М.Б-ийн төрсөн эгч юм. М.Б 1962 онд төрсөн. М.Бийг төрөхөд манай ээж, аав Н гэдэг нэр өгсөн. М.Б 2 настай байхдаа бие нь өвдөөд ухаангүй хэд хоносон бөгөөд ламд үзүүлэхэд нэр нь таарахгүй байна гэж хэлсэн тул нэрийг нь сольж Б гэж нэр өгсөн. М.Б нь 10 жилийн дунд сургуульд сурч байхдаа тэмцээнд орох гээд насаа дарж бүртгүүлсэн бөгөөд тухайн нас дарсан оноор нь иргэний үнэмлэх олгогдсон байна” гэж мэдүүлсэн байх ба гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн төрсний гэрчилгээний хуулбар болон төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч М.Б нь “Миний бие нь 1962 онд Увс аймгийн Өлгий суманд төрсөн. Тухайн үед надад Н гэх нэр өгсөн боловч бага байхдаа бие маань өвдөж ламд үзүүлснээр Б гэх нэртэй болсон байдаг. Мөн намайг хичээлд оруулахгүй гэж нэг нас дарж бүртгүүлсэн гэж манай аав, ээж хоёр ярьдаг юм. Одоо миний бичиг баримтууд 1963 онд төрснөөр бичигдсэн боловч төрсний гэрчилгээнд Мийн Б /Н/ 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, Иргэний улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа авахад 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Мөө Н гэх нэрээр гарч ирсэн” гэж тайлбарласан ба түүний энэхүү тайлбар нь төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул эдгээр баримтуудыг хэрэгт ач холбогдолтой баримт гэж үзлээ.
Түүнчлэн түүний төрсөн эгч, дүү нарын дунд М.Н гэх нэртэй хүн байхгүй болох нь М.П, М.Н, М.Н, Ц.Г, Ц.Г, М.Э, М.О, М.А, М.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
6. Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрч М.Жгийн мэдүүлэг зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Зуутраг ургийн овогт Мийн Бийн 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З ургийн овогт Мийн Бийг 1962 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ